Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

С.Энхбаяр: Гэрийн хорионоос гараад хөдөө явах санаатай

Африкийн бусад орноос ирсэн хүмүүсийнхтэй харьцуулахад надад тулгарсан бэрхшээл гавихгүй санагдсан шүү.


Африкийн Руанда улсын Үндэсний статистикийн газарт ажиллаж байгаад эх орондоо ирээд буй С.Энхбаяртай онлайн ярилцлаа. 

-Хил хааснаас хойш Тан шиг хаа хол Африкаас гэртээ ирсэн хүн цөөн болов уу. Чухам ямар хугацаа, саад бэрхшээлийг давж ирсэн бэ? 

-Миний ажиллаж амьдарч байсан Руанда улс коронавирусын улмаас гуравдугаар сарын 20-нд хилээ хаачихсан. Тиймээс надад харих боломж байхгүй болж байгаа юм. Гэхдээ би буцах хүсэлтээ Африк тивийн улсуудыг хамааран Египетийн Каирт суудаг Монголын ЭСЯ-нд өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргалаа. Тэгж байтал Руанда наймдугаар сарын 1-нд хилээ нээсэн. Коронавирусын эрсдэл бүрэн намжаагүй байгаа цагт дахиад хэдийд ч хилээ хаачихаж мэднэ шүү дээ. Тэгвэл би бүр тэндээ гацна гэсэн үг. Үгүй ядаж Монголдоо аль болох ойртъё, манай улсын ЭСЯ байдаг улс оронд очиж гацъя гэсэн бодолтой наймдугаар сарын 3-ны нислэгээр юутай ч Истанбул хүрсэн юм. Гэхдээ бас асуудалтай. Монгол руу нисэх тийз байхгүй гэсэн шалтгаанаар намайг онгоцонд суулгахаас татгалзсан. Бүтэн цаг маргалдаж байж нэг юм суулаа. Дохад транзит хийх үеэр и-мэйлээ хартал миний нэр Улаанбаатар руу нисэх наймдугаар сарын 8-ны нислэгт багтсаныг дуулгасан захидал ирсэн байв. Тэгээд Истанбулаас Франкфурт нислээ дээ. Нисэх дээр бас нэг асуудал ундарч намайг саатуулсан. Туркууд “Хил давахаар та өөрөө ачаагаа авах хэрэгтэй. Гэтэл танд виз байхгүй” гэж байна. Би Монголын элчингээс өгсөн бичгээ үзүүлээд л, тайлбарлаад л, учир начраа олох гэж мөн л цаг гаруй хэлэлцэж байж асуудал шийдэгдэж онгоцондоо суув. Каир дахь ЭСЯ-ны зөвлөх К.Көкен гуай надтай байнга холбоотой байж маш их тус хүргэсэн. Энэ ялдамд түүнд гүн талархлаа илэрхийлмээр байна л даа. 

Африкийн бусад улс орноос эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн давж туулсантай харьцуулахад надад тулгарсан саад бэрхшээл гавихгүй санагдсан шүү. Африк тивийн олон орон олон улсын нислэгээ сэргээгээгүй хэвээр байгаа тул зарим монголчууд атомашин хөлслөн гуравдагч улсыг дамжин байж онгоцонд суусан дуулдсан. Каир дахь Монгол Улсын ЭСЯ-ны мэдээллээс үзвэл, өнгөрсөн хугацаанд Африк тивийн 15 улсад гацсан нийт 37 монгол иргэн эх орондоо буцах хүсэлт илэрхийлснээс өнөөдрийн байдлаар Египет, Замби, Мозамбик, Ботсван, Танзани, Сейшелийн Арал, Өмнөд Судан, Руанда, Мали, Конго, Ирак, Нигерия зэрэг улсаас 20 иргэнийг 7,8 дугаар сарын тусгай үүргийн нислэгүүдэд багтаан эх оронд нь буцаасан байна шүү дээ. ЭСЯ маань үлдсэн иргэдийг ирэх саруудын нислэгт хамруулахаар ажиллаж байгаа юм билээ. Өнөө хүртэл хилээ нээгээгүй, ялангуяа олон улсын нислэгээ сэргээгээгүй байгаа Нигери улсад гацаад байгаа Т.Оюуномин охинд Нигерийн нислэг сэргэмэгц эх орондоо ирэх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. 

-Тусгаарлалтын 21 хоногийн сонин сайхныг бас ярихгүй юү. Ер нь юун тухай хамгийн их бодов? Бас шинээр бий болсон өөрчлөлт, эсвэл сэтгэгдэл юу байв?

-Надад шинээр гарсан өөрчлөлт гэхээр зүйл байсангүй дээ. Миний бодлоор 14 хоног тусгаарлахад хангалттай санагдсан. Карентины 21 хоногийн хугацааг ямар тооцоо судалгаанд үндэслэн гаргасан юм бол доо. Миний хувьд эх орондоо буугаад “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан. Хоол унд сайтай, ая тухтай байлаа. 21 хоногийн турш нэг өрөөнөөс гарахгүй байна гэдэг үнэхээр чанга л даа. Гэхдээ стресст автахгүйн тулд өдөр хоног тоолохгүй, ном уншиж, Netflix харж байгаад л дуусгалаа. 

-Ингэхэд Та Африкт ажиллахаас өмнө хаана, юу хийж байсан бэ? Яагаад Африкт ажиллахаар болсон юм бол?

-Хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллага, НҮБ зэрэг олон улсын байгууллага гээд л янз бүрийн газар ажиллаж байгаад 2012 оноос хойш Африк тивтэй холбогдчихсон. Африкийн баруун талд оршдог улс орнуудад хэрэгждэг олон төсөлд ажилласан даа.  

-Руандад төр захиргааны байгууллагад ажилладаг байсан гэж сонссон. Юу хийдэг байсан юм бэ? Найз нөхөд хэр олонтой болов? 

-Тийм ээ, 2016 онд Руандагийн Үндэсний статистикийн газарт судалгааны мэдээлэл боловсруулах зөвлөх гэсэн албан тушаалд ажиллахаар гэрээ байгуулсан юм. Тэгээд л тэндээ дөрвөн жил суурин ажиллаж амьдарсан. 

-Хийж байсан ажлаа жаахан тодруулахгүй юү?

-Товчхондоо ийм л дээ, өмнө нь цаасаар авдаг байсан судалгааг таблет, гар утсаар авдаг болох шилжилтэд туслах зорилготой төсөл хэрэгжүүлсэн гэсэн үг. 

-Манайхан өөрсдийн аливаа хоцрогдсон, тааруухан явдлуудыг Африкийнхтай зүйрлэн жишдэг. Харин Таны үзсэн, дотор нь ажиллаж амьдарсан тэр газрыг Монголтой харьцуулахад хөгжлийн ямар адил болоод өөр талуудыг харав? 

-Руанда бол Сингапурыг гол загвараа болгон хөгжиж байгаа учраас хот газрынх нь цэвэрхэн, тохилог байдлыг үнэхээр магтууштай. Олон улсын томоохон хурал гэх мэт арга хэмжээ зохион байгуулахад хамгийн тохиромжтой Африкийн улсаар Руанда шалгарсан. Кинярванда, франц, англи гээд албан ёсны гурван хэлтэй. Аюулгүй байдлыг хангасан үзүүлэлтээрээ тивдээ хоёр дахь улс нь юм. Авлига маш бага. Заавал Монголтой харьцуулъя гэвэл, цахилгаан, ус тасардгаараа манай улсын 90-ээд онтой төстэй юм даа. Тэнд бүх юм дөнгөж эхэлж байгаа учраас сонирхолтой орон. 

-Уул уурхайгаасаа болоод баларсан хийгээд баяжсан улс орнууд гэхээр л Африк санаанд ордог. Тэнд Таны харсан эдийн засаг, нийгэм, боловсрол гээд улс орныг харуулах чухал салбарууд ямаршуу дүр зурагтай байдаг юм бол?

-Руандагийн хувьд аялал жуулчлалын салбараас дийлэнх орлогоо олдог. Цай, кофены экспорт бас чамгүй хувийг эзэлж байна. Байгалийн баялаг ихтэй Африкийн улсуудаас засаглал сайтай Ботсвани зэрэг нь хөгжөөд, бодлогоо сайн явуулж чадахгүй байгаа Конго гэх мэт нь эсрэгээрээ дайн байлдаантай байх жишээтэй. Африкийг нэг улс орноор харахад өрөөсгөл, тэндэхийн улс орнуудын хөгжил янз бүр. 

-Бусад тивд африк гаралтай иргэдийг арьс өнгөний үзлээр харах тал байдаг шүү дээ. Тэгвэл тэнд шар арьстай монгол хүн хэр өөр харагдаж, өөр байдлаасаа болж ад шоо үзэгдэх тал байв уу?

-Яалаа гэж. Ямар ч ялгаварлал байхгүй. Хааяа гудамжинд таарсан хүүхдүүд хятадаар мэндлээд өнгөрөх тохиолдол бий. Ази хүнийг хятад гэж таадаг болов уу. Гаднынхантай нэлээд хүндэтгэлтэй харилцдаг хүмүүс шүү дээ. 

-Таны амьдралыг аялалгүйгээр төсөөлшгүй юм гэдгийг ФБ-ээс чинь мэдэж болохоор. Яг ийм хил хаасан цаг үед та дараагийн аяллын төлөвлөгөөгөө ямаршуу байдлаар зохион байгуулах гэж байна?

-Одоо би гэрийн хорионд 14 хонож гараад их хүйтрэхээс өмнө хөдөө л явах санаатай.  

-Хөл хорионы үед хамгийн их хийхийг хүссэн зүйл тань юу байв?

-Сайхан дарс уумаар байсан шүү (инээв).  

холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна
2
2 цагийн өмнө
Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Орхонд халдвар нэмэгдэж, дотоодын халдвар 275 боллоо
3
19 цагийн өмнө
Монгол залуус сайн дураараа нэгдэж коронавирусийн хавьтал илрүүлэх системийн төсөл сана...
санал болгох
1
1 цагийн өмнө
Дэлхийд гарцтай бизнесийн боломж
2
2 цагийн өмнө
Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна
3
3 цагийн өмнө
Инфографик: "40 жил 40 амжилт" буюу "Herbalife Nutrition" компанийн замнал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.