Хайх зүйлээ бичнэ үү

26 мин

Амраг минь, дуугаа дуулаач

“Төмөр бол Монголын Дэмис Руссос”


Эргэлдэж буй пянз руу ухаан санаагаа юүлж орхив уу гэлтэй орчноо үл анзааран патефоноос урсах дуу хөгжимд уусчихсан сууж байдаг долгионтой үс, цэвэрхэн цагаан царай, хөнхөр нүдтэй бяцхан хүү. Энэ дүр төрх 70 жилийн тэртээх амьдралаас өдгөө 83 настай эмэгтэйн ой тойнд үлдсэн дүүгийнх нь хамгийн ойр агаад дотно зураг болж хоногшжээ. Заримдаа патефоныхоо дэргэд зогсоод чангаар дуулах, эсвэл найган бүжих, тэгснээ өрөөн дотуураа гараа алдлаад эргэлдэх нь тэрхүү эгшигт хайрцагт тоглох пянз болоод хувирчихсан мэт, эсвэл дүү нь агуу авьяастан болж жүжиглээд байгаа ч юм шиг хачин инээдтэй санагдана. “Манай гэр бүлд үнэндээ түүн шиг авьяастай хүн төрөөгүй. Тэр шинийг олж нээхдээ, дуулж бүжиглэхдээ, гадаад хэл сурахдаа, хоол хийхдээ, оёж хатгахдаа ч, хээнцэрлэн дэгжирхэхдээ, хошигнон хөгжилдөхдөө, бас хажиглан зожиглохдоо, ерөөс бүх зүйлд түвэггүй нэвтэрдгээрээ энэ амьдралд бидний дундаас онцгой нэгэн хувь болон заяасан юм даа” гэж МУИС, Политехникийн дээд сургуулийн (ШУТИС) барилга архитектурын салбарын анхны эмэгтэй багш, Хүндэт профессор Хурлатын Карма дүүгээ дурсаж байна. 

Бүхний өмнө үг байлаа гэх, эсвэл өвгөн Фаустынхаар тэр нь үйл ч байг, энэ гэр бүлийн хувьд харин ээж Вера Викторовна Хурлат байсан юм.

Тэрхүү патефон буюу “бяхтрул” хэмээн монголжсон эгшигт хайрцгийг эзэмшигч бяцхан хөвгүүн энэ нийтлэлийн гол баатар болой. Угсаа гарвал, удмын соёлдоо  нэгэн шинэ хүү мэндлэх, патефон түүний нүдийг нээж ирээдүйг нь хөтлөхөөс өмнө энэ гэр бүлийг Монголын орчин цагийн түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүс зохиож, ховорхон тавилант эгэлгүй амьдрал аль хэдийн оршин тогтносон байв. Бүхний өмнө үг байлаа гэх, эсвэл өвгөн Фаустынхаар тэр нь үйл ч байг, энэ гэр бүлийн хувьд харин ээж Вера Викторовна Хурлат байсан юм. 

Вера Викторовна анх хэрхэн монгол хүн болсон нь 1918 оны явдлаас эхтэй. Тэр бол Зөвлөлт засгийн дэглэмээс зугтан эхнэр Ида Павловна Йекель болон хүүхдүүдийн хамт Да хүрээнд дүрвэн ирсэн Оросын эзэн хааны армийн дээгүүр албаны офицер Балашовын 10 настай охин байв. Тэр бас өнөөдөр энд өгүүлэх гол баатрыг 26 жилийн дараа төрүүлэх болно. Эцэг Балашов Монголд суурьшсанаас нэг жил хүрэхгүй хугацааны дараа зуурдаар нөгчжээ. Хүний нутагт тэсэж үлдэх, шинэ эх орныхоо ахуй байдалд дасан зохицох сорилтуудын дунд Верагийн ээж бэлэвсэн хатагтай Ида Павловна Орос, Монголын хооронд худалдаа хийдэг пүүсүүдэд хэлмэрчээр ажилладаг Цогт Гармаевич Бадамжав хэмээх өндөр боловсролтой, басхүү нэлээд чинээлэг Оросын буриад эртэй амьдралаа холбосон байна. 

Тэд дөрвөн охинтой нийлж, гурван охин төрүүлж, Вера охины ам бүл есүүл болсон байна. Цогт Бадамжав Монгол, Түвдийг судалсан нэрт аялагч П.К.Козловын экспедицийн орчуулагчаар 1899-1901 онд ажилласан, 1907 онд алдарт Хар хотын туурийг нээлцсэн түүхэн хүн төдийгүй 1921 онд Хүрээг чөлөөлөх үед Д.Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэргүүдэд өөрөө захиалан бариулж, амьдран сууж байсан байшингаа хүлээлгэн өгсөн нь МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Бүх цэргийн штабын байр болон ашиглагдаж, өдгөө Улаанбаатар хотын музей болсон нэгэн түүх бий. 

Ардын хувьсгал ялсны дараа Цогт Бадамжав Шүүх яамны зөвлөхөөр хүртэл ажиллаж байгаад 1930 онд баривчлагдан Ленинградад цөлөгдөж, 1937 онд дахин баривчлагдаж Новосибирскт буудуулан хороогджээ.

Вера Викторовнагийн ээж Ида эмийн сангийн жор баригч герман аав, ээжийн гэр бүлд төрж өссөн, уран зохиолд шимтэгч, хөгжмийн боловсролтой нэгэн байсан нь хүүхдүүдээ орос, герман, монгол төрөлх хэлтэй өсгөж, олон газрын ном зохиол, эрдэм билэгт хөтөлж, хөгжим тоглохыг гэрээр сургасан эмэгтэй. Үүний сацуу тэрбээр хүүхдүүдтэйгээ хамт монгол хэлд ч шамдаж байв. Орос, герман, монгол хэлтэй Вера хойд эцэг Б.Цогтын хичээл зүтгэлээр Ленинградын их сургуулийн Баруун Европын хэл, уран зохиолын ангийг дүүргэн англи хэлний дээд боловсрол эзэмшээд эх орондоо, шинэ тутам БНМАУ-д эргэн иржээ. Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, хүмүүсийн гар дээрээс ном цуглуулахаас эхлэн Улсын нийтийн номын сан, Улаанбаатар хотын номын сангийн үндэс суурийг тавилцан энэ байгууллагадаа 60 шахам жил хүчин зүтгэжээ. Номын санд  номын төрөл ангийн болон үсэг дарааллын товъёг нэвтрүүлэх, Монголын тухай гадаадын хэвлэл болон ном зохиолд нийтлэгдсэн материалуудыг эмхэтгэх зэрэг Монголд орчин цагийн номын санг байгуулах бүхий л ажилд Вера Викторовнагийн мэдлэг чадвар, нөр их хөдөлмөр шингэн үлдсэн билээ. 

Вера, Хурлат хоёр хайр сэтгэлээр дотносоод удаагүй байсан үе юмсанж.

Хойд эцэг Б.Цогтыг баривчлагдсанаас нэг жилийн дараа 23 настай Вера сүйт эр Ч.Хурлатын хамт зохиолч Д.Нацагдоржийнд зочлон шинэ жилийн баяр тэмдэглэснээр бүсгүйн өмнө ээжийнх нь туулсан тавилан зурагдах болно. Тэр бол 1931 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдшийн “Тайж Нацагдоржийн банкет”.

Вера, Хурлат хоёр хайр сэтгэлээр дотносоод удаагүй байсан үе юмсанж. Ерөнхий сайд А.Амар Ч.Хурлатыг 1928-1930 оны үест урьж авчран БНМАУ-д анхны үйлдвэрийн газруудын шанг татахад оролцуулж байжээ. Тэрбээр 1920-иод онд Америкт суралцаж дээд боловсрол эзэмшсэн хамгийн анхны монгол хүн бөгөөд АНУ-ын Охайёо мужийн Спрингфельдийн Техникийн коллежийг дулааны инженер мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр басхүү Америкт Фордын үйлдвэрт дадлагажин ажилласан анхны монгол инженер. Ч.Хурлат Монгол Улсад ирээд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ Герман, Франц улстай бизнес хөгжүүлэх, монгол оюутнуудыг баруун Европт сургах яриа хэлэлцээ явуулахад чухал үүрэгтэй оролцож явсан нэгэн ажээ. 

Франц, Германд суралцсан Д.Нацагдорж, Д.Намдаг, Ч.Хурлат, Н.Наваан-Юндэн, Доржцэрэн, Батсүх, Гомбо, Лооройсамбуу, Гомбожав нарын сэхээтэн залуус европ маягаар шинэ жилийг тэмдэглэж байхдаа авахуулсан гэрэл зураг түүхэнд “Тайж Нацагдоржийн банкет” хэмээх хэлмэгдүүлэлтийн баримт болж үлдсэн билээ. Энэ явдлаас хойш эдгээр залуусын хувь тавилан орвонгоороо эргэж, зарим нь цаазлагдах болно. Урд эгнээнд Д.Нацагдоржийн зүүн талд биеэрээ эргэн зураг авч буй хүн өөд эгц харах эрэгтэй бол Чулуунгэрэлийн Хурлат. Харин түүний бүсгүй Вера Викторовна дэргэд нь сууж байна. Ч.Хурлатыг Дотоод яамны Онц бүрэн эрхт комиссын 1937 оны арваннэгдүгээр сарын 16-ны тогтоолоор улс төрийн хэрэгт буруутгаж, Шүүх цаазны бичгийн хуулийн дээд хэмжээгээр яллан амь насыг нь хороожээ. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт болон Улсын цагаатгалын комисст хадгалагдаж буй 1937 онд үйлдсэн тодорхойлолтод “Чулуунгэрэлийн Хурлат нь Хятад улсын Дотоод Монголын харьяат, барга, нас 42. Ам бүл 4. Эхнэр Вера, хүү, охины хамт амьдардаг. Хөрөнгө: хашаа байшин 1. Хятадын бага, дунд сургууль, англи, япон хэл бичгийн сургуульд суралцсан. Америкт инженерийн мэргэжлээр суралцаж төгссөн. Хятад, англи, япон, манж, орос, монгол хэл мэднэ. Улаанбаатарт Хэвлэлийн хороонд сийлэгч, Аж ахуйн яамны техник үйлдвэрийн инженер, Төмөрийн завод, Комбинатын цахилгаан гэрлийн хороонд техникийн удирдагч, Үйлдвэрийн төлөвлөгөөний хэлтсийн дарга явсан. Аж үйлдвэрийн одон, 15 жилийн ойн тэмдэг, сайшаалын үнэмлэхээр шагнагдсан” гэжээ. Вера Викторовна хүүхдүүддээ ярьж үлдээснээр бол, Ч.Хурлат баривчлагдах үедээ БНМАУ-ын Аж үйлдвэрийн комбинатын орлогч даргаар ажиллаж байсныг энэхүү тодорхойлолтод орхигдуулан тэмдэглэжээ. 

Ийнхүү Вера Викторовна Хурлат 1937 онд 29 насандаа бэлэвсэрч, дөрвөн настай хүү Хурлатын Джан, дөрөвхөн сартай нярай охин Хурлатын Карматайгаа хоцорчээ. Мөн түүний амьдралд энэ цагаас долоон жилийн дараа үр нь болж ирэх атлаа Хурлатаар овоглон өөрийн хувь тавилангийн туршид нэрийнхээ өмнө “Хурлатын...” хэмээх алдрыг нь дуурсгах нэгнийг ч тэрбээр тосон авна. Үүнээс хойших амьдралаа гашуун нулимсаар будалгүй, зовсон ч зовоогүй юм шиг, ер хэзээний язгууртан лугаа туулахад нь Верад ээж Ида Павловна Иекель Бадмажапова тэсвэр тэвчээрийн үлгэр, хана хэрэм болон түших болно. 

Х.Карма багштай уулзах, одоогоос 100 шахам жилийн өмнөх түүхийг нэхэн санах шалтгаан түүний дүү байлаа. Түүний дурсан суугаа дүү бол ээжийнхээ эхний бөгөөд насан туршийн ханиар нь овоглосон Хурлатын Төмөр юм. Х.Төмөр 1968 онд “Аяны шувууд”-аар олноо анх танигдаж, 1999 онд “Зууны манлай эстрадын дуучин”-аар нэрлэгдсэнээр өөрийн гэр бүлийн эрчүүдийн Монгол Улсын түүхэнд бичигдэн үлдсэн замналын гурав дахь үе болон үргэлжилсэн нэгэн билээ. 1995 онд Монголын нийгмийг хирдхийлгэсэн аймшигт аллагад тэр өртөн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд алуурчныг тогтоолгүй 25 жил өнгөрсөн учраас түүнийг ёс бусаар егүүтгэсэн гэмт хэргийг албан ёсоор хаах шүүхийн бичигт үлдэгсэд нь гарын үсэг зурсан байна.  

Х.Төмөр 1944 оны гуравдугаар сарын 23-нд ганц бие номын санч ээждээ отгон хүү нь болон мэндлэв. Тэр үеийн сэхээтэн монгол бүсгүйчүүдийн дунд Вера Викторовна, Д.Сурмаажав, С.Цэрэнханд нар “Номын сангийн гурван сайхан” гэгдэж эрдэм боловсрол, ажил үйлс, намба төрхөөрөө үлгэр жишээ болон манлайлж явав. Вера Викторовна Хурлат Төмөр хүүгийнхээ төрсөн эцэг, нэрт эрдэмтэн, Нацагдорж судлаач, “герман” хэмээх агуу Б.Содномын гэрлэх саналаас татгалзаж, монгол инженерүүдийн домог болсон Хурлатын бэлэвсэн эхнэр хэвээр үлдэнэ. Харин Б.Содном хожим өөр бүсгүйтэй ханилан есөн хүүхдийн эцэг эх болно. 

Пянзаа тэвэрчихсэн нааш цааш гүйж явдаг, анхаарлыг өөртөө татан манлайлагч Тэмка.

Төмөр хэмээх монгол нэртэй, европ төрхтэй хүүгийн хүүхэд нас Чойжин ламын сүмийн урдхан байгаад дараа нь одоогийн ОХУ-ын ЭСЯ-ны бууринаа шилжсэн “Хүрээлэнгийн” хэмээгддэг дан цагаан байшинд өнгөрсөн байна. Энэ байшинд Улсын нийтийн номын сан болон Шинжлэх ухааны академийн ажилтнууд болох сэхээтнүүд амьдардаг байв. Тэдний хөрш айлын бяцхан охин, өдгөө өндөр насны тэтгэвэртээ суугч Н.Баясгалангийн дурсамжид Х.Төмөр гэж 10 гаруй насны “Тэмка ах” хэвээр үлдэж. Зөвлөлтийн “Мурзилка” сэтгүүлийн дугаар бүрээс хайчилбар хийн театр бүтээгээд байрныхаа багачуудад үлгэр тоглож үзүүлэн хөгжөөдөг, бяхтрул даган дуулж, бүжиглэж, гитар тоглож, түүнийгээ хүүхдүүдэд зааж өгдөг, хэзээний л пянзаа тэвэрчихсэн нааш цааш гүйж явдаг тийм л хөгжилтэй, анхаарлыг өөртөө татан манлайлагч Тэмка. Байрны хүүхдүүд гэрт нь ороход Тэмка аанай л хөгжмөө дуугаргаж, бас болоогүй өөрийн гараар хийсэн салатаар дайлах, эсвэл ширээн дээрээ тавагтай чихэр тавьж зочлох нь тэр хавийн хүүхдүүдийн дунд европ соёлыг түгээн дэлгэрүүлэгч нөлөө бүхий гол хүүхэд болж байв. “Тэмка, дуугаа дуулаач” гэх найзуудынхаа хүсэлтийг Төмөр дуртайяа биелүүлдэг байлаа. 

Эднийхэн 1960 оноос дөнгөж ашиглалтад орж эхлээд байсан цоо шинэ орон сууцны хороолол болох 40, 50 мянгатын байрууд руу нүүцгээж, хуучин байрны хүүхдүүд өөр өөрийн замыг хөөв. Х.Төмөр Х.Чойбалсангийн нэрэмжит нэгдүгээр дунд сургуульд 10 жил суралцан 1961 онд төгсөөд 40 мянгатыг босгож байсан барилга трестэд нэг жил орчуулагчаар ажилласан зурвас намтрыг гурван үеийн түүхэндээ өөрийн гараар бичин үлдээж. Н.Баясгалан түүнээс хойш 10-аад жилийн дараа тухайн үеийн залуусын дунд том од болчихсон Тэмка ахтайгаа автобусны буудал дээр таарахад нөгөө л “Хүрээлэнгийн” байранд “Манжингийн үлгэр” тоглон хөгжилддөг хүүхэд зангаараа баярлан уулзсанд цаг хугацаа огт өнгөрөөгүй мэт хуучин хөршид нь дотно санагджээ.   

Вера Викторовна Хурлат улс төрийн хэргээр эх орноосоо дүрвэж ирээд амь үрэгдсэн төрсөн эцэг Балашов, хилс хэрэгт цаазлагдсан хойд эцэг Бадамжав, хайрт эр нөхөр Хурлатын араас дотнын хэн нэгнээ дахин алдчихгүйн төлөө энгийн номхон аж төрөхийг эрхэмлэн амьдарсаар. Том хүү Х.Джан холбооны инженер болж, дунд охин Х.Карма мөн л барилгын инженер мэргэжил эзэмшиж Политехникийн дээд сургуулийн багшаар ажиллах хүртэл Вера үр хүүхдээ хавчигдан гадуурхагдахвий гэхээс хавталзан түгшиж, номын сангийн олон ном дунд хамгийн мэргэн нэгэн ном болж чимээгүй ажиллажээ. Хүүхдүүдийн дотроос гойд ихээр энхрийлэн өсгөсөн Төмөр 1962 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Эдийн засгийн факультетад элсэн оюутан болсон, 1963 онд энэ гэр бүлийн хийгээд Монголын түүхэнд нэрээ үлдээсэн эрчүүдийн хилс хэргийг цагаатгасан тогтоол гарсан нь түүний амьдралын хамгийн тод үе болон гэрэлтсэн байна. 

Төмөр Британийн “Битлз”-д зүрх сэтгэлээ өгч, барууны хөгжмийн нөлөөгөөр Зөвлөлтийн сэхээтэн хэсэгт түгэн дэлгэрч байсан стилягчуудын хэв маягийг баримтлах болжээ.

Х.Төмөр Москвагийн ОУХДС-д суралцаж байх 1962-1966 онд Зөвлөлт даяар залуус Муслим Магомаев тэргүүтэй орос дуучдаа шүтэж, эстрад дуу хөгжмийн давалгаанд нэгдэн твист бүжицгээж байлаа. Төмөрийн хувьд Британийн “Битлз”-д зүрх сэтгэлээ өгч, барууны хөгжмийн нөлөөгөөр Зөвлөлтийн сэхээтэн хэсэгт түгэн дэлгэрч байсан стилягчуудын хэв маягийг баримтлах болжээ. Тэрбээр сургуулийнхаа монгол оюутан залуустай нийлж байгуулсан “Хургачин” хамтлагийнхаа гоцлол дуучин болов. Энэ хамтлаг орос, монгол дуу дуулахаас гадна зөвхөн Зөвлөлтөд сурдаг монгол залуусын хувьд төдийгүй бүх монгол залуусын хувьд твист хийж “Битлз”-ийн дуу дуулдаг дуучинтай анхны монгол хамтлаг болж байлаа. Тэдний хамтлаг эх орондоо огт тоглоогүй, хойно сурдаг оюутнууддаа хоёр жил орчим дуулаад л Х.Төмөрийг сургуулиасаа хөөгдсөнөөр таржээ. 

Х.Төмөр дөрөвдүгээр курст байхдаа ЗХУ дахь БНМАУ-ын ЭСЯ-нд зохиогдсон баярт дуулж, хүлээн авалтын үеэр архи ууж халамцаад сургуулийнхаа дотуур байранд үерхдэг охиноо дагуулан орох гэж жижүүр эмэгтэйтэй маргалдсан нь сургуулийн удирдлага болон Монголын элчингийн чихэнд хүрч, өмнө нь сайхан дуулсны төлөө хүчингүй болж байсан донго ч сэргэн босож том асуудал дэгдсэн хэрэг. Тэгэхэд түүнтэй хамт сурч, мөн хамтлагт бөмбөр тоглож байсан, өдгөө эрдэмтэн зохиолч, орчуулагч, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашням тухайн үед нэг жилийн дараа сургуулиа төгсөх нөхрөө хөөлгөхгүйн тулд батлан даалтад авахаар хөөцөлдөж байтал Х.Төмөр “Чи эднийг гуйж хэрэггүй ээ. Би ямар эх оронгүй хүн биш. Эндээс явахаар л амьдрал дуусчихгүй. Монголдоо харина аа” гэж түүнээс зөрж хэдэрлэжээ. Л.Дашням түүнтэй арван жилийн нэг ангиас хамт сурсан, оюутан болоод ч нэг сургуульд, хөгжим дуугаар дотноссон анд тул сайн мэдэх хүн. Тэрбээр “Манай Төмөр их хөдөлгөөнтэй, сахилгагүй ч гэмээр хүүхэд байсан даа. Хамт байхад хөгжилтэй, их наргианч залуу шүү дээ. Заримдаа жаахан ааштай, гэхдээ удалгүй л цайрчихна. Хэл сурах авьяас, дуулах ур чадвараар бол зүгээр л гайхамшиг” хэмээн дурссан. (Х.Төмөр нэлээд хожуухан буюу 1977-1979 онд МУИС-ийн англи хэлний ангид сурч, мэргэжлийн диплом өвөртөлжээ). 

Тэр үдэш дуу хөгжимтэй амьдралаа холбосон монгол залуус алс холын цоо шинэ хөгжмийн урсгалыг монгол хүний дуулснаар, Х.Төмөрийн хоолойгоор анх удаа сонссон юм.

Х.Төмөр 1966 онд Москвагаас ирээд нэг их удалгүй тухайн үеийн Барилгачдын соёлын ордны жааз хөгжмийн хамтлагийн бөмбөрчин, хожим Төрийн шагнал хүртэх Монголын орчин цагийн хөгжмийн суут төлөөлөгч болох Зундуйн Хангалтай хамтран анхныхаа уран бүтээлийг хийсэн нь “Аяны шувууд” дуу. Тэд энэ дуугаа 1968 онд Монголын радиод бичүүлэн олны сонорт хүргэснээс хойш 52 дахь жилээ үдэж байна. Энэ дуу ийнхүү түмний хүртээл болохоос өмнө урлагийн ажилтнууд 1966-1967 оны шинэ жилээ тэмдэглэсэн танхимын тайзнаа аяыг зохиосон З.Хангал өөрөө төгөлдөр хуур, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш Бэгз хийл тоглож, урьд өмнө тайзнаа харагдаж байгаагүй Х.Төмөр дуулж, Дашдондогийн шүлэг “Аяны шувууд” дуу болон анх дуурссаныг хөгжмийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Р.Энхбазар санаж байна. Тэр үдэш дуу хөгжимтэй амьдралаа холбосон монгол залуус алс холын цоо шинэ хөгжмийн урсгалыг монгол хүний дуулснаар, Х.Төмөрийн хоолойгоор анх удаа сонссон юм. Монголын дууны урлагийн залуусын бүлд хөл тавьсан “доголон” хочит Х.Төмөр ийнхүү “Аяны шувууд”-ын Төмөр нэртэй болсон юм. Түүний доголж явдаг нь бүжиглэж байхдаа огт мэдэгддэггүй, ерөөс тэр хөл муутайгаа нуусхийн өөрийн гэсэн стильтэй алхдаг нь эвгүй гэхээсээ этгээд, харин ч хээнцэр донжтой харагддаг байсныг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион өгүүлсэн. Тэрбээр ерээд оны эхээр Х.Төмөрт хувийн зүгээс хүндэтгэл үзүүлж, зарим дуунд нь клип хийж өгсөн нь өдгөө ютүүбт тавигдсан байдаг. 50 настай Х.Төмөр нөгөө л хар малгай, цагаан өмдөө өмсчихсөн дуулж байгаа дүрс тэгж бидэнд үлдсэн аж.

Анхны дуугаараа тэсрэлт хийсэн цэл залуухан З.Хангал, Х.Төмөр нар 1968-1969 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд нэг нь бүжгийн ангийн төгөлдөр хуурын багшаар, нөгөө нь орчуулагчаар хамт ажилласан нэг, хоёрхон жилийн дотор “Аяны шувууд”-ын араас “Сарнай цэцэг”, “Хайрын хишиг”, “Нарт тэнгэрийн дор”, “Шинэ оны уянга” хэмээх дөрвөн дууг төрүүлж, дуулсан даруйд хит болсон бөгөөд түүнээс хойш энэ хоршил дахин шинэ уран бүтээлд нэгдээгүй юм. Түүнчлэн 1969 онд О.Бэгзийн ая “Үдэлтийн дуу”, “Бидний дуулах дуртай дуу”-г ч Х.Төмөр гайхалтай амьдруулсан билээ. Удалгүй З.Хангал Уралын хөгжмийн их сургуульд сурахаар мордож, төгсөж ирсэн хойноо дууны гэхээсээ сонгодог болон киноны хөгжмийн уран бүтээлд төвлөрч давтагдашгүй бүтээлүүдийг туурвигч, алдарт хөгжмийн зохиолч болсон түүхтэй. Монголын мэргэжлийн хөгжмийн хоёр дахь том давалгааны гараан дээр З.Хангал түүчээлж, Н.Жанцанноров, Б.Шарав нар шинэ зууны хөгжмийг манлайлан гарч ирсэн билээ. 

Харин Х.Төмөр 1969-1977 онд Гадаад худалдааны яамны “Техникимпорт” нэгдэлд, 1979-1990-ээд оны эхэн үеийг хүртэл Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газар орчуулагч, референт, Мэдээлэл тооцооллын төвд операторч-англи хэлний орчуулагч, МИАТ-д англи хэлний орчуулагчаар ажиллаж байжээ. “Төмөр өө, дуугаа дуулаач” гэх ард түмний хүсэлтэд радиогийн алтан сан 1968-1969 онд бичигдсэн дээрх долоон дуугаар хариу барьсан бүтэн 20 жил өнгөрч байтал 1989 оны дөрөвдүгээр сар боллоо. 

1989 онд “Эстрадын ахмад дуучдын концерт”-од Х.Төмөрийг оролцохыг урьсан нь түүний амьдралд 20 жилийн их завсарлагын дараа гарсан, тэгээд бүр их урлагийн тайзнаас шүтэн бишрэгчидтэйгээ нүүр тулан учрах боломж байлаа.

Улсын филармонийн даргаар ажиллаж байсан Д.Ухнаа 1989 онд “Эстрадын ахмад дуучдын концерт”-ыг санаачилж, Соёлын төв өргөөнд тоглох уг концертын бүрэлдэхүүнд Х.Төмөрийг оролцохыг урьсан нь түүний амьдралд 20 жилийн их завсарлагын дараа гарсан, тэгээд бүр их урлагийн тайзнаас шүтэн бишрэгчидтэйгээ нүүр тулан учрах боломж байлаа. Тэр үед хүмүүс Х.Төмөр хэмээх дуучны дууг 20 жилийн турш радиогоор сонсож даган дуулсан атлаа түүний зүсийг мэддэггүй байв. Яагаад гэвэл социализмын үед эрлийз Х.Төмөрийн дуулахыг телевизээр огт гаргадаггүй байсны гадна европ царайтай тул Монголыг төлөөлөх боломжгүй гэж үзээд түүний оролцохыг маш их мөрөөдөж тэмүүлсэн олон улсын эстрадын дуучдын Болгарт зохиогдсон концертод явахыг нь хориглож байлаа. Харин энэ удаа түүний оролцсон эстрадын ахмад дуучдын концерт СТӨ-нд нийт 16 удаа тоглоход үзэгчид танхим дүүргээгүй өдөр гараагүй тухай ардын жүжигчин Д.Ухнаа дурсаж байна.  

“Аяны шувууд” бол 1960-аад оны эхээр Монголын дууны урлагт хүч түрж байсан зохиолын шинэлэг дуунуудаас тэс өөр, эстрадын жинхэнэ поп бүтээл болсноороо онцгой. Монголын анхны рок, поп урсгалын хамтлаг “Соёл-Эрдэнэ” 1971 онд албан ёсоор байгуулагдсан гэхээр цахилгаан хөгжмийн хамтлаггүй л болохоос тэднийг З.Хангал, Х.Төмөр хоёр урьтсан гэж үзэж болно.  

Улам дотогш, чинад зөөлөн урсгах арга барилаар Х.Төмөр дуулсан.

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров Х.Төмөрийн дуулах арга барилыг цоо шинэ үзэгдэл, орчин цагийн поп дууны эхлэл байсан хэмээн тодорхойлж, “Төмөр бол Монголын Дэмис Руссос” хэмээн онцлов. 1960-аад оны төгсгөлд дэлхийд Дэмис Руссос сэтгэлийн асар их тайтгарлыг дуу хоолойгоороо өгч чадсаныг Хурлатын Төмөр Монголд үзүүлж чадсан гэж тэрбээр үзэж байна. Н.Жанцанноров “Тухайн үед Монголд автортай буюу зохиолын дууг нэгдүгээрт, өрнийн сонгодогт тулгуурлах, хоёрдугаарт, ардын дууны намба төрхөөр дуулах гэсэн үндсэн хоёр арга барилаар дуулдаг байсан бол Х.Төмөрийн дуулалт эдгээрийн аль ч барилд хамаардаггүй. Монголын хөгжмийн зохиолчдын сонгодог төлөөлөгчид болох Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, С.Гончигсумлаа нарын тухайн үед нийтэд зориулан гаргасан алдарт дуунуудыг гэхэд л ихэвчлэн дуурийн дуучид олонд хүргэсэн байх жишээтэй. Хоолойн хүчээр биш, эв донжоор, цараа шалган оргил өөд дуулж хүний сэтгэлийг гадагш илчлэн огшоох биш, эсвэл урах ч биш, улам дотогш, чинад зөөлөн урсгах арга барилаар Х.Төмөр дуулсан. Яг түүнийх шиг аргаар түүнээс өмнө жишээ нь, Г.Зориг “Чи минь битгий мартаарай”, “Шөнийн бороо”-гоо амьдруулсан гэж үзэх хүн гарч болох ч тэр бол харьцангуй эстрад. Харин Х.Төмөр бол жинхэнэ эстрад, тэр дундаа поп урсгалын дуулах арга барилыг эзэмшиж, анх бидэнд ойлгуулсан дуучин. Хүний дотоодтой ажиллана гэдэг дуулаачаас асар их мэдрэмж, сэтгэлгээ, чадвар шаарддаг. Х.Төмөрийн дуулалтыг ажиглахад 1960-аад оны дэлхийн хөгжмийн чиг хандлага, “Битлз”, Дэмис Руссос, Зөвлөлтөд шинэ тутам эстрадын ололтоос өөртөө нээж, дуулаачийн мэдрэмж, сэтгэлгээ, ураа боловсруулсан гэж харагддаг” хэмээлээ. 

З.Хангал яагаад заавал сайн дурын уран сайханч Х.Төмөрт эхний дууны будаг хатаагүй шахам байхад дараагийн дуунуудаа зориулж, нэгийнх нь суу алдраас нөгөөгийнхийг нь ялгаж салгахын аргагүй шахам шил дараалуулан таван дуугаа зохиож өгсөн чухал нэг шалтгааныг Н.Жанцанноров гуай хэрхэн төсөөлж байгааг асуухад тэрбээр “Тэд хоёул хотын соёлд төрж өссөн, адилхан дуу хөгжмөөр ухаан санаа нь бойжсон, ижил сэтгэхүйтэй хүүхдүүд учраас ойлголцлын түвшин зэрэгцээд л тэр биз. Хотыг илэрхийлсэн дуу хийхийг л хүссэн хэрэг шүү дээ” гэв. “Х.Төмөр хэрэв ая зохиогчдоос шинэ дуу хүссэн бол хэн ч түүнд татгалзахгүй, харин ч дуртайяа өгөхөд бэлэн байсан оргил үе 1968 оноос эхтэй. Гэвч тэр тэгээгүй. Дуулах нь Х.Төмөрийн хувьд өөрийгөө илэрхийлэх зүйл байснаас амьдралынх нь утга учир байгаагүй юм байлгүй”. Агуу Жанцанноров агуу биш байхдаа, бас анхны дуугаа хараахан зохиогоогүй байхдаа л З.Хангалтай танилцаж, ойр харилцаа тогтоож явж. “Харин Төмөртэй?” гэхэд “Нэгдүгээрт, Төмөр надаас насаар ах, хоёрдугаарт, тэр тухайн үеийн надад нэг тийм тусгай маягийн хүн юм шиг санагдсан. Өнгөт шилээр нүдээ халхалчихсан, гоёмсог алчуур, малгай, цагаан өмд, гялгар гутал гээд л тэр нэг л бусдаас өөр байснаас болсон байх” гэсэн нь хөдөөгөөс Багшийн сургуульд ирж суралцан төгөлдөр хууртай танилцаж байсан оюутан Жанцанноровын хариулт бололтой.    

1990 онд “Аргамжаа” зохиолыг биччихээд, уран сайхны бүрэн хэмжээний кино хийхээр дүрүүдээ төсөөлөн явсан Н.Уранчимэг киноны зөвлөх найруулагч Н.Нямдаваатайгаа уулзахаар тэр үед хэвтэж байсан эмнэлэгт нь очоод хүлээж суутал нүдний шилтэй, хөх халаттай, сугандаа гар нүүрийн алчуур сугавчилчихсан 40 орчим насны нэгэн эр хээнцэр ч юм шиг өвөрмөц алхалсаар урдуур нь гарчээ. Тэр яг л түүний кинонд гарах хулгайч нарын ахлагч Сайнаа дүрээрээ мөн санагдав. “Нэг их үг хэлдэггүй эпизодный дүр учраас надад хүчтэй дүр төрх хэрэгтэй байсан юм. Би яг хайсан хүнээ тэгж олсон нь хэдийгээр дууг нь мэдэх боловч зүс үзээгүй Х.Төмөр байсан. Тэр зөвшөөрч манай кинонд тоглосон шүү. Бид кино зураг авалтын үеэр дажгүй танилцлаа. Төмөр яг л тоглож байгаа дүр шигээ олон үггүй. Ажлыг төвлөрч, тогтож хийгээд сурчихсан хариуцлагатай хүн болох нь мэдэгдэж байлаа. Түүний төрх надад зэвүүн гэхээсээ сэтгэл татам, тэр өөрөө харизмтай хүн санагдсан. “Кино хийнэ гэдэг хүлээхийн нэр” гэж үг байдаг юм. Харин Төмөр гуай цагийг яс барьдгаараа гайхуулж байлаа. Нэг удаа надад яагаад ч билээ дээ, лав л ээжийнхээ үсийг шингэрсэн тухайд ярихдаа хэлсэн нэг өгүүлбэр нь одоо ч чихэнд сонсогдож байна. “Я спрашиваю у мамы “Мама, где же твои волосы”. Тэр яг л ээжтэйгээ ярьж байгаа эрх дураараа, учир мэдэхгүй жаахан хүүхэд мэт санагдаж билээ” гэж зохиолч, найруулагч Н.Уранчимэг өгүүллээ. Энэ явдлаас хэдэн жилийн дараа түүнийг гэртээ хэрцгийгээр алагдсаныг сонсоод түүнд ч бас бусдын адил чихэндээ итгэхэд бэрх байж. 

Юу ч болоогүй мэт. Амраг минь дуул, аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуул хэмээн учирлах мэт.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн дарга асан хурандаа З.Төрмандах 2014 онд “Өдрийн сонины” сэтгүүлч Э.Хүрэлбаатарт өгсөн ярилцлагадаа “Дуучин Х.Төмөрийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илэрсэн үү гэвэл илэрсэн. Батсүх гэдэг залуу хэргийг үйлдсэн гэдгийг баримттайгаар тогтоосон. Гурван шатны шүүхээр орж, хэрэг нь таслагдаж, хэрэгтэн ял авсан. Гэвч үүнийг илэрсэн гэж одоо хүртэл үзэхгүй байгаа юм. Энэ нь магадгүй хуулийн цоорхойтой холбоотой байж мэдэх юм. Хуульчид энэ хэрэг дээр маргаантай ханддаг” хэмээн өгүүлсэн байдаг. Гэтэл 2017 онд өмгөөлөгч Нямжавын Батбаяр zindaa.mn сайтын сэтгүүлч С.Ууганбаярт өгсөн ярилцлагад “Нэрт дуучин Х.Төмөрийн толгойг тасдаад зууханд хийсэн хэрэг нэг хэсэг шуугиан болж байв даа, үүнийг би өмгөөлж байлаа. Энэ хэргийн эзэн тогтоогдоогүй, Ц.Батсүх гэдэг залууд хэргийг нь тохоод хаасан. Уг нь Дээд шүүх дээд хэмжээ өгсөн ялыг хүчингүй болгоод байтал залуу маань Ганцхудагт нас барсан. Тэгээд хэрэг эзэнгүй болохоор нь тохоод хаачихсан юм. Хэргийн газраас гутлын мөр, хятад архины шилэн дээрээс хурууны хээ олдсон, тэгэхэд мөн алагдсан Бадамхорол гэх Х.Төмөрийн найз хүүхэн хүний үс зулгаагаад өнгөрчихсөн байдаг. Энэ бүх нотлох баримт нь Ц.Батсүхийнх биш, Бадамхоролынх ч биш гэхээр тэнд өөр хүмүүс байсан байгаа биз. Хэрэгт тохуулсан нөхөр маань сэтгэцийн эмгэгтэй гэмээр хүн байсан болохоор л хэргийг тохоод хаясан” гэжээ. Энэ хэргийн араас маш олон цуу яриа тархсаны дотор түүнтэй бэлгийн харилцаатай байсан ижил хүйстэн залуу хардалтын улмаас гэрлэх гэж байсан эмэгтэйнх нь хамт зэрлэгээр хөнөөсөн гэх таамаг. 

“Манай Төмөр гол төлөв эмэгтэйчүүдийн л хийж чаддаг олон ажлыг гартаа оруулчихсан хүн л дээ. Хоол унд сайтай, гэр орноо угаах цэвэрлэх, гангалж хээнцэрлэх нь лав л надаас дээр, за тэгээд нэхмэл, хатгамал хийдэг, бас нэг тийм хэтэрхий цэмцгэр, ааширхуу, сэтгэл нь хөдлөхөөрөө гараа нэг маягтай хөдөлгөдөг зэрэг нь түүнийг хүмүүст эмэгтэй шинжтэй харагдуулдаг байсан ч байж магадгүй. Би дүүгээ мэдэлгүй яах вэ дээ. Төмөрт ижил хүйстнээ сонирхох ямар ч туршлага бүү хэл хандлага огт байхгүй ээ. Эхнэрээсээ салаад ганцаараа 20 жил амьдарсан болохоор хүмүүст буруу таамаг гаргах сэдэл болсон байх. Одоо л нэг сэтгэлд нийцсэн хүнтэй таарлаа, Бадамаатайгаа гэрлэнэ гээд ярьж байсан хүн шүү дээ” гэж Х.Карма эгч нь өөрийн бодлоо хуваалцсан юм.  

Х.Төмөр 1970-аад онд Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан П.Нарангоо хэмээх өндөр боловсролтой, даруу төлөв, нүдэнд дулаахан сайхан бүсгүйтэй гэрлэж, хоёр охины аав, ээж болцгоосон ч хамтын амьдрал нь бүтэлгүйтэн хоёр тийш болсон аж. “Тэдний салалтын шалтгаан нь манай Төмөр архи нэлээд уух болсонтой холбоотой гэж би дотроо боддог юм шүү. Тэднийг анх нийлж байхад Нарангоогийн ээж тун таагүй хүлээж авсан ч охин нь Х.Төмөртэй суухаар шийдсэн юм билээ” гэж Х.Карма эгч өгүүлсэн. П.Нарангоо, Х.Төмөр нар салснаасаа хойш харилцаагүй, хүүхдүүдийнхээ тухайд ч ямар нэг байдлаар холбогдолгүй сураг тасарцгаажээ. Х.Төмөрийн хадам аав байсан Сайд нарын зөвлөлийн орлогч дарга асан Пунцагноров гуай хүргэнийхээ дуулсан “Аяны шувууд” дуунд маш дуртай нэгэн байсан тухай өгүүлбэр түүний дурсгалд зориулсан номонд бий. Харин зээ охид нь ухаан ороогүй балчир насандаа төрсөн эцгээсээ холдсон учраас энэ дууг аав нь дуулсныг мэдэхгүй ч байж магадгүй. Х.Төмөр энэ үйл явдлаас хойш зуун жил ингэж амьдарсан мэт ганцаардмал, зожиг, гэхдээ хэнд ч гэм хоргүй англи хэлний орчуулагчаа хийгээд л мөрийн явсан.  

Х.Төмөрийг нас барсны дараа түүнийг хэвлэлээр хүчирхийлж, нэр төргүй, алдар гавьяагүй нэгэн болтол нь элдэвлэж байв. Гэвч түүний дуу хоолой дуурссаар байсан. Юу ч болоогүй мэт. Амраг минь дуул, аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуул хэмээн учирлах мэт. Амьдралыг ер бусын эгшиг аялгуу, торгон өнгө донж, нандин эмзэг нугалаатайг дуу хоолойгоороо мэдрүүлэн аргадах шиг.   

“Зууны мэдээ” сонины эрхлэгч Б.Ганболдод хорьдугаар зууны сүүлчийн хавар Монгол Улсын Зууны манлай нарыг шалгаруулах санаа төрөөгүй бол 1995 онд Х.Төмөрийн амийг хороосон онц ноцтой хэргийн араас талийгаачийн тухай нийгэмд шуугиан тарьсан хилс ойлголт, шар хэвлэлийн дэгс мэдээллүүдээр түүний түүх төгсөх байлаа. 1999 онд “Зууны мэдээ” сонин, Монголын радио, Монголын мэдээ агентлагийн уншигч, сонсогч, үзэгчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 63 хувь нь Хурлатын Төмөр агсаныг “Зууны манлай эстрадын дуучин”-аар нэрлэсэн нь түүний эзгүй шинэ зуунд ч дуу хоолой нь дамнан алдарших өөр нэг түүхийн эхлэл болсон билээ. Зууны манлай эстрадын эмэгтэй дуучнаар Б.Сарантуяа шалгарсан бол Зууны манлай эстадын эрэгтэй дуучны номинацид Х.Төмөр агсантай Б.Баяраа(Соёл-Эрдэнэ), Д.Жаргалсайхан (Чингис хаан), Х.Төмөрбаатар (Баян Монгол), Ц.Энхманлай (Харанга), Х.Лхагвасүрэн (Харанга), Х.Галхүү (дуучин), Н.Ганхуяг (Инээмсэглэл), Б.Батчулуун (Никитон) нарын нэрийг өрсөлдүүлж байжээ.

холбоотой мэдээ
1
2020.04.16
Ардчилал ямар амны хаалт уу
2
2020.04.07
“Томүжин”-гийн Б.Батжинтай танилц!
3
2020.04.01
Хамтдаа ганцаардъя хүн төрөлхтөн минь
санал болгох
1
18 цагийн өмнө
Индонезийн Хөдөө аж ахуйн яам коронавирусийн халдвараас сэргийлдэг зүүлт гаргасан гэв
2
19 цагийн өмнө
Инстаграмын хатан, хаан гэгдэж буй виртуал инфлюенсерүүд нийгэмд хэрхэн нөлөөлж байна вэ?
3
19 цагийн өмнө
Г.Сайханбаяр: Афганистанд байгаа цэргийн багаа ойрын хугацаанд татах ажиллагаа явуулна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
0
35
0
5
0
2
0

Сэтгэгдэл бичих (20)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.04.21 162.158.118.173

шимтэн уншлаа... ийм сонин сайхан удамтай элит хүний тухай уншихад таатай байлаа... хари эмгнэиэлтэйгээр нас нөгчсөн байдал зүрх шимшүүлэв...алуурчин эзэн нь шийтгэлээ хүлээж л таараа...

0 Хариулах


Зочин 2020.04.05 172.68.182.67

Холдох тусмаа гэрэлтэнийхээ талд нь ч хүрэхгүй хөрөг бна. Тийм сайхан бичвэр уншсан блхр энэ удаад дэндүү бүр дэндүү өндөр хүлээлттэй байсан юмсан Энхцэцэг эгчээ. Магтаад байгаа хүмүүс энэ сэтгүүлчийн бичсэн балетчин Батсайхан агсны Холдох тусмаа гэрэлтэнэ хөршийг хайж олж уншаарай.

0 Хариулах


DIIMAA 2020.04.04 141.101.76.241

Mash saixan niitlel baina Bi ene xuniig emneleg deer eejiigee saxij baixad n xarj bailaa. Dotor xaruusal terlee Bid jinxene xunii ardchilsan niigemiig l ur xuuxdedee uldeemeer baina daa

0 Хариулах


Bayar 2020.04.04 172.69.45.135

Zolig gej, yasan saihan hurug niitlel ve? Odoo Baarain Bayaraa agsnii tuhai hurug bichij uguuch, please? Dangiin daavuu maihan geed l duulj baihiig n baga baihdaa uzsen n odoo ch setgeld egshigleestei bdag yum.

0 Хариулах


Зочин 2020.04.03 173.245.54.96

Д. Нацагдорж судлаач Б. Содномын хүү гэж яаж баталж байна. Унгарын эрлийз, эсвэл хятдын эрлийз гэж яригдаг байсан.

0 Хариулах


Цогоо 2020.04.03 162.158.178.56

Х.Төмөр жараад оны үед манай хөрш төмөр замын Виктор хэмээх орос айлд ууттай цахилгаан гитар барьчихсан ирдэг байж билээ. Дэгжин цэмцгэр эр харагддаг байлаа. Х.Төмөр үнэхээр агуу дуучин. Түүний хоолой нь гайхамшигтай өвөрмөц. Тэр үнэхээр зууны манлай эстрадын дуучин мөн.

0 Хариулах


Зочин 2020.04.03 162.158.119.174

Гайхалтай сайхан хүн бас мундаг дуучин эстрадын ахмад дуучдын тоглолт анх тоглогдж эхлэхэд СТӨ д гэрэлтүүлэгч блаа тоглолт бүр дүүрэн үзэгчидтэй Төмөр ах ер нь бүх дуучид нь байнга дахиулаастай 3-4 цаг үргэлжилсэн агуу тоглолт болдог байсан шүү

0 Хариулах


Зочин 2020.04.03 172.69.252.139

Б.ЭНХЦЭЦЭГ -т баярлалаа! Маш сайхан "хөрөг нийтлэл" уншчихлаа. <<...“Хүрээлэнгийн” хэмээгддэг дан цагаан байшинд өнгөрсөн байна. Энэ байшинд Улсын нийтийн номын сан болон Шинжлэх ухааны академийн ажилтнууд болох сэхээтнүүд амьдардаг байв...>> Энд дурьдагдаж байгаа дан цагаан байшин нь одоогийн “Мөнгөн завъяа” буюу хуучин “Хүнсний 20” хэмээгддэг байсан дэлгүүрийн урд талд ОХУ-ын элчин сайдын яам байгаа газар байсан юм. Нэгэн үе “Хүрээлэнгийн” гэгддэг байснаа хожим нийтэд Академийн “Талын цагаан” хэмээгддэг болсон. 1960-аад оны эхэн үеээс "газарт орох" (1967он) хүртэл энэ байранд манайх нь амьдарч байсан. Би сургуулийн өмнөх насаа энд л өнгөрөөсөн юм.

0 Хариулах


Зочин 2020.04.03 162.158.179.241

nice hoich ue maani ene bugdiig medeh heregtei

0 Хариулах


дпдп 2020.04.03 172.69.252.151

гоё сэтгэлд хоногшим дуулдаг хүн байсан шүү. Монголын Тото Кутуньо л байсан даа.

0 Хариулах


https://dnn.mn 2020.04.03 172.69.45.135

1989 оноос эхлэн “Эстрадын ахмад дуучдын тоглолт” гэж гайхамшигтай тоглолт болдог байсныг манай жар, далаад оны залуучууд андахгүй тод санана даа. Бид хамтдаа 512 удаа дүүрэн үзэгчтэй тоглосон бөгөөд бүх үзэгчид нь жар, далаад оны залуус байсан... https://dnn.mn/%D0%BE-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B4%D0%B1%D0%B0%D0%B0%D1%82%D0%B0%D1%80-%D1%8D%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%BD-%D2%AF%D0%B5%D0%B8%D0%B9%D0%BD%D1%85%D0%BD%D1%8D%D1%8D%D1%81-%D0%B5%D1%80%D0%B4%D3%A9%D3%A9-%D0%B3%D1%83%D1%80%D0%B0%D0%B2%D1%85%D0%B0%D0%BD-%D1%85%D2%AF%D0%BD-%D2%AF%D0%BB%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%BD%D1%8D%D0%B3-%D0%BD%D1%8C-%D0%B1%D0%B8-%D1%8E%D0%BC-%D1%88%D2%AF%D2%AF/

0 Хариулах


bg 2020.04.03 172.69.45.135

СТӨ-нд 16 олон тоглосон байхаа. магадгүй 500 бх

0 Хариулах


Цацралт 2020.04.03 162.158.118.61

Гэрэл зурагчин Бадам гэдэг өөр хүн шүү.

0 Хариулах


Д 2020.04.03 108.162.216.47

Төмөр, Төмөрбаатар..... гээд мундаг авьяастнууд. дууг нь одоо ч сонсож биширдэг. Бид нэг нэгнээ хайрлаж байх хэрэгтэй!!!

0 Хариулах


Зочин 2020.04.04 162.158.50.211

Дээр нь төмөрхуяг. 3 Төмөр

0 Хариулах


sukhee.pdoo 2020.04.02 162.158.118.143

Зундар нь Хангалын дүү нь шүү, Б.Энхтуяа мартагдах байсан түүхийг сайхан бичсэн байна, баярлалаа, цаашдын судалгаанд нь амжилт ерөөе

0 Хариулах


sukhee.pdoo 2020.04.02 162.158.118.235

Зундуйн Хангал

0 Хариулах


зочин 2020.04.02 172.69.252.139

Дотор нэг л гунигтай болчихлоо. Хэдий бусдын нүдээр ийм ч, хувь дотроо юу мэдэрч явсан болдоо гэхээс уйлмаар болоод явчихлаа шүү. Баярлалаа..

0 Хариулах


зочин 2020.04.02 172.69.252.149

Ямар гоё юм уншчихав аа. 1989 оны Эстратын ахмад дуулаачдын тогтолотыг жоохоон би ээжтэйгээ хамт үзэж явлаа. Аяны шувуудад үнэхээр дуртай

0 Хариулах


Зочин 2020.04.02 162.158.118.145

гоё бичжээ

0 Хариулах


Зочин 2020.04.02 162.158.119.28

Бягтруул - Victrola Грамафон - Эгшигт хайрцаг

0 Хариулах