Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

А.Хаш: Би угийн яриа болохоор гэртээ хариад ч ярьмаар л байдаг, аймаар тэнэг

“Нэ-эг, хо-оёр, гур-рав, пульт!” командаар нэвтрүүлэг эхлэхийг дохиход нислэгт бэлэн болж хөөрөх мэт мэдрэмж төрдөг.


Дэлхийн монголчуудын радио 88.3-ын хөтлөгч А.Хаштай ярилцлаа. 

-Та багадаа хэр яриа хүүхэд байв?

-Өө их яриа хүүхэд байсан шүү. Гэртээ эмээтэйгээ л өнждөг байсан болохоор уйдаж ганцаардана аа. Найзын мөрөөс болчихсон амьтан байж. Тэгээд л хүүхдүүдийг гэртээ оруулж аль болох удаан хамт тоглох гэнэ. Бас хөгжилтэй юм ярьж хүүхдүүдийг өөртэйгөө уях гэнэ шүү дээ. Анх 50 настай гэнэт фм радиогийн хөтлөгч болоход минь ойр дотныхон, найзууд нэг их цочирдон хүлээж авсан ч үгүй. “Чам шиг яриа хүн яг ийм ажил хийвэл таарна” гэж байгаа мэт л...

-Хүмүүс радиог мэргэжлийнхэн ажилладаг тусгай зүйл гэж боддог. Гэтэл Та радиод хэзээ хойно 50 настайдаа орсон, мэргэжлийн бус хүн. Хамгийн анх хөтөлсөн нэвтрүүлгээ Та одоо санадаг уу, ер нь хэр их баларч байж радиогийн хүн болсон бэ?  

-Ажилд орсон эхний зургаан сарын турш надад их хэцүү байсан. Би нэг тийм түгшүүр дунд л яваад байсан юм билээ. “Би ер нь яагаад ийм ажилд орчихов доо” гэж эхний үед бодож л явсан. Одоо тэр айдас илэрхий багассан ч бүр оргүй алга болчихоогүй. “Нээг, хооёр, гур-рав, пульт!” командаар нэвтрүүлэг эхлэхийг дохиход нислэгт бэлэн болж хөөрөх мэт мэдрэмж төрдөг юм. Эфир эхэллээ л бол хөтлөгч нэвтрүүлгийн туршид гурван секунд ямар нэг авиагүй дуугүй болж болохгүй, сонсогчтой хамт байгаагаа үргэлж мэдрүүлэх ёстой. 

-Дөчтэйд амьдрал эхэлдэг гээд л ярьдаг. Таныхаар хэдтэйд бол?

-Төд гэх тоо юу байхав дээ. Бүр 60-тайд ч эхэлж болдог л байлгүй дээ. Шинэ ажилд орох, шинэ орчин, шинэ хүмүүсийн дунд ороод явчих чинь тэгээд л амьдрал эхлэх дайны зүйл шүү дээ. 

-Радиогийн хөтлөгч болохын тулд та ямар нэг хичээлд сууж бэлтгэл хийсэн үү?

-Үгүй ээ, ёстой тийм юм болоогүй. Мэдэх зүйлээ мэддэг, надад мэдэхгүй зүйл олон гэдгээ ч мэддэг тийм л өөрийнхөө ертөнцөөс радиод орж ирж байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Жишээ нь, би өмнө нь хэзээ ч радиогийн идэвхтэй сонсогч байгаагүй хүн юм. Одоо гэхэд мөн л тухайлан радио сонсдог, бас шинээр суралцдаг, өөрийгөө хөгжүүлэх гэж зүтгэдэг хүн биш. Оросын хэдэн сайт хардаг байсан, одоо ч бас тэднийгээ л уншдаг. Харин энэ ажлыг хийхдээ сонсогч намайг харахгүй юм чинь гэх бодлоор хандаж ер болохгүй, ярьж байхдаа чин сэтгэлээсээ л байя, дүр эсгэхгүй юм шүү гэсэн гүн бат ойлголт л надад байдаг. Шинэ санаа орж ирвэл хурдан ажил болгоно. Сонирхолтой сэдэв хайна. Яг үнэндээ бүтвэл тэр биз, болохгүй бол тэр л биз гэж эхэлсэн хүн шүү дээ. Гэтэл оночих шиг болсон. Ингээд л би гэдэг өөрийнхөөрөө хүн өдөр болгон бусад хүмүүстэй харилцдаг сонин гоё ажилтай болсон юм даа.

-Таны нэвтрүүлгийг сонсоход тэр бүр радиогоор хэлэлцүүлэг болгон өрнүүлдэггүй сэдвүүдээр “буу халдаг”. Жишээ нь, саяхан зүүдний талаар ярьцгаасан. Зүүдэндээ босож явдаг хүмүүс энэ тухайгаа Танд ярих гэж радио руу холбогдоод л. Бас “Халаасанд байгаа мөнгөнөөсөө та хэдийг нь зөвхөн өөртөө зориулдаг вэ” гэж Та сонсогчдоосоо асууж ч байх шиг. Ийм нэвтрүүлгийн санаа Таных байв уу?

-Өмнө нь хаа нэгтээ фм радио сонсож байхад хөтлөгч нь сонсогчидтойгоо хүмүүсийн хооронд байж л байдаг энгийн сэдвүүдээр яриа өрнүүлж яагаад болдоггүй юм бол, тэгвэл хөгжилтэй, бүр илүү өгөөжтэй байж болох биш үү гэж бодоод л өнгөрдөг байлаа. Тэгээд хожим радиод ороод ийм нэвтрүүлэг хийж эхэлсэн. Радиогоор зөвхөн амжилтад хүрсэн, эсвэл царайлаг хүмүүс биш хэн ч ороод хүссэнээ ярьж болдог, бусадтай санаа бодлоо хуваалцаж болдог тийм индэр. Хөтлөгч миний ажил бол Монгол Улсын иргэн бүрийн оролцоог дэмжих юм шүү дээ. 

-Таныг хөтлөгчөөр ажиллаж эхлэхээсээ өмнө өвдөж зовсон, ганцаардаж шаналсан хүмүүст сайн дураараа хань болж, эргэж тойрч явсан талаар сонсож байлаа. Тэгж явсан түүхийг чинь мэддэг нэгэн Танд радиод хөтлөгчөөр ажиллах санал тавьсан гэж ойлгосон. Одоо та илүү олон хүнтэй харилцдаг боллоо. Магадгүй танаас Монголын өнөөгийн нийгэмд ямар хүмүүс олонх вэ гэж асуувал сонин хариулт сонсох болов уу?

-Би ер энэ талаар бодож байгаагүй юм байна. Манай нэвтрүүлгийн сонсогчид бол дийлэнх нь жолооны ард суугаад радиогоо асаагаад явж байдгаараа ижил боловч янз бүрийн л улс байдаг. Зарим нь надтай ирж танилцана, ярилцаж хөөрөлдөнө.  Амьд харилцаанд дуртай хүмүүс юм болов уу даа.

-Айл болгонд Тан шиг илэн далангүй яриатай, найзархаг, нөхөрсөг аав, ах байдаг гэвэл үгүй байх. Таны сонсогчдоос хувийн асуудлаар зөвлөгөө авах гэж уулзах нь байх уу?

-Тийм тохиодол бий. Гэхдээ би өөрөө хүнд нэг их зөвлөгөө өгч чадах хүн биш юм. Тэгээд ч надад зөвлөх эрх байхгүй шүү дээ.

-Таныг одоо хүмүүс зөвхөн дуу хоолойгоор биш, зүсээр чинь таньдаг болсон байх. Олны танил болж байгаа нь өөрт чинь таалагдаж байгаа юу?

-Би лав баярладаг. Гоё санагддаг. Гэхдээ би бас өөрийгөө мэднэ. Онгироо сагсуу зангаа барьж дарахгүй бол ёстой хөгөө чирч ч мэднэ. “Би”-гийн өвчин тусвал тэгээд хэн ч биш шүү дээ. 

-Тэр “онгироо сагсуу” гэдгийг арай гоёор “дэврүүн сэтгэл” гэж хэлж болох мэт. Тийм дэврүүн сэтгэлгүйгээр уран бүтээлч хандлага гарахгүй байх шүү? 

-Радио бол уран бүтээл. Гэхдээ намайг ямар уран бүтээлч гэх вэ дээ. Би өөрийгөө дуртай ажлаа бүх сэтгэлээ зориулаад хийж явдаг зүгээр л нэг азтай “баагий” л гэнэ. 

-Эртхэн шиг фм-д хөтлөгчөөр орохгүй яав даа гэж бодож байна уу?

-Үгүй, би өөрийгөө хожимдсон гэдэг ч юм уу, хөгширлөө энэ тэр гэж бодоод байдаггүй (инээв). 

-Хүмүүс фм сонсохоо больсон, оргил үе нь буурч байх үед Та “буу халдаг” ажлаа дөнгөж эхэлсэн шүү дээ. Таныг ажилдаа орж байх үед танай радио фм-үүд дотроо рейтингээрээ хэдэд жагсдаг байв?

- 4-т явдаг мундаг радио байсан. Сүүлийн судалгаануудаар манайх топ болсон байна лээ. Манай 88.3 чинь Монгол Улсын хэмжээнд машин бүрт барьдаг чухал долгион байхгүй юү. Бас 50-иас дээш насны хөтлөгчидтэй гэдгээрээ онцлогтой. Манай Б.Энхболд дуу хөгжим, ном, киноны нэвтрүүлэг хөтөлж байна. 

-Таны контент анх соошлд тавигдахад “аймаар” шүүмжлүүлсэн үү. Хөтлөгч хүн гэдэг чинь өв тэгш дуу хоолойтой байхаас авахуулаад олон ур чадварыг эзэмшсэн байх ёстой байтал гэнэт Та ороод ирэхээр..?

-“Танайх уг нь гайгүй радио, яагаад ийм гацаа өвгөн ажилд авчихав даа”, “Наад буурал толгойтой хүнийг чинь яриад эхлэхээр зүрх дэлсээд радиогоо унтраадаг боллоо” гэдэг л байсан. Надад үзээд алдахаас, азаа сорихоос өөр сонголт байгаагүй юм. Би өөр юу хийх гэж. Хаана намайг ажилд авах вэ дээ. Тэгээд халахаар нь л больё гээд тууштай үзсэн. Би ер нь тэнэг юм шиг ээ (инээв). Шүүмжлүүлэхээс айдаггүй шд. 

-Өөрийн гэсэн тогтмол нэвтрүүлгүүдтэй, олон сонсогчтой болоод ирэхээр контентын агуулгаа хөгжилтэй, зугаатай, бодууштай байлгахаас гадна хүмүүсийн ухамсар, төлөвшлийн өмнө хүлээх ямар нэг үүрэг хариуцлага шинээр бий болдог уу?

-Лав л би өөрийгөө өвдөх эрхгүй гэж боддог. Бас монголчууд бид нийгэмд болж буй үйл явдал, алив үзэгдлийг бодитоор дүгнэж цэгнэж сураасай гэж хүсэж нэвтрүүлгээ хөтөлдөг. Мухар сүсэг, хэт туйлшрал, эсвэл айдас хүйдэст автдаггүй, хэрсүү, бодитой ард түмэн байгаасай. Уг нь монголчуудын зан чанарын үндсийн үндэс нь прагматик суурьтай, бас хөөрхөн дэврүүн сэтгэлтэй ард түмэн шүү дээ. 

-Та электрон цаг зүүдэг юм байна. Хэдэн оных вэ?

-Загвар нь сүүл үеийнх, гэхдээ аль 80-ад оны стиль гоё байгаа биз дээ. 

-Та ер нь энэ зуунд дурлаж байна уу, эсвэл өнгөрсөн зуунд дуртай юу?

-Өнгөрсөн зуунд. Өнгөрсөн зуун дотроо 60-аад он, 80-ад онд дуртай. 70-аад онд дургүй. 

-Яагаад?

-Мэдэхгүй л дээ. Миний төрж өссөн гэр 60-аад онд үйлдвэрлэгдсэн тавилгатай байсан болохоор тэр юм болов уу. Гэр бүл, ээж, эмээ минь, бага, залуу насны дурсамжийн жаргалтай агшнууд яг тэр төрөлх гэр орон, тавилга сэлт, хөшигөө хаахаар өрөөг бүрхдэг шаргал өнгөтэй шууд холбогдоод байдаг.

-Одоо танай гэрт 60, 80-ад оноос үлдсэн зүйл байдаг уу?

-Хэдэн гэрэл зурагнаас өөр юу ч үлдээгүй. Манай амьдралд орох оронгүй болсон үе гарсан. Дараа нь эхнэр бид хоёр бүхнийг шинээр бий болгосон. 

-Та архи ууж, амжилтгүй амьдарснаа хүмүүсээс огт нуудаггүй юм билээ. Хүн бүхэн тан шиг нууцгүй болчихвол амьдрал, хүмүүсийн хоорондын харилцаа ямар байх бол?

-Илүү амар байхсан. Ер нь сайн ч бай, муу ч бай нууж хаах зүйл бага байх тусам жаргалтай амьдарч байна гэж боддог хүн шүү дээ. Бусдаас нуух, хаах зүйл их байх тусам тэр амар амгалан биш байгаагийн шинж болов уу. Би хэдийгээр өөрийнхөө тухай чөлөөтэй ярьж, илэн далангүй байдаг ч бусдын амьдрал руу хэзээ ч өнгийдөггүй, хошуу дүрж шүүмжилдэггүй.  

-Ингэхэд эр хүний ноён нуруу хугарахгүй байх ёстой юу?

-Тийм. Эр хүн хугараагүй ноён нуруу байхын тулд бөхийж чаддаг байх ёстой. Буруугаа хүлээдэг, ялагдлаа зөвшөөрдөг, дутагдлаа засах гэж хичээдэг, уучлал эрдэг, хайр талархлаа үйлдлээрээ илэрхийлдэг эр хүн гоё. Нэг их хатуу, гөжүүд бол түүний ноён нуруу дорхноо хугарчихна. Гэхдээ уян хатан байх гээд эр хүн эхнэр хүүхдийнхээ өмнө уйлж бархирч болохгүй л гэж би боддог. Эр хүн уйлсан ч хэдийд, хаана гэдгээ мэддэг л байх ёстой. 

-Танд 50 нас хүрч сонирхолтой ажлаа олж хийхээс өмнөх амьдралдаа эргэж очих боломж гарлаа гэж бодоход хэдэн онд очих вэ?

-Очихгүй ээ. Харин тэр үед намайг хаяагүй эхнэрийнхээ өмнө өртэй үлдсэн учраас одоо аль болох зовоохгүй амьдрах юмсан л гэж боддог. Үзэж туулсан, алдаж оносон, бүтэлгүйтэн доройтсон бүхэн маань намайг хожим радиод ажиллах бэлтгэл болж байсан ч юм билүү (инээв).  

-Та яриандаа хүмүүжлийн тухайд онцгой ач холбогдол өгч ярихыг сонссон л доо. Харин та хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадсан гэж өөрийгөө боддог уу?

-Би сайн аав байгаагүй гэдэгтээ одоо болтол өөрийгөө буруугтгаж явдаг. Охидоо бага балчирхан байхад надад тийм ухаан ч байсангүй, тийм сөхөөтэй ч явсангүй. Миний хүүхдүүд харин буруу зан заншилгүй, их сайн өссөн. Үүнд ээжийнх нь ач их ээ. 

-Тэд аавынхаа нэвтрүүлгийг сонсдог уу?

-Том охин байнга сонсоно. Бас шэйр хийж дэмжинэ, нэвтрүүлэгт фэйсбүүкээс сонирхолтой пост олж өгдөг юм.  

-Тэгвэл Та өөрийнхөө нэвтрүүлгийг сонсдог уу?

-(инээгээд) Ичээд байдаг юм аа, сонсож чаддаггүй. Гацаж бариад дэмий.

-Та ажлаа тарах үед дуугарна гэхээс л ядарчихсан, чив чимээгүй болчихсон харьдаг уу?

-Үгүй ээ, би харин угийн яриа болохоор гэртээ харьсан ч ярьмаар л байдаг, аймаар тэнэг (инээв). Манай эхнэр их завгүй ажилтай болохоор юун надтай ярих. 

-Танай гэр бүлийн хүн ямар ажил эрхэлдэг юм?

-Нэхмэл, сүлжмэл эдлэлийн жижиг үйлдвэр эрхэлдэг.   

-Та одоо авч байгаа цалин хөлстөө сэтгэл хангалуун байдаг уу?

-Тийм.

-Та ер нь л бүх зүйлд сэтгэл хангалуун юм шиг?

-Харин тийм. Өөрөөр ямар байхыг мэдэхгүй ээ (инээв). 

-Та 50 настай шинэ карьер эхлүүлж чадсан юм чинь одоо өөрийгөө сорьж үзмээр өөр шинэ зүйлийн талаар боддог уу?

-Би харин жаахан залхуу шд (инээв). Хүмүүсээс хоцрохгүй санаатай. Тэр тулдаа л нэг юм яваад байх шиг. Шинэ сорилт энэ тэр гэхээр л зогсчих гээд байдаг шүү. Би бас өөрөө шинэ ном, шинэ хөгжим, шинэ кино сонирхохоо больчихож гэдгээ шинээр нээлээ. Нэг мэдсэн чинь би үздэг киногоо үзээд, сонсдог хөгжмөө л сонсдог болчихсон байна. Яагаад ийм байна аа, нөхөр минь гэж одоо өөртөө хэлж байгаа. 

-Та ямар үеийн хүмүүсийн дунд байхдаа аятайхан байдаг вэ?

-Өөрийн үеийнхэнтэйгээ л гоё. Их уншдаг, сэтгэн боддог, уран бүтээлч залуустай хамт байхаар тэднээс урам зориг авч хөглөгддөг.

-Та үсээ буддаг юм уу?

-Будна аа. Үгүй тэгээд дороо гарчих юм.

-Та гангалмаар санагдвал яаж хувцасладаг вэ?

-Их гоё донжтой хүрэм өмсөнө. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.04.24 172.69.252.151

00 л хүн юм

0 Хариулах