Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

COVID19 вирустэй холбоотой сүүлийн үеийн бүх шийдвэрүүдтэй танилц



ДЭМБ-ын өнөөдрийн мэдээллээр өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 80,809 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн 36 улсад 2,611 тохиолдол гараад байна.

Өнөөдрийн Улсын Онцгой Комиссын хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Улс болон хот хоорондын, орон нутгийн бүх замын тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08.00 цаг хүртэл хязгаарлан, зогсоолоо. Үүнд хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн нислэгүүд цөм багтана. 
  2. Нийслэл дэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08.00 цаг хүртэл зогсоож буйг мэдэгдлээ. Гэсэн хэдий ч байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хөл хорионд оруулахгүй, маргааш ажлын өдөр хэвээр байна.
  3. БНСУ Монгол Улс хоорондын нислэгийг хоёр дугаар сарын 27-оос гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал, Япон Монгол хоорондын нислэгийг хоёр дугаар сарын 28-аас гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоолоо.
  4. Төрийн албан хаагчдын гадаад улсууд руу зорчих албан томилолтыг гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсоолоо.
  5. БНСУ-аас ирж байгаа зорчигчдыг хоёр дугаар сарын 27-оос гуравдугаар сарын 30-н хүртэл нэвтрүүлэхгүй байхыг Гадаад Харилцааны яам болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудад даалгалаа. 
  6. Тус вирусын халдварын талаар цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл түгээсэн, мөн өвчлөл бүртгэгдсэн газраас ирсэн атлаа аяллын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хууль хяналтын байгууллагуудад үүрэг өглөө.

Мөн хэдийгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан боловч зах, худалдааны төвүүд хэвийн ажиллахыг онцлон мэдэгдлээ. 

Харин өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар халдвараас хамгаалах хувцас хэрэглэлд шаардагдах 4.2 тэрбум төгрөгийн төсөв дээр нэмж 6.5 тэрбум төгрөг баталсан байна.

Засгийн газрын хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм. Тэрээр “Өнөөдрийн 11:00 цагаас эхлэн Улаанбаатар руу орж, гарах хөдөлгөөн зөвхөн аймаг, орон нутгийн Онцгой комиссын даргын зөвшөөрлийн дагуу явагдана. Үүнийн цахимаар бүртгэж байна. Тэгэхээр орж, гарч байгаа  иргэдийн мэдээлэл цахим хэлбэрт орж, мэдээллийн бааз бий болж байна.” гэсэн юм. 

Мөн сүм хийд, баар цэнгээний газрын үйл ажиллагааг хязгаарлах асуудлаар Нийслэлийн онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана гэлээ. 

Өнөөдрийн Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн хурлаас дараах мэдээллүүдийг онцолж байна.

    1. 2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй. 

    2. 2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг буюу нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна 

    3. БНСУ-д зорчоод ирсэн иргэдийг ажиглалтад авсан ба тэднээс

  • ХӨСҮТ-д зургаа,
  •  Асралт мед эмнэлэгт 37 хүн,
  •  аймгуудад 10, 
  • Улаанбаатар хотод гэрт нь найман иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

    4. Италийн Милан хотод загварын шоунд оролцоод өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан монгол иргэн, Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, хяналтад оруулаад байна. 

    5. БНСУ-аас ОХУ-аар дамжин ирж буй иргэдэд ОХУ-ын зүгээс лабораторийн хурдавчилсан аргаар шинжилгээ хийж байгаа. Өчигдөр БНСУ-аас Орост очсон 20 монгол иргэнд хоёр удаа шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан. Гэхдээ хилээр орж ирэхэд нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас үзлэг, тандалт судалгаа давхар хийнэ гэлээ. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбатын мэдээлснээр улсын хэмжээнд авто замууд бүрэн хяналтанд байгаа бөгөөд хязгаарлалт тогтоосноос хойш 4800 хүн хот руу орж, 5800 хүн хотоос гарч, 3200 зорчигчийг хот руу оруулалгүй буцааж, 4000 зорчигчийг хотоос гаргалгүй буцаажээ. 

Мөн Солонгост нас барсан монгол иргэнтэй хамт нэг онгоцонд зорчсон 147 хүний 48 нь Монголд буцаж ирснийг тодруулан шалгаж, тэдгээр хүмүүсийн хаяг байршлыг тогтоон олж, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байдалтай байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.