Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Болороо ба тогтолцоо

Түүний амьдрал ерөөс тогтолцооны эсрэг тэмцэл.


Шинээр нүүж ирсэн хөрш айлын маань өсвөр насны хүү нэг гараараа эрүүгээ түшиж алхдаг. Зөрж таарвал харж зүрхэлдэггүй юм аа, хөөрхийг. Нэг гараараа эрүүгээ түшихгүй л бол толгой нь үл захирагдан савчих бөгөөд нуруундаа үүрсэн дүүрэн номтой цүнхэндээ дийлдээд уначих вий гэмээр тэнцвэргүй хөдөлгөөнтэйг нь би цонхоороо л ажигласан юм. Хүү нуруундаа зөвхөн хичээлийнхээ цүнхээ үүрдэггүй. Тэр ээжийнхээ хайрыг, үе тэнгийнхнийхээ шооч томоогүй харцыг, томчуудын өрөвдсөн халгийг, бас өөрийнхөө итгэл, ирээдүйг дүүрч яваа харагддаг. Ингэж чадах хүртлээ тэр юуг даван туулаа бол, хэчнээн их уйлж ээжийгээ өвтгөө бол, тэд хамтдаа хэрхэн тэмцээ бол. Хойшид ямар их тэвчээрийг зааж, хат суун амьдрах бол. Түүнд юу “тохиолдох” бол...

Тохиолдол. Өмнө нь зөндөө л хэрэглэж байсан ч энэ удаагийнх шиг эмзэглэж байлуу. Энэ үг яасан тоомжиргүй утга агуулдаг юм бэ. Хүйтэн хөндий, бас албаны. Гэвч нэг, хоёр, гурав... мянгаараа тохиолдоно. Байшин бүрийн цонх болгонд хүн зогсоод тохиолдлуудыг сониучирхан ширвээд, эсвэл гүйн гарч тэвэрч үнсэн өнгөрүүлсээр байх уу? 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр цагдаагийн даргаа дагуулан Төрийн ордноос гарч ирээд, өмнөх талбайд нь 10 өдрийн турш ээжийнхээ хамт суулт зарласан Болороог тэвэрлээ. Болороо яагаад, юуны төлөө ийнхүү тэмцэх болсныг монголчууд мэдэх билээ. Ажлаа хийж яваад харамсалтайгаар амь насаа алдсан нөхрийг нь согтуу байсан гэж шүүх эмнэлэг дүгнэснийг Болороо хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. “Ерөнхий сайд иргэн Б.Болороогийн шаардлагыг хүлээн авч, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг амлав” гэсэн мэдээллүүд тарснаар Болороотой сэтгэл зүрхээрээ хамт байсан хүмүүсийг тайвшрууллаа. Болороод тусалмаар, гүйж ирээд тэвэрмээр болсон У.Хүрэлсүхийн хүн чанарт хүмүүс талархав. 

Ерөнхий сайдын хувьд Болороо бол улсынх нь нэг иргэн бөгөөд түүний тэмцэл олон нийтийн анхаарлыг татсан учраас онцгой хандалгүй орхиж төвдөөгүй нэгэн тохиолдол. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод гаргасан анхны шийдвэр ч мөн л нэгэн тохиолдлоос эхэлсэн. Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охиноос шүүх эмнэлэг оношилгооны төлбөр нэхтэл үзүүлэхээр хамт явсан хүнд тийм хэмжээний мөнгө байсангүйд гэдрэг буцсан тохиолдол. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр тохиолдлын дараа “Өвдөж, зовсон, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдээс Монголын төр 10 мянган төгрөг нэхээд сууж байхаасаа ичих ёстой. Засгийн газар эхний хуралдаанаараа, өнөөдөр эсвэл маргааш энэ шийдвэрийг яаралтай цуцална” гэсэн юм. 

Монголд халаглан уйлмаар, хашгирч бачуурмаар тохиолдлууд ямар их давтагдана вэ. Тохиолдлоос тохиолдлын хооронд тухайн тохиолдол бүрт зориулан Ерөнхий сайд маань харгис шийдвэрийг цуцалснаа айлдаж, хэн нэгнийг дурангийн өмнө тэвэрч шударга ёс амалсаар байх уу. Тохиолдол олон байна. Тогтолцоо нь болохгүй, буруу байна. 

Болороо бусдын адил хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцсээр ирсэн. Энэ удаа хайр дурлалынхаа төлөө, хамтын амьдралынхаа үнэ цэнийн төлөө, хань нөхрийнхөө эцсийн мөчийн үнэний төлөө, үр хүүхдийнхээ өмнө удам судраа шударга бусаар бузарлуулахгүйн төлөө олны өмнө гарсан. Болороо тогтолцоо болохгүй, буруу байгааг, шударга бус байдал нийтлэг байгааг хэлэв. Өөрийг нь тэвэрсэн болохоор У.Хүрэлсүхийн өмнө биш, тогтолцоонд сөхөрч гутарсан иргэнийхээ хувьд Ерөнхий сайдад Болороо итгэж уйлсан юм. 

Түүний амьдрал ерөөс тогтолцооны эсрэг тэмцэл. Тэмцэл юм байна, тэсвэр хатуужил юм хэмээн бидний ойлгодог зүйлс бол түүний хувьд амьдрал нь. Болороо хүн болж төрснөөсөө хойш Монголд буруу өрөгдсөн хүнлэг бус, шударга биш тогтолцоог хором бүрт сөрж амьдарсан. Тоглоомын талбайд айлын хүүхдүүдтэй тоглохын төлөө, сургуульд сурахын төлөө, их сургууль төгсөхийн төлөө, хайрлаж дурлахын төлөө, үрээ тээж төрүүлэхийн төлөө, мэргэжлээрээ ажиллахын төлөө, өөрийг нь хүн шиг хүлээж авдаггүй тогтолцоог өөрчлөхийн төлөө тэмцсэн юм.

Болороо шиг тэмцээгүй нь чимээгүй тохиолдол болж өнгөрөх тогтолцоо манай нийгэмд байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
1
5
0
6
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ү 2019.11.14 103.14.36.18

Дэндүү эмгэнэлтэй шударга бус, хүн бус нийгэм тийм аймаар араатан шиг хүмүүс дунд амьдарч байгаагаа өчигдөр Цензургүй яриа нэвтрүүлгээр Болороогийн ярихыг сонсоод ухаарч балмагдлаа. Хөөрхий бүсгүй үнэхээр харамсмаар зүйл тохиолджээ. Хэн хүнээс илүү зоригтой, ухаантай тэвчээртэй байж, хэний ч хийж чадахгүй байсан зүйлийг зориглон дуу хоолой болж чадсанд бахархаж байна. Аз жаргал заавал ирнээ.

0 Хариулах


Зочин 2019.11.14 202.131.246.114

Мундаг охин байна. Маш цэгцтэй ярих чадвар, өөрийгөө илэрхийлэх чадвараас нь боловсрол мэдлэг нь харагдаж байна. Аливаа зүйлд хариу өгч байгаагаас нь харахад зоригтой, бас хүн чанар, тэвчээр бүх юм харагдаж байна. Үнэхээр хүндэлсэн. Гэр бүлд нь ийм гай таарсанд үнэхээр их харамсаж байна. Гэхдээ үеийхээ болон бүүр өөрийхөө дээд үеийн хүмүүст үнэхээр өөрийгөө харуулж чадлаа. Цаашдаа ч үлгэрлэж яваарай гэж хүсье. Уй гашуун нь удахгүй дуусах байх гэж чин сэтгэлээсээ хүсье.

0 Хариулах


Иргэн 2019.11.14 192.82.77.202

Болороо гэх энэ эмэгтэйн тэмцлийн мөн чанар нь үнэн хэрэгтээ шударга бус нийгмийн эсрэг сөрөн зогсохыг уриалсан агуу их дуудлага байв.

0 Хариулах