Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Соёлын сайд ба гудамжны хөгжимчин

С.Чулуун баскэр биш.


Шинэ Засгийн газрын бүтцэд Соёлын яам байгуулагдаж, Монгол Улсын соёлын бодлого гадарлах бүү хэл доторлохгүйн зовлонгүй мэргэжлийн хүмүүсийн гарт очсон. Өмнө нь боловсрол хариуцсан яамны бөөрөнд байсныг өрх тусгаарлаж шинээр бүрдүүлсэн гэхэд бүр долоон газар, 78 албан хаагчтай “бие даасан” Соёлын яам төвхнөөд авлаа. Сайд нь түүхч, академич С.Чулуун, дэд сайд нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга нь дуучин, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат гэхээр эрхэлж буй асуудлынхаа эрт хийгээд эдүгээг зангидан эмхлэх чадвар буй хэмээн итгэж болох мэт. 

Соёлын салбарт ажиллагсад яамтай болсноо аавтай болсны дайтай хүлээж авсан. Харин хүлээлтийн хариуд өгсөн эхний ажил болох “Соёлын цаг” аян мэргэжлийн урлагийнхныг гудамжинд гаргаж, гараанаасаа унаж байна. Орон нутгийн сонгуульд нөлөөлөх улс төрийн зорилго тавьснаас Соёлын яам коммунист “улаан булан”  болж хувирав. “Дэлхийн хотуудын гудамж талбайд хүмүүс урлаг соёлын үзүүлбэрүүдийг сонирхож л байдаг даг” гэж энэ шүүмлэлийн хариуг зандрангуй өгөх байх. Гэвч тэр бол огт өөр урлаг бөгөөд хэрэв мэргэжлийнхнээ зоригтойгоор гудамжинд тоглуулж иргэдийн санаагүй газарт нь гэнэтийн бэлэг барихаар шийдсэн л бол хэзээ, хаана, яаж гэдгийг мэдрэг сонгох, нарийн зохион байгуулж байж таашаах, цэнгэх, хөгжилдөх нөлөөлөл үзүүлж болох юм. Урлагаар соёлыг түгээх, гоо зүйн таашаал, мэдрэмжид нь хүрэхийн тулд нийтийн тээвэр, тухайлбал онгоц, метронд, эсвэл хүний хөл тасардаггүй гудамжинд, бүр галт тэрэгний буудалд алдартай театрынхан улаан хөшигтэй тайзнаасаа бууж, энгийн хувцастай флэшмоб хийх нь орчин цаг, дижитал эринээ мэдэрсэн амжилттай нөлөөлөл болсон туршлага улс орнуудад бий. Харин манай Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран зохиож буй “Соёлын цаг”-ийн тоглолтууд сэтгэл хөдлөл, баяр баясгалан түгээж чадахгүй байна. Хэлбэрийн хувьд агуулгадаа гологдсон ядмаг тайз, орчиндоо зохицоогүй хувцас, хэрэглэл, лоозонтой анонсандаа хайрцаглагдсан хайран ч урлаг, хайран ч соёл. Гудамжны урлаг энгийн, бас этгээд, тайзны урлаг мэргэжлийн бас тансаг байдгийг торгон мэдрэх учиртай Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат сэрэмжлэн жор тун, хэлбэр агуулгыг дүйцүүлэх ёстой байв. Энэ сарын 5-ны бямба гаригт бүх нийтэд урлагийн боловсрол олгох зорилготой “Гүн Агааль” хэмээх ТББ-ын санаачилгаар хүүхдийн паркад тоглолт болжээ. Тэд бол баскэрууд буюу гудамжинд хөгжимдөж дуулах улс. Тиймээс тэд ямар нэг саатай дээл хувцас, улаан хивс, хулдаасан анонсгүйгээр хүмүүст юу чаддагаа үзүүлж, хамтдаа баяр баяслыг эдлэх юм. 

Гудамжны хөгжимчин юу тоглох нь хэнээс ч хараат бус, бас хэнд ч хамаагүй байдаг бол С.Чулуун баскэр биш. Соёлын яам төсөв санхүүтэй тул бодлоготой, зорилготой, төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй байх ёстой. Сайд нарын танхимд шинээр багтаж, шинэ яам удирдаж байгаа сайдын хамгийн түрүүнд хийвээс зүйд нийцэх алхам бол олон нийтэд яамныхаа зорилго, зорилтыг танилцуулахад оршино. Гэвч С.Чулуун сайд таг чиг, хэвлэлийн ганц хурал ч үгүй байна. МАН Монгол Улсын 50 жилийн дараах алсыг харж боловсруулсан төлөвлөгөөнөөс ядаж өөрт хамаарах эхний 4 жилийн ажлыг ард бидэнд дуулгах нь сайдын үүрэг.

Урлагт дуртай хүмүүс театраа санажээ. Дуучид, бүжигчид, жүжигчид ч тайзаа, үзэгчдээ санаж байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас сэргийлж театрууд хөл хорьсныг бүх нийтээр дагаж байгаа ч Соёлын яам хэрэв Боловсролын яамтай зэрэгцэн тахлын үеийн менежмент хэрэгжүүлэхээр хичээсэн бол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хязгаартайгаар явуулж байгаа шиг театруудын үүд хаалга ч үзэгчдийн өмнө цэлийж болох байсан. Соёлын сайд ч мэргэжлийнхнээ гудамжинд гаргахгүйгээр нөлөөллийн аянаа хэрэгжүүлж чадах байсан.    

Гудамжны хөгжимчин юу тоглох нь хэнээс ч хараат бус, бас хэнд ч хамаагүй байдаг бол С.Чулуун баскэр биш. Соёлын яам төсөв санхүүтэй тул бодлоготой, зорилготой, төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй байх ёстой. Сайд нарын танхимд шинээр багтаж, шинэ яам удирдаж байгаа сайдын хамгийн түрүүнд хийвээс зүйд нийцэх алхам бол олон нийтэд яамныхаа зорилго, зорилтыг танилцуулахад оршино. Гэвч С.Чулуун сайд таг чиг, хэвлэлийн ганц хурал ч үгүй байна. МАН Монгол Улсын 50 жилийн дараах алсыг харж боловсруулсан төлөвлөгөөнөөс ядаж өөрт хамаарах эхний 4 жилийн ажлыг ард бидэнд дуулгах нь сайдын үүрэг. Түүний удирдаж буй Монгол Улсын соёлын салбарт хариултгүй ээрэгдсэн асуулт ч цөөнгүй байна. Сүүлийнхээс эхэлье.

Монголд монгол бичиг амьд уу?

“1946 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол бичгийг “амьдаар нь” авч ирсэн өмнөд монголчууддаа бид талархдаг. Дундад улс шинэ “соёлын хувьсгал” эхлүүлж, мах цусны тасархай ахан дүүсийг маань ахин дээрэлхэж буй энэ өдрүүдэд бид улам илүү алсыг харах ёстой. Босоо монгол бичгийн аврал нь Монгол Улс өөрөө л байх түүхэн хариуцлага бидэнд тулгарав биш үү?” гэж Гүн овогт Г.Аюурзана нүүр номдоо бичжээ. Энэ бол асуулт. Соёлын яам үүнд хариулах, нийтэд нөлөөлөхүйц бодлого хийгээд үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй, Боловсролын яамтай хамтран үр дүн нь мэдрэгдэхүйц бодит ажлуудыг хийх ёстой болж байна.  

“Өнөөдөр англиар цэвэрхэн ярьчихдаг залуустай Улаанбаатарын хаа ч таардаг. Харийн хэлийг хялбархан сурдаг монголчууд өөрийн бичгийг өөриймшүүлэхэд юухан байх вэ дээ! Залхуурал, мөнгө хөрөнгө гэх мэтийн арчаагүй шалтаг тоочихоо цэглэж, авч үлдэх ёстой бүхнээ ямар ч хамаагүй үнээр авч үлдье ээ! Даруйхан монгол бичигтээ шилжье! Чингис хааныхаа “Улсын бичиг” гэж тунхагласан үндэсний бичиг үсгээ жинхэнээс нь “Улсын бичиг” байлгая аа” гэж Г.Аюурзана олон нийтэд хандсан байна. Соёлын яам юу бодож байна?  

Түлүүгийн давааны буузнаас өөр юм байна уу? 

Коронавирус дэлхий ертөнцөд сөрөх аргагүй шинэ соёл, онцгой дэг журам авчирч байна. Хил хаагдаж, гадаадын жуулчид тасрахад голын эрэг дээр майхан хатгаад мах шарж идсэн дотоодын аялагчид “ганцаардав”. Хөдөө тийш аялал жуулчлалын бүтээгдэхүүн ядмаг, “Түлүүгийн” буузны газраас өөр үзэж харах, сонирхож мэдэх контентгүй нэгэн зун өнгөрөв. Түүх, соёлын өв болсон сүм хийд, музейдийг сэргээн засварлах, монголчууд бид эх орныхоо эд өлөг бүрийг хайрлан биширдэг болох ажлыг Соёлын яам шинэ шатанд гаргаж чадах уу? 

Ковид-19 биш гэхэд хожим ямар ч вирус хил хязгааргүй дэгдэхэд хүмүүс уламжлалт соёлыг эдүгээчлэн хүртсээр л, гоо зүйн таашаалдаа умбасаар байх эрхтэй. Хүн болгон гартаа дэлгэц атгасан орчин үед хил хязгааргүй платформын шийдлүүд бүрэн боломжтой. Монголд бодлого, үйл ажиллагаа л дулимаг байна. 

Түүх, соёл, урлаг одоо үнэгүй юү?

Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг түүх, соёлын үзвэр, үйлчилгээнд өлөн зэлмүүн хандах арга барилыг соёл болгон дэлгэрүүлэхийн эсрэг хатуу зогсох ёстой. Байсхийгээд л “Музейгээ үнэгүй үзээрэй” гэсэн зар явуулдгийг зогсооно уу. Энэ өдрүүдэд ч тийм зар түгэж буй. Театр, музей, оюуны бүтээлүүд амьд, тансаг, үнэ цэнтэй байх ёстой. Орон нутгийн сонгуульд зориулж мэргэжлийнхнийг гудамжинд тоглуулж байгаа нь тайзаа, үзэгчдээ санасан тэднийг доромжилж буйтай адил хэрэг тул бид тэднийг театрт нь зорьж үзмээр байна.   

Циркээ яах юм?

Манай улсад хөгжсөний 80 жилийн түүхтэй цирк сүүлийн 12 жилийн дотор хар бараан зах болж хувирлаа. Менежментийн хувьчлалаар авсан айл нь зориулалтын дагуу ашигласангүй тул түүхт цэнхэр асраа буцааж авч чадах уу?   

Уран нугараач, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу “Өнөөдөр Монголын циркийн урын сангийн бодлого алдагдсан. Шалтгаан нь циркийн уран бүтээлчид нэг ч төгрөгийн цалингүйгээс амьдрахын эрхэнд гадаадын орнуудад аялан тоглолт хийж байна. Гэтэл циркт томоохон тоглолт хийе гэхэд тэднийг цалинжуулах албан газар байхгүй. Төв циркт тоглоё гэхэд байргүй. Хуучин циркийн боловсон хүчнийг ЗХУ-д төрөл жанр бүрээр бэлтгэдэг байсан, одоо зөвхөн шавь сургалтаар дотооддоо уран нугаралт зэрэг цөөн мэргэжлээр сургах болсон. Төрөөс циркийн салбарт анхаарлаа хандуулж ажиллаасай” хэмээн хүсэж байна.

Улс төрөөс ангид байж чадах уу?

Улс төрийг “соёлгүй” хийж болохгүй гэдгийг бүгд ойлгосон цагт түүхч, академич С.Чулуун Соёлын сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох чадалтай Чингис хааны музей, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгож өгөх Андлалын өргөө, Ерөнхийлөгч Х.Баттулгыг үндэсний бүтээн байгуулагч түүхэн лидер гэх урлаг соёл, сэтгүүлзүйн төслүүд эрчээ авсан оюун санааны өвөрмөц үед Монгол Улс бас ирсэн. Тиймээс энэ цаг дор шинээр байгуулагдсан Соёлын сайдад улс төрийн дарамт хийгээд нөмөр нөөлөг эдгээр гурван талаас өөр өөрийнхөөрөө ирэх болно. С.Чулуунд ажиллах боломж гэхээсээ тулгарах давагдашгүй хүчин зүйл хавьгүй илүү тохиолдох магадлалтай. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 1992 онд Соёлын сайдаар томилогдон ажилласнаар утга зохиолын орчуулагчийн карьераа төгсгөж, том улстөрч болох гараагаа эхлүүлснээс харахад Соёлын сайд С.Чулууны дараагийн нүүдэл түүх соёл, эрдэм судалгаа биш ч байж магад. Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Соёлын яам нэг жил гаруй ажиллаад татан буугдсан түүх энэ удаад ч давтагдах магадлал бий. Тэгэхээр Соёлын сайд С.Чулуун өөрт ногдсон цаг хугацаандаа Монголын соёл гэгээрлийн түүхэнд хэр академич болохоо харуулаад буух уу, эсвэл нөлөө бүхий улстөрчдөд үйлчилж байгаад дэвших үү гэдэг асуулт бас урган гардаг.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (10)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.09.18 162.158.165.97

Яаж бодохоороо ийм утгагүй юм боддог юм бол? Соёлын яамыг ч авч явах сайд биш.

0 Хариулах


би 2020.09.11 162.158.167.59

соёлын яам бас удаан яст мэлхийшиг ажиллаж бна

0 Хариулах


би 2020.09.11 162.158.167.59

шүүмжийг хүлэнн авах хэрэгтэй соёлын цаг гэнэ үү ийм юм их утгагүй байналээ тэгсэнээс томоохон байгууллага, аж ахуйн нэгж дээр очиод тоглолт хийсэн бол дээр байсан юм

0 Хариулах


Уншигч 2020.09.09 172.69.252.139

Маш зөв зүйл бичжээ. Нөхцөл байдалд тохирсон мэргэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

0 Хариулах


Музейн ажилтан 2020.09.09 172.69.252.139

Музейг үнэгүйтүүлэх нь буруу. Хорио цээрийн үед сурагчдыг үнэгүй музей үзүүлэх шийдэр гаргасан нь бүүр ч буруу. Хууль дүрмээ зөрчсөн шийдвэр гаргасныхаа төлөө шийтгэл хүлээх ёстой

0 Хариулах


Уншигч 2020.09.09 172.69.252.139

Соёлын салбар С.Чулуунаар чулуу шидүүлэх нь. Тэгж байхдаа тарсан нөхөр бололтой. Одоо хүртэл яамныхаа үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулаагүй, ажил нь урсгалаараа, толгойндоо орсон зүйлээ хийж байх шиг. Салбарын эрдэмтэд нь Соёлын яамны сайдад тохирохгүй хүн гэж үзээд Екөд бичиг явуулсан байсан нь учиртай байх даа. Харж л байя.

0 Хариулах


Түүхч 2020.09.09 172.69.252.151

ШУА-ийн Түүхийн хүрээлэнг төрлийн хүрээлэн, хэвлэлийн газар болгон Академик шинжлэх ухааныг унагаасан хүн Соёлын салбарыг аваад явах нь юу л бол. Сайдаар томилогдсоноос хойш хийж буй ажлыг нь хардаа! Эрх баригч нарын суганы үс болж байж нэг юм сайдын суудалд заларсанч тэр соёлгүй бүдүүлэг, луйвар бульхай хийж байж академич болсон, ашиг хонжоо л олж байвал юугаа ч худалдах худалдасаар ирсэн хүн. Соёлын салбарыг хөгжүүлээд аваад явчих тэнхил, ёсзүй түүнд байхгүй.

0 Хариулах


Зочин 2020.09.07 172.69.252.149

70 жилийн түүхтэй театрынхан шороотой цемент дээр үндэсний урлагийн тансаг гоёлтой үсэрч харайж дуулж бүжиглэх нь өр өвдмөөр. Бүгд соёлын юм байх юм. Мэргэжлийн түвшинд хүртэл хөгжсөн үндэсний урлагаа ингэж гудамжинд гаргаж үнэгүйдүүлж байдаг соёлын ухна сайд. Урлагийхан өөрсдөө тэгж явж ч байх ч гэж. 4 жил зовж дээ хөөрхийс. Цалин ч гэж ю

0 Хариулах


Иргэн 2020.09.07 162.158.167.45

Мэргэжлийн урлаг нь гудамжинд ёстой тэнэг юм билээ. Ингэж удирдахгүй ээ.

0 Хариулах


Зочин 2020.09.07 162.158.183.164

Номын сангуудаа яаж хөгжүүлэх вэ. Энэ салбар чинь соёлдоо ордог биз дээ.

0 Хариулах