Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Анхаар, Улаанбаатараас хулгайлж байна!

Улаанбаатарчуудыг хуурахад хэцүү.


УИХ-ын сонгуулийн тойрог тогтоох, 76 мандатыг хаана хэд байхыг хуваарилах ажиллагаа энэ сард явагдаж дуусах хуультай. Улаанбаатарт амьдарч буй 1.5 сая иргэнийг хуурахад хэцүү, харин хөдөө орон нутгийнхныг бол ядах юмгүй гэдэг санааг эрх баригчид илэрхийлэх үйл явц ид өрнөж байна. Тэд мэдээлэлд ойр, улс төрийн үйл явц хамар дор нь өрнөдгөөс баримт нотолгоонд илүүтэй итгэдэг, ажил амьдрал буцалж, нийгмийн баялаг бүтээхэд жин даран оролцож байдаг Улаанбаатарын сонгогчдоос саналыг нь авах магадлал бага гэдгийг мэдэх тул 1.5 сая хүнтэй нийслэлийн 28 мандатаас 4-ийг нь хулгайлахаар шийджээ. УИХ-д 48 гишүүн сонгож байсан хөдөөгийн тойргуудад нийслэлээс хулгайлсан 4 мандатыг нэмж буй алхам нь орон нутгийн иргэдийг гэнэн итгэмхий, бас жалга довоор тархан ядуу буурай аж төрдөг, тэднээс юухан хээхнээр санал авах нь дэндүү амар хялбар гэж үздэгтэй шууд холбоотой. МАН Улаанбаатарчуудыг сонгуулиар хуурч чадахгүйгээсээ болгоомжлон биднийг УИХ-д төлөөлөн ажиллах 4 гишүүний мандатыг хулгайлах гэж буй нь хөдөөгийн иргэдийг дорд үзэж байгаа гэх хоёргүй утгыг илэрхийлж байна.   

Ёс зүйтэйг нь хотод, ёс зүйгүйг нь хөдөөд

УИХ-д суудаг МАН-ын гишүүд буюу дахиж сонгогдох өдрийн бодол, шөнийн зүүдтэй “тарчилж” буй хүмүүсийн хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр өөрийн биеэр ирж зарлалын шинжтэй нэгэн чухал үг хэлсэн нь энэ намын нэрээр сонгуульд дэвшихээр бэлтгэж байгаа бусдыг ч догдлуулж дөнгөлөө. “Нэр дэвшигчээс нэг ч төгрөгийн хандив авахгүй. Харин ёс зүйтэй, өндөр рейтингтэй горилогчийг дэвшүүлнэ” гэж мэдэгджээ. 100 сая төгрөгийн хандив өргөсөн хүнд хариуд нь тойрог горилох эрхийг нь нээж өгөх АН-ын даргын зарын хажууд хамаагүй зөв сонсогдож магад. МАН 2020 оны УИХ-ын сонгуулийг хямд төсөр зардлаар явуулж, сонгуулийн дүнд хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах зарчим барьж байгаагаа зарлах далимд сонгогчдод таалагдах улс төрийн намуудын марафон дээр У.Хүрэлсүх гарч ирэв. 

“Ёс зүйтэй хүн” гэдэгт одоогийн УИХ-ын гишүүд болон сайд нараас ЖДҮХС-гаас зээл авсан, 60 тэрбумын схемийг хүлээн зөвшөөрөх үйл явцад оролцсон зэрэг олны дургүйцэлд өртсөн улстөрчдөөс бусдыг МАН-ын дарга нэрлэх байх. “Рейтингтэй хүн” гэдгийг олон нийтийн дунд буюу сонгуулийн тухайн тойрогт явуулах санал асуулга, судалгааны дүнд үндэслэн тодруулна. У.Хүрэлсүхийг энэ үгээ хэлж байхад МАН-ын бүлгийн хуралд түүнтэй хамт очсон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хажууханд нь яг л хувь заяаны шоглоом шиг сууж байв. Яагаад гэвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан бол нэгдүгээрт, “60 тэрбумын” хэмээгддэг хэрэг явдалд үйлдэл болон эс үйлдлээрээ оролцсон учраас “ёс зүйтэй” гэх шалгуурт хэрхэвч үл тэнцэх хүн. Гэтэл тэрбээр Говь-Алтай аймагт 2020 оны зургадугаар сараас өмнө “рейтингтэй” болох гэж өнгөрсөн гурван жилийг “усалсан” өөрийн гэсэн тойрогтой хүн. Зөвхөн түүний жишээнээс харахад МАН ёс зүйтэй хүмүүсийг нийслэлд, ёс зүйгүй ч тойргоо тордсон, тухайн аймагт танигдсан улстөрчдийг хөдөөгийн тойргуудад илгээхэд бэлэн болжээ. У.Хүрэлсүхийн мэдэгдлийн мөр хооронд халиуны зулзага байтугай мөн ч их утга учир хавчуулж болох зай завсар бий нь ганцхан хүний жишээнээс тод харагдана.   

Д.Амарбаясгалан хурлаас гарч ирж МАН-ын даргынхаа байр суурийг хэвлэлийнхэнд уламжлахдаа нэг мандаттай Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгийн тойрог тус бүрийг хоёр мандаттай болгохыг нам нь дэмжиж байгааг мэдээлсэн. Үүний тулд нийслэл Улаанбаатарын 28 мандатаас дөрвийг эдгээр аймагт шилжүүлэх талаар ярьж байгаа тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байв. Үүнээс үзэхэд, Говь-Алтайн тойргоос Д.Амарбаясгаланг сонгуулахын төлөө нийслэлээс мандат хулгайлж байгаа шиг өөр гурван эрхмийн төлөө Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг зэрэг хүн амын тоогоороо хөдөөгийн тойргийг хэд нугалах тойргуудын сонгогчид төрд төлөөллөө илгээх Үндсэн хуулийн эрхээ МАН-д алдаж байна. 

Хүн амын тоогоор Монгол Улсын тэн хагас амьдарч буй нийслэлийн иргэдийг УИХ-д төлөөлөх 28 мандат харин ч багадаж байгааг үе үеийн хотын дарга нар, бүр НИТХ болгон шүүмжилсээр ирсэн. Тус бүр нэг мандаттай Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгуудыг 2 мандаттай болгохын тулд яагаад заавал Улаанбаатарын дүүргүүдээс мандат шилжүүлэх гэж? Үүнээс өөр арга зам үгүй юү гэвэл бас үгүй юм. Энэ тухайд МЭК судалгааны төвийн захирал Л.Золбаатар “Нийслэлийн мандатаас хасахгүйгээр зарим аймгийнхаас шилжүүлэх боломж бий. Тэд хөдөөгөөс санал авах нь Улаанбаатартай харьцуулахад амар байдлаа тооцоолж байгаа учраас заавал аль болох хөдөөгийн мандатыг нэмэгдүүлэх шилжилт рүү орчихлоо” гэв. Үүнийг УИХ-ын 2016 оны сонгуулийн хуваарилалтыг 2020 оны сонгуулийн мандатыг хуваарилах магадлалтай харьцуулан үзүүлсэн доорх хүснэгтээс харж болно.  

Шинэ боловч ухарсан сонгууль  

Тойрог болон мандатын тоо, хуваарь ямар байх тухайд Сонгуулийн ерөнхий хороо судалж УИХ-д саналаа өргөн мэдүүлэх хугацаа ирэх сарын 1-нд тасалбар болох юм. Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан тойрог хуваах, мандатыг хуваарилах хуулийн заалтыг СЕХ баримталж УИХ-д саналаа боловсруулан хүргүүлнэ. Эх сурвалжийн өгүүлснээр, СЕХ Монгол Улсын сонгуулийн нэг тойрогт хамаарах хүн амын тоог тооцохдоо 3.2 сая иргэнийг УИХ-ын 76 гишүүнд харьцуулах замаар нэг мандатад 42 мянган хүн ногдох санал боловсруулах боломжтой. Гэвч эрх баригч МАН тойрог болон мандатын тоог эцсийн байдлаар зурж хуваарилах бөгөөд үүнд хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзан тойрог хуваах хуулийн заалт болон СЕХ-ны саналыг үл хэрэгсэх нь тодорхой болж байна.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь УИХ-ын 2020 оны сонгуулийг “Шинэ боловч ухарсан сонгууль болох нь” хэмээн тодорхойлов. Түүний хэлснээр, улс төрийн онол дахь олон аргазүйд сонгуулийн нэг тойрогт улс төрийн нам хэдэн нэр дэвшүүлэхийг тогтоохдоо газар нутгийн хэмжээнээс хүн амын тоог чухалчилдаг нь түгээмэл аж. Олон улсад туршигдсан сонгуулийн сайн жишигүүдийг харьцуулахад шигүү суурьшсан 21 мянган хүн тутамд парламентын 1 суудал оноох зарчим зөв байна. “Улаанбаатарын хувьд улсын нийт иргэдийн 50 хувь оршин суугаагаас үндэслээд ямар ч тохиолдолд УИХ дахь төлөөллийн тоог хүн ам зүйтэй нь уялдаатай байдлаар тогтоох ёстой. Нийслэлийн 28 мандатаас хасах нь ухарсан алхам болно” гэж Д.Бумдарь өгүүлсэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хөдөө гаралтай худалдагдаагүй иргэн. 2020.01.20 122.201.24.90

НУТАГ ДЭВСГЭР ,ОРОН НУТГИЙН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛ УЛСЫН НЭГДЭЛ ТУСГААР ТОГТНОЛЫН НЭГЭН БАТ СУУРЬ БАЙСАН ,БАЙСААР БАЙХ БОЛНО . ГАДААДЫН НОМНОЛЛ АВТСАН ХИЙРХСЭН ЭНЭ МЭТ ЭТГЭЭДҮҮДТЭЙ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭХ ЁСТОЙ. НЭГ АЙМАГТ 2 ООС ДООШГҮЙ ТӨЛӨӨЛӨЛ ИХ ХУРАЛД БАЙХ ЁСТОЙ.ӨМНӨ НЬ ИЙМ БАЙСАН .МАНАНГИЙН ҮЕД Л ӨӨРЧИЛСӨН ОДОО ЗАСАХ БОЛСОН .ЭСХҮЛ ХҮН ЦӨӨН ГЭЖ АД ҮЗЭЭД БАЙГАА ГАЗАР НУТАГ АЙМАГ НУТГАА МОНГОЛЫН ХАРЬЯАНААС ГАРГАЧИХ. ТЭДГЭЭР АЫМГИЙН ИРГЭД ОЛГАРХИ,ЛИБЕРАЛУУДААС ТУСДАА АЖ ТӨРЖ ЧАДНА.

0 Хариулах


Зочин 2020.01.13 202.126.89.163

UB 40 - 50 Mandat baih heregtei shdee ug n

0 Хариулах