Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Хайрын тухай л бодно


Зүрхийг дагаснаас тархиа сонссон нь илүү өлзийтэй гэдэг ч ихэнх тохиолдолд эхнийхдээ дуртайяа урхидуулсаар л яваа биз дээ? Зүрхэнд хөөр баяр, эсвэл айдас түгшүүрийн дохио ирсэн л бол тархи дийлэнхдээ ямар ч тэнхэлгүй болдог. Гэсэн ч зүрх л өвддөг, эмзэглэдэг болохоос тархи минь уйллаа, шаналлаа гэж хүн гомдоллон өгүүлэхийг барагтай сонссонгүй ээ. Зүрх дагасан аль алдаатай шийдвэрийн арыг дааж үлдэхдээ тархи л гаргуун. Зүрхний зоргоос болсон өөдгүй үр дүн, эвгүй байдлыг эвтэйхэн болгож цэгцлэх арга чаргыг тархиндаа л найдна уу гэхээс өдийд өвдөж ядарсан зүрх тайван цохилох цаг. Тэгсэн мөртлөө зүрхээ дагаад оновол зүрх шиг туйлын үнэн зөв үгүй. Тархинд ямар ч гавьяа өгөхгүй. Тиймээс тархи бол хамгийн томоотой ажиллах хүч, бат найдвартай цайз, харин зүрх бол даварсан эрх эрхтэн, алдар суут ариун сэтгэл юм аа.  

Тархи маш самбаатай ч бас их хурдан “гашилдаг”. Өндөг үү, тахиа юу гэдэг шиг эхлэл төгсгөл нь олддоггүй асуултыг өөртөө сайн дураараа ял болгон тулгачихаад яг одоо л хариулахгүй бол толгойгоо авахуулах гэж байгаа мэт самбаачлах ч шиг, түүртэх ч шиг суухыг нэг төрлийн бясалгал гэж үздэг хүмүүс цөөнгүй. Тэгж гашилгах хором мөч бүрийг баярлан эдэлдэг гэм гэмээр зантай юм. Гэтэл дэмий балай юм их бодвол хүний нас богиносдог гэж нэгэн эрдэмтэн олон жилийн судалгааныхаа дүнд нотолсныг өчигдөр олж уншив. Элдвийн юм бодохын оронд бодлоо хоослох бясалгал хийж бай гэж тэр эрдэмтэн бас зөвлөжээ. Ухаандаа бясалгалд төвлөрөх нь зүрхээ тайвшруулан амрааж, сэтгэл дураар авирлахыг сатааруулах дасгал аж. 

Ээ, нас богиносно гэж эмээгээд тэгтлээ хичээн амьдарч буй энэ оршихуйнхаа утга учир юу болох талаар эс тунгаах нь ёстой бүтэхгүй санагдана. Оймс элэгдэх, үхэл ирж энэ амьдрал төгсөх нь энгийн ойлгомжтой зүйлс. Хүүдий аятай хэлбэрээ гээн хуучирсан оймсоо хөвж, утсыг нь дамардах лугаа амьдралыг ээрэхэд мөнгө хураах, түүгээрээ байр худалдан авч дотор нь жаргах, эсвэл зовохоос илүүтэй хайрлах, хайрлагдах хоёрт л хамаг утга нэхэгдэнэ. Амьдрал төгсөх мөчид хэнийг ч хайрлаагүйнхээ төлөө, хэнд ч хайрлагдаагүй өөртөө харамсах шиг утга учиргүй зүйл байна гэж үү? Тэр мөчид насаараа хүсээд авч чадаагүй алт эрдэнэст хэн ч дурлахгүйсэн. Хайр амьдралаас хамгийн хайран. Ээж ааваа хайрлаагүй, эхнэр нөхөртөө хайрлагдаагүй хүмүүс хамгийн хөөрхий. 

Үхэлд ганцхан хүч байдаг нь энэ амьдралыг төгсгөх. Гэтэл хайр гэрэлтүүлж, үргэлжлүүлж, тодорхойлж чадна. Үхэл хайрын дэргэд ийм хүчгүй учраас үхэхээс биш хайрлахгүй байгаа сэтгэлээсээ л айх учиртай. Хайрын тухай тархиа гашилтал бодлоо гээд нас богиносно гэсэн ч цаг мөч бүрийд хайрын тухай бодоход би бэлэн байна. Амьдралын турш бясалгаж явах хамгийн чухал сэдэв хайр юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.