Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Daisy: Түүнд минь бурхан хайртай байсан юм

Бас л бурхан түүнд хайртай болохоор аваад явсан юм болов уу


Дуучин Daisy-тэй ярилцлаа. Түүний нөхөр Ганг таалал төгссөнөөс хойш дөрөвхөн сарын хугацаа өнгөрч байна. Сэтгэл зүрхийг нь хөндөхөөс халгасаар л байвч уулзаж ярилцахыг хүссэн юм. Гэхдээ Daisy зөвшөөрсөн учраас түүнтэй Ганг агсаны тухай хөөрөлдөхөөр бид болзов.

-Авьяаслаг эрэгтэй амьдарч, бүтээн туурвиж байсан гэр, тэр ер бусын орон зайд үлдсэн дөрвөн охиныхоо хувьд Та одоо ээж нь, бас эмэгтэй хүний зөн совинтой “аав” нь болж үлдэв. Таны харж, төсөөлж байгаа хүүхдүүдийн тань ирээдүйн дүр зураг ямар байдаг вэ?

-Тэр маань студи дээрээ хонож өнжин маш их ажилладаг байлаа. Гэртээ байх үедээ охиддоо хоол хийж, кино үзэж амарна. Надаас амттан нэхээд л. Орос сайтуудаас сүүлийн үеийн кинонуудыг татаж, охиддоо орчуулж өгөөд л, үеийн хүүхдүүд шиг зэрэгцчихсэн үзэж байдагсан. Хүүхдүүддээ бол үнэхээр үнэнч анд найз нь байлаа. Олон талын мэдлэгтэй болохоор хүүхдүүдийнхээ танин мэдэхүйн асуултуудад яг л насанд нь тохируулаад түвэггүй хариулчихна. Орой намайг ажлаа тараад хүнсээ цуглуулаад гэрийнхээ хаалгыг тогшиход түүний онгойлгохоор ирж яваа нь андашгүй шүү дээ. “Ээж ирлээ дээ, ээж ирлээ дээ” гээд л бүдүүн хадуун дуугарах нь хаалганы гаднаас л сонсогдож намайг инээмсэглүүлж орхидогсон. Гуяа алгадаад гүйж явдаг бяцхан хөвгүүн шиг тийм хөөрхөн. Их том биетэй хүн шүү дээ. Тортойг маань аваад буцах зуураа тэвчихгүй дотроос нь амттан хайж онгичиж гарна. Яг л хүүхэд шиг эрх, зөөлөн аяглахад нь би их дуртай байсан юм. Одоо гурван бага охиноо харахаар “Яалт ч үгүй л юм байна даа” гэж бодогддог. Урлагийн авьяас, мэдрэмж гэж их хүчтэй удамшдаг зүйл юм байна. Сая шинэ жилийн орой энэ гурав маань ээждээ концерт бэлдчихсэн тоглож үзүүлсэн. Өөрсдөө дуулаад, бүжгийн хөдөлгөөнөө жигдэлчихсэн их хөөрхөн хамтлаг үзээд ээж нь биширлээ. Аавынх нь төсөөлөн ярьж байснаар хүүхдүүдээ өөрсдийн нь хүсэл зоригоор явуулна даа. Би ч өөрөө ээж хүний хувьд аавтай нь санал нэг байдаг юм. Одоохондоо сургууль, цэцэрлэгийнхээ концертод манай гурав дуулж, бүжиглээд л явж байг. Ирээдүйд хэн болж, ямар ажил төрөл эрхлэх талаар бодоход эрт байна. Үр хүүхэд багадахгүй хань болох юм аа. Би дэргэд нь уйлж сэтгэлийг нь хямраагаад яах вэ дээ гэж хичээдэг. Гэхдээ л тэд миний бодож байгааг мэдэрдэг юм шиг. Аавынхаа дууг тавьж өгнө. Хөгжилтэй дурсамжуудаа ярьж ээждээ гэрээ дүүргэж өгдөг болсон. 

-Ганг гэж яагаад нэрлэсэн юм бол. Гангстер гэсэн үгтэй холбоо байна уу? 

-Ганбаатарын Ганхуяг шүү дээ, нэр нь. Дунд сургуульд байхад нь ангийнх нь орос хүүхдүүд нэрийг нь хэлж чадахгүй Ганг гээд нэрлэчихсэн гэж ярьдаг. 

-Гангийн дууны шүлгүүд, бас аялгуу гээд найраг талаасаа ч, хөгжимлөг талаасаа ч 2000 оны эхэн үеэс эхлэн Монголын альтернатив рок дууны урлагт шинэ, бас өвөрмөц өнгө аясыг авчирсан гэж үздэг хүмүүс олон. Ганг юунаас оюун санаагаа тэжээдэг байсан бол? 

-Манай хүн Виктор Цойн дуу хөгжимд дурлаж, орос кино, ном зохиол үзэж түүгээр хүмүүжиж төлөвшсөн уран бүтээлч гэж би боддог. Түүнээс биш ямар нэг урлагийн мэргэжилтэй ч хүн биш шүү дээ. Монголынхоо уран бүтээлчдийн сайн ажлуудад өөрийн гэсэн өнцөгтэй ханддаг. Нас барахынхаа өмнөхөн юмдаг, Б.Шарав гуайн “Манан”-г Чинбаа, Отгонбаяр нарын найруулж тоглосноор сонсдог болчихсон байж билээ. “Дэйз ээ, чи үүнийг сонс доо. Үнэн саак авчээ. Тэр аккорд!” гээд л. Ганг маань хэрийн сайныг сайн гэхгүй, бас хүн муулдаггүй шигээ магтаж сүйд болдоггүй л дээ. “Анд аа, гоё тогложээ” гээд Чинбаа руу биччихлээ гээд баяртай байж билээ. 

-Тэр хэрхэн ажилладаг, уран бүтээлчийнхээ хувьд ямар хүн байсан бол?

-Студи дээрээ хонож өнжин ажилладаг. Намайг их хань татна. “Зүгээр л дэргэд минь харагдаад байж бай л даа” гээд л. Надаас заавал санаа сонсох гэнэ. Тэгэхээр нь би бодсон санаснаа хэлнэ шүү дээ. Гэхдээ яг эцэслэхдээ өөрийнхөөрөө хийчихсэн байдаг. Хөгжмөө зохиогоод, түүндээ өөрөө үгийг нь бичдэг уран бүтээлч тун цөөн шүү дээ. Хэр баргийн шүлэг санаанд нь таарахгүй ээ. Монгол хэл үзээгүй шахам мөртлөө яаж хүний сэтгэлд хүртэл шүлэглээд байдаг юм бол гэж гайхмаар. Уянгалж сүйд болохгүй хэрнээ өвөрмөц, илэрхийлж байгаа санаа нь их нандин мэдрэмж төрүүлдэг. Манай хүн Зөвлөлтийн 3 дугаар сургуульд нэгдүгээр ангид орж сурсан. Математиктаа илүү авьяастай хүүхэд байж. Тэгээд 8 дугаар ангид ороход нь аав нь 1 дүгээр сургуулийн математикийн сонгоны анги руу шилжүүлчихсэн юм билээ. Тэнд нэг жил сураад буцаад орос сургуульдаа шилжсэн ч монгол хэл бичгийн дүрэмтэй танилцаж амжсан гэдэг. Хожим дууны шүлэг зохиоход тэр мэдлэг нь бас хэрэг болсон байх аа. Шинэ уран бүтээл дээр ажиллах үедээ дуугаа хураачихдаг байсан. Хүмүүсийн санаа сонсоод л яваад байна. Компьютер дээрээ тоглоод ч сууж байх шиг. Захиалга өгсөн хүмүүсийн товлосон хугацаа дөхчихөөд байхад л бодсоор байх нь бий. Гэнэт бүх юмаа хаяад өдөржин шөнөжин суугаад авна даа. Нэг удаа хоол хийж байгаад “Хайр аа, гүйцээгээрэй. Би нэг юм оллоо шүү” гээд л гүйчихэж билээ. 

-Авьяастай хүнд олон дутагдал байдаг гэлцдэг. Ганг дуу, шүлэг зохиодог шигээ огт хийж чаддаггүй зүйлстэй байв уу? 

-Ганг маань дуу хөгжмийг хэзээ ч мөнгө, арилжаа гэж хардаггүй. Гангад солгой гар байдаггүй. Бүхнийг сэтгэлээсээ, ёстой л тултал нь хийдэг байсан. Хүн гуйхад үгүй гэж чадахгүй, хөлсгүй шахам хэдэн шөнөөр ч ажиллана. Шинэ дууных нь клип гараад хүмүүст таалагдаад байхад “Энэ бол би” гэж таниулахгүй. Телевизийн хэчнээн ч нэвтрүүлэг бид хоёрыг уран бүтээлч хосын хувьд урьсан “Чи минь л очоод сайхан ярилцлага өгчих” гэхээс биш өөрөө огт зөвшөөрөхгүй. Тэгэхээр нь би ч явахгүй шүү дээ. Гэтэл бид “Ганг” дуу бичлэгийн студиэ нээгээд уран бүтээл хийж байсан учраас хүссэн хүсээгүй шоу бизнесийн зарчмаар, өөрийн гэсэн үнэлгээтэй, маркетингтай, арилжаатай байж санхүүгийн хувьд бие даах юм шиг. 

-“Найрагчийн гэргий байх нажидтай алба” гэлцдэг шиг арилжааны юм хийх дургүй уран бүтээлчийн ар гэрийг авч явна гэдэг амаргүй байсан болов уу?  

-Бид хамт амьдраад 17 жил болоход нэг хорооллоос нөгөө рүү байр түрээслэн нүүж суусаар өнөөдрийг хүрчээ. Би гэрээ нүүлгэчихдэг байхгүй юу. Нэг удаа миний эзгүйд Ганг маань нүүлгэсэн юм. Тэгээд намайг ирэхэд ямар их юм хийснээ, ямар их ядарснаа нэг их ховлоход нь инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг болж билээ. Гэрт хөргөгч хоосон өдрүүд нэг биш шүү дээ. Би хэдий өөрөө уран бүтээлч боловч түүний эхнэр болсон хойно хүнд хөлсгүй хөгжим хийгээд өгснийг нь мэдвэл бас маргаан гаргана аа. Ахуйн тал дээр нэг тийм дэндүү шуналгүй хүн байсан юм даа, миний хайр. Ганг минь үнэхээр олонтойгоо хүн байсан. Хөдөөлүүлэх үеэр дотнын би бүр сайн мэдэрсэн. Олон найз нөхөд, уран бүтээлийн андууд нь буяны ажлыг сайхан бүтээсэнд талархсан даа. Хүн их сонин, тэр олон хүний буяны сэтгэлийг мэдрэхээр талийгаачийнхаа утга учиртай амьдарсныг улам бүр ойлгоод, гашуудал жаахан ч гэсэн нимгэрэх шиг санагддаг юм билээ.

-Ганг агсан амьдралын тань хань, бас уран бүтээлийн хамтрагч байлаа. Одоо түүний үгүйд аль орон зайг нь Та хамгийн их үгүйлж байна вэ?

-Би зүгээр л түүнийгээ маш их санаж байна (уйлав). Хоолгүй хоносон ч, төлөөс нь түрээсийн байр байсан ч хамаагүй өөрөөсөө урваагүй, уран бүтээл хийж ирсэн түүнийхээ амьдралаар би одоо л хамгийн ихээр бахархаж байна. Бурхан надад урлагийг хайрлах мэдрэмж, өчүүхэн авьяас билиг өгсөн бол би түүнийгээ бүгдийг нь Гангдаа л зориулсан. Бурхан түүнд минь хайртай байсан учраас бид учирсан гэж боддог (уйлав). Ингээд миний бүх зүйл, бүх орон зай болчихсон хойноо намайг орхиод явчихаар нь би өөрийгөө юу гэж аргадахаа ч мэдэхгүй болчих үе зөндөө ирж байна. “Амиа бодоод явж л байдаг” гээд бас түүндээ гомдох ч үе байх юм аа. Бас л бурхан түүнд хайртай болохоор аваад явсан юм болов уу.   

-Уучлаарай, талийгаач ямар өвчнөөр өөд болсон юм бэ?

-Манай хүн багадаа хоёр удаа шарлаж байсан юм билээ. Шприцний шар аваад дараа нь бас дахисан гэдэг. Бие сайтай, чанга хүн л гэж бодож явж. Ганг маань эмнэлэгт очих маш дургүй, зүү тариур харж чаддаггүй хүн байсан. Бүр шивээс ч хийлгэх дургүй. “Хэрвээ би заавал шивээс хийлгэх ёстой бол зүрхэн дээрээ Цойгоо л шивүүлэх байх даа” гэж хошигнодогсон. Нэлээд балгадаг болохоор нь ер нь эрүүл мэндийн шинжилгээнд оруулах санаатай хэд оролдоод бүтээгүй. “Би зүгээр, үхэх болоогүй байна шүү дээ” гээд бөөн уур болно. Өнгөрсөн хавар гэнэт бие нь муудаад нэг л биш болохоор нь түргэн тусламж дуудахад хүртэл намайг хориглож байсан гээч. “Хайр нь гэртээ жаахан амарчихъя. Тэгээд л босоод ирнэ” гэж байсан түүнийгээ элэгний хатуурал онош сонсохын чинээ санаагүй. Эмнэлэгт 14 хоног эмчлүүлээд биеийн байдал нь овоо дээрдээд гарлаа. Элэг солиулах арга байгааг эмч бидэнд хэлсэн. Манай хүн уран бүтээлийн тоглолтоо огт хийж байгаагүй учраас тоглолтыг нь хийчихвэл элэг солиулах боломж байгаа шүү дээ. Гэртээ ирээд шууд л утсаа шүүрээд “Сүнс”-ийн Лхагваадаа хэллээ. Тэгсэн “Тэгье л дээ, хөгшөөн” гэж байна. Би Гангийг ятгалаа. “Би ёстой гэдсээ хагалуулахгүй шүү. Тэгээд ч би үхэхгүй. Чи юундаа айгаад байгаа юм” гэж билээ. Хүн чинь эр нөхрөө ингээд үнэмшилтэй нь аргагүй хэлэхээр чинь итгэхийг, түүнтэй адил бодохыг бас хүсдэг. Гэхдээ би ятгасаар байгаад нэг юм зөвшөөрүүлсэн юм. Найзууд нь ч тоглолтоо хийгээсэй гэж их хүссэн. Манай хүн чинь 200-гаад дуутай, шилж сонгоод концерт тавихад ядах юмгүй. Гэтэл хэдэн сайн дуу нэмж хийнэ гээд тоглолтоо хойш тавьчихсан. “Чингис хаан”-ы Жагаа ахдаа дуугаа өгсөн, одоо Ааяадаа (“Харанга”-ын Лхагваа) өгнө гээд л ярьж байлаа. Ингээд л есдүгээр сарын 20-нд тэр минь үүрд явчихсан даа.  

-“Дурлал чи надаас юу хүснэ вэ” гэхээр Daisy харагддаг, “Зочин” гэхээр Ганг шууд л санаанд ордог ийм бүтээлүүд төрсөн нь та хоёрын амьдралын түүх шиг санагдах үе байдаг уу?

-Гангийн маань төрсөн дүү бас их авьяастай сайхан залуу ахынхаа “Зочин” дуунд их дуртай байсан. Ганг маань нэг удаа халамцуудаа уйлж суусан юмдаг. “Би энэ дууг зохиогоод дүүгээ алдчихсан юм шүү дээ” гэж. Надад ч үнэндээ энэ дуу гоё л санагддаг байв. Өнгөрсөн намар түүнийгээ алдаад утгыг нь дэндүү гүнзгий мэдэрлээ. 

-Ганг Танд олон дуу зориулсан. Магадгүй, сүүлийн 17 жилийн бүтээл бүхнээ зориулсан байх. Одоо та түүнийхээ дурсгалд зориулж уран бүтээлээ хийх үү?

-Хамгийн их бодож, санаж байгаа зүйл маань шүү дээ. Би өөрөө бие даасан нэг л цомгоо гаргасан дуучин. Ганг маань хийж өгсөн юм. Миний дараагийн шинэ цомгийн ажлыг эхлүүлээд байсан ч дуусгаж хараахан амжаагүй. Нэг дууны ая бий, шүлэггүй. Тэр аянд нь Гангдаа зориулж шүлэг бичээд дуулна гэж бодож байгаа. Би хэдэн дуугаа бичүүлчихвэл түүнийхээ гэгээн дурсгалд зориулах өөрийн цомогтой болчихно л доо. Бас “Ганг” рекордс дээр дутуу үлдээсэн ажлууд нь байх юм. Хүмүүст сонсгоогүй, дуу болоогүй хэд хэдэн сайхан хөгжим байна. Яваандаа гүйцээгээд дуусгах санаатай. Энэ дуу бичлэгийн студийг Гангаас хойш түр хаахаас аргагүй болсон.Би анх Германаас ирээд дуулахаар “Мэднэсс”-ийнхэнтэй ажиллаж эхлэхэд хамтлагийн залуус миний дүрийг нь үзээгүй, Шведэд байдаг нэг хүний л тухай домог мэт ярьдагсан. Ганг байсан бол..., Ганг тэгдэг, Ганг ингэдэг, Ганг, Ганг, Ганг... Одоо би л тэгж дурсах болж дээ.

-Тоглолтыг нь хийвэл Монголын рок попын фестиваль шиг нүсэр үйл явдал болох байх даа?

-Хийнэ ээ, хийлгүй яах вэ. Ганг ямар өндөр чансаатай уран бүтээлч байсныг бид дурсах учиртай шүү дээ. Урлагийн найз нөхөд нь надад янз бүрийн хүмүүс нэрийг нь бариад тоглолт, эвент зохиох вий гэж сануулж л байх юм. Гэхдээ надад яарах шалтгаан алга аа. Одоо миний хамгийн гол зорилго бол аавынхаа авьяас билгийг өвлөж, бидний хайрын үргэлжлэл болсон охидоо сайхан өсгөхөд л анхаарч байна.  Охидоо том болохоор аавынх нь дурсгалд зориулсан  гэгээлэг сайхан концерт, гоё зүйлүүдийг хийнэ ээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Уржигдар
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
23
0
33
1
3
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

enkhmaa 2020.01.26 66.181.184.159

Энэ Daisy манай нэг найзын хандиваар олсон хүүхдийнх нь эмчилгээний зардлыг хулхидаад алга болсон, үйлийн үр бас байдаг л юм байна.

6 Хариулах


Tsutsu 2020.01.23 64.119.21.127

Saihan l yariltslaga boljee.Gehdee nerniih n utagiig asuugad Gangster gdg ugtei holbootoi yu gegdn uneheer medrel muutai asuult bailaa

0 Хариулах


Зочин 2020.01.23 103.57.95.180

Мэдрэл муутай гэх тодорхойлолт чинь харин сайхан өө эрсэн коммент байлаа цуцу

0 Хариулах


Зочин 2020.01.23 64.119.20.98

Harin tiin. Bi bas yag tegj bodoj blaa.

0 Хариулах


Би 2020.01.23 210.132.143.33

Их өвөрмөц, чихэнд наалдацтай дуу сонсохоор л ард нь Ганг гэдэг нэр сонсогддог байж билээ. Бурхан болсон гэж мэдээгүй. Дэйзитэй гэр бүл ч гэж мэдээгүй байсан. Дэйзи надад их таалагддаг. Дурлал юу хүснэ вэ бол сонсоод сонсоод уйдамгүй дуу. Би аавыгаа алдаад 4 сар болж бна. Шаналал бэтгэрэл, өөрийгөө буруутгаад тайвширч чадахгүй юсм. Аавдаа эрхэлж, шүүмжилж, ингээч тэгээч гэж байснаа бодохоор л харамсаад барахгүй юм. Хамгийн аймаар зовлон бол хайртай хүнээ алдах л юм байна.

0 Хариулах