Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Гамбино: Зүгээр л зугаатай амьдар

Биеэ тоосон, хувиа хичээсэн, бие даасан амьтан.


Түүнийг “Баруун тархи буюу соёлын тв довтолгоо”, “БНМАУ-д үйлдвэрлэв” төслүүдийг санаачлагч, хөтлөгч, “Нөгөө кинонууд”-ыг гаргагч гэдгээр нь телевизийн хүн гэж ойлгож болох ч Анчи Миний “Улаан сухай”, Чарльз Буковскийн “Шуудан хороо”, Ма Жианы “Хэлээ гарга” зэрэг бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч гэдгийг нь мэдэхгүй өнгөрвөл Гамбиног танихгүйтэй адил. Бас дуу хөгжимд дурлагч, пянз цуглуулагч. Фэйсбүүкт ухаантай ч юм шиг эсвэл “Зүгээр үү” гэж асуумаар хачирхалтай пост түгээн өвөрмөц орон зай бүрдүүлэгч. Гамбино л гээд байдгаас биш уг нэр нь Н.Ганбат. Илүүг өмнөтгөлд зориулснаас түүний юун тухай өгүүлэх нь Танд сонин байх болов уу. 

-Хүмүүс хүмүүжлээрээ, боловсролоороо, хэв маягаараа янз бүр л байдаг. Олон нийтийн цахим сүлжээнд бичиж буй пост, хуваалцаж буй дүрээрээ ч бие биеэсээ ялгарах болж. Та бол хачин өвөрмөц хувь. Таныг юу “ийм” болгосон, бас болгодог вэ?

-(Инээв) Ийм гэж юу гэсэн үг юм бол доо... Дураараа, чөлөөтэй байна аа гэж үү? Миний эгч надаас 10, дүү охин маань надаас бас л 10 насаар дүү юм. Тиймээс арав хүртлээ гэртээ ганцаараа шахам хүүхэд байлаа. Тав, зургаан настайгаасаа толинд харж байгаад солиотой юм шиг ганцаараа ярьж гардаг байснаа санадаг юм. Уйдсан, ганцаардсан хүүхдийн тэнэглэл ч гэлээ өөрийгөө илэрхийлэх, бодол санаагаа ойлгох, хүсэл мөрөөдлөө хуваалцахад сурч эхэлж байсан маань л тэр шиг санагддаг. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, бусдыг хүлээцтэйгээр ойлгож, хүнийг бас амьдралын элдэв явдлыг хөнгөн хүлээж авна гэдэг хүн бүрийн чаддаг зүйл биш юм билээ. Би харин маш сайн чаддаг. Үүнийг л миний бусдаас өөр тал, ялгарах зүйл юм болов уу гэж ажигласан. Цус харвах, зүрх судасны өвчинд баригдахгүй, ер нь амар шүү дээ. Бас биеэ тоосон, хувиа хичээсэн, бие даасан л амьтан даа.

-Өөрийгөө ч илэрхийлээд, бусдыг ч зөвшөөрөөд хөнгөн амьдрах арга юу байна?

-Зүгээр л зугаатай амьдар. Энэ бол миний амьдралын философи. 

Миний ярих дуртай сэдэв, гоё сайхны оргил гэж үздэг зүйл бол урлаг.

-60, 70-аад оны бид миллениалуудтай мөр зэрэгцэн цуг ажиллаж, үгүй ядаж хамт аятайхан хооллохоос авахуулаад зохицож байж нийгмээ бүрдүүлэх шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Таныг харахад дандаа залуу хүмүүстэй найзалдаг. Тэд Таныг юугаараа татдаг юм?

-Хүн төрөлхтөний бүх цаг үед дээд үеийнх нь сэтгэлд яв цав нийцэж таацдаг доод үе байгаагүй л байх. Дандаа л залуусаа шүүмжилж, загнасан. Гэхдээ би залуустай ярилцах, хамт ажиллах хачин дуртай. Тэдэнтэй илүү сонирхолтой, илүү жаргалтай байдаг. Би өөрөө залуу болчих шиг санагддаг. Хөгшрөлт, нас гэдэг чинь тархин дотор байдаг учраас залуу хүмүүстэй найзалж байж тэдэн шиг харж, сэтгэж оюун бодлоо шинэхэн сэргэгээр нь үргэлжлүүлнэ шүү дээ.

-Харин Та тэднийг..?

-Тэд биднээс зөвхөн тэвчээртэй сонсож өгөхийг л хүсдэг. 

-Та тэгээд пянз цуглуулаад байдаг нь ямар нэг хуучны сайхныг хадгалах, өнгөрснийг дурсах сонирхолтой холбоотой зүйл биш юм уу?

-Би энэ хөгжим гэдэг зүйлд хар нялхаасаа үнэн дурлачихсан юм аа. Амьд тоглолт сонсмоор байна шүү дээ. Чанар бол пянзанд л үлддэг. Уржигдар манай гэрт нийтлэлч Д. Билгүүн (Гаамп) ирээд бид AC/ DC, Pink Floyd, My Morning Jacket сонслоо. Дараа нь зурагт асаасан чинь Фрэдди Мэркури дуулж байна. Дуугаралт нь юу вэ гэмээр л сонсогдож байгаа юм чинь. Тиймээс л пянз сонор мялаагаад гоё таашаал байхгүй юү. Хүн чинь илүү сайхан, гоё юм руу л тэмүүлдэг шүү дээ. 

-Таны хувьд гоё сайхан гэж яг юу вэ? 

-Надад юу гоё сайхан бэ гэдгийг ойлгоё гэвэл би ерөөсөө таашаадаггүй зүйлсээ нэрлэчихвэл илүү ойлгомжтой болох юм байна. Ан гөрөө, машин тэрэг, хүчний спорт. Би эднийг огтоос сонирхдоггүй, таашаадаггүй. Миний ярих дуртай сэдэв, гоё сайхны оргил гэж үздэг зүйл бол урлаг. 

-“Баруун тархи буюу соёлын тв довтолгоо” энэ тухай ярианууд байсан даа. Сонгодог урлагийнхныг танай хөтөлбөрөөс сонирхоход гоё өнцөг харагдсан шүү?

-Телевизийн нэг төслөөр нийгэмд юуг ч өөрчлөн сайжруулж чадахгүй ч гэсэн хэн ч хийхгүй бол муухай. Соёл, хөгжил гэдэг гял цал дэлгүүр, өндөр байшин, үнэтэй машин биш. Харин дуурь, балет гэвэл өөр хэрэг. Дуурийн театрын примадонна М.Дариймаа, прима балетчин Б.Саруулыг урьж оролцуулсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү гуайг оруулах гээд амжаагүй. Төсөл зогссон, маш харамсалтай. Дахиад үргэлжлүүлмээр байна. 

Хэлбэрийн хувьд ой гутам заваан, заваан. Өнгөц харвал шүү дээ. Гэтэл агуулга нь заавал бодол өгдөг л юм даа. Ёс суртахууныг ажиллуулдаг.

-Ингэхэд уран зохиолын орчуулгад яаж татагдав?

-Би чинь 1993 онд Эрхүүгийн Хо Ши Миний нэрэмжит Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн орчуулагч хүн л дээ. Бизнесийн байгууллагуудад гэрээ хэлэлцээ орчуулдаг ажилтай явахдаа “Хэний ч мэдэхгүй Мао”-г “Нэпко” хэвлэсэн тэр өдөр гартаа оруулж авсан анхны уншигч нь би байх. Маог сонирхдог учраас юу л гарна алгасахгүй шүү дээ. Дараахан нь Маогийн тухай өгүүлдэг нэг баримтат киноноос Америкт амьдардаг хятад зохиолч эмэгтэй Анчи Миний талаар олж мэдсэн юм. Хайж байгаад ярилцлагыг нь ч уншлаа. Номуудаас нь Австралиас захиж аваад унштал “Улаан сухай”-г нь орчуулчихмаар санагдсан. 2014 онд тэр Монголд хэвлэгдэж, миний уран зохиолын орчуулга энэ номноос эхэлсэн юм. Анхных болохоор хүмүүст баахан тараав. “Боролдой” Мягмар ахад өгснөөс хэд хоногийн дараа мань эр утастаж байна аа. “Чи монгол хэлээ ямар сайн мэддэг юм, биширлээ” гэсэн. Тийм гоё магтаал байдаггүй. “Мундаг орчуулжээ” бол байдаг л үг. “Монгол хэлээ ингэж мэдэх гэж” гэдэг бол орчуулагч хүнд гайхалтай магтаал юм. Онгирмоор гоё.

-Ном бол зарим утгаараа бизнес. Хэрэглэгч нь уншигч. Орчуулагч хүн зохиол дээр ажиллахдаа тэр хэрэглэгчийг өөртөө төсөөлж, захиалдаг уу. Таны орчуулсныг ямар хүмүүс уншаасай гэж хүсдэг вэ?

-Залуучууд. 20, 30 настнуудад зориулдаг.

-Манай ub.life сайт, Гэрэг сэтгүүлийн редактор У.Бямбаням утга зохиол судлалаар мэргэшсэн залуу учраас бид шинэ номын талаар түүнээс анхны баримжаа авчихдаг юм. Ма Жианы “Хэлээ гарга” номыг хараахан уншаагүй ч бузгай орчуулсныг чинь Бямбаагаас л сонслоо. Одоо төлөвлөсөн ямар шинэ ажил байна?

-“Хэлээ гарга”-ыг би бүр таван жилийн өмнө орчуулчихсан байсан юм. Хэвлэх зоригтой газар олдохгүй явсаар энэ онтой золгосон. Энэ зохиол надад орчуулж байх нь ээ маш гүнзгий мэдрэмж төрүүлсний гадна редакторууд сайн байсныг заавал онцлох хэрэгтэй шүү. Одоо Уинстэн Грүүмийн номыг гаргамаар байна. Завтай байгаа дээрээ гэж бодоод орчуулаад эхэлчихсэн. Хэн, хэзээ мөнгийг нь гаргаж ирээд хэвлэхийг бүү мэд. Нэг сайхан орчин үеийн хөгжмийн нэвтрүүлэг хиймээр байна. Ийм дуу гарлаа шүү гэдэг биш. Хөгжмийн боловсролыг системтэй өгдөг супер контент дутаж л байна. 

-Би жишээ нь Таны таашаан орчуулсан “Шуудан хороо”-ны Буковски гэдэг зохиолчийг уншиж чадахгүй юм билээ, уучлаарай. Далдын далд ухамсарт тэмдэгрэх төдий үүсдэг тэр адын бодол, сөрөг сигнал дохио гэр бүл, нийгмийн харилцаанд, эрхбиш ёс суртахууны хэм хэмжээнд зохирохгүй шүү дээ. Над шиг бодох хүн цөөнгүй болов уу? 

-Би оюутан байхдаа орос оюутнуудаас анх сонсож танилцсан юм. Тэр үеийн надад түүний бүтээлүүд яг л манай “Халуун хөнжил”, “Нүгэл буян” мэтийн сонинд гардаг өгүүллэгүүдтэй агаар нэг санагдаж байсан. Тэгсэн одоогоос 3-4 жилийн өмнөөс “Роллинг стоунз” сэтгүүлийн бичигч Хантэр С.Томсон, нөгөө Буковски мэтийн сонин “гарууд” гэнэт бодогдоод эхэлдэг юм. Тэгээд интернэтээс хайгаад байсан чинь Буковскийн хэд хэдэн өгүүллэг байна шүү. “17 доллар 50 центийн дурлал”, “Далдармар”, “Цахиур”-ыг нь орчуулчихлаа. Хэлбэрийн хувьд ой гутам заваан, заваан. Өнгөц харвал шүү дээ. Гэтэл агуулга нь заавал бодол өгдөг л юм даа. Ёс суртахууныг ажиллуулдаг. Тиймээс мань Чарльз Буковски миний идеал, уучлаарай. Би ямар судлаач, шүүмжлэгч биш. Бохир реализм энэ тэр гэж онолдмооргүй байна. Ангич, ардач үзэл суртал, гоо зүйгүйгээр зүгээр л бидний дунд байгаа харгис амьдралыг хайрцаггүй шулуухан хэлчихсэн л нөхөр шүү дээ.

-Буковскийн амьдралын хэв маяг, эмэгтэйчүүдийг үзэх үзэл нь нэг тийм хөндүүр, “золбин” шинжтэй. Түүний амьдралд орж, гарч байгаа хүүхнүүдийг жигшмээр, бас өрөвдмөөр. Танд орчуулж байхад ямар санагдсан бэ?

-Буковски хайрлаагүй хүүхнүүдээ л бичсэн нь тэр шүү дээ. Ямар ч сэтгэл, дурлал байхгүй, зүгээр л бие махбодын хэрэгцээ. Хамгийн сайндаа л “Виски юү, дарс уу, мөстэй юү” гэсэн санал тавьж байх жишээний. Түүнийг орчуулж байхад болдогсон бол дэргэд нь гүйгээд очмоор санагдсан. 

-За, энэ сэдвийг орхиё. Диогенээ яриад өгөөч. Ингээд л би шүтдэг юм аа гээд “хөөрхөн” ярьдаг даа.

-Торхон дотор амьдарч түүхээ бүтээсэн хүн гээд бод доо. Эрх мэдэл, хүч чадал, эд баялгийн эзэн Александр хаан хүрч ирээд “Чи надаас юу хүсэж байна” гэж асуухад Диоген “Алив, жаахан хажуу тийш зогсоод орхиоч. Миний нарыг халхалчих юм” гэсэн гэдэг. Ямар гоё вэ, тийм ээ. Диоген нэг аягатай л байж. Гэтэл нэгэн хүү хүрч ирээд алгаараа ус утган уух юм гэнэ. Диоген “Алгандаа ингэж уух чинь яасан сайхан юм бэ” гэж дуу алдаад аягаа хага шидчихсэн гэдэг шүү. Жинхэнэ минимализмын эрх чөлөө биш гэж үү?

-Тийм байна аа, гоё юм аа. Ингэхэд Гамбино маань хэр минималист вэ?

-Хоёр жийнс, ганц пүүз, гурван футболк байна аа, байна.   

-Орчуулгаасаа болоод зохиолдоо хөтлөгдөөд ч гэх үү хийж, туршсан зүйл байдаг уу?

-Ер нь хэний ч зохиолыг орчуулсан зохиолоо илүү ойлгохын тулд тэр газарт нь очмоор санагддаг юм. Жишээ нь, “Улаан сухай”-г орчуулахад би Шанхай явсан шүү. Тэгээд жуулчдад санал болгодог газруудаар ороогүй. Хүмүүс амьдардаг хуучны гудамжууд, манайхаар бол гэр хорооллоор явсан. Бяцхан охины ар шилэн дээр хатиг гарчихсан, идээгээ урсгаад яаж үүгээр түүгээр гүйж явсныг харах шиг л болсон. Нохойны тухай “Борооноор уралдах урлаг” номоо орчуулж байхдаа би нэг л мэдэхэд гудамжаар явахдаа нохой хараад зогсчихдог болчихсон. Тэгээд л нүд рүү нь харна даа. Хамгийн ухаантай харц нохойнх юм билээ. Нэг тийм тогтонги. Утга учрыг ойлгох гэсэн мэт. Ганданд очиж нохой их харна аа. Тэгсэн нэг нохой бааж байна. Дөхөж очоод “Чи ч муухай амьтан юм даа, гудамжинд бааж л байдаг. Ичих ч үгүй” гэж хэлчихээд нүд рүү нь хараад л байлаа. Өнөөтөх чинь миний хэлснийг ойлгосон уу яасан нүүрээ буруулаад ичээд сүйд болсон. Гэтэл Орост харсан нохойнууд манай гудамжны нохойнуудтай харьцуулах аргагүй зэрлэг, өлөн, балиар байсан. Монгол нохой ухаантай юм байна гэж би тэгэхэд мэдсэн. Хүн төрөлд ирэхийн өмнө нохой болж төрдөг нь бараг үнэн ч юм шиг.

-Шашны талаар бас боддог байх нь ээ?

-Гүнзгий биш ч эргэцүүлэлгүй яах вэ.   

-Тэгвэл улс төрийн талаар?

-Өөрөөсөө дор юмнуудын ялгадаст хүлцэнгүй хандах гоё уу? 2016, 2017 оны сонгуулийг хараад дахиж хэзээ ч сонгууль өгөхгүй гэж шийдсэн.

Хүний далд ухамсарт байдаг боловч ёс суртахуунаараа далдалж амьдардаг тэр нууц зүйлсийг илэрхийлдэг кинонуудыг л үзвэл кино үзсэн болдог.

-“Нөгөө кинонууд”-ыг Гамбино өөрийнхөө таашаалаар сорчилж телевизийн үзэгчдэд танилцуулдаг гэж ойлгож болно биз дээ?

-Орлого хөөсөн кассын кинонуудыг би үнэхээр өөрийгөө яаж ч хүчлээд хүлээж авч чаддаггүй. Энэ бол нэг төрлийн муухай дон. Хүний далд ухамсарт байдаг боловч ёс суртахуунаараа далдалж амьдардаг тэр нууц зүйлсийг илэрхийлдэг кинонуудыг л үзвэл кино үзсэн болдог. Ийм төрлийн киног хоёулаа хөтөлцөж яваад санаандгүй үздэг эд биш. Бие, сэтгэл оюунаа бэлдэж байж, үзэх орчин нөхцлөө тооцож байж өмнө нь суух хэрэгтэй. 1972 онд бүтээгдсэн Андрей Тарковскийн “Солярс”-ыг би хорин хэдэн настайдаа анх үзэх гээд дуусгаж чадаагүй. Гучин хэдтэйд хоёр дахь оролдлого мөн л тэвчээр алдарснаас бүтэлгүйтсэн. Хүнд сэдэв. Зуурдын орон. Буддын сургааль явдаг. Хожим дөрвөн удаа үзсэн. Шашингүйн үзэл туйлдаа хүрсэн үед ийм юм хийсэн нь Тарковскийг алдаршуулсан хэрэг.  

-Тантай хамт амьдрах их нажидтай байх аа?

-Хэцүү, бүр маш хэцүү. Би их муухай ааштай. Хэрийн хүн тэсэхгүй. Зүрх сэтгэл гэж нэг юм байдаг учраас хайртай хүмүүсээ цаашид зовоохыг үл хүсэхдээ салдаг. Хайр дурлал заавал хажууд байх албагүй. Аз жаргалыг гэр бүлийн жаазанд аваачиж хийгээд зовлон л болно. Хүнийг эд хогшил шиг үзэж өмчирхөх чинь балмад явдал.  

-Дэргэд нь үлдэх хүсэл, шалтгаан гэж баймаарсан?

-Хүн чинь өөрөө асуудал байхгүй юү. Асуудал хүнд л байдаг, хүнгүй бол асуудалгүй. Ганцаараа чинь их зүгээр юм байна шүү дээ. Одоо уран бүтээлээ хийе. Дэргэд нь тамхи татаж утахгүй, шөнө унтаж байхад нь гэрэл асааж сэрээхгүй. Надад бол одоо том байрны ч хэрэг алга боллоо. 25 ам метр талбайтай ганц өрөө байр, тэгээд пянз тоглуулагч, компьютер, принтер, сканнер, плитка, ус буцалгагч, жижиг тогоо байхад яг болно. 

-Бид 2016 онд танилцахад Та гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компанид өндөр цалинтай ажил хийдэг, уран бүтээлээ хообий болгочихсон хүн байлаа. Одоо нөгөө албан газраа байна уу?

-Гарчихсан. Хэзээ ч зүсийг нь үзэхгүй баян хүнийг баян дээр нь улам баян болгохоор хар үүрээр босож,  ажил хэрэгч төрх өөртөө нааж аваад гардаг, тэндээ хамгийн бүтээлч найман цагийг өнгөрүүлнэ, ёстой бүтэхгүй. Тэгээд яг 12 дахь жилийнхээ намтарт “баяртай” гэсэн. Цомхотгол болвол намайг хамгийн түрүүнд явуулаад өгөөрэй гэж би даргаасаа гуйчихаад хүлээж байсан юм. Тэгээд л наадмын урд өдөр ёсоор болсон. 

-Хүн ойлгохын аргагүй юм хийж явах юм?

-Таашаалтай, хайрцаггүй, амар амгалан амьдаръя л даа.

-Сонсоход сэтгэлээ барьж дийлдэггүй аялгуу чинь юу вэ?

-Пьетро Масканьигийн “Тосгоны алдар” дуурийн интермеззио гэж хөгжим бий. Түүнийг гурав дөрвөн удаа дараалаад сонсоход хүнтэй ярих боломжгүй болдог. Пьетро Масканьи 21 настай оюутан байхдаа “Тосгоны алдар” дуурийн хөгжмөө бичсэн гээд бод доо. Гайхамшигтай түүх. Арам Хачатуряны “Спартак” дуурийн Спартак, Фрегия хоёрын адажио байна. 10 орчим минутад л үргэлжилдэг аймшигтай нандин хөгжим гэвэл би үүнийг л хэлнэ. Сая наашаа ирэхдээ Рон Фрикегийн хийсэн “Самсара” киноны хөгжим сонслоо. Ямар гоё юм, хөнгөхөн тэгээд тааламжтай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
28
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.10.08 150.129.142.161

Ваадага ваадага

0 Хариулах


Tuul 2019.10.06 66.181.161.39

Minii hamgin hugshin galzuu gants nzdaa hahaha

0 Хариулах


Зочин 2019.10.06 120.16.61.193

Тэнэг сэтгэхүйтэй өөрийгөө хэт үнэлсэн мангар

2 Хариулах


Зочин 2019.10.16 202.21.118.198

чам шиг хямдхан биш байхгүй юу

0 Хариулах


Эрхэм 2019.10.06 202.179.31.129

Farewell Gambino

0 Хариулах


Зочин 2019.10.05 103.57.92.101

Таньтай хааяа ярилцахад сайхан шинэ мэдээлэл авдаг шүү. Роктоо үнэнч байгаа чинь таалагддаг шүү! Амжилт Гамбино ах аа!

0 Хариулах


оо 2019.10.04 203.91.116.185

манай өвөрмөц царайтнууд ийм мундаг заооо Юун одгэрэл

0 Хариулах


Зочин 2019.10.04 64.119.20.205

орон бүхний ӨЦ нар нэгдэгтүн

0 Хариулах


НАЙЗ 2019.10.04 202.131.243.186

Олонхи биш л хүн дээ. Гайхалтай, заримдаа гажиг, ядаргаатай, гэхдээ үргэлж сонирхол татдаг л хүн. Түүнийг FB-т уйдахаараа дагаад, залахаараа орхичихдог. Хэд хоноод уйдах болов уу, одоохондоо дагаж л байгаа. Амжилт Гамбино!

1 Хариулах


Зочин 2019.10.04 203.91.115.54

ёстой ѳѳрийнхѳѳрѳѳ хүн байна даа

1 Хариулах