Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Миний “SAVAGE” эмээ


Хоёр жилийн өмнө “Гэрэг” сэтгүүлийнхээ хуудаснаас Ж.Тэгшжаргалын “Ээжүүд юу хүсдэг бол” нийтлэлийг уншсан юм. Тэрбээр ээжийнхээ тухай “Ийш тийш яваад ирэхэд ”Алив зургуудыг чинь харъя” гээд утас шүүрдэг, үзсэн газар орны тухай бүхнийг яриулж, өөрөө очсон юм шиг гайхан баярладаг ээж маань аялахыг, тэнгис далай үзэхийг битүүхэн хүсдэг л байж. Гэтэл ээж байна гэдэг өөрийнхөө хүслийг дарж, мөрөөдлөө далдын далд нуун байж буй бүхнээ үр хүүхдүүддээ зориулж, өөрөө өөрөөсөө алсрахын нэр юм шиг байна. Магадгүй залуудаа мөрөөдөл байсан нь биднийг харж хандаж, ухамсарт амьдралаа зориулах зуурт нь мартагдсан байх нь гэж бодоод, дотроо гэмших ч шиг болов” хэмээн бичсэнийг уншаад сэтгэл үймэрсэн билээ. “Гэрэг” сэтгүүлийн “HeForShe” тусгай дугаарын нээлтэн дээр Төрийн ордонд, олны дунд сэтгүүл уншиж суусан би энэ хэдэн өгүүлбэрийг гүйлгээд яах ийхийн зуургүй нус нулимстайгаа холилддог байгаа. Тэр өдрөөс хойш намайг ээрэх нэгэн асуулт үе үе нойр хулжаан, ганцаар байхад, машин барьж явахад, аяга шаазангаа угааж зогсоход, ер нь л байнга бодогдох болсон нь “Өөдсийн чинээ намайг өдий зэрэгт хүргэсэн эмгэн буурал ээжээ би хэр сайн мэдэх билээ” гэх асуулт байлаа. 

Хэдхэн сартай нялх байхдаа гэрт нь ирж, өсвөр насанд хүртлээ өвөрт нь унтаж, 22 жил эмээтэйгээ хамт амьдарсан надад аав ээж хоёр хүртэл алс харийн хүмүүс шиг санагдаж, эмээ байгаа газар л миний гэр байдаг сан. Сандлын толгой, ширээн дээрх данх, шаазан гээд өрөөн доторх эд хогшил, юухан хээхний сүүдэр зулын гэрэлд хана руу өгсөн сүүтийж, цагийн зүү чаг чаг дуугарах нам гүм. Ойн цоорхой дахь горхины уснаас ундаалах эр эм бугын зурагтай аравчийг өөд уруугүй ажиж хэвтсээр нэг мэдэхнээ унтчихдаг хүүхэд насны амгалан шөнүүд эмээгийн халуун өвөрт өнгөрчээ. Хөгшин хонины насгүй би юу юугүй л “унаад өгнө” гэж “сүрдүүлэх” эмээгээ өглөө сэрдэг болов уу гэж амьсгалыг нь чагнаж, зовнин хэвтэх үе ч хааяа надад тохионо. Заримдаа нударч үзнэ. Тэгээд сэрэхээр нь санаа амран унтдаг байв. “Ээж нь чамайг сургуульд орохоор үхнэ ээ” гэдэг эмээ минь сургуульд орсны дараа их сургуульд орохыг үзээд үхэхээр тохиров. Их сургуульд ортол “Хүнтэй сууж, хүүхэд төрүүлэхийг чинь үздэг болов уу, яадаг бол. Үзэж чадахгүй бол ээж нь хүүдээ ганц сайн хүү болж төрнө, чадвал хоёр ч сайн хүү болж магадгүй” гэж өөрөө өөрийнхөө хойд насаа төлөвлөн, болж өгвөл хоёрын хоёр ч хүн болж төрөхийг зэхэх эмээ минь 90 насандаа бурхны орныг зорьсон юм. Тэгэхэд охин минь төрөөд тавхан сартай байлаа. Ингээд ухаан орсон цагаас л үхэхээрээ айлгадаг байсан эмээ минь намайг сургуульд орж, дараа нь их сургуулийн оюутан болж, үрийн зулай үнэрлэн эх хүн болохыг харж амжсан. Харин “намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай” гэж Ц. Хулан найрагч бичсэнчлэн ухаажихыг минь л үзэлгүй, ач буяныхаа хариуг нэхэлгүй буцсан даа. 

Эмээгээ ач зээ нар нь “буурал ээж” гэж дуудна. Намайг 1989 онд төрөхөд буурал ээж 68 настай байжээ. Ухаан орохоосоо л 70 гарсан хөгшин эмгэнтэй учирсан би эмээгээ түүнээс залуугаар, түүнээс өөрөөр харж байсангүй. Үргэлжид л ийм үрчлээ суусан эмгэн байсан мэт санаж явжээ. Өмнө нь, бүүр өмнө нь, 18-хан настайдаа, үзэсгэлэнтэй хонгор охин явахдаа, анхны хайртайгаа учрахдаа, анхны үрээ тэврэхдээ, дараа нь ирмүүн идэр насандаа, ээж байгаад эмээ болох хүртлээ ямархан хүн явсныг нь сониучирхан бодож, таньж мэдэхийг тэгтлээ эрмэлзэж явсангүй. Санаа алдахын учрыг, бодлогошрон цонхоор ширтэхийн учрыг ч асууж байсангүй. Сэтгэлийнхээ чанадад залуу насныхаа ямар мөрөөдөл, ямар дурсамжийг хураан явдгийг сонирхож үзээгүй. Нас биед хүрээгүй, ухаан дутуу байхдаа гэрт нь эрхэлж, насанд хүрүүтээ гэрээс нь явахын түүс болдог бид эцэг эхээ ойлгон нээх чухал мөчүүдийг, чухал харилцан яриануудыг, асуулт асуух чухал боломжуудыг алдаж байдаг шиг. Амьдралын уртад яв явсаар “За тэд минь нэг тиймэрхүү хүмүүс байсан даа” гэх таамаг л үлддэгээс биш биднээс өмнө хэн байгаад, биднийг өсгөөд хэн болсон юм гэж танин мэдсэн нь хэд бол доо. Тэдний дотор хүнд хэлээгүй нууцууд, өөрсөдтэйгээ аваад явах түүхүүд, айдас эргэлзээ, баяр бахархал гээд хүний бүхий л өнгө хадгалаатай нь мэдээж. Үүнийг л бид эрт ойлгож чаддаггүйг анх удаа мэдэрсэн маань Тэгшжаргалын тэмдэглэлээс үүдсэн болой.

Тэнгэр минь, тийм юм кинонд л гардаг гэж төсөөлдөг байтал миний өвөө эмээ хоёрын 70 гаруй жилийн өмнөх бодит түүх болохыг сонсоод ямар гайхалтай баатарлаг, ариун нандин түүхээс улбаатай, үнэнч хайр сэтгэлийн үр нахиа болохоо мэдэж, хязгааргүй баярласан билээ. Одоо ч бодох бүрт нулимс урсаад л байдаг.

Цэцэрлэг, сургууль, А үсэг, анхны зохион бичлэг, анхны үерхэл, анхны хайр бүх зүйлийг минь хамгийн сайн мэдэх ганц хүн эмээ ажээ. Шүлэг, зохион бичлэгээ чанга дуудан уншихад анхааран чагнаж, аль хэсэгт нь ямар санаа нэмбэл зүгээр байж мэдэхийг зөвлөж, эсвэл бахархсан харцаар шагнаж сайшаана. Өвлийн хүйтэн жавартайд үстэй дээлээ өмсөж аваад, цүнхийг минь үүрч, намайг хөтлөөд хар үүрээр сургууль руу гарч өгнө. Хичээл тарахад аанай л ирчихсэн зогсож байх ба харих замдаа тэрний эмээ тэгсэн, энэний ээж ингэсэн гээд л бусадтай өрнүүлсэн яриагаа надад хуучилна шүү дээ. Түүнээс нь би ангийнхаа хүүхдүүдийн ар гэрийн амьдралын тухай мэдээлэлтэй болох жишээний. Ахлах ангид ороход хаа нэг хөвгүүд эргүүлж, гэрийн гадаа дуудна. Эмээ ер цааргалж, цагдахгүй. Тэр ч байтугай анх удаа эрэгтэй хүүхэдтэй үерхэж, хүнд сайн болоход минь “Миний хүү өнөөх найзыгаа санаа юу, яваад уулзаад ир. Эмэгтэй хүүхэд ингэж хүн санаж, санааширч суух хэцүү” гэж билээ. Би тэр үед эмээ ч гэсэн над шиг санан, санааширч үзсэн байх нь ээ гэж огт бодоогүй. Хожим тэр үгнээс эмээ минь сэтгэлд ургаад, тоймгүй уяран догдолсон билээ. 

Оюутан байхдаа би нэг өдөр өвөөтэй суусан түүхийг нь саваагүйтэн асуутал гал дээр цай үйж зогссон эмээ минь над руу нэг сүрхий харснаа “Чи нэгэнт асуусных ээж нь ганц нэг зүйл хэлнэ ээ” гээд цөөн зүйл ярьсныг одоо бичиж, буулгаж суухад даанч сайхан, даанч бахархам. Тэд анх учрахад буурал аав минь 17, буурал ээж минь 18 настай байжээ. Нэг гэртээ оръё гэхнээ буурал аав насанд хүрээгүй байсан тул азнасан бололтой. Гэтэл тэр жил буурал ээжийг минь эцэг эх нь аймгийн хоршооны дарга, өөрөөс нь 10 ах хүнд эхнэр болгон өгсөн байдаг юм. Эсэргүүцэж хүчрээгүй тул сэтгэлгүй хүний гэрт очихоос аргагүй болж. Энэ хооронд эмээ минь яаж санааширч, хайргүй хүний дэргэд бэтгэрэн суусан бол. Ямархан байсан болоод тэртээ 60 жилийн дараа надад “Охин хүүхэд хүн санаж, санаашран суух хэцүү” гэж хэлсэн бол доо. Гэвч гайхамшиг гээч нь байдаг бол үүнийг л хэлэх болов уу гэмээр зүйл тохиож, жил гаруйн хойно өвөө минь шөнө дөлөөр хөтөлгөө морьтой давхин очиж, эмээг минь оргуулан авч, өөрийн гэрт аваачсан байдаг. Тэнгэр минь, тийм юм кинонд л гардаг гэж төсөөлдөг байтал миний өвөө эмээ хоёрын 70 гаруй жилийн өмнөх бодит түүх болохыг сонсоод ямар гайхалтай баатарлаг, ариун нандин түүхээс улбаатай, үнэнч хайр сэтгэлийн үр нахиа болохоо мэдэж, хязгааргүй баярласан билээ. Одоо ч бодох бүрт нулимс урсаад л байдаг. 

Тэд нэг гэрт ороод удаах жил нь анхны хүүхэд нь төрж. Өвөө минь бие даан бичиг ном үзэж, орос хэлэнд нэвтэрсэн, боловсролтой хар хүү байсан тул бага балчираасаа төрийн ажил хийж, гэртээ байхаас байхгүй нь их гэнэ. Хүү нь төрөх үед ч эзгүй таарсан тул эмээ төрснийхөө дараа хүүгээ аваад хөдөө гэртээ ганцаар ирж. Ингээд байж байтал нялх үр нь хоёр өдөр халуурчээ. Хоёр дахь өдрийнхөө орой халуундаа дуу нь ч гарахгүй тэнхээрч. Яахаа мэдэхгүй айж, хий л хүүгээ элгэндээ тэврэн, дэнгийн гэрэлд царай төрхөөс нь харцаа ч салгаж чадахгүй ширтэн суутал нялх үр нь амьсгалаа нэг гүнзгий татаад хураасан гэдэг. “Маргааш өглөө нь хүүгээ тэвэрч гараад, хээр хөдөөлүүлсэн дээ” гэж ярихад нь миний хэл татчих шиг болсон. Эмээгээ өрөвдөөд сэтгэл зүйргүй их хөндүүрлэж, цааш нь юу ч хэлж, бас асууж зүрхэлсэнгүй, дахин бид хэзээ ч энэ тухай яриагүй. Тэгэхэд эмээ жишүү харчихаад, хөшчих шиг хөдөлгөөнгүй болсон нь тэр гаслант мөч рүү эргэн нэг очсоных болов уу. Хорьхон насандаа үрээ тэвэртээ алдсан шөнө, нутаглуулчихаад ганцаар гансран ирсэн тэр өглөө түүнийг ямар их хатуужуулаа бол. Тэгэхэд би 20 настай тэнэг амьтан явж.

Хааяа би эмээгээ “100 жилийн ганцаардал” зохиолын Урсула Игуарантай адилтган боддог юм. Бүхнийг бүтээгч, амилуулагч, хөдөлгөгч атлаа хамгийн ганцаардсан тэр эмэгтэй. Хүүхдүүд нь хэдэн үеэрээ үүрлэн амьдарч, дамжин гарсан хуучин байшингаа цагийн салхинд гандаалгүй, тордож, хол ойрын хэн бүхнийг урин, ундаалж, тэтгэн ивээгч тэр Урсула. Эмээ минь түүн шиг л хүч тэнхээтэй хүн байсан.

Буян заяа түшиж, тэд долоон хүүхдийн эцэг эх болоод, оргож босон нийлснээсээ хойш 40 жил хамт амьдарчээ. Буурал аав минь насан хутгийг олж, буурал ээж 50 мянгатын гурван өрөө байрандаа хүний, өөрийн хүүхдүүдээ тойруулан хоцорсон билээ. Энэ бол намайг төрөхөөс лавтай арван жилийн өмнөх явдал тул би буурал ааваа огт мэдэхгүй. Буурал ээж ч нөхрөө тэгтэл дурсаж байгаагүй юм. Ярихдаа тулбал хэнээр ч заалгаагүй атлаа хэчнээн эрдэм боловсролтой, хэл усанд нэвтэрхий байсан талаар нь дурсаж, хичээл номоо сайн хийхийг надад сануулдаг байв. Одоо бодоход маш их хайраар бие биедээ тэмүүлж амьдарсан хоёр хүний хэн нэг нь нөгөөгөө үгүй болоход өрөөсөн далавчаа тасдуулсан шувуу шиг хоцрох нь мэдээж. Эмээ тэгж л үлдэж. Дурсан бодох бүрт ганцаардан шаналах учраас буурал аавын тухай ярьдаггүй байж дээ гэж тааварлах юм. Ер нь би буурал ээжийгээ амьдралд хэрхэн ганцаардаж, сэтгэлдээ хэнийг үгүйлж, ямар дурсамжаасаа тайтгарч явсныг огт мэдэхгүй. Асууж, ярилцаж амжаагүй олон сэдэв үлджээ. 

Эмээг 80 нас хүрсний хойтон жил том хүү нь нас барсан юм. Том хүү нь буюу аавын маань том ах бусдаасаа илүү ээжтэйгээ амь нэгтэй хүү байсансан. Байсхийгээд шөнө дөлөөр ч хамаагүй ээжтэйгээ уулзмаар санагдлаа гээд хаалга тогшоод, халамцуухан ороод ирнэ. Орж ирээд шөнөжин ээжтэйгээ ярьж хононо. Эмээгийн хүүхдүүдээс өөр хэн нь ч тэгж ээжээ саналаа гэж ирдэг байсныг би санахгүй юм. Шөнийн ярианууд хэзээнээсээ л илүү аминчхан, илүү үнэн сэтгэлийн, илүү амттай байдаг тул тэднийг шөнө тийн ярилцан, ширээний хоёр талд суухад би унтчихгүй юмсан гэж яриа чагнан хэвтсээр “тасарсан” байдагсан. Том авга ах маань нас бардаг тэр өглөө эмээ эмнэлгээс хүүтэйгээ салах ёс гүйцэтгээд гэртээ ирэхэд нь би нүүр нүдгүй ажиглаж, одоо яах бол гэж хүүхдийн гэнэн зангаар дагуулан ширтэж байснаа санадаг. Гэвч эмээ дуугаа хураахаас өөрөөр сэтгэлийн өчүүхэн хөдлөл үзүүлээгүй бөгөөд ажил явдал нь өндөрлөж, бужигнаан дуусч, буцаад л юу ч болоогүй мэт амьдралын энгийн өдрүүд үргэлжилж эхлэхэд талийгч хүүгийнхээ эхнэрт зовж, сэтгэл нь тогтохгүй байгаа вий дээ хэмээж байсан нь дурсамжинд үлдэж. Ухаан сэтгэл тогтохгүй, яая гээд яаж ч болдоггүй, зүгээр л цаашид үргэлжлүүлэн амьдрахаас өөр аргагүй уйтай өдрүүд амьдралд ирдэг. Эмээгийн минь амьдралд тийм өдрүүд хэчнээн байсан болоод өөрөө өөрийгөө тэгж захирч сураа бол доо гэж гайхах юм.

Хааяа би эмээгээ “100 жилийн ганцаардал” зохиолын Урсула Игуарантай адилтган боддог юм. Бүхнийг бүтээгч, амилуулагч, хөдөлгөгч атлаа хамгийн ганцаардсан тэр эмэгтэй. Хүүхдүүд нь хэдэн үеэрээ үүрлэн амьдарч, дамжин гарсан хуучин байшингаа цагийн салхинд гандаалгүй, тордож, хол ойрын хэн бүхнийг урин, ундаалж, тэтгэн ивээгч тэр Урсула. Эмээ минь түүн шиг л хүч тэнхээтэй хүн байсан. Ажилч хичээнгүй, амьдралыг цэвэр ухаан, зөн совингоороо туулсан, бодсоноосоо ухардаггүй, бас өөрөөсөө өөр хэнд ч найддаггүй. Тасаршгүй бөх оосор бүч адил бүгдийг нэгтгэн зангидаж, эргэн тойрны чимээ шуугиан, хөл үймээн, эх захгүй амьдралын дунд хөдөлшгүй бат суух тийм эх хүн байсан. Зөвхөн эмээ л бүх хүнийг дотор нь орсон юм шиг мэднэ. Хэнд юу хэрэгтэй, хаана, хэзээ, яагаад, юу болсны учир шалтгаан, бас ирээдүйд яахыг мэднэ. Буруу хэрэг хийвэл ороолгож, занчина. Бүүр уур нь хүрвэл огт дуугарахаа байж биднийг хашраана. Хааяа би эмээгээ сургуульд сурч, боловсрол эзэмшсэн бол, хөгжилтэй нийгэмд төрж өссөн бол ямархан “SAVAGE” эмэгтэй байхыг төсөөлөн, баясаж суудаг аа. 

15 нас хүрдэг жилийн хавар эмээ нэг өглөө намайг бүх хувцас хунараа цүнхэл гэж хэлээд, хадаг яндар, мөнгөн аягатай сүүгээ зэхэн, дагуулж гараад аавын гэрт аваачаад өгчихлөө. “За энэ хүүхдийг би өсгөж хүмүүжүүлээд өдий болголоо. Одоо энэ хүүхэд надаас хойш ганцаардана. Эртхэн эцэг эхийнхээ мэдэлд орог дээ.Энэнээс ч эрт өгөх ёстой байсан юм” гэж хэлээд хадаг сүүгээ тавиад, намайг орхиод гараад явсан юм. Тэр их хэцүү мэдрэмж байсан санагддаг. Ингэж эмээгээс хол амьдрана гэдэг санаанд бууж өгөхгүй тул юу гэж хэлж буцаж очих вэ л гэж бодож байлаа. Тэгсхийн хоёр гэрийн хооронд тэлээ хурга шиг тэлээлж, их сургууль төгсөх хүртлээ дуртай үедээ эмээдээ очдог байв. Заримдаа очино шүү гэж хэлчихээд оройтоод ороход ор засчихсан хүлээж хэвтэх ба шөнө унтаж байхад хэдэнтээ босч ирж хөнжил, хучлага засч зогсдог эмээ минь намайг төрсөн аав ээждээ дасах хэрэгтэйг ойлгож, тэр хоёртой учраа олж сурах ёстойг мэдэрч явуулсан нь тэр байж дээ.

Охиноо тэвэрсэн шиг, хүүгээ тэвэрсэн шиг, эмээгээ тэвэрч, асарч тойлоод явуулах байсан даа. Өнөөдрийг хүртэл л хамт байсан болоосой. Өөр шиг нь хүчтэй эмэгтэй болсноо харуулах сан, өөрийнх нь дээлнээс өмсөөд шинийн нэгний өглөө золгохсон.

2011 оны аравдугаар сард буурал ээжийн бие илтэд дордож, хүн танихаа байгаад ч байх шиг, нэг л дэн дун болоод ирэв. Нэг өдөр яваад ортол хэвтэж байснаа намайг харчихаад өндийж ирснээ “Ээж нь сая дугхийхдээ ээжийгээ зүүдэллээ. Хормойгоороо модтой нэг их сайхан өндөр цохионы наахна өвс халиурч, гол урссан газар ээжтэйгээ хамт морио услаад зогсож байх юм. Ээжийгээ хараад баярлах, гайхах зэрэгцээд, удалгүй сэрчихлээ. Хангилцагийн голоор зусаж асан хүүхэд нас, ээжийн минь царай зүс тодроод бүр сэтгэл сэргэлээ” гэж ярьсансан. Амьдралын он жилүүдтэй тэмцэж ялаад, хүний хорвоогийн уйтгарт ахуйгаас ангижрах цаг нь ирснийг тэгэхэд би мэдэж, зүрх сэтгэлдээ энх амгалан болсон тийм харцыг эмэг эхийнхээ нүднээс олж харсан билээ. Үүнээс хойш арваад хоноод тэнгэртээ одсон хайртай буурал ээжийгээ бодох бүрт тэрхэн өдрийн богинохон зүүдээ ярьсан нь үргэлж санагддаг юм. Ээж аав, эр нөхрөө хязгааргүй санаж, нутаг усаа үгүйлж явсныг нь хэзээ ч өөрийнх нь амнаас сонсоогүй боловч тэр зүүд, тэр харц миний зүрх сэтгэлд мэдрүүлсэн билээ. 

Алс хол хүний нутагт

Ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ

Таныг тэнгэрийн нартай хамт

Талын цэцэгстэй хамт

Талбиун нутагтайгаа зүүдэллээ

Харь хол хүний нутагт

Хайртыгаа тааланхан зүүдэллээ

Чамайг тэргэл сартай хамт

Тэнгэрийн эрхэстэй хамт

Өнгийн солонготой зүүдэллээ

Харанга хамтлагийн "Манан" дууны хэсгээс

Охиноо угтан, буурал ээжээ үдсэн тэр намар амьдралд тохиолдох цөөхөн зэврүүн намруудын нэг байсан. Эмээг нас барсны маргааш би охиноо аваад Америк нислээ. Онгоцны тийз ч тэгж тулгамдуу таараад, дээр нь эмээгээ үдэхдээ би эрүүл саруул, эвтэйхэн байж чадах эсэхээ мэдэхгүй байсан юм. Чикаго хотын усан бороо цутгасан арваннэгдүгээр сар, хөр цасанд хучигдсан урт өвөл, дүнсгэр хоосон, сэтгэл тогтохгүй өдрүүд яасан айхтар сунайв даа. Өмнө нь хаа ч явсан эмээтэйгээ утсаар ярьж, дуу хоолойг нь сонсож явдаг атал тэр өвөл залгаж ярих хүнгүй болсон байв. Нутаглуулах ажилд оролцсонгүй явсан болоод уйлан гашуудах завдалгүй, очсон хойноо ч хичээл, хүүхэд гээд чөлөө муутай байсан. Ийш тийш яваад ирэх бүртээ нисэх буудлаас шууд баруун дөрвөн замд байх эмээдээ очдог би дараа зун нь Монголд ирээд буурал ээжийнхээ гэрээр оръё гэвч уулзан, золгох буурал ээж байхгүйг ойлгож, өнгөрсөн намар нь уйлаагүй бүх нулимсаараа уйлж билээ. Түүнээс хойш өдөр өдрөөр санаж, зүүдлэх нь ихсэн санаашран явдаг болов. Гэтэл Лондонд оюутан байхад нэг шөнө эмээ минь зүүдэнд ирж, орон дээр минь суугаад, хөнжил засаж, хөлийг минь хучиж, толгой илээд явсан юм. Ингэж эргэж тойрч, тайтгаруулан явсанд нь баярлан, санасан сэтгэл ихэд хөнгөрч билээ. 

22 жил эмээтэйгээ аж төрсөн нь үнэхээр азтай боловч өнөөдрийг хүртэл хамт байсансан бол гэж бодох юм. Охиноо төрүүлэн эх хүн болж, дөнгөж ухаан суух эхлэл тавигдаж, ээжийн ачийг дөнгөж ухаарч байхад өөд болсон тул асарч өргөн, ачийг нь хариулах завдалгүй явуулсан билээ л. Ямар сайхан ухаалаг хүмүүс нь ээж аав, эмээ өвөөгийнхөө ачийг хариулсан байдаг бол доо гэж атаархан бодно. Эмээгээ дагуулаад, дандаа ярьдаг Ханхөхий уул, Хангилцагийн гол, Мөндөөхэй нууранд нь очих л байсан даа. Охиноо тэвэрсэн шиг, хүүгээ тэвэрсэн шиг, эмээгээ тэвэрч, асарч тойлоод явуулах байсан даа. Өнөөдрийг хүртэл л хамт байсан болоосой. Өөр шиг нь хүчтэй эмэгтэй болсноо харуулах сан, өөрийнх нь дээлнээс өмсөөд шинийн нэгний өглөө золгохсон. 

Эмээ өвөө хоёроос минь эхлэлтэй удмын хэлхээ үргэлжлэн үргэлжилсээр, долоон хүүхдээс нь төрсөн ач зээ, гуч, дөч нийлээд жараад салаа мөчиртэй ургийн мод урган сүндэрлэжээ. Амьдралын модны хүчирхэг эх үндэс, тулах хүчит багана болсон эмэг эхийнхээ дурсгалд зориулан үүнийг тэмдэглэн үлдээв. Хожим үр хүүхдүүд минь хэнээс ургасан, хэний үргэлжлэл болохоо танихад нь хэрэг болог. Аягүй бол би ч бас эмээ болохоороо их юм ярьдаггүй эмгэн болох ч билүү. 

"Savage- outrageously cool, brutally honest, extremely good" Urban dictionary

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
3
2023.04.24
Шинэцог-Гени | Хэн нэгэн байх хангалтгүй
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
32
0
15
0
0
0

Сэтгэгдэл бичих (9)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ххххх 2020.07.15 162.158.7.86

сайхан бичжээ, ёстой л үхэхээрээ өдий хүртэл айлгаж явна да .бас эмээтэыгээ хаана ч явсан үргэлж залгаж ярьдаг, ганц үнэнч сонсогч минь

0 Хариулах


EMEE 2020.07.12 172.69.45.137

Яг л дээр бичсэн шиг зэврүүн намраар буурал ээж минь намайг орхиод одчихож билээ ... Хол замд тасралтгүй явсаар гэрийн босгоор алхав уу үгүй юу эмээ минь сүүлийн амьсгалаа татаж билээ. Хүүгээ ирнэ гэж 3 хоног хүлээчихээд тэгж явахад тэр ЯДСАН, ЗАНГИРСАН амьсгаа ИРЭВ үү ХҮҮ МИНЬ ? гэх шиг сонсогдож билээ. Би эмээгийнхээ гал дээр нь өссөн отгон зээ нь ... Эмээг гаргадаг өглөө аав, ээж ах дүү садан минь бүгд нэг нэгээрээ өвдөгнөөс нь адис авч билээ. Намайг айчихна гээд оруулаагүй юм ... Төрснөөс өсөх хүртэл өсгөж өндийлгөсөн амьд бурхан шиг эмээгээсээ би юу гэж айх вэ дээ... Одоо болтол сэтгэлд нэг юм бөглөрөөд тэр өглөөг бодохоор ижий, аав хоёртоо жигтэйхэн гомдоод байдаг юм ... Даан ч хэлж чаддаггүй ээ ... Миний буурал ээжээ гэх нялхамсуу занг, намайг гэх буурал ээжийн минь тэр их хайрыг бид хоёр өөрсдөө л мэдэх болохоор. Тэр хайрын чинээ гомдлыг ч гэсэн би өөрөө л ойлгох юм шиг санагдаад байдаг юм ... Үнэхээр сайхан бичвэр байна <3

0 Хариулах


Emeegiin erh ohin 2020.02.23 202.21.108.44

emee bi taniig uhchlee gej zuudellee geed iher tatuulaad uilaad ochihoir EMEE N HAACHIV L GEJ DEE BAIJIL BAINA SHUUDEE, HARIN CH URT NASALDAG GESEN geed doogoldogson emee min. Odor bolgon utasaar yarij ue ue ochij bgaa ch gesen sanaadal bhiimoo. Ogloo ert sereed yarinaa. Utasaar ch boltugai zaluu ueiinh shan shan husel moroodol, amidral ahiug n sonsnoo.

0 Хариулах


Эмээдээ хайртай 2020.02.22 31.205.92.60

Тийм шүү эр хүн байж л эмээгэж санахаар хоолой зангираад нулимс гараад л иэр юм. Мний хувьд эмээтэйгээ хар багаасаа 5р ангиа төгстөл цуг унтдаг байлаа. Хөөрхий минь бусад ач зээ нараасаа илүү намайг гэдэг байсанд нь эргээд ачийг нь хариулахын тулд бусдаас илүү л чадлаараа харж асарсан, гэхдээ л бас дутуу санагддаг юм байна лээ. Муу эмээ маань хүүгээ хүний зэрэгт хүрэхийг нь хараад хуримын өдрөөс хойш яг 2сарын дараа бурхан болсон доо. Захисан хэлснийг нь одоо ч марталгүй хичээж яваа шүү муу халзан баньд нь.

0 Хариулах


Huu 2020.02.22 66.181.161.58

Burhan bolson emeeteigee utsaar yarij zuudelj sereed unshlaa. Busad hamaatniihumuus tanii araas buyan hiihgui bn gj hovlov. Tgd zunduu ih mungutei bolson enuugeer sain buyan hiinee gj hellee. Tgsen genet boldogson bol ene munguur taniigaa bosgood ireh yumsan gj heleed zuud gdgiig medeed uilaad sersen. Zuud bsniig medeed ulam ih uillaa. Urd n emeegee amid bhad burhan bolchihoj gj zuudleed uilj sereed zuud bjee ashgui gj bayarladag bsan bol odoo uu zuud bsan bn geed uildag boljee emee mini. Udahgui huu n anhnii uree tevrene. Ta mini huudee ergej turuurei.

0 Хариулах


Хурнэмэх 2020.02.22 203.117.70.254

Тээр нэг өдөр зургадугаар ангид байхад манай ангийн хөдөөнөөс ирсэн нэгэн сурагч охин хайртай хүмүүсийнхээ талаар зохион бичлэг бичих даалгавартаа эмээгээ сонгож бичсэн байлаа. Босож зогсоод ангийнхандаа уншиж өгч байх зуураа яагаад ч юм гэнэт уйлчихаж билээ. Яав ийв юу болов гэтэл эмээгээ санаад байна гээд л цурхиртлаа уйлсан. Тэр үед эмээгээсээ хол байхын зовлонг мэддэггүй жоохон амьтан байждээ. Гэхдээ хол байвал ямар байх бол? түүн шиг л уйлах байхдаа гэж их эргэцүүлж бодсон нь, тэр гэнэт уйлсан явдлын цочироо нь өнөөдөр 2020 онд хүртэл тэр явдлыг мартаагүй хэвээр байгаад нөлөөлсөн байх. Нээрээ л ямар азтай буянтай, ухаантай хүмүүс нь эмээ өвөө нарынхаа ачийг амжиж хариулдаг бол...

0 Хариулах


Uyanga 2020.02.21 150.129.141.161

Mash ih bayarlalaa. Emeedee odoohon guigeed ochmoor sanagdlaa. Margaash ochnoo

0 Хариулах


Udval 2020.02.21 202.179.31.100

Uneheer taalagdlaa. Ajliin amjilt huseye

0 Хариулах


Ariuka 2020.02.21 150.129.142.218

Shan dursamj temdeglel bnaa.

0 Хариулах