Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Humans of Ulaanbaatar: Бид хүссэн юм


Хэвшмэл ойлголтыг эвдэж яваа дөрвөн бүсгүйн урам зориг өгөх түүхийг “Humans of UB” энэ удаа онцоллоо. Тэд амьдралдаа сэтгэл хангалуун, өдөр бүр хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэрдэг. Учир нь тэд үүнийг хүссэн болохоор тэр.

Э.Болорцэцэг, сагсан бөмбөгийн спортын мастер, дасгалжуулагч

Ээж минь насаараа багшилсан учраас би бага байхаасаа л багш болно гэж боддог байлаа. Анх зургаадугаар ангид байхад манай сургуулийн сагсан бөмбөгийн багш намайг хөдөлгөөнтэй, сэргэлэн юм гээд шигшээ багт оруулж байсан. Тухайн үед Монголд сагсан бөмбөг тийм ч их хөгжөөгүй, ялангуяа эмэгтэй тамирчид цөөн байсан юм. Жилдээ тоотой хэдхэн тэмцээн зохиогдоно. Дунд сургуулиа төгсөөд багын мөрөөдлөө дагаад монгол хэл-уран зохиолын багш болох зорилготой байсан боловч Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас суралцах урилга ирсэн. Яахаа шийдэж чадаагүй байхад ээж минь надад биеийн тамирын багш болохыг зөвлөсөн юм. 2007 онд их сургуулиа дүүргээд, төгссөн сургуульдаа буюу 87 дугаар сургуульд багшаар орсон. Тавдугаар ангийн эмэгтэй хүүхдүүдийг хоёр жил бэлтгээд анхны мини сагсан бөмбөгийн тэмцээнд орж байлаа. Түүнээс хойш олон шавь нартай болж улс, дүүргийн өсвөрийн эмэгтэй шигшээ багийг дасгалжуусан. 

Одоогоор би нийслэлийн 33 дугаар сургуульд багшилдаг. Өнгөрсөн жилүүдэд багийнхан маань олон амжилт гаргаж, жил дараалан Польш, Орос, Хятад улсад тэмцээнд оролцохын хажуугаар аялсан. Хүүхдүүдтэй ажиллах надад их амар санагддаг. Яагаад гэвэл аливааг сурахдаа хурдан, харилцахад амар, гэгээлэг ертөнцүүд байдаг учраас тэр. Сагсан бөмбөг надад их зүйлийг өгсөн. Энэ спорттой амьдралаа холбосон минь надад дуртай зүйлээ хийхийн хажуугаар өсөж дэвших, гадаад орноор аялах, үе үеийн олон тамирчдийг бэлтгэж түүхэнд нэрээ үлдээх олон онцгой боломжийг олгосон. 

Ч.Гантуяа, ахлах ахлагч, зэвсэгт хүчний 315-р ангийн хээрийн удирдлагын байрын ангийн дарга

Намайг бага байхад хүүхдүүд багш эсвэл эмч болох л сонирхолтой байсан. Би ч бас бусдын адил бодолтой байлаа. Аравдугаар ангиа төгсдөг жил ээж минь зэвсэгт хүчний 124-р цэргийн ангид нягтлангаар ажиллаж хажуугаар нь цайны газар ажиллуулдаг байв. Ээждээ туслах гэж очсоор нэг л мэдэхэд цэргийн анги их дотно санагддаг болчихсон. Тэр цэргийн анги дээр радио телеграфчин буюу холбооны мэргэжлээр курс хичээллэхэд нь суралцахаар шийдсэн.

Холбоочны ангид 30-40 хүн суралцдаг, нэгэнт цэргийн хүмүүс болж байгаа учраас жагсаалын дарга гэж байна. Манай жагсаалын дарга тухайн үед дадлагаа хийж таарсан, Цэргийн их сургуулийн төгсөх курсийн оюутан Чинзориг гэж хүн байлаа. Анх тэгж л нөхөртэйгөө танилцаж, цэргийн салбартай амьдралаа холбосон юм даа. Түүнээс хойш 20 гаруй жил цэрэг, хүчний салбарт хамтдаа хүчин зүтгэж явна. Хамтдаа хээрийн бэлтгэлд явна, хөдөө орон нутагт ч ажиллаж байсан. Одоо хүү минь ОХУ-д цэргийн сургуульд суралцдаг. Цэргийн эмэгтэйн амьдрал бусдаас арай өөр байдаг ч би өөрөө энэ замыг сонгосон, гэр бүл минь намайг ойлгож, үргэлж хамт байдаг учраас надад хэзээ ч хэцүү санагдаж байгаагүй ээ.

М.Пүрэвням, гагнуурчин, “Tano Group, Inc” компанийн ажилтан

Багадаа хүүхдүүдтэй тоглохдоо араар нь орж нуугддаг нэг дөрвөлжин төмөр хайрцаг байсан юм. Малчин айлд төрж өссөн бяцхан охинд малын толгой, шийр хуйхлахаар улайстал нь халаасан ч нугардаггүй тэр төмрийг хооронд нь яаж холбодог нь гайхмаар бас сонирхолтой байж билээ. 

2009 онд бусдын л адил мөнгө олж, амьдралаа босгохоор Солонгос улсыг зорьлоо. Угаагч, цэвэрлэгчээс эхлээд кимчи, хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байгаад Сөүл хотоос алслагдмал байрлах усан онгоцны үйлдвэрт ажиллалаа. Анх очиход их шуугиантай энд тэнд гагнуурын оч үсэрсэн, аюултай дүр зураг угтсан. Төмрийн үртэс, хаягдлын цэвэрлэгч хийж байхдаа том хувцас, баг өмссөн гагнуурчдыг хараад тэднийг хамгийн муу, хүчир ажлыг хийж байна даа гэж боддог байлаа. Гэсэн ч нөгөө бяцхан охины сониучхан зан хэвээр, тэдний хийдэг зүйл сонирхол татсаар. 

Нэг өдөр хоолны газарт гагнуурчны том хувцасаа тайлаад орж ирсэн цагаан гартай, залуухан хоёр хятад эмэгтэйг хараад их гайхахын хажуугаар би ч бас хийж болох юм гэж бодогдсон. Зөвхөн бэлтгэгдсэн хүмүүс л ажилладаг байсан ч дарга маань надад итгэж ажиллах боломж олгосон юм. Тэндээ суралцаж таван жил ажиллаад монголдоо ирэхэд байгууллагууд их л сонирхож, уриалгахан хандаж байсан. Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын “Tano Group, Inc” компани Монголоос гэрээт ажилтан авах ажлын ярилцлагад 60 гаруй хүнээс ганцаараа тэнцчихсэн. Гуам аралд жилийн хугацаатай байрлан, “Эксон Мобил” компанийн гүйцэтгэлийн ажилд оролцож байгаад одоогоор амралтаа аваад ирчихсэн байна. Гагнуур хийхэд өмнө нь төсөөлж байгаагүй тайвшрал, сэтгэл ханамжийг өгдөг. Би ажлаа хийж байхдаа цаг хэрхэн өнгөрч байгааг ч анзаардаггүй. Тэр том маскны цаана эх орон, гэр бүлээ санахдаа уйлж, тэсэхэд бэрх халуунд өөрийгөө сатааруулахын тулд дуулж, орилж байсан үе ч байсан даа.

Ё.Чанцалдулам, зурагчин, чөлөөт уран бүтээлч

Бага нас минь дуулж, бүжиглэж өнгөрсөн. Дотроосоо л урлагт дурладаг байсан ч бусдад тэр хүслээ хуваалцаж байгаагүй. Урлагийн хүн болох хүсэл байсан ч яагаад ч юм “угаасаа болохгүй юм чинь дээ” гэсэн бодлоос болоод тэр талаа хөгжүүлээгүй. Бусдын сургаалиар математик, физикийн хичээлээ л сайн хийх ёстой гэж боддог байлаа. Мэргэжил сонгохдоо ч эдийн засагч аль эсвэл инженер болно гэж бодож байгаад компьютер график дизайны ангид орсон юм.

Багш нар маань зураг авч сурах нь хэрэгтэй гэж зөвлөж байсан учраас хоёрдугаар курст байхдаа анх зураг авч үзээд яг л заяаны ханьтайгаа учирлаа гэмээр мэдрэмж авсан даа. Тэр өдрөөс хойш өдөр бүр гар утсаараа зураг авах болсон. Автобусанд суугаад гэртээ харьдаг байсан бол алхаад замдаа тааралдсан зүйлсийн зургийг авна. Хүмүүс чөлөөт цагаараа гадуур зугаалж, хөгжилдөж байхад би гэртээ зургаа янзлаад суудаг байсан. Нэг л мэдэхэд гэрэл зурагт ямар их дурлаж, татагдсанаа мэдэрсэн. Өөр ямар нэгэн зүйл хийгээд түүндээ дуртай байлаа ч яг ийм хэмжээний байж чадахгүй гэж бодогдсон. 

Баримтат зургийн төсөлд орж ажилласан маань бас нэгэн талархууштай тохиол гэж боддог. Баримтат зураг, хувцас загварын зураг аль алинд нь өөрийн төсөөллөө оруулж, бүтээлч байлгахыг хүсдэг.  


Бэлтгэсэн: М.Тэргэл

холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Ачааны гадаргуу дээрээс арчдасын шинжилгээ авах үүрэг өгөв
2
10 цагийн өмнө
Хяналтын ажилтан өдөр бүр автобусанд хяналт тавьж байна
3
11 цагийн өмнө
Улаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэрт 3 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 235 боллоо
санал болгох
1
9 цагийн өмнө
СУДАЛГАА: 2050 он гэхэд дэлхийн хүн амын 50 хувь нь илүүдэл жинтэй болно
2
9 цагийн өмнө
"Black Panther" киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх онд эхэлнэ
3
10 цагийн өмнө
Ачааны гадаргуу дээрээс арчдасын шинжилгээ авах үүрэг өгөв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхбаяр 2020.03.07 172.69.252.151

Мундаг эмэгтэйчүүдэд бүгдэд нь баяр хүргэж амьдралд нь аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

0 Хариулах


Зочин 2020.03.07 172.69.45.135

Bugd l dandaa iim goy gegeeleg bdag bol ymar goy ve, setgel sanaa, bodol ni urgelj l saihniig harj ter hereeree amidral ni ch bas dagaad iluu goy saijraad. Durtai umaa hiih tusam l hun iluu ih taashaaliig mederdeg gdg bolovch buh l zuiliig sonirhood sudlaad uzvel bugd l sonirholtoi taashaltai bdg. Onoogiin niigemd bugd l ajlaa zuhsen, durgui , arai ydan l ajil, surguulidaa ochdog l haragddag. Gevch ajilladag gazriinhaa munguur tsalinjij baij ,dandaa l muu heleed golood bdg humuusiig bi ih gaihdag. Ta uuruu l uuniig songoson shude. Dandaa durgui yvdag surguuliinhaa achaar l onoodor unshij bichij baga ch zuilsiin talaar medeed tsaash ni uuruu iluu ih sudlaj medej bga ni surguuliin l ach shude . Zugeer bugd onoodor ng tiim lost bgaach, alivaa zuuliin goy saihniig harj, busdad helj , oilguulj bval l gesen setgegdliin uunees ene comment bichlee

0 Хариулах