Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Анхны хайр

Тэр үед анхны хайрын гал дөл хэр зэрэг хурц байх бол...


Төгсөх ангид шинэ хүүхэд ирэв. Анх ирсэн өдрөө зурсан зураг нь бүх хүүхдэд үзүүлэн болж тавигдчихаад байтал хоёрдугаар давхрын тагтнаас үсэрч гэр лүүгээ зугтан багш нарыг гэнэтийн түгшүүрт автуулж анхаарал татсан, охин шиг урт үстэй шав шар хүү надад яг нар шиг харагддагсан. Би ч гэсэн тэр тагтаар гараад явчихмаар, үсэрвэл чадчихмаар бодогдовч хэзээ ч зүрхлээгүй. Харин нэг удаа багшийн нүд хариулж онгорхой тагтаар харандаа шидчихээд айсандаа хаа очиж буусныг нь ч оноон харж амжилгүй гэдрэг гүйсэн юмдаг. Тэр хүүг Дулмаа багш “Эрхээрээ хатсан юм чинь уушги зүрх амаар гаргачих шахлаа. Цэцэрлэгт явахгүй гээд өдий хүрсэн гэж эх нь хэлж байна шдээ” гэж тогооч багшид ховлох нь миний чихэнд шүүмжлэл гэхээсээ бахархал, магтаал шиг сонсогдож билээ. Тийм зоригтой, тэгээд гоё зурдаг мөртлөө яагаад цэцэрлэгт явж чаддаггүй, “эрхээрээ хатсан” юм бол доо. Тэр эргэн ирж, бидэндтэй нэг жил “хүмүүжихдээ” өдөр унтах болохоор л харина гэж “жүжиглэдэг” ч гэсэн олон гоё зураг зурсаар байгаад төгссөн. Би түүнийг уйлахад олон жил цэцэрлэгт явсан “архаг” хүүхдийн ёсоор аргадаж өгдөг байв. 

Сүхбаатарын районы дөрөвдүгээр цэцэрлэг гэж хоёр давхар шаргал байшингаа орхиж, есдүгээр сарын 1-нд ойролцоох 50 дугаар сургуулийн нэгийн А-гийн сурагч болов оо. Гадаа жагсаж байгаад Гэцэгбал багшдаа хөтлүүлэн ангидаа орж ирсэн хойноо нүдээ нээгээд хартал нөгөөх эрэлхэг зоригтон, авьяаслаг зураач, унтлагын цагийн жүжигчин маань багшийн ширээнд тулгаж тавьсан нэгдүгээр салааны нар туссан эхний ширээнд байдгаараа улайчихсан сууж байх юм. Энэ удаа гэрээдээ зугтах шинжгүй, цэцэрлэгт байсан шигээ бархирах ч гээгүй, зүгээр л халуун наранд цоо шинэ гоё хувцсан дотроо урсах шахсан нь тэр байв. Юун уйлж аргадуулах, бүр манлайлагч зан чанартай нь тогтоогдож, манай ангийн дарга боллоо. Зоригт зураач минь анги дэвших тусам зөвхөн дүрслэх урлагийн хичээлд биш, бүх хичээлд гавал, сургууль даяар алдартай хөвгүүн болсон юм. Бид хамтдаа нэг ангид долоон жил сурсан бөгөөд сонгоны ангид сурах нэртэй ч нэдэр дээрээ би түүнээс болж шилжсэн билээ. 

Эргэн санахад, шилжилтийн насанд “сайн болох” гэж нэг хэцүү юм надад ирсний “баатар” нь тэр, “буруутан” нь манай ангийн хөөрхөн охид байв. Би түүнд хайртай болсон байхад харин тэр намайг тоож хардаг ч үгүй. Тэр үеийн долдугаар ангийн сурагчид 15 настай байсан ч дурлал ярихад хэтэрхий эртэднэ гэж хэнхэг би үзэх тул мэдэрч байгаа зүйлээ хүнд хэлэх бүү хэл маш их ичиж, өөрийгөө л буруутгана. Ингээд ганцаардлын ч гэх үү зожиг, бүрэг орчинд нэг л мэдэхэд өөрийгөө сайн дураараа түгжиж орхисон юм. Ерөөс ойлгохын аргагүй эмх замбараагүй бодлууд, хэзээ ч биелэхгүй хүсэл мөрөөдлөөсөө ангижрах, өөрийгөө аврах ганц арга тэр ангиас явах, түүний царайг дахиж харахгүй байх л... Шинэ сургууль, шинэ ангид очоод бушуухан шиг түүнийг мартаад, дахиж хэнд ч сайн болохгүй дээ. Ганцхан хичээл номондоо л мэрийгээд дээд сургуульд орж, ёстой янзын гоё хүүхэн л болж авах минь гэж хатуу шийдэв.

Ирээдүйнхээ төлөө гаргасан хатуу төлөвлөгөөгөө биелүүлэх шинэ газраа очлоо. Эргэн тойронд бөөн дурлал. Яг нэг жилийн өмнөх над шиг нэг л их догдолж донсолсон охид, хөвгүүдийн дунд ороод явчихав. Анхны хайр нь бүтээгүйгээс анхны шаналал, анхны шархаа авсан би тэдэнтэй харьцуулахад сэтгэл зүрхээ хазаарлан хязгаарлаж, зохицуулан зүгшрүүлж чаддаг догь хүн хэмээн өөрийгөө зоригжуулдаг байлаа. Гэтэл харин ч эсрэгээрээ олонхтой харьцуулахад эмзэг, ичимхий охин байж гэдгээ олон жилийн дараа ойлгож мэдсэн билээ. 

Охин минь нэг өдөр цэцэрлэгээсээ бөөн хөөр ирээд, нэгэн зоригт хөвгүүнийг бахдан ярихад нь “Тэгээд миний охин “Чи ёстой зоригтой юм аа. Би бас зоригтой. Хоёулаа сайн найзууд болно шүү, за юу” гээд хэлчихээч” гэхэд “Үгүй ээ, ичиж байна” гэсэн. Ичимхий ч амьтан минь бол доо. Олоон жилийн дараах ирээдүйд өөдөөс минь харан зогсох хар нүд, долгионтой үс, борхон арьстай, өөрөөс минь толгой өндөр залуу бүсгүйд өөрийгөө олох, мэдрэмжээ хөглөх, үнэ цэнийг мэдрэх, хүмүүсийг ойлгоход ээж нь юу хэлж өгч чадахсан бол... Тэр үед анхны хайрын гал дөл хэр зэрэг хурц байх бол...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.