Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Ардчилал ямар амны хаалт уу

Тэмээ гэхээр ямаа ярьж, АН 30 жил цээжээ дэлдэв.


"Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхдөдөө, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байна” гэж Ц.Баатархүү АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоныхоо дараах анхны мэдэгдэлдээ өгүүлэв. Энэ бол АН-ын генсек хэн ч болсон бай, түүний толгойн өвчин. 

АН-д, түүнээс төрсөн лидерүүдэд үзүүлэх алив долгион нам унтрав.

Тэмцэж авчирсан юм, шинэ сэргэг юм, үнэт зүйл, зарчим нь зөв юм, алдаж байж ононо гэж итгэж найдсан 30 жил билээ. Улс төрийн шинэ хүчнийг дэмжихгүйгээр, энэ хэдэн залууг лидерээ гэж ойлгохгүйгээр Монголд илүү сайхан нь ирэхгүй, өнөөдрөөс маргааш заавал илүү болно гэж хүндэтгэн хамгаалсаар ирсэн Ардчилсан нам, сонгуулийн дүнгүүд, ерөөс Монголын нэн шинэ түүх. Ардчилсан нам Монголын улс төрд сүүдэр шиг дагуулж, мөн чанараа болгож дархлаажуулсан эрээ цээргүй, эмх замбараагүй явдлуудаараа “ардчилал” гэх ойлголтыг нийгэмд өрөөсгөлөөр түгээн дэлгэрүүлсэн. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг ардчилал, амны хаалт хоёр зэрэгцсэн. АН олон ургальч үзлээс өөр, шударга өрсөлдөөнөөс бүр тэс ондоо зүйлийг харуулчихаад “Энэ бол ардчилал” гэж ам тагласан. Итгэх, эрхэмлэх гэх мэт сэтгэлийн үзүүлэлтүүд өөриймсөн өмөөрөх, эмзэглэн бухимдах, жигшин зэвүүцэх хариу үйлдлүүдийг дагуулдаг. Харин одоо АН-д, түүнээс төрсөн лидерүүдэд үзүүлэх алив долгион нам унтрав. 

АН яагаад засаглаж байхдаа ч, сөрөг хүчин явахдаа ч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг мөнхийн зөрчилтэй, сонгуулийн өмнөх ахархан хугацааг эс тооцвол эв нэгдэлгүй оршсоор өдийг хүрэв? Лидерүүдийн зөрчил нь хагарал, үл нэгдэл нь ялагдал болсоор атал яагаад үүнийгээ дандаа “Энэ бол ардчилал” гэх тайлбараар ам тагласаар ирсэн юм бол. “Энэ бол ардчилал” гэх ёж зөвтгөлтэй уншсаар өдийг хүрсэн өрөөсгөл ардчилал Монголд өнөөдөр бий болсон онцгүй бүхний яв цав онош атал АН учир шалтгааныг ужгируулсаар иржээ. Тэд тэмээ гэхээр ямаа ярьж, оношоо хүлээн зөвшөөрөхийн оронд ард түмнийг гадаад паспорттай болгосон гавьяагаараа 30 жил цээжээ дэлдэв. Тэр дарга, энэ ч дарга нарын тэмцэлд идэгдэж, эрх мэдэл, эд хөрөнгө булаацалдан өөр зуураа тэрслэн хэмлэлдсэн шинэ үеийг араасаа бойжуулсан хэвээр. Олон улсын харилцаанд бий болсон өөрчлөлтийн нүргээн дунд бид улс төр, эдийн засгийн шилжилтийг өнгөрсөн 30 жилд мөлхөх шахам аажуухан ч гэлээ хийсэн юм шүү дээ. Өнөөгийн идэвхгүй, нөлөөгүй АН-ыг харахаар энэ шилжилтийг бид АН-гүйгээр ч хийх боломжтой байсан мэт. АН үнэнийг эс зөвшөөрөх, ам таглах, дүр эсгэх, хүнтэй тэмцэхийн дон шүглэсэн зөнөг “нялхасын өвчтөн” болж үлдлээ.

Тэгш оролцох, шударга хандах, хамтдаа шийдэх дотоод ардчилал олон лидерийнх нь өндөр эгод ялагдаж хоцров. АН-ын тугийн дороос энэ намын лидер болгон хувийн нам, хөдөлгөөн тасдан байгуулж намаа алж тоглож байна. Үнэ цэн ч үгүй, уламжлал ч үгүй, шинэчлэл ч үгүй, залуус нь хүртэл даргын хэнээтэй зөнөг залгасан АН үнэндээ өөрийн тэнэгрэлд эцэж туйлджээ. 

Хүмүүст лидер гэхээсээ диктатор маягийн цэргийн хүчирхэг жанжин гоё санагдаж байна.

Ардчилал гэдэг чинь энэ юм бол улс төрийн намд ийм үзэл санаа гэж байх хэрэг алга, зүгээр л дэг журам сахиулахын тулд арьс мах, эд хөрөнгөтэй нь шууд яригч, ганц сайн шанаа өгөгч даргатай байхад болох биш үү гэх алхмууд хийгдэж байна. Ардчиллын оронд шулуухан дарангуйлал нь илүү эмх цэгцтэй, дэг журамтай, сахилга хариуцлагатай байх мэт ойлголт өнөөдөр газар авч байна. Хүмүүст лидер гэхээсээ диктатор маягийн цэргийн хүчирхэг жанжин гоё санагдаж байна. Ийм ойлголт бодитой бий болсон тул яг эндээс төрсөн айдас түгшүүр өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын харилцаанд биесээ дарангуйлагч хэмээн хардах, заримдаа өрсөлдөх, харин хүмүүсийн дунд тэр хоёрын хэн нь илүү диктатор вэ гэж шагших шалтгааныг бий болгов. 

Өмнө нь АН-аас шинэ соёл, шинэлэг байдлыг олж харах гэж хичээдэг байсан бол одоо тэднээс хүлээх зүйл үлдсэнгүй ээ. Гэтэл үүлэн чөлөөний наран мэт боломж АН-д гийж байна. Том мажоритар тогтолцооны онцлогийг харсан ч, сурталчилгааны хугацаа короновирусын дэгдэлт хумигдаагүй байх цагт таарахыг бодсон ч энэ удаагийн сонгуульд шинэ улстөрчдөд боломж олдохгүй, улс төрийн хоёр том хүчинд ялалт ирэх тандалтыг судлаачид хэлж байна. Нэг нь өнөөгийн эрх баригч МАН, нөгөө нь “энхрий хайрт” АН байх тул энэ нь манай хөгшин ардчилагчдад тахлаас ирэх зол юм. 

АН ийм “давагдашгүй хүчин зүйлээр” л гул барихаас өөрөөр хүмүүсийг дагуулж чадахгүйгээ бас мэдсэн байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн кампанит ажил эхлэхээс сар гаруйн өмнө НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүүг ерөнхий нарийн бичгийн даргаар тавьж, нэр цэвэр, идэвх зүтгэлтэй залуу хүнээр нүүрээ тахлахаас өөр аргагүйд хүрэв. 

МЭК судалгааны байгууллагаас өнгөрсөн сарын сүүлээр явуулсан судалгааны дүнг үзвэл, АН-ын дарга С.Эрдэнэ олон нийтийн санал асуулгаар таалагддаггүй улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж байгаа бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх таалагддаг улстөрчдийг манлайлж байх юм. “Таалагддаггүй” ангиллын улстөрчдийн айргийн тавд С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Ж.Батзандан нар багтсан бол “таалагддаг” тавын дөрөв нь У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын МАН-ын улстөрчид байна. Үүнээс үзэхэд АН-ын дарга С.Эрдэнэд шинэ генсек Ц.Баатархүүг өөрийнхөө өмнө барих сонгуулиас үүдэлтэй шаардлага бодитой байна.

Хаана байна аа, нөгөө хэнүүс л үхэж далд орвол ардчилсан хүчний нар гарна гээд байсан?

Хаана байна аа, нөгөө хэнүүс л үхэж далд орвол ардчилсан хүчний нар гарна гээд байсан? Одоо сонгууль өгөх насны нийт 2 сая сонгогчийн 40 гаруй хувийг 1980-2002 онд төрсөн, Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёрыг бүрдүүлэгч 900 мянган миллениал, зэт үеийн залуус бүрдүүлэх болсныг онцолъё. УИХ-ын 2020 оны сонгуулийн өнгийг тэд тодорхойлох чухам энэ үеийг л ардчилагчид хоног тоолох шахам хүлээсэн бус уу? Гэтэл тэр цаг нь яг ирэхэд иргэд АН-д итгэж саналаа өгөх бүү хэл, АН-ынхан өөрсдөө ч бие биедээ итгэхээ байж, “эх орноосоо урвагч”, “хулгайч”, “худалч”, “хужаа” болон хувирцгаасан бөгөөд бүх лидер нь АТГ зэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байна. 

Шинэ генсек Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан лидерүүддээ хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байна гэдэг нь АН-ын дарга С.Эрдэнийн хэчнээн хүсээд хийж чадахгүй алхам юм. Тэр энэ үгийг хэлсэн бол хоосон, үнэмшилгүй сонсогдох байв. 2020 оны сонгуульд МАН-ын эсрэг талд одоогийн хүч тарамдсан, нөгөө л эв нэгдэлгүй, фракцжсан АН биш, ойлголцохыг хүсдэг, эв нэгдлийг уриалдаг, цоо шинэ АН зогсож буй мэтээр харуулахад нь С.Эрдэнэд шинэ генсек Ц.Баатархүү хэрэг болж байна. Харин АН-аас тасарсан намуудын хувьд чухам энэ уриалгыг хүсэн хүлээж байх магадлалтай. Сиймхий ч гэсэн өөрсдийн гараар босгосон орон гэр нь АН байсан юм. 

“Энэ бол ардчилал” гэж ам таглуузай.

Ц.Баатархүү ийм эв нэгдлийн, сонгуулийн ялалтын туг нь, баталгаа нь болж чадах, эсэх эргэлзээтэй. Тэр их улс төрд харьцангуй шинэ хүн. Гэхдээ тэр анх Ц.Элбэгдоржийн урилгаар АН-д ирж, Н.Алтанхуягийн удирдлагад ажиллаж, Э.Бат-Үүлтэй гар нийлж, одоо С.Эрдэнийн нөлөөгөөр генсек болон дэвшив. Чухам тэр л лидерүүдээ дуудаж байгаа нь бяцхан үнэмшилтэй харагдана. Ийнхүү улс төрийн нөлөөллийнхөө хамгийн доод цэгт ирсэн, хүч нь хэд дахин тарамдсан АН 2020 оны сонгуулийн тогтолцоо хийгээд тахлын “буяныг” ашиглахаар шинэ генсекээ урдаа барив. 

АН-ын лидерүүд намаа орхиж өөр өөрийн нам, хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байгаа үйл явцыг дахиад л “Энэ бол ардчилал” гэж ам таглуузай. АН-д багтаж боломгүй үзэл баримтлалын ямар ялгарал, улс төрийн ямар шинэ онолын салаа зам гарсан гэж? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.