Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Монголын Ерөнхийлөгч нарын тавилан


Бүх ард түмний саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан дөрвөн экс, өдгөө ажиллаж буй нэг хүн бий. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат (1990-1997), удаах Н.Багабанди (1997-2005), гурав дахь Н.Энхбаяр (2005-2009), дөрөв дэх Ц.Элбэгдорж (2009-2017). Сайн нэртэй дурсагдаж, төрд жишиг болж яваа нь алга. Монгол дахь гэмт явдлуудын үүтгэл, ял шийтгэлийн дөнгөтэй тэд. Тав дахийг бас л тийм тавилан хүлээх зүй тогтол нэгэнт бий болжээ. Ерөнхийлөгч АТГ зэрэг хууль сахиулах байгууллагын удирдлагыг томилж, шүүх засаглалд шууд нөлөөтэй оролцдог учраас нийгэмд дуулиан шуугиан тарьж буй улстөрчдийн бүхий л гэмт үйлдэл, ялангуяа авлигын томоохон хэргүүд хэрхэн шийдэгдэх үйл явцыг Ерөнхийлөгчөөр хэн ажиллаж байгаатай шууд холбон үздэг. Чухам тэр л шүүхийн дээр байгаа, тэр л шийдсэн гэх харц хожим өөрийнх нь тавилангийн ял болж уншигдана. 

Одоогоос яг найман жилийн өмнөх 2012 оны энэ сард Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийнхээ гуравдугаар онд заларч ахуйд түүний өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаярыг АТГ-аас тусгай албыг дайчлан хүч хэрэглэн баривчилсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч шинж тэмдэг, ариун дээдэд оршигч бэлгэдэл хэмээх хийсвэр боловч эрхэм утга Н.Энхбаярын оймстой хөл гозолзсон эл хэрэг явдлаар олны нүдэн дээр анх удаа нуран унасан юм. Тэр хүртэл Төрийн тэргүүнүүд маань хүн биш ч юм шиг, халдашгүй нэр төр, хүршгүй бэлгэ тэмдэг байв. Н.Багабанди тийм дүр төрхийг бүрдүүлэх гэж хамгийн их хичээж, “хийгүй” нэр аваад буусан ч Төрийн тэргүүний ширээнээ түүний явуулж байсан улс төрийг нэхэн харахад тэр байгалийн баялаг дахь ашиг сонирхлоор МАНАН бүлэглэл байгуулах нөхцөлийг үүсгэж өгөөд явсан байдаг. Түүнээс хойших Ерөнхийлөгч нар ажиллаж байхдаа ч, ажлаа өгсөн хойноо ч тэрхүү МАНАН-тай хамт буй. Нэг бол МАНАН-г өтгөрүүлэн эвлүүлж, эс бөгөөс эвдэн сүйтгэж байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч л байсан чөлөө завгүй МАНАН-тайгаа л ноцолддог ажилтай болсон. Н.Энхбаяр өөрийг нь МАНАН унагасан гэдэг, Ц.Элбэгдорж МАНАН-г толгойлсон гэдэг, одоо Х.Баттулга МАНАН-г нурааж байгаа гэдэг. 

Хилийн чанадаас ирмэгцээ 21 хоног тусгаарлалтад байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр гэртээ харив. Тэндээ 14 хоног хөл хорино. Түүний байрласан газрын цонхон тушаа 1990 оны ардчилсан хөдөлгөөний сүлд “Хонхны дуу”-г дуулагч бээр улс төрд алдаршаагүй анхны найзуудтай нь хамт дуулж буй бичлэг нийгмийн сүлжээнд хэд хонолоо. Ардчилсан хөдөлгөөнийг удирдан эрх чөлөөт нийгмийг бүтээлцсэн, “Ардчилсан Ерөнхийлөгчийн төлөө” уриатай бүх ард түмнээс сонгогдон Төрийн тэргүүнээр найман жил ажилласан түүнд барьсан сюрприз олны сэтгэлд нэг их хүрсэнгүй. Эл үйлдлийг “Элбэгээгийн өрөвдүүлэх алхам” хэмээн үгүйсгэх, худал жүжиг гэж шүүмжлэх хандлага олны дунд байна. Гэвч сэтгэл догдлуулах гэхээсээ түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэх ийм нэгэн үйлдэл хийх шаардлага Элбэгээгийн нөхдөд лав гарчээ. Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй юм. Тиймээс тусгаарлах, ажиглах хугацаа дуусмагц Ц.Элбэгдоржийг АТГ-аас баривчлах магадлал бий. Чингэвэл “шоронд суусан” хоёр дахь Ерөнхийлөгч тэр болно. 

Төрийн тэргүүн байх үүрэг хариуцлага Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа бүрт нэг л хүнд оногддог. Тэр бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гол дүр учраас түүнийг улс төрийн бодлогоор баримжаалах бус, зангарагтай, нуруутай “ард түмний эцэг”-тэй болох хүслээр сонголтоо хийж иржээ. Хүмүүс Төрийн тэргүүн гэж нэг л эрхмийг сонгодог учраас Ерөнхийлөгчийн институцийг ганцаараа илэрхийлэн зогсох түүнийг энгийн иргэн болсон хойно ч олон нүд харж, олон чих сонсдог. Хэдийгээр манай улс парламентын засаглалтай ч УИХ-ын гишүүнээр өмнөх сонгуулиудад хэн хэнийг сонгоод илгээсэн, эсвэл ялагдуулснаа ор тас үл санавч харин Ерөнхийлөгчөө мартдаггүй. Түүний хүн чанар, хүнлэг сэтгэлээс нийгэмд улам бүр явцуурч буй шударга ёсыг нэхэн хүлээдэг нь муу нэртэй үлдэх бас нэгэн шалтгаан болдог. П.Очирбат хаана л ашиг олж болох наймаа арилжаа байна тэнд явж байдаг “ховдгийн гай” нэртэй. Н.Багабанди ард түмний итгэл, эс итгэлийн эргэлзээт цэг болох “Оюутолгой” дахь Монголын төлөөллөөр олон жил ажилласан мөртлөө сэтгүүлчийн асуултад хар цагаан үг үл дуугаран олон нийтийг үл хүндэтгэгч. Н.Энхбаяр “авлигын загалмайлсан эцэг” болж 2.6 жилийн ял сонссон, одоо “Шударга бусын хонгилын эзэн” Ц.Элбэгдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын хэргээр ял сонсох, эсэхээ хүлээж байна. 

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүсэн шүүхийн дээр дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан бол өдгөө түүнийг хүлээж буй шүүхийн дээр тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга буй. Ийм гинжин урвал цаашид хэр удаан хөврөхийг таашгүй. Үүнийг шударга ёс гэж ойлгохын тулд Ерөнхийлөгч хүн заавал нэг авлига авч байж энэ албан тушаалаас буудаг учраас шүүхээр шийтгэгдэхэд хүрдэг юм байна гэж ойлгох хэрэгтэй болох нь.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.