Хайх зүйлээ бичнэ үү

Эрчүүдэд зориулж, тэдэнд хаягласан мэдээлэл, зөвлөгөө хүргэх ээлжит нэгэн ярилцлагаараа бид АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн ахлах багш, сэтгэцийн эмч, сэтгэл засалч Д.Оюунсүрэнтэй ярилцлаа. 

-Эрчүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар, эр хүн гэж чухам хэн болохыг сэтгэлд судлалын үүднээс бидэнд хэлж өгөөч. 

-Эрчүүд буюу эр хүйстнүүд байгалаасаа авран хамгаалах, бусдыг нөмөр нөөлөгтөө авах зөнтэй хүмүүс л дээ. Тэгж байж хүч чадлаа мэдэрдэг, өөртөө сэтгэл хангалуун болдог. Энэ бахархал бүхий зангаасаа болоод эрчүүд заримдаа эмэгтэй хүнээс ч илүү бардам байдаг. Эр хүний байгалийн энэ өгөгдлийг чухам хүү нартаа, хөвгүүддээ хэрхэн зөв төлөвшүүлэх вэ гэдэг дээр л өнөөдөр их анхаарах шаардлагатай болж байна. Авран хамгаалагч эрчүүд байх гэсэн сэтгэл зүй нь тэдний өнөөгийн нийгэм дэх байр суурь, бодит байдалтай нь зөрчилдөж буйн улмаас эр хүн сэтгэл зүйн хувьд зөрчилтэй, эр бяр, хүч чадлаа өөр арга замаар илэрхийлдэг, оюуны хүч биш биеийн хүч, эд хөрөнгө, эрх мэдлийн хүчиндээ найддаг болсныг өнөөдөр бид харж байна. 

Харин уламжлалт ёс, үүх түүхээсээ үзвэл нүүдэлчин монгол эр хүн алсын маневр сайтай, холын бодолтой, уужуу ухаантай, өргөн орон зайд сэтгэдэг ийм хүмүүс. Монгол эр хүн гэрийн гадаах ажлаа төвхнүүлж, мэдээлэл харилцааны үйлд оролцдог, гэр доторх мэдээллийн эх сурвалж байж л дээ. Хол ойрын хүнтэй уулзаж, аяны хүнтэй үг сольж, авсан мэдээллээ өөрийн ухаанаар боловсруулаад гэртээ ирж түгээдэг. Хүүхдүүддээ ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэж, хүмүүжүүлдэг. Өнөөдрийн бидний суурин амьдрал энэ бүхнийг орвонгоор нь өөрчилжээ. Гэтэл энэ уламжлалт сэтгэл зүй нь хэвээр атлаа эрчүүд маань нүүдлийн "хөдөлгөөнт ахуй"-гаас огт өөр нийгэмд, ондоо нөхцөл байдалд, эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөртэй цаг үед дасан зохицож амьдрах хэрэгтэй болжээ. Эсрэг талд нь эмэгтэй хүн бол тархиныхаа хоёр талын бөмбөлгийг хоёуланг нь ажиллуулдаг, дасан зохицох чадварын хувьд эрчүүдээс өндөр, уян хатан шинж чанартай ба өөр олон шалтгааны улмаас эмэгтэйчүүд эрчүүдээс нэг алхмын түрүүн явж буй нь үнэн. 

-Суурин иргэншилд зохицсон сэтгэл зүйн хэв маяг бүрдүүлэх, тодорхойлох хэрэгтэй байгаа юм байна гэж ойлголоо.

-Тийм. Бид хот хүрээнд амьдраад хэр удаж байгаа билээ. Бидний хувьд бол суурин иргэншил цөөхөн жилийн түүхтэй цоо шинэ зүйл. Энд тохирсон монгол эрчүүдийн нийгэмшил, сэтгэл зүйн хэв шинж, үзүүлэлтүүдийг судлаж, тодорхойлох ажил эхлээ ч үгүй байна. Ер нь аливаа нийгмийн болон сэтгэл зүйн чиглэлийн судалгаанд маш их цаг хугацаа, өртөг хөрөнгө шаарддаг л даа. Энэ тал дээр манайх маш учир дутагдалтай. Жишээ нь, Шинжлэх ухаан технологийн сангаас судалгааны төслүүд шалгаруулж санхүүжүүлдэг боловч шалгарсан төслүүд нь дандаа хурдан хугацааны, хормын төдийд үр дүнгээ үзүүлэх ажлуудыг сонгосон байх жишээний. Гэтэл цаана нь нийгэмд маш их ач холбогдолтой нийгмийн болон сэтгэл зүйн судалгаанууд хоцрогдсоор, бид олон зүйлийг ойлгож, таньж, судлаж мэдэхийг хойш тавин явсаар л байна.

-Эрчүүдийн өнөөгийн нийгэм дэх байр суурь чухам ямар болоод сэтгэл зүй, төрөлх чанартайгаа зөрчилдөөд байна? 

-Миний мэргэжил сэтгэцийн эмч, мэргэшил маань сэтгэл засалч. Хорь орчим жил энэ мэргэжлээр ажиллаж байна. Энэ хугацаанд сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж, сэтгэл зүйчид хандаж буй хүмүүс бүгд эмэгтэйчүүд. Тэдэнд тулгарсан асуудал нь ихэнхдээ эрчүүдтэй холбоотой. Хамтрагч, найз зайлуу, нөхөр, эсвэл хөвгүүдийнхээ тухай ярьж, зөвлөгөө авдаг. Тэдэнд зөвлөгөө өгч хамтран ажиллахын тулд зайлшгүй эрчүүд гэж хэн юм бэ гэдэг асуудлыг эргэж харах шаардлагатай болдог. 

Манай сэтгэцийн эрүүл мэндийн салбарт гарын арван хуруунд багтах, цөөн тооны эрчүүд ажилладаг л даа. Уг нь дэлхийн жишгээр бол цэргийн эрүүл мэнд болон сэтгэцийн эрүүл мэндийн салбарт эрчүүд давамгайлдаг харин манайд энэ нь эсрэгэрээ. Бүр сэтгэцийн хурц шинж тэмдэгтэй хүмүүстэй тулж ажиллаж байгаа хүмүүс хүртэл бүгд эмэгтэй. Гэтэл хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тэн хагас нь эрчүүд байдаг. Тэр байтугай хуулийн тасаг буюу сэтгэцийн өвчний улмаас нийгэмд аюултай, хуулийн хариуцлага хүлээх чадваргүй, албадан эмчилгээ заагдсан хүмүүсийн тасагт хүртэл эмэгтэйчүүд л ажилладаг. Сүүлийн жилүүдэд СЭМҮТ бодлогоор эрэгтэй сувилагч ажилд авдаг болсон ч тэд маань тогтвор суурьшилтай ажилладаггүй байх жишээний.

Ингээд зөвхөн манай салбарт биш, бүх салбарт тогтвортой ажил эрхэлж буй нийт ажиллах хүчний дийлэнх нь эмэгтэйчүүд. Яагаад эмэгтэйчүүд л зөвхөн ажил хийгээд байгаа юм бэ? Уламжлалт талаас нь харсан ч эхнэр, ээжийн үүргээ гүйцэтгэхэд л болно гэх үзэл бүхий соёл хүчтэй байсаар байхад манайд эмэгтэйчүүд гэр бүлийн үүрэг хариуцлагын хажуугаар давхар эдийн засгийн болон бусад хариуцлага, амьдралын гол асуудлуудыг нуруун дээрээ үүрч яваа нь яалт ч үгүй үнэн. 

Эмэгтэйчүүдийн боловсрол, ажил эрхлэлтийн байдал эрчүүдийнхээс өндөр, жил ирэх бүр улам өсөн нэмэгдэх хандлагатай болж байна. Нэг талдаа сайн. Эмэгтэйчүүдийн амьдралын чанар дээшилж байна. Гэтэл нөгөө талдаа тэр хэрээр эрчүүд сул дорой болж байна.

Биологийн талаасаа эр амьтны чухал шинж чанар бол авран хамгаалах зөн. Гэтэл эмэгтэйчүүд нийгэмд гүйцэтгэх үүрэг массын хувьд ч, макро болоод микро аль ч түвшинд эрчүүдээс дээш гараад эхлэхээр эрчүүдийн тэр зөн яаж ажиллахаа ойлгохгүй, тэр биологийн шаардлага нь бие хүний төлөвшилд зөрчил үүсгэж байна.

-Хөвгүүдийнхээ боловсролыг орхигдуулж, охидоо сургуульд сургаснаар ийм тэнцвэргүй байдал үүсэх эхлэл боллоо гэж үзээд байгаа шүү дээ.

-Яг тийм, академик боловсролыг хөвгүүд бага эзэмшиж байна. Охидуудаа илүү боловсролтой болгоод, хөвгүүд яах вэ эр юм учраа олно гээд хаясан нь үүний шалтгаан мөн. Хөдөөгийн малчин өрхүүд хүн хүч хэрэгтэй болоод ирэхээр хөвгүүдээ авч үлдээд охидоо сургуульд явуулсан. Охид нь янз бүрийн, шат шатны боловсролын байгууллагаар хүмүүжиж, яаж ийсээр хөгжсөн байдаг. Ядаж л нэг ямар ч хамаагүй боловсрол эзэмшсэн дипломтой болсон. Ухвар мөчид бодсон ч энэ диплом тэр эмэгтэй хүний хувьд нөмөр нөөлөг болж хувирна. Одоо өөрт байгаагаасаа илүү хүчтэй дипломтой хүний нөмөр нөөлөгт ормоор байна. Үгүй бол эр хүн тийм ч чухал биш. Ийм л болж эхэлдэг. Хүн хэдий сайн сайхан хүмүүжил төлөвшилтэй байлаа ч системтэй боловсролоор хөгжөөгүй тохиолдолд сэтгэх цараа хязгаартай байдаг тул боловсрол бол маш чухал гэдгийг энэ харуулж байна. 

-Одоо гэтэл эргээд боловсрол тийм ч чухал биш гэж үзэх боллоо шүү дээ. Сургуульд сурах албагүй гэж ярьдаг боллоо. 

-Ялангуяа хөвгүүд тэгж ярих болжээ. Тэр Билл Гейтс сургууль төгсөөгүй ч гэсэн сайхан амьдарч байна гэдэг ч юм уу. Эрэгтэй хүн бол боловсрол мэдлэгээс илүү мөнгөтэй байх ёстой, яаж ийгээд мөнгө олох ёстой гэх бодолтой, мөнгө гэдэг зүйл өөрсдийнх нь хүч чадлын илэрхийлэл болж эхэлсэн. Гэтэл мөнгө бүхний хэмжүүр биш. Ялангуяа суурь хүмүүжил, сэтгэлийн дотоод хөгжлийг дагаж ирсэн төлөвшил мөнгөөр хэзээ ч хэмжигдэхгүй.

Хялбар байдлаар амьдралыг туулах гээд, өнгөц байдлаар чадварлаг хүний дүр эсгэх хэрэгтэй болох шаардлага эндээс ургаж байна. Үүндээ янз янзын аргаар хүрч байна. За бодож үзье. Бидний ярьдаг цүнх баригч гэж хэн бэ. Энэ эмэгтэй биш эрэгтэй хүн байдаг. Ийм дарга дагаж гүйх сонирхолтой залуучууд трэнд болоод ч байх шиг. Өнөөдөр монголын нийгмийн тогтолцооны чи хэн байх ёстой, түүндээ ямар арга замаар хүрэх вэ гэдэг бохир аргачлал охидоос илүү хөвгүүдэд нөлөөлж байна.Үүний цаана сэтгэл зүйн болон академик боловсролын асуудал л байна. 

-Та түрүүн эмэгтэй хүн эрчүүдээс илүү дасан зохицох чадвартай гэж хэлсэн. Үүнийг тайлбарлаач

-Хүний суурь төлөвшил, амьдралын даваа нугачааг даван туулах чадвар хөвгүүдээс илүү охидод суусан байх хандлага ажиглагдаж байна л даа. Энэ нь эцэг эх, боловсролын байгууллагууд хөвгүүдийнхээ сэтгэл зүйн төлөвшил дээр дутуу анхаарснаас үүдэлтэй.

Хөлд орж байгаа хүү охин хоёр тэнтэр тунтар явж байгаад уначихлаа гэж бодъё. Сайн ажиглавал унасан охин дээр бүгд шавж эвийлэх бол хүүг “Эр хүн болох гэж байж битгий нялцганаад, уйлаад байгаарай” гэнэ. Тэгэхээр өнөө жаахан амьтан чинь эрэгтэй хүн уйлж болдоггүй юм байна, өөрийгөө илэрхийлж болохгүй юм байна гэдэг олйголт шууд төлөвшинө. Өөрийн юу хүсэж буй болон юунд дургүй буйгаа илэрхийлж сурах гэсэн эхний алхмууд нь ингээд түрүүчээсээ няцаагдаад эхэлдэг. Ингээд няцаагдахын хэрээр бусдаас өөрийнхөө хөгжилд хэрэгтэй тусламж дэмжлэгийг цаг тухайд нь авч чадахгүй нэгэн болно. 

Хүн юу хүсч байна, юу илэрхийлмээр байна тэр боломж нээгдэхийн хэрээр бусдаас дэмжлэг авч, өөрийнхөө учрыг олоход арай хялбар болдог л доо. Үгүй бол зөвхөн өөрөө л өөрийнхөө учрыг олж, ганцаараа хөгжлийн шатуудаа даван туулах нь. Ингэхээр тэр хүний хөгжил нүдэнд үзэгдэхгүйгээр хоцорч эхлэнэ. Яах вэ ихэнх хүн ганцаараа хөгжиж чадах ч гэлээ цөөнгүй хүн, тэр дотроо хөвгүүд сэтгэл зүйн хөгжлийн асуудал, зөрчилтэй болж буй талтай. Охид, эмэгтэйчүүдэд ч асуудал илэрдэг, гэхдээ тэд тусламж авч чаддаг давуу талтай. 

-Тэгвэл ер нь эрэгтэй хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлбэл зүгээр вэ?

-Ер нь эцэг эх нь багад нь суурийг нь зөв тавьчих юм бол хүссэн хүсээгүй хүүхэд цаашаа замаа олно. Тиймээс бид хүүхдүүддээ л анхаарч цаг гаргах ёстой. Сэтгэл зүйн төлөвшилд нь анхаарах ёстой. Гэхдээ хөвгүүдийг онцолмоор байдаг. Багаас нь өөрийгөө илэрхийлэх боломжийг л олго. Тэднийг сонс. Тэдэнд цаг гарга. Эцэг, эхчүүдтэй уулзаж байхад хүүхэддээ гаргах цаг байдаггүй, ажил ихтэй гэдэг. Гэтэл хүүхдэд цаг гаргана гэдэг бол гэрийн ажлаа хийсэн ч хамт хийж, оролцоог нь үнэлж, урамшуулах зарчмаар явах ёстой. Тэрнээс биш зүгээр л хэдэн цагаар хамт тоглоод суух тухай биш. Хийж буй зүйлдээ хүүхдээ оролцуул. Саналыг нь асуу. Үзэл бодол, өдрийг хэрхэн өнгөрөөсөн зэргийг нь сонсох цаг энэ үед л гарна. 

Өнөөдөр зөв монгол эр хүн гэж хэн байх юм бэ гэдгийг аавууд хөвгүүддээ үлгэрлэмээр байдаг боловч тийм аав хэд хэчнээн байна вэ гэж бодоход учир дутагдалтай. Дахиад л өнөөгийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хар. Эрчүүд гэрийн эзэн нэртэй боловч санхүүгийн эх үүсвэр, гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн хүмүүжил зэрэгт эмэгтэй хүн л бүх цагаа зарцуулдаг. Ерөөсөө эмэгтэй хүнд байгалаас өгөгдсөн төрөлхийн шинж чанар дээр нь дөрөөлөөд энэ бүхнийг чи л хий гээд даалгачихсан. 

-Тэгэх тусам эмэгтэйчүүд нь хүчирхэгжээд, эрчүүд нь доройтоод байна гэж ойлгож болох уу?

-Тийм. 

Эмэгтэй хүн би чадалтай байх юм бол надад эрэгтэй хүн хэрэггүй гэж мэдрэх хандлагатай болж байна. Буруутгах арга байхгүй. Хүн хүйс хамаарахгүйгээр жаргалтай амьдралын төлөө л явж байгаа. Гол нь тэр жаргалтай амьдралын хэмжүүрүүд нь алдаатай болчоод байна. Тэрэнд ямар арга замаар хүрэх тухай концепци нь ч алдаатай.

Ингээд бүхэлд нь харахаар зөв хүн байх гэдэг концепци манай улсын хувьд сул хөгжсөн, маргаантай, зөрчилтэй. Хүн бүхэн өөр өөрийн "зөв" гэсэн хэмжүүрээр, заримдаа хар зөнгөөрөө л өнөөгийн нийгэмд амьдарч байна. Харамсалтай нь үүний гол хохирогч нь хүүхдүүд болдог. Зөв төлөвшилтэй эр хүн болгож чадахгүй байгаагаас болоод хүчирхийллээр асуудлаа шийддэг, хүчирхэг дүр эсгэсэн сул дорой эр хүн болгоод байна.

Эмэгтэй хүн алдахад хүмүүс ойлгодог. Зайлуул сул дорой юм гэдэг. Эрэгтэй хүн алдахад хэн ч тэгж ойлгодоггүй. Хохь чинь л гэдэг. Чи чадалгүй, сул дорой байна гэдэг. Эрэгтэй хүн сэтгэл зүйн хувьд хэн байх вэ гэдэг нь ойлгомжгүй болчихоод байна гэх үү дээ. 

-Эрчүүдийн сэтгэл зүйчид хандах шалтгаанууд юу байна вэ? 

-Хосын амьдралын асуудал, бэлгийн амьдрал, өөртөө итгэлгүй, ажил амьдрал нь бүтэлгүйтсэн тохиолдлууд гэх мэт янз бүр л дээ. Харин хөвгүүдийн хувьд ихэвчлэн тоглоом болон донтолтын асуудал байдаг боловч үүний цаад шалтгаан нь суурь төлөвшлийн л асуудал байдаг. Энэ их ээдрээтэй. Эрчүүд ер нь өөрсдөө зориод ирэхээс илүүтэй эхнэр, гэр бүлийнхэн нь авч ирдэг. 

-Тэгвэл та эрчүүдийг өөрт нь ямар сэтгэл зовиурын шинж илэрвэл хойш суулгүй сэтгэл зүйчид хандаарай гэж зөвлөх вэ?

-Эрүүл мэнд талаасаа сэтгэлийн хямралд орж байгаагийн эхний шинж нойронд илэрдэг. Нойргүйтээд, тавтай унтаж чадахгүй, нэг төрлийн бодол байнга эргэлдээд байвал энэ нь танд асуудал үүслээ шүү, үүнийгээ шийдээрэй гэсэн дохио юм. Хэвийн нойрсож чадахгүй байгаа нь тогтвортой байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан байна. Өөрөө арга хэмжээ аваад нэмэр багатай, дахин дахин үргэлжлээд байвал хугацаа алдахын оронд мэргэжлийн хүнд хандаарай. Хүн өөрөө өөрийгөө ойлгож асуудлаа мэдэж байгаа ч түүнийгээ харах өнцөг нь хэвшмэл загварт орчихсон байдаг учраас олон талаас нь харж тэр бүр чаддаггүй. Сэтгэл зүйчид хандснаар өөрийгөө олон талаас нь харах боломж нээгдэнэ. 

Хүмүүс ихэвчлэн ямар нэг бодит хариулт хайж ирдэг л дээ. Тийм үгүй гэсэн хариулт. Тийм биш. Таны мухардалд ороод буйг, үүнээс яаж гарахыг, танд ямар нөөц байна гэдгийг таниулж, чиглүүлж, гарц нээх боломжийг танд олгодог юм шүү. Хүнд ганцаараа давж чадахгүй зүйлс олон байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч, бусдын тусламжийг авах зоригтой байх хэрэгтэй. 

-Тусламж авахаас татгалзаж явсаар амиа хорлох хүртэл аюулд ордог тухай уншсан юм л даа. Бид амиа хорлолтын үзүүлэлтээр дэлхийд дээгүүр жагсаж байна. Үүний дийлэнх нь эрчүүд байна. Энэ юунаас болж байна?

-Монгол залуу эрчүүдийн сэтгэл зүйн дархлаа сул байгаад байх шиг. Би энэ талаар судалгаа хийсэн л дээ. 1991-2014 онд Улаанбаатар хотод бүртгэгдсэн амиа хорлон нас барсан 4190 хэргийг судалсан. Хохирогчдын 86% нь эрэгтэй, хамгийн залуу нь 7 настай, хамгийн хөгшин нь 82 настай тохиолдол байсан. Гол массын насны бүлэг 20-29 нас байсан бол амиа егүүтгэгсдийн дундаж нас 25-27 нас байсан. Гэрээслэл үлдээсэн тохиолдлын ихэнх хувь нь хайр сэтгэл бүтэлгүйтсэн, ажилгүй болон архинд орсон, багахан хувь нь гэр бүлийн харилцаанаас шалтгаалсан, өр ширэнд орсон гэхчлэн шалтгаанууд байна.  

Нийгмийн сэтгэл зүй, цаг уур, биологийн хүчин зүйл, макро эдийн засгийн нөхцөлд гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Төрөлхийн эрсдэлтэй төрсөн үү гэдгийг харахын тулд зурхайн талаас нь ч мөн судлах оролдлого хийсэн л дээ. Үр дүнгээс нь харахад нийгэм, эдийн засаг, цаг уурын нөхцлүүдээс гадна тухайн хүний төрсөн жилийн зурхайн үзүүлэлтүүд хүртэл амиа хорлох үзэгдэлтэй хамааралтай байж болох дүгнэлтэнд хүрсэн. Монголчуудын уламжлалт ухаан, соёл, ёс заншлыг шинжлэх ухааны талаас судалж үзэх шаардлагатай гэж боддог болсон. Дан ганц барууны ойлголтуудыг хүчээр авчирч нааж болохгүй мэт. Ийм ч учраас уламжлалт нүүдэлчин ахуйтайгаа холбож, уламжлалт ухаантай хослуулж, монгол хүнийг судлах шаардлагатай гэж хардаг. 

-Амиа хорлох аюулаас хэрхэн сэргийлж, тусламж дэмжлэг өгөх вэ? 

-Амиа хорлохын өмнө хүн мухардаж, гацсан мэдрэмжтэй болсон байдаг шиг санагддаг. Янз янзын аргаар үзээд л, тэр бүртээ мухардаад байдаг. Тэндээ удаан гацсан байдаг. Үүнээс сэргийлэх гол арга зам бол хүнтэй ярилцаж, тусламж хүсэх.

Хүн төгс биш, хүнд шийдэж чадахгүй асуудал маш их байдаг тэглээ гээд тэр бүхнийг шийдэх эцсийн арга зам нь амиа хорлолт биш. Асуудлаа шийдэж чадахгүй бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэж чадахгүй байгаагийн сэтгэл зүйн хориг нь ичгүүр байдаг.

 Түрүүн хэлсэн эрэгтэй хүүхдийн мэдрэмж илэрхийллийг цааш нь түлхээд, айж ичих гэдэг зүйл байж болшгүй мэт санагдтал нь хаагдмал болгож байгаа нь буруу. Ичиж, айж хоригт орсноороо амьдралаа эрсдэлд оруулж байна. 

-Хөвгүүд, эрчүүдэд тулгардаг хүчирхийллийн хэлбэрүүд байдаг уу? 

-Биеийн, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгйин хүчирхийлэл бүгд тэдэнд тохиолддог. Илүү далд л байдаг. Бэлгийн хүчирхийлэлд хөвгүүд хохирогч болж буй тохиолдол маш олон байхад бид ярьдаггүй. Эрэгтэй хүүхдийн бэлгийн эрхтнийг тамхилж байна хэмээн үнэрлэдэг халдлагаас л энэ бүхэн эхэлдэг. Үүнийгээ хүчирхийлэл ч гэж мэддэггүй. За тэгээд хөвгүүд өөрсдөө зодсон, нүдсэн шалбарсан, цус гарсныг л хүчирхийллийн хохирогч боллоо гэж ойлгодог. Гэтэл үүнийгээ хэллээ ч нэмэргүй, эр юм байж арчаагүй хүнд зодуулж буй бол хохь нь шүү дээ л гэнэ. Тэгэхээр эрэгтэй хүн өөрийгөө арчаагүйдээ хохирогч боллоо гэж бодож эхэлдэг. Эр хүйсийн сэтгэл зүйн онцлог чинь авран хамгаалагч шүү дээ, гэтэл нөгөө арчаагүйдээ зодууллаа гэдэгтэй нь зөрчилдөөд эхлэхээр тэд нуудаг. 

Гэр дотор эрэгтэй хүүхдэд охидоос илүү хүнд хүчир зүйл үүрүүлдэг. Энэ чинь л эргээд эр хүн болохоороо чи хүчирхийлэгч болоорой гэж өөгшүүлж буй хэрэг юм шүү дээ. Эр бяраа гаргахын тулд зодох ёстой юм байна, мундаг гэдгээ харуулахын тулд янз бүрйин эрсдэлтэй зүйл хийх ёстой юм байна гэдэг ч юм уу. 

Гаднаас нь харахад эмэгтэйчүүд л хүчирхийллэд өртөөд байх шиг мэт боловч эрчүүд тийм ч их дутахгүй. Би өөрийн 20-иод жилийн ажлын туршлагаасаа харахад ерөөсөө хэн санхүүгийн чадавх өндөртэй байна тэр хүн хүссэн хүсээгүй бусдадаа дээрэлхүү ханддаг. Тэгэхээр нийгэмд эмэгтэйчүүд давамгайлж ирсэнтэй холбоотойгоор эрчүүд ч гэсэн эдийн засгийн хүчирхийллийн хохирогч болж байна. Эхнэр, хүүхдүүдийн хувьд тэр эр хүний тухай үнэлэмж орлого багын хэрээр буурч ирдэг. Хохирогч гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, би хүч чадалтай хүн гэдгээ илэрхийлэх арга зам нь архи ууж эмэгтэй хүнийг зодох ёстой мэт санагдуулна. Ингээд аваад үзэхэд жендэрийн асуудал, хүчирхийллийн асуудалд олон хүчин зүйл нөлөөлдөг нь харагддаг. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
0
6
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.22 172.69.252.151

Сайхан нийтлэл байна маш олон талаас эргэцүүлэмж хийсэн байна

0 Хариулах


Зочин 2020.08.02 162.158.7.108

Яг үнэн

0 Хариулах


123 2020.03.19 172.69.252.139

Сайн нийтлэл байна. Олон түмэнд түгээ

0 Хариулах


Lol 2020.03.19 141.101.69.70

Tamhi alcohol togloom bhd yamar hereg bna?

1 Хариулах