Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Нэгэн танкагийн хувь зохиол


“Түүх эргэдэг” гэх үг шидтэй мэт. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд Их хүрээ дөнгөж есөн настай байх анхны дүрийг буулгасан танкагийн сүүдэр Улаанбаатарын төвд хувь зохиолын бэлэг мэт гэрэлтлээ. Өндөр гэгээний 13 насны баярыг Их хүрээнээ ёслон тэмдэглэж буй ховор нандин түүхт танка Монголын олон нийтийн хүртээл болон эхний удаа дэлгэгдэж буй нь өдгөө Уран зургийн галерейд нээгдэж, энэ сарын 19-нд буух “Төвөдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн бөлгөө. Түүнчлэн өмнө нь Их хүрээний хамгийн гол өргөө байгаад 1937 онд нураан сүйтгэгдсэн Батцагаан цогчин дугана 371 жилийн хойно Гандантэгчилэн хийдийн дэргэд шинээр баригдаж үүдээ нээсэн даруйд түүний эхний янз байдлыг дүрслэн багтаасан хотын маань анхны зураг төрөлх газартаа үзэгдэж байгаа нь мөн л ховор сайхан тохиол авай. 

Поталагийн (Бодала ч гэх) Цагаан ордны хамгийн дээд давхарт Далай ламын өргөөний баруун талын ханан дахь хамгийн баруун хаалганы дээд хэсэгт хадгалагдан үлдсэн танка бол Монголын нийслэл Их хүрээ хотын хамгийн анхны дүр зураг. Анх бүтээхдээ л улаан шунхаар “Халхын Жавзандамба хутагтын Гандан хийд” хэмээн бичсэнээс өөр тайлбаргүй эл зураг байгалийн гэрэл үл тусах Поталагийн чулуун хананаа цөгцөнд бадраах зулын гэгээнд 371 жил үзэгджээ. Хэн гээч бүтээсэн нь тодорхойгүй ч Их хүрээ, ард олны ахуй төрх, ёс заншлыг маш сайн мэддэг хүн зурсан нь илэрхий. “Тэр лавтай монгол хүн” гэх төвөд судлаач Г.Ням-Очирын байр суурийг баримтлахад зөрүүгүй болов уу. “Хүмүүсийн нүүр царайг их тод, бодитоор зурж дээ. Энд буулгасан айл гэрийн тоогоор тэр үеийн хотын хүн амыг гаргаж болохоор” гэж хэлсэн нь энэхүү танка монголчуудын хувьд түүхийн ямар нандин сурвалж, судалгааны ховор эх баримт болохыг өгүүлнэ.

Поталагийн ханан дээр Өндөр гэгээний 13 насны баярын зургийг онцлон зурах олон шалтгаан байж. Нэгдүгээрт, Өндөр гэгээнийг ном үзэхээр Төвөдөд очиход нь үзүүлсэн их хүндэтгэл. Хоёрдугаарт, Поталаг бүтээн босгосон гол хөрөнгө оруулагчид монголчууд байсан тул буянд биширсэн хүндэтгэл. Гуравдугаарт, тэр үеийн монголчууд цэрэг армийн хувьд хүчирхэгжсэн томоохон улс байсны хувьд улс төрийн итгэлцэл хадгалах гэсэн бас нэгэн хүндэтгэл байлаа. Тиймээс энэ мэт олон шалтгаанаар Их хүрээний анхны дүр, Өндөр гэгээний насны баярыг өгүүлсэн зураг Далай ламын өргөөний хананаа тахигджээ. 

Их хүрээ Ширээт цагаан нуур буюу одоогийн Өвөрхангай аймгийн нутаг Их Монгол уулын өврөөсөө нүүн Эрдэнэзуу хийдээс урагш 25 километрт Харзын голын эрэг дээр буугаад байх үест 1647 оны гал нохой жил Эеэр засагчийн тавдугаар онд Өндөр гэгээний 13 нас тохиов. Хот мандалын хэлбэртэй хотын дөрвөн үүдээр Халхын ноёд бүгд есөн цагааны бэлэг барьж, Өндөр гэгээнийг хаан болгон өргөмжилж, их ёслол үйлдсэнийг ийн дүрсэлжээ. Төвөдүүд энэхүү танка зурагдсан он цагийг 1645-1648 хэмээн бичсэн болГ.Ням-Очир “1648 онд Цагаан ордон баригдаж дууссанаас үзэхэд 1648 онд зурсан нь үнэнд илүү дөхнө” гэж үзэж байна. 

Их хүрээг 1639 онд байгуулахдаа хот мандалын буюу тойрог хэлбэртэйгээр төлөвлөжээ. Одоогийн Улаанбаатарын Их тойруу, Бага тойруугийн гудамжууд мөн л тэр үеийн дугариг тойрог бүтэцтэй байснаас уламжилсан нэрс аж. Дөрвөн талдаа уултай. Дөрвөн талдаа хаалга үүдтэй. Горооны тойрог чулуун замтай. Хотын төвд хаан сууна. Хүрээний голд 1892 онд шатсан Шар ордон буюу Богдын шар бөсийн орд болоод шар бөсөн хэрэмтэй Батцагаан дуган байна. Нийтдээ 23 сүм хийдээр хүрээлүүлэн Их хүрээг байгуулжээ. 

Хүрээ рүү тэр бүр орох боломжгүй. Зөвхөн бараадан тойрч гороо хийдэг. Хүрээний газар улай хийх хориотой. Богд уул харагдах газар амьтны амь тасалж болохгүй хэмээн сүсэглэдэг байж. “Энэ бол хотын тухай монголчуудын итгэл үнэмшил байлаа. Ерөөс хот бол итгэл үнэмшил, хүндлэл дээр тогтдог билээ” гэж Г.Ням-Очир өгүүлсэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.