Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хорин ембүү харж хормойгоо тоссоор 2020 оноо угтлаа

Салхитын ордоос олборлоод буй мөнгийг зарвал 1.2 гаруй их наяд төгрөгтэй болох тооцоо бий.


Арван ембүү харахаараа алгаа тосдог аав уу даа хө

Хорин ембүү харахаараа хормойгоо тосдог ээж үү дээ хө...

(Монгол ардын дуу “Сэндэр охин”)

Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээндээ тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрт ҮАБЗ санал нэгдсэнийг зарласан нь УИХ-ын сонгуулийн жилийн анхны “бэлэг” болов. Салхитын мөнгөний ордоор энэ зардлыг даалгах гаргалгааг ч бас хэлсэн. Манай улсын 382 мянган ахмад тэтгэвэр авдаг бөгөөд тэдний 60 хувь буюу 231 мянга нь арилжааны банкнаас тэтгэврээ барьцаалан 680.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. Нийт тэтгэвэр авагчдын 92 хувь нь ХААН болон Төрийн банкаар үйлчлүүлдэг аж. Тиймээс зээлтэй 231 мянган ахмад болон тэдэнд тэтгэврийг нь барьцаалан зээл олгосон дээрх хоёр банкинд энэ нь баяр дээр баяр нэмсэн мэдээ байлаа. 

Ерөнхийлөгчийн эл мэдэгдлээс 6 хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү нар Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгөний дээж болох 50 кг мөнгөн ембүүг Монголбанкинд худалдах гэрээ байгуулсан юм. Тэр үед УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний ордоос 500 кг мөнгө олборлоод байгааг мэдээлсэн билээ. Түүнчлэн “Гадаад валютын албан нөөцөө 4 тэрбум ам.долларт хүргэсэн Монголбанкныханд баяр хүргэмээр байна. Гэсэн ч Монгол Улсын гадаад өр төлбөр өндөр байгаа учраас гадаад валютын нөөцөө өсгөхөд Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаа эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна. Цаашид Хөгжлийн банк алт, мөнгөө барьцаалан бонд гаргах бололцоотой” гэж хэлж байв. 

Салхитын ордоос одоогоор олборлоод буй мөнгийг зарвал 1.2 гаруй их наяд төгрөгтэй болох тооцоо бий. Тусгай ажиллагаа явуулж энэ ордыг улсын болгосон эрх баригч МАН УИХ-ын сонгуулийн өмнө Салхитаас олборлосон мөнгийг тэр чигт нь иргэдэд тарааж, түгээх буяны ажил хийх эхлэл 681 тэрбум төгрөгийн зээл тэглэснээр илэрч байна. Хэдхэн хоногийн өмнө Г.Занданшатарын хэлсэн шиг Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, Хөгжлийн банк бонд босгож эдийн засгаа тэлэхэд Салхитын мөнгө нэмэр болно гэдэг нь 2020 онд лөөлөө болов.  

Тэтгэврийн зээлийг тэглэх талаарх Ерөнхийлөгчийн мэндчилгээний араас Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, тэтгэврийн зээл нэмж олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгсөн нь өнөөдөр тодорхой болов. Банкууд хамгийн эрсдэлтэй төрлийн зээлээ төрөөс шийдүүлж байгаа хойно зээлийн харилцаагаа ч бас дуртайяа тэглэхээс өөр яах вэ. Үүний хаялганд тэтгэврийн зээл авалгүй хямгатай амьдарсныхаа төлөө харамсаж байгаа өндөр настнууд, тэтгэврээ барьцаалан зээл авах зайлшгүй шардлага гарсан ахмадууд эдэлж болох байсан боломжоо хумиулж үлдэв.  

Зээлийг тэглэснээр инфляц өсөж, үнийн хөөрөгдөл бий болж, төгрөгийн ханш сулрах нь тодорхой тул энэ нь нийгэмд үр өгөөжгүй, улс төрийн хожоо харсан алхам болохоос хэтрэхгүй гэдгийг эдийн засагчид анхааруулж эхэллээ. Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг нэр дээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга бэлэг болгон задалсан боловч үнэн хэрэгтээ УИХ-аар дэмжүүлэн хэрэгжүүлэх арыг нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр даахаар тохиролцсон байна.  

Г.Занданшатар “Салхит бол стратегийн том орд биш. Энэ орд хэсэг хүний хууль бус үйл ажиллагааны золиос болж байсан бол өнөөдөр бид дээжийг нь Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах гэж байна” хэмээн юмны эзэн сумны занги шиг загнаж байсан нь ийн 6 хоногийн дараах “сюрприз”-ийн эхлэлийг тавьж байжээ. Салхит шиг жижигхэн ордоос л гэхэд нүд ирмэхийн зуур их наядаараа мөнгө олгойдон гарч ирж өндөр настнуудаа өргөн тэжээж байхад том ордуудаас МАН бүр их хэмжээгээр нь нийт иргэддээ хишиг хувь хүртээх боломжтой гэсэн санаа энд цухалзаж байж. АН-ын дарга С.Эрдэнийн зүгээс илэрхийлж байгаа эсэргүүцлийн үгс энд илүүц болж байна. Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг дэмжих улс төрийн баримжаа тодорлоо. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга асан М.Энхболд нарын хамтын ажиллагаа, эв нэгдлээс Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын үүсгэсэн дотно харилцаа өөр байх эсэх, хэр өтгөн МАНАН үүсгэхийг харах л үлдэж. 

За, ингээд алтан мөнгөн ембүүгээ хараад алгаа, хормойгоо тоссоор 2020 оноо угтлаа даа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.