Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Гийдаа

Нялцгай зуурсан, хуурай гурил цацан элдэж, хэрчсэн гурил шөлний амтанд тусгүй гэж үзнэ.


-Аав, өнөөдөр ямар хоол хийх вэ?

-Гийдаагаа л “цохино” шүү дээ, хонгорхон үр ээ.

Бага насанд хамгийн их асууж, хамгийн их сонссон хариултуудын нэг. Завханыхан гурилтай шөлийг “гийдаа” гэнэ. Тун ч дургүйхэн иддэг байж дээ. Одоо бол хоолны түрүүнд бодогдох тийм л гүнцэг мөнөөх гийдаа маань л болсон. Хүйтэн өдөр, эсвэл ядрахад бов бор шөлтэй, гоймон шиг зэгзгэр гурилтай гийдаа шиг сайхан хоол ер юу билээ. Монгол хүүхдүүд багадаа гурилтай шөлөнд дурамжхан байдаг ч өөрсдөө эцэг эх болоод үр хүүхдээ аль эрүүл, зөвөөр хооллохыг мэрийгээд ирэхийн алдад сая гурилтай шөлнийхөө таатай сайхныг олж нээдэг юм шиг. Ингэж гурилтай шөл монгол айлын гал тогоонд үе уламжлан ирэхдээ ширээ тойрон суугаад эцэг эхээ санах шиг өег бодол, ачлан талархах сэтгэл авчирдаг билээ.     

Баруун аймгийнхан настайчуулыг эс тооцвол гурилтай шөлөө “гийдаа” гэж нэрлэхээ байгаад төвийнхөн шиг лавшаа л гэдэг болсон шиг билээ. “Лапша” гэх орос үгнээс манайд нутагшихдаа үсэг нь зөөлөрсхийж лавшаа болсон хэрэг. “Лаглайсан сайхан лавшаа” гэж ирээд л гурилтай шөлөө магтангуй нэрлэх нь ч олонтаа.

Адилхан гурилтай шөл мөртлөө айл айлын гийдааны амт өөр байдаг нь гурилаа хэр хатуу зуурснаас, хэр зузаантай элдсэнээс, хэдий хэмжээний мах хийснээс, хэр устай буцалгаснаас гээд олон зүйлээс шалтгаалдаг. Манай ээж гурилаа их хатуу зуурах бөгөөд хэсэг амраагаад зузаавтар элдэнэ. Гурилаа хэрчихдээ наалдахаас сэргийлэн хуурай гурил цацах бүү хэл нарийхан хэрчсэн гурил нь ширхэг ширхэгээрээ эгээ л гоймон шиг өөрөө гозойгоод салчихдаг. Нялцгай зуурсан, хуурай гурил цацан элдэж, хэрчсэн гурил шөлний амтанд тусгүй гэж үзнэ. Ийм хоолтой эзэгтэйг бас голно оо. Ээж гийдаандаа огт ногоо хийхгүй ч махаа зорсхийн ахиухан хэрчинэ дээ. Оюутан болохоор хотод ирэхдээ манайд сууж сургуулиа төгссөн авга, нагацууд ээжийн гийдааг өнөө хэр ярина аа. “Эгчийг шөлөндөө нэг их мах хөшиглөчихөөд шанагахан ус хийхээр их харамсдаг байж билээ. Хариугүй жаахан хоолонд нь яаж цадна даа гэж чамласхийн хүлээж байгаад идэхэд ганцхан аяга гийдаанд дахиж нэмүүлэхгүйгээр цадчихдаг, сонин шүү” гэлцдэг юм.

Аав минь 14 жилийн өмнөх энэ өдөр насан эцэс болох хүртлээ ээжийг өдөр болгон гийдаа хийгээд өгсөн ч баярлаж талархан хүртэхээр гарынх нь хоолонд ээнэгшин амьдарсан. Ээж бид хоёр гийдаагаа хийсэн өдөр хоёулхнаа үлдсэн гэдгээ хамгийн ихээр мэдэрдэг байж билээ. Аав тамшаалж ирээд л нэг их чимээ шуугиантай идэж ээжид зэмлүүлдэгсэн. Одоо надад хоёулаа алга. Харин аавын дуртай гийдааг ээж яаж хийдэг байсан тэр уламжлал л надаар дамжин манай гэрт үлдэж. Булууны шөл, бор гурил л нэмэгдсэн. Миний зуурсан гурилыг надаас өөр хүн элдэж тэнийлгэхэд тун хэцүү л гэгдээд байгаа. Монголчууд хоол ярьсан, идсэнээ сайрхсан хүнд дургүй ч надад гал тогоо урлан шиг л санагддаг. Харьж яваа намрын сэрүүн өдрүүдэд аав ээж үгүйлэгдэн бодогдоод гийдааныхаа тухай зурвас бичмээр болоод оо.            

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
14
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ania 2019.10.15 103.26.194.122

Eejiin giidaa hamgiin amttai baijee ...

0 Хариулах


Зочин 2019.10.09 202.21.113.82

Uilmaar ch um shig. Lavshaa maan' saihan mongol hool, geriin ger buliin hool. Saihaan.

0 Хариулах