Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Үзэсгэлэнт шулам

Шинэ жилийн үдэшлэгийн урилга ирчихлээ.


Хөргөгчний хаалган дээр эмчийн жор, эм уух хуваарь хадаатай. Оройн хоолны дараа аарц буцалгаж уух, хамраа угаах, хоолойгоо зайлах гэхчлэн маарамбын дамжаа бариастай... Ноосон цамц, салхи нэвтэрдэггүй өмднөөс салж чадахааргүй бээвийж зэвхийсэн өдрүүд минь баяртай. Шинэ жилийн үдэшлэгийн урилга ирчихлээ. 

Одоо л ондоо болно. Толинд харахад ханиад нусгайнаас хамрын үзүүр нь холцруутчихсан, зузаан хувцсан дор тааваараа зузаарсан хүн өөдөөс ичимхий царайлан “Яаж?” хэмээн гайхаад л байх юм. Яаж л бол яаж. Аль болох торон, аль болох хамбан, аль болох нимгэн, бариу, эсвэл бүр намирсан урт хэрнээ энгэр цээж нь задгай даашинз хаана байна? Ерөөсөө ямар ч үнэтэй байсан авч дөнгөнө. Онлайн худалдааны бэстсэллэрүүд хөх өргөгч, бэлхүүс нарийсгагч, үрчлээ дарагч шидтэнүүд одоо л хэрэгтэй болох нь. Хамаагүй ээ, захиалаад хүргэлтээр авчихна. Хэтэрхий энгийн, бүрэг бөглүүг минь илчилдэг энэ уйтгартай ч юм шиг нүүр царайгаа яавал араншинтай, бас илүү дур булаам болгох билээ? Хамгийн урт, хамгийн өтгөн сормуус л яг аварч чадна даа. Алив, арван жилийн өмнө аваад ганц нэгхээн гишгэсэн өндөр өсгийтөө алтны хайгуулчин аятай ачаа бараан дороос ухаж олъё. Эсгий бойтгоо тээр хол өшиглөж хаячихаад тэрхүү нандин эрхэмсэг хонгорыг углаад гунхамз. Одоо л ингэж ондоо болж үзмээр байна. Шинэ жилийн өмнөх ид шидийн үлгэрийг өөрөөсөө хармаар байна. Дагина, шулам аль нэгнийх нь дүрд хувилаад даажинтай гэгч тохуурхаж чадахсан. Хуучин нь шинээр солигдох мөчид муухай нь сайхнаар, муу нь сайнаар төгсдөг үлгэрт хүн болсноосоо хойш үргэлж итгэсээр ирсэн ч энэ амьдралд чухам ямар дүр нь юм гэдгээ эцэслэж ойлгоогүй байгаа дээрээ л тэр үдэш огтоос ондоо болохыг хүснэм.

Он оны бөгсөнд шинэ жилийн үдэшлэгийн тов зарлагдмагц адтай бодол харван орж ирээд хэдэн янзын дүрд хувирах гэж адгахыг яана. Энэ удаа ч тэгж байна. Намайг ингэж эзэмдсэнтэй адил бүсгүйчүүдийн гоёлд гоо янз ургуулдаг нь шинэ жилийн баярын увдис юм уу даа. Үдэшлэгийн урилгатай хамт ирдэг дэггүй мөрөөдлөөсөө би уйдаагүй л явна. Гэвч цаг нь ирэхээр аанай л даруу даашинз, хуучны гоёл, энгийн будалт сонгоно. Халуухан дагина болж хувирах төлөвлөгөөнд минь хүүхэд шиг итгэн догдлогч хар хүнийхээ урмыг хугалан үдэшлэг рүү даруухнаар гарч одох өөдгүй өөртөө ирэх жилийн өдийд үзэсгэлэнт шулам болох чин зориг хүсье ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.