Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Шүдээ хайрладаг хүн бүрийн зайлшгүй хийх ёстой 11 зүйл

Амны хөндийн эрүүл мэнд биеийн бүх эрхтэн системд нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?


Амны хөндийд зарим шүд дутуу байх, цоорох зэргээс хамааран хоол хүнсээ бүрэн гүйцэд зажилж идэхгүй байснаас ходоод гэдэсний үйл ажиллагаа хямардаг. Мөн буйлны үрэвсэл, шүдэндээ чулуутай байснаар тухайн хүний цусанд бактер нэвчиж дархлаа сулрах, зүрх судасны өвчин, судасны нарийсал болох магадлалыг нэмэгдүүлдэг байна. Бага насны хүүхэд хоолоо бүрэн зажилж буй эсэх нь тархины хөгжилд нөлөөлдөг бөгөөд цоорхой шүдтэй хүүхэд амин дэмийн дутагдалд орох эрсдэлтэй ажээ. Тэгвэл бид амны хөндийн эрүүл мэндээ хамгаалахын тулд зайлшгүй хийх ёстой зүйлсийг АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн резидент эмч Н.Амаржаргалаас тодрууллаа.

1.Шүдний утас хэрэглэж занших

Орой бүр шүдээ зориулалтын утсаар цэвэрлэсний дараа угааж заншаарай. Ингэснээр шүдний хоорондох өнгөр болон хоолны үлдэгдэлийг бүрэн цэвэрлэдэг аж.

2.Шүдээ хэт хүчтэй үрж угаахгүй байх 

Шүдийг хажуу тийш нь хэт хүчтэй үрж угааснаар буйл гэмтэх, шүдний пааланд гурвалжин хэлбэрийн согог үүсэх магадлалтай. Харин буйлнаас шүд гэсэн чиглэлтэй угаах нь тохиромжтой.

3.Шүдний ооныхоо фторын агууламжийг нягтлах

Тухайн хүний амьдарч байгаа газраас шалтгаалж шүдний ооны фторын агууламж хэр их байхыг сонгох хэрэгтэй. Хэрвээ таны амьдарч байгаа газрын усанд их хэмжээний фтортой бол фторын агууламж багатай оо хэрэглэх хэрэгтэй. Харин хэт мэдрэгшилтэй шүдтэй хүмүүс аль болох цайруулагчтай оо хэрэглэхгүй байх ёстой.

4.Чихрээ нэг дор идэх

Ихэнх хүмүүс чихрийг шүдний дайсан гэж боддог. Мэдээж та чихэр идэж болно. Хамгийн гол нь чихэр идсэнийхээ дараа 20 минут болоод шүдээ угааж цэвэрлэх хэрэгтэй. Юм идэх үед амны хөндий хүчиллэг болдог учир удаавал шүдний пааланд муугаар нөлөөлдөг. Иймээс та чихрээ нэг дор идвэл тохиромжтой. Дашрамд хэлэхэд, чихэрлэг ундаа уух үед шүдний бүх гадаргууд хүрдэг учраас чихэрнээс илүү муу нөлөө үзүүлдэг байна шүү.

5.Өглөөний цай уусныхаа дараа угаах

Шүдний эмч нар өдөр шүдээ дор хаяж гурван удаа угаахыг зөвлөж байна. Боломжтой бол хоол, амттан идсэнийхээ дараа шүдээ угааж хэвших хэрэгтэй. Харин өглөө босоод шүдээ угаасныхаа дараа өглөөний цай уучихвал ямар ч үр дүнгүй юм. Сойзоо цүнхэлж яваад өдрийн хоолоо идчихээд 20 минутын дараа угааж байгаарай. Амаа усаар зайлах нь зүгээр л хоолны үлдэгдлийг гадагшлуулахаас биш бүрэн цэвэрлэж чаддаггүй аж.

6.Шүд өвдөхгүй байсан ч үзлэгт тогтмол орох 

Тогтмол үзлэгт орох нь наснаас хамааран өөр өөр байдаг ч дунджаар 6 сар тутамд шүдний эмнэлэг зорих хэрэгтэй. Харин чихэрлэг хүнс их хэрэглэдэг, шүдний цооролт ихтэй, шүд солигдлын үе буюу сүүн шүд унаж шинэ шүд ургах үед гурван сар тутам үзүүлэх ёстой аж. Ингэснээр та шүдний өвчлөлөө бага дээр нь эмчлүүлж, цааш тохиолдож болох хүндрэлүүдээс сэргийлэх юм.

7.Өвчин тусаад эдгэсэн бол сойзоо солих 

Та ямар нэг амьсгалын замын өвчин эсвэл халдварт вирусийн гаралтай өвчин тусаад эдгэсэн бол сойзоо солих хэрэгтэй. Таны сойзон дээр өвчний нян бактерууд тодорхой хэмжээнд үлдсэн байдаг учраас та дахин өвчлөх магадлалтай юм.

8.Хэт том, зөөлөн үстэй сойз сонгохгүй байх

Сойз бол амны хөндийг эрүүл байлгахад хамгийн чухал нөлөөтэй. Хүн бүр өөрт тохирсон сойзоо сонгож хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ дээд талын хоёр үүдэн шүдтэй дүйцэхүйц урттай, үс нь мөн тийм хэмжээтэй сойзыг сонгоорой. Хэт том сойз авснаар араа шүдэнд хүрэхгүй байх, зөөлөн үстэй сойз өнгөрийг бүрэн арилгахгүй байх сул талтай тул сонгохгүй байхыг зөвлөе. Автомат сойз нь ямар нэг давуу, сул талгүй жирийн сойзтой адил нөлөө үзүүлдэг аж.

9.Өглөө, оройд ам зайлагч хэрэглэх 

Ам зайлагчийг хэрэглэхдээ шүдээ утсаар цэвэрлэж, сойздож угаасныхаа дараа хэрэглэх хэрэгтэй. 7-10 хоног хэрэглээд долоо хоног завсарлах хэрэгтэй. Хэтэрхий их хэрэглэвэл амны хөндийн хэвийн бичил биетийг устгах эрсдэлтэй. Бага насны хүүхдүүд хэрэглэх үед залгих магадлалтай тул анхаараарай.

10.Шүршүүрт орж байхдаа шүдээ угаахгүй байх

Халуун шүршүүрт орж байх үед хүний арьсны нүх сүв нээгдсэн байдаг. Энэ үед шүдээ угаавал амны хөндийн бактери тархах магадлалтай юм.

11.Зажлууртай хоол хүнс хэрэглэх

Ааруул идэх, чанасан мах мөлжих зэрэг хатуу болон зажлууртай хоол хүнс хэрэглэх үед амны хөндий нь өөрөө цэвэрлэгдэж, цусны эргэлт сайжирч, шүд бат бэх болдог.

Бэлтгэсэн: М.Тэргэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
3
18 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.