Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Хамтдаа ганцаардъя хүн төрөлхтөн минь


“Хүн өөрөө өөрийнхөө тухай ахин дахин эргэцүүлж, өөрийн оршихуйг бусад бүх оршихуйтай жишин үзэж, энэхэн ертөнцийн бөглүү мухар дахь төөрөлдсөн амьтан болохоо танихад ганцаардал тусална”

Блейз Паскаль

Ганцаардал гэдэг нь хүнд зайлшгүй төрөх ёстой мэдрэмж үү, үүнийг мэдэрснээр, үүнтэй тэмцсэнээр эсвэл үүнийг хүлээн зөвшөөрснөөр хүн хүчирхэг болдог уу, эсвэл ганцаардан шаналах нь золгүй явдал уу, үүнээс болж хүн өвдөж, тарчилж, тэр байтугай үхдэг үү гэдгийг үе үеийн сэтгэгчид сонирхон, судалж, өөрсдийнхөөрөө дүгнэжээ. 20 дугаар зуунд ганцаардлын тухай концепцийг философи судлагдахуун болгосон нь экзестенциалистууд юм. Тэд ганцаардал бол хүний оршин буйн баталгаа, оршихуйн нэг тал бөгөөд оршиж байхад ганцаардах нь зайлшгүй гэж үздэг. Бид ганцаардлыг ихэвчлэн амьдралын уналт, өөрчлөлт, үхэл хагацал, зовлон гуниг тохиоход, харанхуй бүрхэг өдрүүдэд мэдэрч, түүнээс салахын түүс болдог шүү дээ. Гэтэл экзистенциалистуудын хувьд хүн энэ дэлхий дээр орших нь л өөрөө ганцаардал бөгөөд, өөрийн үнэнийг эрж бэдрэн, түүнтэйгээ нүүр тулж, өөрийн оршихуйд асуулт тавьж, зуурдын энэхэн амьдралаасаа ямар нэгэн утга учрыг шүүрдэх гэж, эрх чөлөөт хүний зовлон зүдүүрийг туулсаар эцэст нь үхэлтэй нүүр тулах гэж, өөрөөр хэлбэл хүн ганцаардах гэж төрдөг гэнэ. 

Хэрэв бид тэдний хэлсэн шиг ганцаардлын мастерууд юм бол, хэрэв ганцаардал бидний төрөлх чанар юм бол бид юунд үүнээс зугтдаг юм бэ? Яагаад ганцаардалтай цуг хамаг л сөрөг мэдрэмжүүд төрдөг юм бол? Сэтгэл судлалын үүднээс тайлбарлавал хүнд ямар нэг зүйл, хэн нэгэн байхгүй, дутагдах, эсвэл олны дунд байсан ч хоосон мэдрэмж төрөхийг ганцаардал гэж нэрлэдэг. Гадаад ертөнцийн харилцаанаас хамааралтай болохын хэрээр хүн ганцаардан зовиурлах нь ихсэж, өөрөө өөртөө хань болох нь багасчээ. Нийгэм системчлэгдэж, анги давхарга хөгжиж, дэлхий улам материаллаг болохын хэрээр хүн зөвхөн хүн байхаа больж, ямар нэг сэтэр, нийгмийн статус, аль нэг бүлгийн төлөөлөл болж ирснээр хүнийхээ хувьд өөрийгөө сонсохоо ч байж. Угийн ганцаардмал чанартаа бус хөнгөн ганцаардалд төвлөрдөг болж.

“Psychology Today” сайтад ганцаардлын тухай нэгэн нийтлэлд ийм жишээ дурджээ. Афин хотод Платонтой нэгэн үед аж төрж асан Тимон гэх нэгэн хөрөнгө чинээтэй хүн байж. Тойрон хүрээлэгч олонтой бөгөөд найз нөхөд гэх тэр олон дагагчиддаа мөнгө хөрөнгөө харамгүй цацаж, хэзээ ч хариу нэхэж байсангүй. Тэнхлүүн явах өдөр байвч тэвдэж явах өдөр ирдэгийн адилаар тэр хамаг хөрөнгөө үрэн таран хийгээд сүүлчийн ганц зоостойгоо хоцроход урд түүний нөхөд хэмээн явсан улс нэг нүдээрээ ч үзэхээ байн, зарц гуйлгачин хэмээн цоллож, тариан талбайд ажиллуулжээ. Ийн ажиллаж байхдаа Тимон газар доороос алттай тогоо олтол түрүүний бүх хүмүүс эргэн ирж, анд минь гэцгээн эвийлцгээв. Үүнийг үзээд тэрээр хилэгнэн харааж, ойртсон бүхнийг таягаараа цохиж хөөн, хүн төрөлхтнийг жигшиж буйгаа хэлээд аглаг ойд ганцаар суух болжээ. Тимон ойд даяанчлан суухдаа ганцаардсан болов уу? Үгүй л байх. Яагаад гэвэл түүнд ямар нэг зүйлээр дутагдаж байгаа мэдрэмж төрөөгүй. Тэр бусад хүмүүст ач холбогдол, үнэ цэнэ, утга учир өгөхөө байчихаар тэднээр дутагдах мэдрэмж нь үгүй болж. Тэгэхээр ганцаардал гэдэг нь чухамдаа өөрийн биш зүйлсийг өмчилснөөр бий болдог хэврэг мэдрэмж биш үү? Өөрийн гэх ганц зүйл чинь өөрөө гэдгээ мэддэг хүнд шаналал төрөх үү?

Бусдын хайр, эрхшээлээр дутаж ганцаардахдаа хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө улам л алдаж, эд зүйлс, хөрөнгө чинээ, байр суурь, хөнгөн адал явдлаар хоосон өөрийгөө дүүргэх гэж хичээдэг болсон мэт. Хүн оршихуйн чанадаасаа алсарсаар, нийгэм цагийн нэгэн дүр байх гэж хичээсээр, өөрөө өөрийгөө энэ дэлхийн бүх чимээ шуугиан, адал явдлаас ангид харж, сонсож чадахаа байж.

Харин одоо өөрийгөө нэг хар даа хэмээн хүмүүст толь бариулсан явдал коронавирусийн цаг дор  тохиох шиг. Хүн төрөлхтөн нэгэн шинэ төрлийн цар тахалтай нүүр тулж, хаа сайгүй хөл хорио тогтоож, орчин цагийн дэлхий ертөнцийн орчил явдал нэгэнтээ амсхийв. Цэнгэлдэх хүрээлэнгүүд эзгүйрч, онгоцны буудлуудын хөл татарч, хэзээ ямагт гэрэл цацрааж, хүмүүний сэтгэлийг дуудан дуудсаар байдаг театр, музейн гэрэл бөхөж, сая сая жуулчин зочилдог Парис, Милан, Барселон хотууд онц байдал зарлан, Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэн хээрийн эмнэлэг болон хувирч, дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд сургуульдаа явалгүй өнжиж, Каннын наадам, Токиогийн олимп, Гластонбури фестиваль хойшилж, Исламын ариун нутаг Мекка, Медина, дорнын гэгээн ордон Таж Махал хаалгаа барьж, газраар, усаар, агаараар дэлхийн гадаргууг тасралтгүй хэрж байдаг хүний хөдөлгөөн саарч, өчүүхэн ч чөлөө завгүй ертөнц нэгэн хором зогсосхийж байна. 

Энэ амсхийлтээр тусгаарлалт, хөл хорионд орсон хүн төрөлхтөн одоо л нэг өөрөө өөртэйгээ үлдэж, өөрийн үнэнийг харах боломж гарав. Бид вирусийн халдвараас, нийгмийн тусгаарлалтаас, үхлээс, хайртай хүмүүсээ алдахаас айх айдаст ээрэгдэж, үүд хаалгаа түгжин, хил хязгаараа хаан, амьдралын хэв маягаа ч өөрчиллөө. Өөрчлөлт, хязгаарлалтааас болж хүмүүс хямралын шоконд оров. Эрүүл мэндийн үүдэлтэй шок эдийн засгийн шок болж, ирэх хэдэн жилд дэлхий нийтээрээ хямрах төлөв ч ажиглагдаж байна. Бид бие биенээсээ маш их хамааралтай дэлхийг бүтээсэн ажээ. Гэтэл жаахан л хямрал тохиоход хүн хүнээ ялгаварлан, чичлэж, дахин хүний нийгэмд амьдрахгүй мэт авирлаж, улс үндэстнүүд хүртэл хил хязгаар дотроо хумин атирч, чичрэн чинэрч, энэ дэлхийн нэгээхэн хэсэг байгаагүй мэт салангид, хувиа хичээсэн бодлого баримтлан байна.

Америк, Европт ази хүмүүсийг гадуурхаж, вирусийн халдвар тараах вий хэмээн бэмбэгнэж, тэдний эсрэг ялгаварлал, хүчирхийлэл үйлдэж байхад зарим улсад өөрийн орны иргэдийг гадаадаас ирэхэд үзэн ядаж, чулуу нүүлгэн, хүний өөрийн гэлтгүй бие биенээ хардаж, хавчиж эхэлсэн. Хятад дотроо уханьчуудаа, дэлхий дотроо азиудыг, улс дотроо гадаад хүмүүс болон гаднаас ирэгсдийг үзэхээ байв. Гэтэл дэлхийн улс орнууд эдийн засаг, соёл, мэдээлэл харилцаа, технологи болон идеологийн хувьд нэгэнт хоорондоо хэт харилцан хамааралтай “глобал тосгон” болсон шүү дээ. Дижитал эрин үүнийг улам бүр батлан харуулж, хүн төрөлхтөн дэлхийн хаана амьдран буйгаасаа үл шалтгаалж цугаараа мэдээллийн даяар хүлээн авагч, материаллаг болон оюун санааны бүтээгдэхүүний даяар хэрэглэгч болсон. Үүнийг соёлын империализм, барууны үзэл санаа, уусган нэгтгэх үйл явц зэрэг олон янзаар тодорхойлдог. 

Гэхдээ би өөрийн жишээнээс хүн хэчнээн гадны соёлоор өвчилж, гадны боловсролоор боловсроод, хэчнээн эх орноо голж муучлан, орхин явавч эх орон биднээс явдаггүйг ойлгож билээ. Харин ч эх орон гэдэг үгний сэтгэлд эзэлдэг орон зай томорч, амин чанараа таньдаг юм билээ. Энэ дэлхий дээр би хэн бэ, би хаанаас ирээ вэ гэж бодон, өөрийн байр суурийг эрдэг. 

Тэгэхээр даяаршил гэдэг нь нэг талаараа ганцаардмал хүн төрөлхтний хамтдаа ганцаардаж, өөрийгөө таньж мэдэх нэгэн үе шат юм санж уу. Ганцаардмал мөн чанараасаа үл хамааран хамтдаа байх тавилантай юм санж уу бид. Тулгараад буй цар тахлын эсрэг хүн төрөлхтөн нэгдмэл байдлаар тэмцэж, мэдээлэл датагаа нээлттэй хуваалцсанаар аюулыг хохирол багатай давахад тустай талаар суут Юваль Ноа Харари саяхны нэгэн нийтлэлдээ бичжээ. 

Тэрээр “Эпидемик халдвар болон үүний эдийн засгийн хямралт үр нөлөө аль аль нь даян дэлхийн асуудал шүү дээ. Бүх дэлхийгээрээ хамтарч байж л бид үүнийг давж гарна. Милан дахь Итали эмчийн өглөө олж мэдсэн зүйлс орой нь Тегеранд хэн нэгний амийг аварч болох шүү дээ. Их Британийн засгийн газар ямар бодлого баримтлахаа мэдэхгүй байгаа бол сарын өмнө яг адилхан нөхцөлд байсан Солонгосуудаас зөвлөгөө авч болно. Гэвч ингэхийн тулд бидэнд глобал хамтын ажиллагаа болон итгэлцэл хэрэгтэй. Улс орнууд мэдээллээ нээлттэй солилцож, бусдаас зөвлөгөө авахдаа хүлээцтэй байж, авсан мэдээлэл, дүгнэлтдээ итгэх хэрэгтэй болно. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, тэр дундаа амьсгалын аппарат, шинжилгээний оношлуур үйлдвэрлэн, хангах нэгдсэн нэг зорилготой байх ёстой. Улс орон бүр дотоодынхоо тоног төхөөрөмжийг яаж ийгээд хангах гэж шуурахаас илүү тал талаас хамтран оролцвол төхөөрөмж үйлдвэрлэлийг хурдасгаж, энэхүү амин чухал төхөөрөмжүүдийг дэлхий даяар тэнцүү шударга хуваарилахад нэмэртэй.” гэжээ. 

Мөн “Энэ вирусийн тохиолдол цөөхөн бүртгэгдсэн хөрөнгөтөн орнууд халдвар их тархсан ядуу орнуудад тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх энэрэнгүй сэтгэлтэй байж, эргээд өөрсдөө эрсдэлд орвол мөн бусдаас тусламж авна гэж сэтгэсүгэй. Халдвар бага гарсан улсууд эрүүл мэндийн ажилтнуудаа голомтот газруудад илгээе, учир нь буцаагаад тэднээс тусламж авах нөхцөлд ч орж мэднэ. Улсынхаа хилээр гадаадын эрдэмтэд, улс төрч, сурвалжлагчдыг ч мөн сайтар хяналттай нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах хэрэгтэй. Хүн төрөлхтөн бие биенээсээ ангид замаар явцгаавал гамшиг аюулыг яаж ийгээд гэтэллээ ч ирээдүйд ирэх илүү хөнөөлтэй зүйлсийн эхлэлийг тавьж мэднэ. Харин дэлхий даяараа нэгдэж чадвал коронавирусээр зогсохгүй хожим гарах бүх халдвар, хямралыг ялж чадна” хэмээж. 

Үүссэн нөхцөл байдал биднийг өөрийн үнэнтэйгээ нүүр тулахыг шаардаж, дэлхий гараг дээр зөвхөн хүн болон түүний шинжлэх ухаан, оюун ухаан ноёлдоггүй, байгаль цаг уур, бусад төрөл зүйлүүд, өөр олон хүчин зүйлсийн уялдаа, эргэх холбоонд амьдрал өрнөдгийг сануулж байна. Хуваалцаж, найр тавьж, хамтдаа, энэрэнгүй байх нь бидний аврагдах арга зам гэдгийг хэлж байна. Ганцаардал, нийгэмшил, даяаршил гурвын дунд төөрсөн хүн төрөлхтөн төрмөл экзестенциал чанар руугаа нэгэн хоромд буцан ирж, өөрөө өөртэйгөө үлдэж үзлээ. Тэгээд айдас хүйдсээр дүүрэн оршихуйн хямралд орсноо олж мэдлээ. Өөрийгөө таних нь адислал билээ. Бэрхшээл хямралаас ухаарал төрөх нь энэ үү. Хамтдаа ганцаардъя хүн төрөлхтөн минь. Хамтдаа оршъё дэлхий дээрээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

io 2020.04.04 172.69.45.135

wow goi bichje

0 Хариулах