Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Уучлаарай

Хоёр залуу хүний гуйсан уучлал өнөөдрийг эерэг болголоо.


Хаана, хэзээ, юун дээр, яагаад алдсанаас үл шалтгаалан үр дүн нь буруу л бол уучлал эрэх, хариуцлагыг үг дуугүй хүлээхэд бэлэн байгаагаа илтгэх нь ямар эерэг зүйл болохыг бид бараг анх удаа л харлаа. Тэр тусмаа ХЭН? 

Монгол Улсын үндэсний бөхийн аварга Н.Батсуурь түүнээс авсан допингийн шинжилгээний хариу “эерэг” гарсан учраас толгой мэхийсэн анхны тохиолдол боллоо. Үндэсний их баяр наадмаар бөхөд дуртай үзэгч олны эдэлсэн цэнгэл худлаа болсны төлөө тэр уучлалт гуйж байна. Н.Батсуурь хүч тэнхээтэй болох гэж зориуд эм бэлдмэл хэрэглэн зодоглосон, эсэх нь эргэлзээ төрүүлэн үлдэж байгаа ч үндэсний бөхийн аварга хүн допингоос үүдэн үүссэн нөхцөл байдлын өмнө гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлсэн нь яалт ч үгүй анхны тохиолдол болж байна. Махан толгойтой болохоор ичиж зовохыг мэддэггүй гэж боддог байлаа, уучлаарай. Монгол хүний жудаг гээч юм байдаг бол өв уламжлалыг тээгчдийн зүгээс олон нийтэд энэ хэмжээний хүндлэл үзүүлж болдог л юм байна. Тэднийг махан толгойтой гэж шоолохоо больё. 

Уучлал гуйна гэхээр л шившигт явдал мэт үзэж, чадлаараа гэдийж ирсэн харгис шинж төлөв ялангуяа улстөрчдөд тогтсон зан үйл. Тэд хийсэн буруу үйлдлийнхээ өмнө гэмгүй болох гэж яддаг нь үнэндээ ихэд ядарсан мөхөс араншин билээ. Үүгээрээ Монголын нийгмийн уур амьсгалыг уучлал үгүй, хүндлэл үгүй, ойлголцол үгүй хахир хатуу болгон өөрчилсөн нь улстөрчдийн зүгээс ард түмнийхээ дунд шидсэн яс, тэдний бий болгосон жишиг, нийгэмд тогтоосон хэв маяг. Уучлал гуйхгүй байх гэдэг ерөөс Монголын соёл юм. 

Н.Батсуурийг уучлал эрэхтэй зэрэгцэн өөр нэг хүн олон нийтээс хүлцэл өчиж байна. Хөгжмийн нэрт зохиолч, Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаа гуайг бага залуудаа өвөөгийнх нь хоньчин байсан тухай бурж орхисон залуу улстөрч С.Эрдэнэболдын яриа цахим сүлжээнд тархаж, олны эгдүүцлийг хүргээд байсан билээ. С.Эрдэнэболд буруугаар ойлгогдох ийм алдаа дахин давтахгүйгээ хэлээд, бусдын шүүмжлэлийг хүндэтгэж буйгаа илэрхийлэв. Н.Батсуурийн үйлдэл С.Эрдэнэболдод нөлөөлж, энэ хоёр залуу хүний гуйсан уучлал өнөөдрийг эерэг болголоо.  

Шинжилгээний дүнг хүндэтгэн, маргахгүйгээр хариуцлагаа хүлээн хойтон болох түүхт 100 жилийн ойн баяр наадмаар өнжихөө мэдэгдэв. Үүн лугаа өөрийн үйлдлээр олон нийтийн дунд бухимдал, түгшүүр, үл итгэл гэхчлэн сэтгэлзүйн зөрчил ямарваа хэлбэрээр үүсгэсэн бол уучлал гуйж, гэм буруугаа үл марган зөвшөөрч, хариуцлага хүлээдэг ухамсрыг улстөрчдөөс шаардаж байна. ЖДҮХС-гаас зориулалт бусаар зээл авсан улстөрч эгээ л "Оскар" авсан хүн шиг Төрийн ордны улаан хивсэн дээгүүр дүүхэлзэж байсан дүр төрхийг санаж байна уу? Ард түмнээс уучлал гуйна гэдэг тэдний хувьд өөрийгөө доромжилж буйгаас өөрцгүй зүйл.

Хамгийн сүүлийн жишээ. Онцгой комисст төвлөрсөн хандивын мөнгөнөөс 21 саяыг дарга нарт хувааж өгөх тушаал гаргаснаа зөвтгөн уйлагнаж буй экс мэр, одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан номоо зарж хандив өгсөн сурагч хүүгийн дэргэд ёс зүйн хувьд өчүүхэн аяглаж буй алдаагаа уучлал гуйн залруулж чадах уу? 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.