Хайх зүйлээ бичнэ үү

19 мин

Т.Сайнжаргал: Архивын баримт дахин давтагдашгүй цор ганц хувь учраас номноос илүү үнэ цэнэтэй

Баримт дээр дуссан ганц дусал түүхийг сэвтүүлэхтэй адил хэрэг.


Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Та архивын эрдэм шинжилгээний ажилтны хувьд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1945 оны аравдугаар сарын 20-нд эх орон даяар бүх нийтийн санал хураалт явуулсан талаар өгүүллүүд бичиж нийтлүүлж байсныг санаж байна. Тэрхүү түүхт үйл явдлын 75 жилийн ой энэ онд тохиож байна. 1945 оны санал хураалт хүртэлх олон жилийн хугацаанд Монголын тусгаар тогтнолыг Орос, Хятад хоёр хөрш болон олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үйл явц ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч байсан бол. 1946 он хүртэл БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолыг нэг ч улс албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүйн учир шалтгааны талаар ярихгүй юу? 

-Монголчууд ХХ зууны эхээр Чин улсын эрхшээлээс тусгаарлаж тулгар төрөө сэргээн мандуулсан цагаас олон улсын хэм хэмжээний дагуу тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохоо хүлээн зөвшөөрүүлэх бодлогыг тууштай явуулж эхэлсэн байдаг. Үүний нэг жишээ гэвэл, 1921 оны 11 дүгээр сарын 5-нд “БНМАУ, Зөвлөлт Орос улсын хооронд найрамдлын барилдалгааг байгуулах тухай Монгол Ардын Засгийн газар ба Зөвлөлт Орос улсын Засгийн газрын хэлэлцэн тогтоосон гэрээ" хэмээх хэлэлцээр байгуулсан. Гэвч тухайн үеийн Дундад иргэн улсын (өнөөгийн Хятад) эрх баригчид (Чан Кайши) БНМАУ-ыг ДИУ-ын нэг хэсэг хэмээн үзэж, тусгаар тогтнолыг үгүйсгэж байсан гэдэг. Ийнхүү Монгол Улс Зөвлөлтөөс ДИУ-тай хэвийн харилцаа тогтоох хэрэгт зуучилж өгөхийг хүссэнд Зөвлөлт Орос улс ДИУ-тай 1924 оны 5 дугаар сарын 31-нд байгуулсан гэрээндээ “ДИУ-ын Засгийн газар Гадаад Монголыг Дундад Иргэн Улсын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч Дундад Иргэн Улсын тэндэх бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ заалт нь БНМАУ, Зөвлөлт Орос Улсын хооронд 1921 онд байгуулсан найрамдлын хэлэлцээрийг зөрчсөн гэж үздэг. Зөвлөлт Орос улсын Засгийн газар эл гэрээний агуулгыг “Монгол Улсын аюулгүй байдлыг хангах эрх зүйн чухал арга хэмжээ” гэж БНМАУ-ын эрх баригчдад ойлгуулахыг оролдож байсан. Хэдий ийм гэрээ цаасан дээр байгуулагдсан боловч үнэн хэрэгтээ ЗХУ 1920-иод оны ДИУ-ын цэргийн эрхтнүүдийн заналхийлсэн бодлого, үйл ажиллагаа, 1930-1940-өөд онд Японы цэргийн түрэмгийллийн эсрэг БНМАУ-ын аюулгүй байдлыг батлан хамгаалж, эдийн засаг, соёлын хөгжилд тусламж үзүүлж, БНМАУ ч Зөвлөлт, Германы дайны үед өөрийн бүх боломж нөөц хүчээр тусалж байсан.  

Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын удирдагч И.В. Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль нар 1945 оны Ялтад уулзаж, Германыг ялсаны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар түүхэн тохироог хийсэн. Холбоотон болох Америк, Английн зүгээс ЗХУ-ыг Германыг ялсны дараа Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн. Энэ хүсэлтийн хариуд И.В.Сталин Германыг ялсны дараа Сахалин арлын өмнөд тал, Курилын арлуудыг ЗХУ-д өгөх, БНМАУ-ын статус-квог хүлээн зөвшөөрөх, Дорнод Хятадын төмөр зам ба Порт-Артурын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэх нөхцөлтэйгээр Японы эсрэг дайнд оролцох санал тавьсан. Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол Улс дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хүлээн зөвшөөрөгдсөн юм. БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал буюу статус-квог хэвээр хадгалах болзолыг АНУ, Их Британийн удирдагчид зөвшөөрсний гадна Сталины ятгалгаар энэ тухай ДИУ-д албан ёсоор мэдэгдэх үүргийг Рузвельт биечлэн хариуцсан гэдэг. Зөвлөлт, Их Британи, АНУ гэсэн гурван их гүрний хамтарсан мэдэгдэлд ДИУ буюу Гоминдан намын удирдлага ихэд цочирдож, ДИУ-ын удирдагч Чан Кайши энэ талаар албан ёсны эсэргүүцлийг гурван гүрний удирдагч нарт удаа дараа хүргүүлсэн төдийгүй Гадаад яамны сайд Ван Си Зы-г энэ талаар харилцан тохиролцон цуцлуулахаар ЗХУ, АНУ-д айлчлал хийхийг үүрэг болгон гүйцэтгүүлж байжээ. Гэвч Сталин, Рузвельт нар гэрээгээр тохиролцсон үүргээ сахин биелүүлж, БНМАУ нь тусгаар улс болох тул хүлээн зөвшөөрөх ёстой гэж Хятадын талд хариу шаардлага тавьсан. Сталины хувьд ЗХУ-ын Сибирь, Алс дорнодыг хамгаалах бамбай бүс болох БНМАУ-ыг тусгаар улс болгон ДИУ-аар хүлээн зөвшөөрүүлэх тал дээр баттай зогссон. Ялтын болон Подстамын уулзалтын талаар Сталинаас мэдээлэл авсан Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын удирдлага олон улсын тавцанд үүссэн энэхүү тааламжтай нөхцлийг батжуулах, улмаар өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс ЗХУ-ын өмнө холбоотны үүргээ биелүүлэх, БНМАУ-ын тусгаар улс болох баталгааг харуулах, ДИУ-ын хамаарч байсан боловч тухайн үед Японд эзлэгдсэн Өвөр Монголыг Японы цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх, БНМАУ тусгаар улс бөгөөд хангалттай хүчин чадал бүхий зэвсэгт хүчинтэй болохыг харуулахын тулд Японд эзлэгдсэн Хятадын нутгийг чөлөөлөн түүний хөршийн хувьд чөлөөлөх үүрэг хүлээсэн болохоо харуулах зорилгоор ЗХУ-тай хамтран Японы эсрэг дайнд оролцохоор шийдвэрлэн 1945 оны 8 дугаар сарын 10-нд Японы эзэнт гүрэнд дайн зарлан БНМАУ-ын Ардын арми ЗХУ-ын улаан армитай хамтран 1945 оны чөлөөлөх дайныг эхлүүлсэн гэж үздэг. Их гүрнүүдийн шахалтанд орсон ДИУ 1945 оны 08 дугаар сарын 14-нд “ЗХУ болон ДИУ найрамдалт холбоо тогтоох хэлэлцээр”-т гарын үсэг зурж, БНМАУ-ын тухай 2 этгээд тохиролцохдоо “Японыг ялсны дараа, БНМАУ-ыг Ард иргэдийн санал хураалт явуулахыг ДИУ-ын Засгийн газар зөвшөөрөв. Түүний ард иргэд тусгаар тогтнолыг сайшаах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал ДИУ-ын Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө” гэж заасан байна. Ингээд ДИУ-аас “Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдлийг БНМАУ-д нот бичгээр илгээсэн. 

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ний 76 дугаар хурлаас тогтоол гаргаж “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутагт 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг.

-Ингээд монголчууд бид тусгаар тогтнолынхоо санал хураалтыг явуулж байжээ? 

-БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 10 дугаар сарын 5-ны 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ. Ийнхүү 1945 оны 10 дугаар сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан. Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад сонгуулийн насны 494960 хүн бүртгэгдсэнээс 487409 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 7551 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй ажээ. Санал хураалтад “будилаан” орно гэж ДИУ-ын Засгийн газраас тусгайлан Ли Фа Жан тэргүүтэй төлөөлөгчид ажиглахаар ирсэн байна. 

Энэхүү санал хураалтын дүнг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны 11 дүгээр сарын 10-нд батлаж, ЗСБНХУ ба ДИУ-ын Засгийн газарт тус тус мэдэгджээ. ДИУ БНМАУ-ын тусгаар тогтнолыг 1946 оны 1 дүгээр сарын 5-нд хүлээн зөвшөөрсний дагуу долоо хоногийн дараа ДИУ-ын Гадаад яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч нот бичиг ирүүлсэн юм. Ингээд 1946 оны 2 дугаар сарын 13-нд ДИУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож, 1946 оны 2 дугаар сарын 27-нд ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд нөхөрлөл ба харилцан туслалцах тухай гэрээ байгуулагдаж, мөн оны 6 дугаар сарын 24-нд БНМАУ, НҮБ-д гишүүнээр элсэх өргөдөл гаргаснаар БНМАУ-ын төрийн тусгаар тогтнол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн билээ.

БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталсан ард түмний санал хураалтын баримтыг агуулга, ач холбогдол, түүхэн үүрэг зэргээс хамааран хамгийн их үнэ цэнэтэй гэж сонгон “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад дэвшүүлээд байгаа юм шүү дээ.

-1945 онд болсон бүх ард түмний санал хураалтын баримтуудыг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэхээр ажиллаж байгаагаа Та сонирхуулсан. Энэ санааг анх хэн гаргасан юм бол. Ер нь манай улсаас “Дэлхийн дурсамж”-д бүртгэлтэй өөр баримтууд байдаг уу?

-ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад Монгол Улсаас нийт зургаан баримт бүртгэгдсэн нь бүгд Үндэсний номын санд хадгалагддаг юм. Манай Үндэсний төв архивын сан хөмрөгөөс одоогийн байдлаар бүртгэгдсэн баримт байхгүй, тусгаар тогтнолын санал асуулгатай холбоотой баримтыг Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад анх удаа бид дэвшүүлээд байгаа юм. Бидний үед анхлан санал дэвшүүлэх хариуцлага ирж байгаагаас биш архивын өмнөх үеийн удирдлагууд ч бас ийм санаа оноотой байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Эдгээр шаардлагыг манай тусгаар тогтнолын санал асуулгын баримтууд бүрэн хангаж байгаа гэж үзэн дэлхийн өвд бүртгүүлэх хэрэгтэй гэдэгт манай архивынхан төдийгүй эрдэмтэн судлаачид санал нэгтэй байдаг. Баримтын агуулга, ач холбогдол нь маш чухал. Монголчуудын тусгаар тогтнох гэсэн олон жилийн хүсэл эрмэлзлийг баталсан нотлох баримт шүү дээ.

-“Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэх баримтад ЮНЕСКО ямар шаардлага тавьж, хэрхэн сонгодог юм бэ? 

-Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвд бүртгэхэд хатуу шалгуур үзүүлэлтүүд тавьдаг юм билээ. Тухайн баримт анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх ёстой ба дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх онцгой ховор, хосгүй бөгөөд давтагдашгүй байх ёстой. Нэр дэвшсэн тухайн баримт дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдол нь цаг хугацаа, газар нутаг, орон зай, үйл хэргийг гэрчлэх, агуулга, сэдэв, хэлбэр загвар зэрэг шалгуураар нотлогдсон байх шаардлага тавигддаг. Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад Азийн бүсээс 10 баримт буюу нэг улсаас дээд тал нь хоёр баримт сонгох юм. Үндэсний төв архивын хамт олон бид энэ удаа БНМАУ-ын бүх ард түмний санал асуулгын баримтаа дэвшүүлэхдээ цаасан суурьтайгаас гадна дүрс бичлэгийн баримт мөн хавсаргаж байгаа. Тухайн баримтад тавигддаг нэг шалгуур нь хүмүүс, хүмүүсийн бүлэг, үндэстнүүдийн үйл хэргийг гэрчлэх гэж үзэн түүхэн үйл явдлын нотолгоог гол болгодог. 1945 оны байдлаар 18-аас дээш насанд хүрсэн бүх монгол хүн санал асуулгад оролцсон учраас одоо тэр үед саналаа өгсөн, эсэн мэнд амьдарч байгаа хүмүүсээр нотлох шаардлагатай болж байна. Жишээлбэл, “Фронт” Цэгмид гуайг монголчууд сайн мэддэг, одоо 93 настай энх тунх амьдарч байна. Саяхан бид Цэгмид гуайгаар тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн дурсамжийг нь яриулж, дүрс бичлэгээр баримтжуулсан. Түүнээс гадна тухайн үед саналаа өгч байсан ахмадуудын дурсамж яриаг баримтжуулахаар ажиллаж байна. “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад баримтаа бүртгүүлж чадвал манай архивын салбарт төдийгүй Монгол Улсын түүхэнд том үүрэг гүйцэтгэлээ л гэсэн үг.

-Өнөөгийн монгол хүн бүрийн өвөг дээдэс болгон тусгаар тогтнолоо бататган тунхаглах түүхт үйл явдалд оролцож, өнөөдрийг бидэнд үлдээсэн. Тухайлбал, 1945 онд миний өвөө, эмээ хоёр гэр бүл болчихсон байх үе аж. Тэр хоёрынхоо гарын үсгийг хуулж аваад жаазлаад ханандаа өлгөвөл сайхан дурсгал болохсон гэж бодож байна. 

-Иргэд архивын байгууллагыг мэргэжлийн хүмүүстэй л харилцдаг, эрдэмтэн судлаачид, эрдмийн зэрэг горилогчид очиж суудаг газар гэж боддог байсан нь одоо нэлээд өөрчлөгдөж байна л даа. Бид иргэдэд уншлагын болон нэг цэгийн үйлчилгээгээр үйлчилж, архивын бүх төрлийн лавлагааг гаргаж өгдөг. 1945 оны санал асуулгын баримтаас гэхэд л өөрийн өвөг дээдсийн санал өгсөн гарын үсэг, хурууны хээний баримтыг хуулбараар авч гэртээ хадгалах хүсэлт цөөнгүй ирдэг болсон. Архив бол зөвхөн цуглуулах, хадгалах биш, иргэдэд түүх, өв соёлоо таниулах, түгээн дэлгэрүүлэх өөрөөр хэлбэл, соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж би боддог. 

-Та хэдийгээр архивын удирдлага боловч иргэн хүн шүү дээ. 1945 оны аравдугаар сарын 20-нд гарын үсэг зурсан 487409 хүний дотор таны гэр бүлээс хэдэн хүн байгааг сонирхож үзсэн үү?

-Загасчны морь усгүй гэдэг шиг, үнэндээ би өөрийн хувийн лавлагааг гаргаж үзээгүй, шаардлага ч байсангүй. Миний өвөө, эмээ мэдээж оролцож байсан. Эмээ, өвөө маань социализмын үед улсын аварга тэмээчид байсан юм. Тэднийхээ дүрс бичлэгийг хэрэг болгон хайвал гарах л байх. 

-Өөрийгөө Алтан ургийнх гэж зарлах хүмүүс сүүлийн үед мэр сэр гарах болж. Ураг удмын мэдээллээ архивын баримтаар баталгаажуулж Алтан ургийн үр сад гэдгээ олж баталсан хүн хэр олон байдаг вэ? 

-Алтан ургийнх ч бай, биш ч бай, ер нь өөрийн угсаа гарвал өвөг дээдсийн баримтыг үзье гэж хүмүүс их ирдэг. Архивт хүн бүрийн бүх мэдээлэл байх ёстой гэсэн ойлголт бас өрөөсгөл. Гагцхүү судалгаа шаардлагатай. Тэр хүн өвөг дээсийнхээ хэдэн үеийг мэдэж байна, овог нэр зөв эсэхээс баримтын олдоц хамааралтай юм. Манайхаар янз бүрийн түвшиний боловсролтой иргэд үйлчлүүлдэг. “Миний аав хэн бэ” гэж асууж орж ирэх хүн ч байдаг, тэдний буруу биш юм. Өөрийнхөө аав ээж, эмээ өвөө, хэдэн онд хаана амьдарч байсныг мэдэж байвал архиваас баримт нь олддог. 

-Монгол Улсын түүхийн баримт сэлтийг цуглуулах ажил 1927 онд эхэлж, өнөөгийн архивын үндэс суурь албан ёсоор тавигдсан гэдэг. 100 жилийн дараах монголчуудад өнөөгийн хүмүүс, чухал үйл явдлууд архивлагдан уламжлагдана. Архивт ирж буй материалд агуулгын чухлаас гадна баримтын ямар стандарт тавигддаг вэ?

-1921 онд Ардын засаг байгуулагдсанаар манай улс баримтаа төвлөрүүлэн хадгалах талаар төрөөс шийдвэр гарч Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан. Энэ хүрээлэнгийн үйл ажиллагааны эрхлэх хүрээнд хуучин данс хараа эрхлэх орон тооны ажилтныг бий болгон анх 1927 оны 12 дугаар сарын 5-нд Цэрэндоржийн Лувсан гэх хүнийг томилсныг архивын байгууллагын үүсэл тавигдсан гэж үздэг. Тиймээс бид энэ өдрийг жил бүр “Архивчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Өнөөг хүртэл үе үеийн архивчид маань эх орныхоо өнцөг булан бүрээс баримтыг цуглуулан хадгалж бидэнд өвлүүлэхдээ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Харин бид энэ цаг үед архивын сан хөмрөгөө муутгахгүй, алдахгүй авч явах, ирээдүй хойч үедээ илүү олон сурвалж бүтээн, бүрэн дүүрэн хүлээлгэн өгөх эрхэм үүрэгтэй. Ийм чухал хоёр үеийн холбоос дээр байгаа учир хариуцлагатай ажиллах ёстой юм. Архивын баримтуудыг дөрвөн жил тутам улсын үзлэгээр шалгаж нягталдаг учраас хадгалалт хамгаалалт жил жилээр сайжирч байна гэж үзэж байгаа. Бидний өнөөгийн түүх цаасан дээр үлдэнэ. Тиймээс бид хувь хүн, төрийн байгууллага албан хэрэг хөтлөлтийн шатнаас эхлээд архивт баримтыг нөхөн бүрдүүлэлтээр хүлээн авах хүртэл хууль тогтоомж, захиргааны актуудаар зайлшгүй стандарт шаардлагууд тавьдаг. Наад захын энгийн жишээ хэлэхэд баримтыг үйлдэж эхлэхдээ 80 граммын цаасан дээр сайн чанарын принтерээр хэвлэх шаардлага тавьдаг нь баримтын насжилт, хадгалалтын чанарыг сайжруулах л тухай асуудал. Түүнчлэн бид аль болох цахимд шилжүүлэн, эх хувийг гамтай авч үлдэхийг зорьж байна.

Хятадад зарагдсан хэмээн сэжиглэж  байгаа түүхэн сурвалжууд эх хувиараа, тоо ёсоороо М-1 хэмээх хөмрөгт хадгалагдаж байна.

-Архивыг цахим хувилбарт шилжүүлэн, баримтын эх хувийг хадгалах ажил одоо хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2006 оноос хойш архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Одоо 4 дэх шатны хөтөлбөр дуусаж байна. Үндэсний төв архиваас энэ хөтөлбөрт хамруулан цахим хэлбэрт шилжүүлэх баримтын хэмжээ зорилт, ач холбогдлоос хамаарч харилцан адилгүй байдаг. Түүх эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтуудыг “байнга хадгалах баримт” гэж үздэг бөгөөд үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна. Үндэсний архивын бүх баримтыг цахимжуулна гэвэл мэдээж хэдэн арван жилийн хугацаа шаардлагатай. Одоо бид үйлчилгээндээ түлхүү анхаарч, цахимжуулалт хийх шаардлагтай баримтынхаа 30 хувийг цахимжуулсан байна. 

-Архивын баримтыг цахим болгох ажлын нэрээр БНХАУ-д их хэмжээний түүхэн сурвалжуудыг эх хувиар нь гарган зарж борлуулсан хэмээн өнөө цагийн нэртэй академичийг буруутгасан яриа олны дунд байх юм. Тэдгээр баримт одоо манай үндэсний архивт эх хувиараа байхгүй болчихсон гэсэн үг үү?

-Тийм яриа бол ор үндэсгүй хардлага. Манай архивт Таны асуугаад байгаа түүхэн сурвалжууд эх хувиараа, тоо ёсоороо М-1 хэмээх хөмрөгт хадгалагдаж байна. 

-Архивын баримтыг үзэж танилцах явцдаа түүнийг гэмтээсэн тохиолдол байдаг уу? 

-Архивын баримт эх хувь болон ашиглалтын хувьтай байдаг юм. Нийтэд ашиглалтын хувийг үзүүлэхийг зорьж цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Эх баримтыг үзүүлэхэд нэг талаасаа хайран ч гэлээ судалгаа шинжилгээний ажилтнууд анхдагч эх сурвалжтай танилцах шаардлагатай байдаг. Архивын баримт бол цор ганц хувь. Харин ном бол хэдэн зуун хувь. Тиймээс архивын баримтыг ном шиг харж болдоггүй. Би төрийн архивыг удирдаж байгаа хүний хувьд, мөн өөрөө архивт оюутны ширээнээс өнөөг хүртэл ажиллаж байгаа мэргэжилтний хувьд ажилтнууддаа ч архивын баримт гэмтээж, сэвтүүлэхгүй байхыг хатуу анхааруулдаг. Архивын баримттай ажиллаж байгаа хүн өндөр хариуцлагатай, ёс суртахуунтай байх ёстой. Архивч хүн мэдээж мэдлэг чадвартай байх ёстойгоос гадна хувь хүний суурь хүмүүжил, сэтгэл хөдлөлийг нь хүртэл судалж байж ажилд авахгүй бол болдоггүй. Ажлын байранд архивын баримттай ажиллаж байгаа нөхцөлд цай уух хүртэл эрсдэлтэй. Баримт дээр дуссан ганц дусал түүхийг сэвтүүлэхтэй адил хэрэг болно. 

-Та Үндэсний төв архивын хамгийн, хамгийнаа нэрлэхгүй юү?

-Хэцүү асуулт байна. Яг л аль хүүхдэдээ хамгийн их хайртай вэ гэдэгтэй адил байна даа (инээв). Энд хадгалагдаж байгаа бүх баримт өөрийн гэсэн үнэ цэнэтэй, би Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд холбогдох баримтууддаа илүү ач холбогдол өгдөг. Жишээ нь, БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталсан ард түмний санал хураалтын баримтыг агуулга, ач холбогдол, түүхэн үүрэг зэргээс хамааран хамгийн их үнэ цэнэтэй гэж сонгон “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад дэвшүүлээд байгаа юм шүү дээ. Мөн монголчуудын үйсэн дээр үйлдсэн судар бол хосгүй нандин баримт.

Төр нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, урлаг, соёл, боловсрол, спортын алдартнуудын хувийн хөмрөгийг бид төрөлжүүлэн хадгалж явдаг.

-Орчин үеийн хүмүүсийн архивтай харилцах харилцаанд шинээр бий болж буй ямар зүйл байна вэ?

-Манай Үндэсний төв архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрдэнэ. Тухайн баримтад сонголт хийх үндсэн дээр үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамааруулах эсэхийг төрийн архив судалж, шийдвэрлэдэг. Үндэсний архивын сан хөмрөгийг төрийн ба төрийн бус гэж хуваадаг. Төрийн бус сан хөмрөгт хувь хүний баримтыг “Хувийн хөмрөг” гэж үүсгэн хүлээн авдаг юм. Төр нийгмийн зүтгэлтнүүд, шинжлэх ухаан, урлаг, соёл, боловсрол, спортын алдартнуудын хувийн хөмрөгийг бид төрөлжүүлэн хадгалж явдаг. Үндсэндээ 30 гаруй хувийн хөмрөг үүсгэн хадгалж байгаа. Мөн түүнчлэн Үндэсний төв архивт өөрийн үнэт баримтаа хадгалуулья гэсэн иргэн бүрд манай байгууллага нээлттэй. Иргэд маань архивын байгууллага илүү найдвартай гэдэг ойлголттой болсон байна шүү дээ. Зарим иргэн өөрийн үнэт баримтаа сэргээн засварлуулахаар ирэхэд нь бид мэргэжлийн өндөр түвшинд засварлаж өгдөг. Хамгийн сүүлд гэхэд 2019 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор А.Очир гуайн хувийн хөмрөг үүсгэн XVI зууны дунд үед хамаарах үйсэн номыг хүлээн авсан. Хувийн хөмрөгт гар бичмэлүүд үнэ цэнэтэй байдаг. 2020 онд мөн хувь хүний хөмрөгт нэмж баримтыг авахаар төлөвлөөд гүйцэтгээд явж байна. 

Архив нь дан ганц бичгийн сурвалж гэлтгүй бусад бүх сурвалжуудыг хадгалах үүрэгтэй гэж ойлгодог. Түүхийн эх сурвалж нь бичгийн эх сурвалж, аман сурвалж, эд өлгийн сурвалжаас бүрддэг. Үүний аман сурвалжийг бүрдүүлснээр архив бүрэн түүхийн эх сурвалжтай болох юм. Иймд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачлагаар “Монголын баримтат аман өв”төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүн, ач холбогдол нь Монгол Улсын нийгэм, төр, олон улсын харилцаа, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт зэрэг олон салбарт болж буй түүхэн чухал үйл явдал мөн түүхэн бие хүмүүсийн холбогдолтой баримтыг өндөр хүчин чадалтай, орчин үеийн техник хэрэгслийн тусламжтайгаар мэргэжлийн түвшинд цаг тухайд нь баримтжуулан авч архивлан үлдээх, Архивын сан хөмрөгтөө дээрх түүхэн баримтыг архив зүйн технологийн дагуу найдвартай хадгалах, энэ нь хожмын үед Монгол Улсын түүхийн үнэ цэнэтэй аман түүхийн сурвалж болж үлдэх ач холбогдолтой юм. Энэ төслийн анхны оролцогч нь Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуай болж байна. 

-Үндэсний төв архив хувийн компаниудтай харилцдаг уу?

-Тэгэлгүй яахав, бид бүхэн Монголын түүхийг бүтээхэд оролцож байгаа л бол хувийн болон төрийн гэж ялгалгүй нээлттэй харилцдаг. Мөн хувийн хэвшлүүдэд үнэ цэнэтэй баримтаа архивт өгөхийг ч санал болгодог. 

-Хүсээгүй зүйлийг архиваас устгуулах боломж байдаг уу?

-Тэр бол боломжгүй. Бүх зүйл нэгдсэн тоо бүртгэлтэй. Архивт нэгэнт орсон л бол өөр хүн гар хүрэхгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
12 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.