Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монгол Улсад хэвлийн диализ суулгах 70 гаруй мэс заслыг амжилттай хийжээ


Төрийн ордны баруухан талд томоохон эмнэлэг сүндэрлэн боссон нь саяхан буюу 2017 он билээ. Энэ нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг бөгөөд улс орноо батлан хамгаалах, дотоодод нийгмийн хэв журам сахиулах, нийтийн өмч хөрөнгө, иргэдийн амгалан тайван байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажилтан, албан хаагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Бид энэ удаа тус эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэгийн тасагтай танилцахыг зорилоо.

Зөвхөн төрийн тусгай албан хаагч, тэнд ажиллаж байсан хүмүүст үйлчилдэг болохоор улсын томоохон эмнэлгүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн багатайн дээр хагас цэрэгжүүлсэн зохион байгуулалттай ажилладаг болохоор бүх юм дэг журамтай нь эмнэлгийн хаалгаар оронгуут мэдрэгдэж байлаа. Биднийг Бөөр, дотоод шүүрлийн эмгэгийн дотрын III тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, дотрын тэргүүлэх зэргийн эмч, кпиникийн профессор Ц.Сарантуяа угтан авч, гемодиализийн нэгжтэйгээ танилцуулав. Тус тасгийг 2018 оны нэгдүгээр сард тусгайлан байгуулсан байна. Одоогоор тус тасагт дотоод шүүрлийн нэг эмч, диализаар нарийн мэргэшсэн гурван эмч болон есөн сувилагч ажилладаг аж. Уг нэгжид өнөөдрийн байдлаар 18 хүн бүртгэлтэй байдаг ч хронодиализын таван аппараттай учир хүрэлцээ муутай байдгийг эмч нар учирлаж байлаа. “Бөөрний архаг өвчин буюу бөөрний дутагдалд орсон хүн долоо хоногтоо гурван удаа энэ аппаратын эмчилгээнд хамрагддаг. Нэг удаагийн эмчилгээ дөрвөн цаг үргэлжилдэг болохоор таван ор төдий л хангалттай бус байгаа юм” гэж тасгийн эрхлэгч Ц.Сарантуяа эмч тайлбарлаж байлаа. Биднийг ороход таван ор бүгд эзэнтэй, эмчилгээнд хамрагдаж байгаа өвчтөнүүд аппарат залгуулчихсан хэвтэж байсан юм. Энэ нь бөөрний дутагдлын үед хэрэглэдэг нэг арга бөгөөд бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализ суулгах аргууд байдаг талаар тус тасгийн бөөрний диализын эмч Б.Болор-Эрдэнэ танилцуулав. Хэвлийн диализ суулгах мэс заслын арга нь манай улсын эмнэлгийн практикт шинэ тутам нэвтэрч байгаа эмчилгээ бөгөөд анх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2014 онд хийсэн байна. Харин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард диализ суулгах анхны хагалгааг амжилттай хийсэн бөгөөд өчигдөр хоёр дахь удаагаа хагалгаа хийх гэж байгааг сонсоод бид очсон нь энэ юм.

“Манай улсын анагаах ухааны практикт энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлснээс хойш 70 гаруй хүнд хэвлийн диализ суулгасан байдаг. Тус эмнэлэгт хоёр дахь удаагаа хийх гэж байгаа хагалгаанд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч Батсайхан хамтран оролцож, манай мэс заслын эмч нарт туршлагаасаа хуваалцах юм” гэж бөөрний диализын эмч З.Энхцэцэг бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр бөөрний дутагдал өвчин нь зүрх судас, цусны даралт, чихрийн шижин болон зарим халдварт өвчин, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйг бас тайлбарлаж байлаа.

 Ер нь бөөрний архаг дутагдал хэмээх өвчин нь дэлхий нийтэд түгээмэл болсны дээр хүрээгээрээ ДОХ-ын халдварын дараа ордог юм байна. Тиймээс ДЭМБ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээг сайжруулах талаар түлхүү анхаарч байдаг аж. Гэвч одоогоор бага буурай орнуудын хувьд нийт өвчлөгсдийн 20 хувь, хөгжингүй орнууд 50 хувьд нь эмчилгээ, тусламж үзүүлж байгааг сонсоход тухайн өвчний эмчилгээний төлбөр, тоног төхөөрөмжийн үнэ өртөг өндөр гэдгийг баталж байх шиг санагдсан. Тиймээс өртөг багатай, зардал чирэгдэл боломжийн байх үндсэн нэг арга болох хэвлийн диализ суулгах эмчилгээг сүүлийн үед чухалчилдаг болсон байна. Энэ нь бөөрний архаг өвчний эцсийн шатанд орсон өвчтөнд декстроз агуулсан давсны уусмалыг хэвлийн хөндийд байрлуулсан гуурсны тусламжтайгаар биед оруулж хорт бодис болон илүүдэл шингэнийг диффузи ба ультрафильтрацын замаар цус болон бусад эдээс ялгадаг эмчилгээ юм. Манай улсын хувьд 1975 оноос Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хоёр аппараттай тасаг байгуулж, бөөрний архаг болон цочмог дутагдалтай өвчтөнд тусламж үзүүлж эхэлсэн байдаг. Улмаар 2006 оноос Гемодиализын тев нэртэй, 30 орчим аппараттай болж өргөжин тэлсэн байна.

 2010 оноос Улаанбаатар хотод хувийн хэвшлийн гемодиализийн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч эмчилгээний зардлыг өвчтөн өөрөө 100 хувь гаргадаг байжээ. Харин 2017 оноос гемодиализийн эмчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөний зардлыг төрөөс санхүүжүүлдэг болсноор гемодиализийн тусламж, үйлчилгээг улсын статустай эмнэлгүүдтэй ижил түвшинд үзүүлдэг болсон байна.

Бөөр, дотоод шүүрлийн эмгэгийн дотрын III тасаг нь хэвтэн эмчлүүлэх 30 ортойгоор энэ төрлийн өвчтэй хүмүүст тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж байгаа юм. Тэдний нэг 47 настай Б.Эрдэнэцогтод хийсэн хэвлийн диализ суулгах мэс засал амжилттай болсон сайхан мэдээтэйгээр бид сурвалжилгаа өндөрлөлөө.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.