Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Цахим сургалтын эргэн тойронд: Олон улсад цахим хичээл хэрхэн явагддаг вэ?


Дэлхий даяар айдас түгшүүр дагуулж буй шинэ коронавирус буюу Covid-19-ийн нөлөөгөөр улс орнууд өөрсдийн хилийг хааж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлан хөл хорио тогтоогоод байна. Манай улсын хувьд хүн ам цөөн төдийгүй БНХАУ-тай шууд хиллэдэг учраас халдвар тархах өндөр эрсдэлтэй орноор нэрлэгдэж, байж болох бүхий арга хэмжээгээр урьдчилан сэргийлж байгаа билээ. 

Олон нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг хориглох гэх мэт урьдчилан сэргийлэх аргууд бидэнд цөөнгүй бэрхшээл, сорилтуудыг бий болгоод буй. Үүний нэг нь алсын зайн сургалт буюу цахим сургалт юм. Олон улсад аль хэдийн нэвтрээд сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болчихсон энэ сургалтын загвар Монголд төдийлөн амжилт олохгүй байгааг оюутнуудын хэлж буй санал гомдлоос харж болно. Оюутнуудад тулгарч буй асуудлууд нь ихэвчлэн интернеттэй холбоотой, багш нарын явуулж буй хичээлийн материал хангалтгүй, ойлгомжгүй байгааг хэлж зарим нь төлбөрөө буцаан авахыг шаардаж байна. Харин уг асуудалд сургуулийн зүгээс бүхий л бололцоотой арга хэмжээг авч, багш нарт зохих ёсны шаардлагыг хүргүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн. МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг хэлэхдээ “Улс оронд үүссэн онцгой нөхцөлд гэнэт бүх хичээл цахим сургалтад шилжсэн нь багшийн хувьд ч тэр, оюутны хувьд ч тэр бүрэн бэлэн байгаагүй гэж хэлж болно. МУИС-ийн хувьд сургалтын чанараа бууруулахгүйн тулд цахим сургалтын стандартын дагуу лекц, семинарын материал илгээх, хичээл бүрд асуулга, даалгавраар мэдлэгийг нь шалгах, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэхийг багш, оюутнуудаас шаардаж байна. Оюутнуудын хувьд зарим их сургуулийн даалгавар шаардахгүй, ирц бүртгэхгүй, хичээлийн материалыг 6 сар хүртэл үзэж судлах боломжийг нээж байгааг жишээ болгон ярьж байна. Энэ нь цахим сургалтын үндсэн зарчим, сургалтын технологид нийцэхгүй, сургалтын агуулгын уялдаа холбоо, тасралтгүй чанарт нийцэхгүй тул МУИС энэ асуудлыг дэмжихгүй” гэж мэдэгдсэн (дэлгэрэнгүйг эндээс уншина уу). 

Харин багш нарын зүгээс өмнөхөөсөө илүү их ачаалалтай ажиллаж байгаа ч үүссэн нөхцөл байдалд тулгуурлан хичээлээ аль болох чанартай боловсруулж байгаагаа хэлж байна. Энэ талаар МУИС-ийн нэгэн багш цахим хуудсандаа өөрийн байр суурь, туршлага, зөвлөмжөө ( энд дарж уншина уу) хуваалцжээ.

Тэгвэл цахим хичээл дэлхийн улс орнуудад хэрхэн явагддаг талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

 П.Марал, Канад улс, University of British Columbia 

Өмнө нь хэд хэдэн удаа онлайн хичээл буюу цахимаар хичээл сонгон авч судалсан. Энд бол онлайнаар лекцээ сонсоод ,даалгавараа хийгээд явуулахад ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй. Цахим номын сантай учраас дэлгэрүүлж судлах зүйлээ өөрсдөө судалдаг. Төлбөрийн хувьд онлайн хичээл, танхимын хичээл ижилхэн. Оюутан байх хугацаанд мэдлэгтэй болохоос гадна өөртөө олон чадварыг суулгах боломж гэж үздэг. Жишээ нь бие дааж судалгаа, шинжилгээ хийхэд суралцах гэх мэт.

М.Буянбилэг, АНУ, Cascadia college

Ер нь бол сургууль болгон өөрийн гэсэн аппликейшн, эсвэл өөрсдийн тусгай сайттай байдаг. Түүгээрээ орж онлайн хичээлд хамрагддаг. Систем нь хүчин чадал сайтай учраас хичээлээ үзэхэд ямар нэг хүндрэл тулгардаггүй. Манай сургууль улиралд дээд тал нь гурван хичээл үзэж болдог. Онлайнаар хичээл авахад танхимаар хичээл үзэхээс илүү их даалгавар өгдөг, ихэнхдээ орсон сэдвээ дүгнэсэн эссэ бичүүлж авдаг. 

Б.Баярмаа, АНУ, Fashion Institute of Technology

Онлайн хичээл үзэхдээ сургуулийнхаа тусгай сайтаар орж үзээд, даалгавараа оруулсны дараа оюутнууд хоорондоо бие биенийхээ даалгаварыг хэлэлцэх маягаар явагддаг. Танхимын хичээлүүдийн ч зарим хэсэг нь цахим хэлбэрээр явагддаг. 

Ч.Чингүүн, БНСУ, Sogang University 

Суралцаж байгаа мэргэжлээсээ хамаараад онлайн хичээл авах нь ялгаатай байдаг. Багш нар нэгдсэн сайтдаа хичээлээ тодорхой хугацаатай оруулдаг. Заасан хугацаанд нь ухрааж, гүйлгэлгүй үзэж дуусгаад ирцийн оноогоо авна. Харин даалгавраа и-мейл хаягаараа авч, шалгалтаа өөрийн биеэр очиж өгдөг. 

Г.Хасзул, БНАУ, Вена хот

Манай сургуульд яг онлайнаар кредит цуглуулдаг хөтөлбөр байхгүй. Гэхдээ бүх хичээл нь цахим хэлбэрээр байршсан байдаг. Лекцийн бичлэг, үзүүлэнгийн материал, жишээ даалгаварууд, өмнөх семестерийн шалгалтын материал зэргийг татаж авах, хэвлүүлэх боломжтой байдаг. 


Бид дэлхийн шинэ нээлтүүдтэй хөл зэрэгцэн алхаж, технологийн нээлтээс хоцролгүй амьдарч байгаа энэ үед бусад зүйлсийг ч гэсэн орхигдуулалгүй суралцах нь чухал билээ. Цахим сургалт, алсын зайны сургалт гэдэг нь суралцагчаас бие даасан байдал, хичээл зүтгэл их шаарддаг учир оюутнууд аливаа бэрхшээлээс боломжийг олж харах нь чухал юм. 

Бэлтгэсэн: М.Тэргэл

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.02.21 66.181.177.51

Насанд хүрч бие даан сурацаж байгаа оюутнууд дунд сургуулийн хүүхдүүдээс дор ухамсартай болж. Хятадад суралцаж байгаа дунд сургуулийн хүүхэд цахимаар л суралцаж байгаа шүү.

0 Хариулах