Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Коронавируст 15 хоногийн хугацаа өглөө

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал” байхгүй болсон.


“Монгол Улс дотооддоо халдвар алдаагүй” гэх мэдээнд бид ижил дасал болж, сонгууль хийх шийдвэр араасаа найр хурим, наадам цэнгүүн зохион байгуулах боломжийг олгосон билээ. Хичээлийн шинэ жил ч урьдынхаараа эхэлж, танхимын болон теле хичээлдээ сууцгаана. 

Монгол Улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдэж өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тэр өдрүүдэд Улаанбаатар хөлөө хорьж, гудамж талбай эзгүйрч байсныг бид одоо мартжээ. Харин одоо амны хаалттай хүн эрс цөөрч, гар ариутгал домог болов. Хичээлд бэлтгэх эцэг эхчүүд хүүхдээ дагуулан “Нарантуул”, “Дүнжингарав”-т пижигнэж байна. Автозамд түгжрэл хэдэн цагаар үргэлжилж байна. Одоо бидэнд маск зүүхийг сануулаад ч нэмэргүй. “Дотооддоо халдвар алдаагүй” гэдэг үгээр бид “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдал”-ыг өөрсдийнхөөрөө хангадаг болсон байна. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал буюу өмнөх шийдвэрээ 15 хоногоор сунгаж буйг өнөөдөр Засгийн газар зарлалаа. Гэвч амьдрал дээр “гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдал” одоо байхгүй болсон. Тиймээс онцгой дэглэмийг таягдсан, маск, хүн хоорондын зайг хаясан өнгөрсөн зуны задгай нөхцөл байдлыг олон хүүхэд бужигнах сургуулийн орчинд дахиад 15 хоногийн хугацаанд үргэлжлүүлээд үзье, харъя гэсэн шийдвэр гэж олон нийт эргэлзэнгүй хүлээн авч байна. Энэ нь короновирусын хоёр дахь давалгаа хорио цээргүй Монголд хэрхэн нөлөөлөхийг тааваар нь 15 хоног ажиглах Засгийн газрын аз сорьсон туршилт биш гэж үү?  

ДЭМБ-аас анхааруулж байсанчлан вирусын тархалтын хоёр дахь давалгаа хичээлийн шинэ жилтэй давхцаж байгаагаараа онцлог юм. БНСУ өнгөрсөн долоо хоногт гуравдугаар сараас хойш анх удаа хамгийн олон халдварын тохиолдолтой нүүр тулав. Зөвхөн наймдугаар сарын 23-ны ням гаригт гэхэд л 397 хүн коронавирусаар өвчилснийг бүртгэн авлаа. Халдвар олширсон шалтгаан нь сүм хийдийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн болон олныг хамарсан арга хэмжээнүүд хаа сайгүй зохиогдох болсонтой холбоотой аж. Ийнхүү Сөүл хотын захиргаанаас музей, шөнийн клубүүд, караоке-бааруудыг хаасан байна. Түүнчлэн өнөөдөр Сөүл хотын сургуулиудыг хааж, хичээлийг онлайн горимд шилжүүллээ. 

Энэтхэг улсад коронавирусаар өвчлөгсдийн тоо 3.1 саяд хүрээд байгаа нь дэлхийн хамгийн халуун цэг болох аюул тэнд ойртож байна. Сүүлийн 20 хоногийн турш тус улсад бүртгэгдэж байгаа шинээр халдвар авагсдын тоо дэлхийд “рекорд” тогтоож байна. Хэрэв энэ өсөлт үргэлжилбэл Энэтхэг улс нь харьцангуй тогтворжих шатанд орж эхэлж буй Бразил, Америкийг ардаа орхин гуравдугаар байраас нэг рүү шилжих магадлалтай юм. 

Коронавирусын хоёр дахь давалгаа зөвхөн Азид биш, мөн Европыг чиглэж байгаа дүр зураг Польш, Словакт ажиглагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эдгээр улсад нэг өдөрт тэмдэглэгдсэн халдварын тохиолдол 903 ба 123-аар өсөв. Испани, Францад ч огцом өсөж байна. Нэг өдөрт нэмэгдэж буй өвчлөлийн тоогоор Ливан мөн анхаарал татна. Бейрутын боомтод дэлбэрэлт болж, 178 хүний амь үрэгдсэн наймдугаар сарын 4-нөөс хойш COVID-19-ийн халдвар авсан иргэдийн тоо хоёр дахин өсөж, 12.2 мянгад хүрчээ. Одоо Ливанд коронавирусын хямралтай холбогдуулан 14 хоногийн хэсэгчилсэн хөл хорио зарлаад байгаа аж. 

Нийтийг хамарсан цар тахалын төгсгөлийг хоёр жилийн дараа үзэх бүрэн боломжтой, магадгүй үүнээс ялимгүй богино хугацаа ч шаардагдаж болох юм хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн. Коронавирусыг “дэлхийгээс зайлуулах” бодит алхмууд хийгдэж, өөдрөг таамаг төсөөллүүд хөврөх боловч хөнөөлт вирус танигдсанаас хойших жил хүрэхгүй хугацаанд өдгөө бидэнтэй нэгэн цаг үед эсэн мэнд аж төрөх л байсан 800 гаруй мянган хүний амь насыг авч одоод байна. Өвчилсөн хийгээд үрэгдсэн хүмүүсийн тоо өссөөр л байна.

АНУ-д тахлын байдал аюулын дохио хэдийн хангинуулсан, өвчлөлийн үзүүлэлт дорвитой буурахгүй байгаа ч “Вирусын халдвар авсан хүний тоо өдөрт 50 мянгаас доош тоологдсоор долоо хоногоос илүү хугацаа өнгөрлөө”, “Өнгөрсөн сарын туршид бид эерэг үзүүлэлт ажиглалаа” гэхчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь аль болох өөдрөг тандалтуудыг дэвшүүлсээр байна. АНУ-д тахал огцом хумигдаагүй байгаа боловч хичээлийн шинэ жил эхлэв. Америкийн сургуулиудын удирдлагууд суралцагсдынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрсдийн зүгээс зөв гэж үзсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Жишээ нь, Индиана мужийн Нотр-Дамын дээд сургууль дотуур байраа нээмэгц коронавирусын халдварын тохиолдлууд бүртгэгдсэнээр даруй үүдээ барьж, танимын сургалтыг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоох шийдвэр гаргасан байна. Цаашид энэ шийдвэрээ үргэлжлүүлэх, эсэх тодорхойгүй байгаа юм. 

«XX зууны эхээр дэлхийн 50 сая хүнийг хөнөөсөн аймшигт тахал хоёр жилийн дараа намжсан түүхтэй. Одоо бидэнд вирусын тархалтыг зогсоох технологи ч байна, мэдлэг ч байна» гэж ДЭМБ-ын тэргүүн хэлэхдээ зууны өмнө испани томуугаар нас барагсдын тоог Ковид-19-ийн улмаас хорвоог орхисон 800 мянган хүнийхтэй харьцуулан хоёр жилээс хавьгүй түргэн хугацаанд ялж дуусгах ирээдүйг зөгнөж байгаа юм. Гэвч дэлхийн хүмүүс түүнтэй бүгд санал нэгдэхгүй байна. Тухайлбал, Их Британийн Засгийн газрын дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн онцгой байдлын асуудлаарх гишүүн Марк Уолпорт BBC радиод өгүүлэхдээ, энэ өвчлөл хүн төрөлхтөнтэй ямар нэг хэлбэрээр үүрд үлдэхийг сануулжээ. «Яг л ханиад томууны эсрэг вакцинжуулалтад хамрагддаг шигээ хүмүүс коронавирусээс хамгаалсаар л байх болно» гэж тэрбээр тайлбарлаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.