Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Ээж хүн эгнэгт байдаг

Ээж үгүй болдоггүй юм.


Үхэл бол зайлшгүй юм гэдгийг ойлгосон цагаасаа үнэн голоос айдаг болсон нь ээжгүй үлдэх орчлон байлаа. Ээжгүй болчихвол яана гэж бодож эхэлсэн нь миний бүр бага нас л даа. Ээж минь намайг 10-тайд 51-настай, тэр үед айлын хүүхдүүдийн ээжтэй харьцуулахад их л хөгшин хүн санагддаг байв. Ээжийгээ өвдөхөд би үхчихвий хэмээн маш их айна, насандаа баймгүй том том юм ярьж ээжийгээ өрөвдөн уйлна. Тэгэх бүрт ээж “Ийм амархан үхдэг хүн гэж хаана байдаг юм. Үхэл хагацал гэдэг чинь бас чиг ингээд нэг амархан хүрээд ирдэггүй байлгүй дээ” гэнэ. “Байлгүй дээ” гэснийх нь төлөө “Та өөрөө мэдэхгүй юм байна шүү дээ” гээд л би дахиад л уйлна. “Ээж нь мөд үхэхгүй ээ. Охиноо ерөөсөө ээж болохоор нь л үхье” гэж ам тангараг тавихад нь л нэг санаа амардаг байв. Ээж бид хоёрын дунд ийм яриа цөөнгүй өрнөсөн нь санаандаа хүрэх гэсэн миний л эрхийнх, миний л тэнэгийнх байж дээ. Гэхдээ л ээж амалсандаа яг хүрч, насан өтөл болтлоо дэргэд минь байж хайрласан юм. 

Үхэл ээжийг эгнэгт үгүй болгочихно гэж айсан минь үнэндээ үгүй юм билээ. Ээж хүн үгүй болдоггүй юм байна лээ. Гагц зүрх сэтгэлд, гэрэл зурагт биш, бүр зан чанарт үлддэг гээч. Ээж минь их шооч, хүн дуурайж хошигноно. Тэгээд л нэг их инээд муутай гэж жигтэйхэн. Тун чиг залуу явахдаа би ээжийн энэ занд таатай ханддаггүй байлаа. “Та ямар бүдүүлэг юм бэ. Хүн ямар байх нь Танд хамаагүй шүү дээ” гэж шүүмжилж хүртэл явав аа. Гэтэл одоо би хүн шоолж элэглэхдээ төгсрөх янзтай, ээжээсээ ч илүү бүдүүлэг болжээ. Тун ч удахгүй хүүхдүүд маань намайг шүүмжлэхэд би огт гайхахгүй, бас гомдохгүй ээ. Ээж бас аавд дээрэнгүй зан гаргаад байх шиг санагдахад гайхдагсан. Болох, болохгүйг тувт заах нь өмнөөс нь яршигтай. Хөөрхий аав минь яг хүүхэд шиг үгэнд нь орно. Бүр албатай ч юм шиг. Би том болоод эр нөхөртөө ийм сонин зан гаргахгүй л гэж бодсон. Гэтэл одоо... Би түүний юу идэх уух, өмсөх зүүхийг нь шүүгээстэй, өмнөөс нь шийдээстэй. Үгэнд орохгүй болбоос мэдлэггүй, мэдрэмжгүйг нь гайхаж, сайтар ухуулж байж санаа амарч авна. Би яг ээж шигээ эхнэр болжээ. Ээж маань гэрээ хэтэрхий гэмээр их цэвэрлэдэг хүн байв. Надад энэ нь ямар ч утга учиргүй санагдахыг яана. Ёстой л тэтгэврийн хөгшин болохоор уйдаад байдаг ч юм болов уу гэж бодно. Гэтэл одоо би нэг л мэдэхэд хөглөрсөн буйдан, тоостой эд юмс, угаагаагүй орхисон аяга харж чаддаггүй түвэгтэй гэмээр зантай болчихож. Миний энэ зан минийх байгаагүй юм аа, ээж л ийм байсан, би бүр тээршаадаг байлаа. Ээж гоё сайхан л юм байвал надад өгөх гэж хадгалдаг, эсвэл хүнд бэлэглэхээр далд хийдгийг нь би бүр бодоод бодоод ойлгодоггүй байлаа. Яагаад өөрөө хэрэглэхгүй, яагаад өөрийгөө тоодоггүй байна аа, яагаад ийм өрөвдөлтэй юм бэ? Гэвч би бас яг л ээж шигээ болсон. Хүүхдүүдэд минь гоё байвал би түүнээс нь цадчихдаг, бусдад зориулсан бэлэг таалагдаж л байвал би жаргачихдаг. Үүнийг хэн нэгэн дорой гэвэл гэнэ л биз дээ. Ээж минь үгүй болоогүй, минийхээ зан чанарт үлдээд амьдрал ийн үргэлжилж байгаад би амар амгалан болов.        

Ээж бас тэвэрт мэдрэгдэж, нүдэнд үзэгдсээр л байдаг ажээ. Охин саяхнаас эмээгийнхээ нуруугаа массажилдаг байсан ээтгэр модыг таяг аятай тулчихаад л “Хөөе, Энхцэцэг ээ” гэсээр хүрч ирээд намайг охин, өөрөө эмгэн болж хууч хөөрөн тоглодог болсон. Нэг удаа яриаг нь таслаад “Эмээ чинь хэзээ таяг тулдаг байлаа даа. Миний охин мартчихаа юу” гэтэл “Чи настай хүн таяг тулахад юунд нь нэг их гайхаж майхаад л, маяглаж заяглаад байгаа хүүхэд вэ” гэж зад хангинуулав аа. Ээж минь нээрэн л намайг “Маягтай амьтан” гэж загнадаг байсан шүү дээ. Би охиноо чанга гэгч тэврээд “Ээж нь ээжийгээ ямар их санаж байна аа” гэхэд бяцхан гараараа яг л ээж шиг минь толгой илж өгсөн. Бид охиноо мэндлэхэд Ээл гэж нэрлэсэн юм л даа. Тэгээд “Ээл ээ” гэхээр надад одоо яг л ээжийгээ дуудаад, ээжтэйгээ хамт л байдаг мэт санагдах болсон. Хожим ээжийгээ дуудахгүй болохын цагт өөртөө ийм мэдрэмж төрүүлэх гэж өгсөн нэр биш юм шүү дээ. Ээж хүн үгүй болдоггүй, эгнэгт байдаг аж.    

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
16
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхтунгалаг 2020.03.08 172.69.252.149

Уйлан мэлмэрэн уншлаа

0 Хариулах


Зочин 2020.03.06 172.69.45.137

iluu tuduu yumgui yasan saihan bichsiin be? yaltchgui uuruusuu eejiigee, ohinoosoo uuriiguu harah shig boldog shu <3

0 Хариулах


Зочин 2020.03.06 172.69.252.143

Ёстой гоё бичжээ. Ээж хүн үгүй болдоггүй эгнэгт байдаг.

0 Хариулах