Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Үхэж үзээгүй Фауст

Бурхан, чөтгөр хоёрын мөрий тавьсан тайз Улаанбаатарт.


60 хүрч ухаараад, 61-тэй амьсгал хураадаг гэж монголчууд өөрсдийнхөө амьдралын түүхийг хураангуйлан томъёолдог. Эртхэн ухаарахгүй бол ч... гэсэн утгыг агуулсан сэрэмж юм уу даа. Эсвэл хүн ер нь л хойно нь хардаг, дараа нь боддог гэсэн уужим санаа ч дагаад байх шиг. Аль нь ч байг, сэхээгүй туулсан амьдралынхаа үнэн худал, зөв буруу, жаргал зовлонг ялгаж ойлгох цаг хугацаа цааз мэт тулгамдуу бүү ирээсэй билээ, бурхан минь. 

Үхэж огт үзээгүйчүүд амьдардаг манай дэлхий дээр 21 настай залуу Иоханн Вольфганг Гёте “Фауст” гэсэн гарчиг тавив. 60 шахам жилийн дараа “Фауст”-ынхаа сүүлчийн цэгийг тэр хатгана. Нэг жилийн дараа Иоханн Вольфганг Гёте эцсийн амьсгаа татах болно. Түүний бүтээл элдвээр уншигдаж, ойлгогдож, янз бүрийн цаг хугацаанд, олон янзын тайзнаа есөн шидээр найруулагдан энд тэндгүй хүртээл болон дэлгэрсээр 200 шахам жил амьдарч байна. Энэ жүжгийг бичиж байх явцдаа Гёте өөрөө анагаах ухаан, хууль, уран зохиол, улс төр гээд өөрийгөө сориогүй юмгүй тун чиг саваагүй амьдарна. Ерөөс Гёте ганцхан “Фауст”-ыг бичиж үлдээхийн тулд л ингэсэн гэж бодох нь гоё байдаг юм аа. Фаустыг 60 жилийн турш ноолж, түүгээр өөр ертөнц, зэргэлдээх гаригийн томъёо, хүн бүтээх туршилт гэхчлэн өнөө хэр эрдэмтдийн мөрөөдөл хэвээр байгаа агуу санаануудын араас ч гэх үү, өмнөөс нь ч гэх үү амьдруулах ч гэж. Цэцэн мэргэнийг туурвихын төлөө амьдралаа зориулсан Фауст томъёо л бодоод учрыг нь олохгүй байгаадаа харуусан үхэвч хариу нь зүгээр л хайр, нөхцөл болзолгүй, төлбөр ялбаргүй хайр. Аз жаргал гэж энэ юм байна гэж ойлгохын тулд цал буурал Фауст үхсэнийхээ дараа завсрын гэмээр амьдралыг үзэж туулна. Хүн төрөлхтөний мөнхийн асуултад хариулах гэж оролдсон учраас “Фауст”-аас “Фауст”-ын хооронд хүн төрөлхтөн эрснээ олсон, олоогүй, мөн агаад бишийн тухайтад маргалдан гашилцгааж ахуй.   

Бурхан, чөтгөр хоёрын мөрий тавьсан тайз Улаанбаатарт М.Батболдын найруулгаар хоёр дахь удаагаа пост драм хэлбэрээр засагдлаа. Тэр өөрийгөө “Фауст”-ыг найруулан тавихаар сонголоо гэж бодтол Гёте түүнийг сонгочихсон удирдаад байгаа мэт мэдрэмж төрсөн гэх. Бурхан, бугийн аль алинаас адилхан шидлэх өгөгдлүүдийн дунд “Фауст” тоглоно. Бурхан, чөтгөр хоёрын мөрий тавьсан тайз гэвч тэр бол байдаг л ахуй амьдрал. Фауст бол хүн. Гёте өөрөө цэцэн мэргэнд хэт дурласнаас болж Фаустыг эрдэмтэн болгосноос биш тэр бол зүгээр л нэг хүн, би, чи, та. Чамайг хайрлаж байхад нөгөөх чинь зугаацаж одсон, чамайг уйлж байхад нөгөөх чинь тохуурхаж байсан, чамайг дөнгөж эхэлж байхад нөгөөх чинь төгсгөж байсан. Эсвэл яг эсрэгээрээ, чи даажигнаж, чи дуусгасан. Чи нэг бол эрх мэдэлтэй, эд баялагийг эрхшээгч хаан, нэг бол үгээгүй албат. Үхэл ирэхэд бүгд адилхан хөөрхийлөлтэй. Өөрөөсөө дор амьтсыг өчүүхэн өөр харагдсаных нь төлөө эрх мэдэлд өргөмжлөх ард түмэн. “Фауст” энэ тухай өгүүлснийг М.Батболд үзүүлэв. Үүнийгээ “Бурханы санаа” гэчихэж. М.Батболд ч бас Гёте шиг үхэж үзээгүй туурвигч учраас тэгсэн ч байж мэднэ. 

Шоо байснаа шат, шат байснаа хайрцагнууд ч болох хэлбэр дүрснүүд тайзнаа хөдөлгөөнд орших бөгөөд эмх замбараагүйгээс эмх цэгцийг эрэлхийлээд байх нь ямар танил дасгал вэ. Энэ чинь эцэс төгсгөлгүй бодол уу даа. Тайзнаа ариун сайхан, адал балмад хоёр яасан гоо хоршино вэ. Энэ чинь юу вэ, амьдрал уу даа. Нэг захаас нөгөө рүү бие биеэсээ урган салж, тэгснээ дэс дараалан жагсаж, эргээд хумигдан нэгэн хүрээ үүсгэн эвхэгдэх хайрцагнууд. Тайз, үзэгч хоёрыг холбосон мэдрэмжүүд ийн хөдөлнө. “Фауст”-аас үхэж үзээгүй хүн бүрт захидал ирдэг. Яг л чамд тохирсон асуулттай, хамаг биеийг чинь тэсэхийн аргагүй загатнуулах өгөгдөлтэй. Чи заавал хариу бичээрэй. Үхэх хаа ч байсан юм. Үнэн худал, зөв буруу, жаргал зовлонг ялгаж ойлгох цаг хугацаа цааз мэт тулгамдуу бүү ирээсэй билээ, Фауст минь.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.18 103.212.118.34

Сайн үйлийн тухай сайхан бичжээ. Bravo

0 Хариулах


Зочин 2019.11.18 2.247.241.238

Bravo’

0 Хариулах