Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

УИХ-ын “хонхны баяр”

“Короновирус гарчихаад байхад юуны чинь хонхны баяр”


Өнөөдөр нээгдсэн УИХ-ын онлайн чуулганаар хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт “Алсын хараа 2050”-ыг жагсаажээ. Энэ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал гэх нэртэй ч эрх баригч МАН-аас санаачлан УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ хэрэгцээнд зориулан боловсруулсан мөрийн хөтөлбөр. Энэхүү үзэл баримтлалыг УИХ баталснаар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр сонгуулийн үр дүнгээс болон засгийн эрхийг аль нам барихаас үл шалтгаалан Монгол Улсын хууль болж мөрдөгдөх юм. Түүнчлэн үүнтэй холбогдуулан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын гуравдугаарт жагсаж байна. Үүгээр УИХ дахь олонхийн “хонхны баяр” эхэлж байна.

Ерөнхийлөгч ингэж хангинав

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-нд санал хураах товтой. Сонгууль бол тухайн парламентад дөрвөн жил ажиллан хууль тогтоосон гишүүдийн хувьд төгсөлтийн “хонхны баяр” л гэсэн үг. Зарим нь сонгогдоод энэ танхимдаа улиран ороод ирнэ, зарим нь эрх мэдэлд “баяртай” гэнэ. Цар тахлын оргил цаг таарч парламентын гишүүд өнөөдөр 2016-2020 оны сүүлчийн улирлаа онлайн онцлогтой нээсэн биш баярын хонх хангинасангүй, харин эрх баригч МАН-ын гишүүд даргатайгаа, Ерөнхий сайдтайгаа сууж байгаад Ерөнхийлөгчид баахан хангинууллаа. 

“Короновирус гарчихаад байхад юуны чинь хонхны баяр” гэж их, дээд сургуулийн төгсөгчдийг эцэг эхчүүд нь ухуулж байгаа шиг л төрийн тэргүүн Х.Баттулга сонгуулийн товыг царцааж хойшлуулахыг хатуу анхааруулав. Ингэхдээ тэр 3 эрсдэлийг тооцоолжээ. 

  1. Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрч цугласнаас титэмт вирусийн өвчлөл огцом өсвөл манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр.  
  2. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг тул сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурна. 
  3. Сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болно гэв. 

Сонгууль хойшилбол...

Х.Баттулгын дарангуйлал тогтоно хэмээн үзэгсдэд зориулж Ерөнхийлөгч “Монголын хууль эрх зүйн актуудад сонгууль хойшилсон нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа” хэмээн өнөөдөр тайвшруулна лээ. Сонгууль хойшилбол өнөөдөр хамгийн өндөр байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтингийн түвшинг дахин нэг жил тогтоон барихад хүндрэлтэй нөхцөл үүсэх магадлалтай. Короновирусын халдварыг намжаах хүртэл дахин нэг жил орчмын хугацаа шаардлагатай хэмээн тандаж байгаагаар бол тэр хүртэл ямар эрсдэл гарахыг одоо хэн ч урьдчилан тогтоож чадахгүй байгаа юм. Тиймээс сонгууль хойшлуулбал гарч болзошгүй эрсдэлүүдээс үүдэн гүйцэтгэх засаглалын нэр хүнд унах, МАН-ын даргын сонгуульд ялалт байгуулахуйц рейтингийн нөлөөлөл тарамдаж үгүй болох эрсдэлтэй.    

Х.Баттулга бас онцгой дэглэмийн онлайн хуралдааныг ашиглан нэгэн эрхмийг онцгойлон магтан матсан нь анхаарал татав. УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийн иргэний болон улс төрийн зоригийг үлгэрлэн дагахыг Ерөнхийлөгч түүний адил гэм буруутай олон гишүүнд уриалав. “Эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдөл гаргаад байгаа юм. 

Сонгууль хойшлохгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын төр, засгаас өвчний  халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж байгаад талархав. Эмч нарыг нэр дурдан баярлаж байгаагаа илэрхийлэв. "Монголчууд бид улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг иржээ. Ингэж чадвал бид коронавирусийг ялах сайн өдөр удахгүй ирнэ" хэмээгээд УИХ энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллахыг уриалж байна. 

УИХ-ын гишүүд “хонхны баяр”-аараа Ерөнхийлөгчийн үгэнд орж УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдөл бичих, эсвэл ээлжит сонгуулиас татгалзан дахин нэг жил сунаж ажиллахын алийг нь ч хүлээн авахгүй шүү дээ. Тэд БНСУ-д болж буй улс төрийн сонгуулийг харсан шиг суугаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.