Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

Ц.Өнөрбаян: Асуулт тавьж, бүтээлчээр мэтгэлцдэг суралцагч бол багш хүний олз

Хүүхэд залууст хамгийн ойр байх учиртай хэл бол уран зохиолын хэл.


Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа. Тэрээр монгол хэлний сургалтын хөтөлбөр боловсруулах, сурах бичиг зохиох ажилд сүүлийн гучаад жилд биечлэн оролцсоноос гадна 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай” хууль, 2018 онд Хэлний бодлогийн үндэсний зөвлөлөөр батлагдсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг боловсруулахад оролцсон эрдэмтэн багш юм. Энэ удаа бид түүнтэй нийгэмд өрнөж буй сэдвүүдийг хөндөж, мөн монгол хэлний багшийн хувьд уулзаж сонирхолтой яриа өрнүүлэв.  

-Монгол хэлний дархлааны талаар таны ярилцлага, лекцүүдээс сонсож, тайлбарыг олж мэдэж болох юм л даа. Гэвч монгол хэлээр ярьж байгаа хүний тоо цөөн буюу зургаан сая гаруй байгаа нь хоёр хөршийн харьяанд амьдарч буй монголчуудын хэл тухайн улс орныхоо албан ёсны хэлэнд ууссаар байгаа нь хэлний хөгжлийн цаашидын хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол? 

-Хэл бол тухайн улс үндэстэн оршин буйн бодит баталгаа болж байдаг оюуны соёлын нэн чухал дархлаа юм. Дэлхийд өнөөдөр бие даасан 3000 орчим хэл байна. Энэ тоо 20 дугаар зууны эхэнд 7000-аар тоологддог байж. 100 орчим жилийн дотор талаас илүү нь мөхсөнөөс үзэхэд хэл гэдэг мөхөж бас сэргэж байдаг зүй тогтолтой үзэгдэл юм. Нэг хэл мөхөхөд түүнтэй хамт нэг үндэстний соёл, сэтгэлгээ, түүх үгүй болно гэсэн үг. Аливаа хэлний “амьд” байх дархлааг хадгалдаг хэд хэдэн хүчин зүйл бий. Хэр олон хэрэглэгчтэй байна, тухайн хэл мөхөх аюулаас төдий чинээ хол байдаг. Монгол угсааны 10 сая орчим хүн дэлхий дээр байгаагийн зургаан сая орчим нь монгол хэлээрээ ярьдаг гэсэн мэдээлэл бий. Арван саяас зургаан сая нь л эх хэлээ хэрэглэж байгаагийн 4 сая монгол угсаатан монгол хэл мэдэхгүй болсон байна. Энэ зөрүү нэмэгдэх тусам монгол хэл мөхөх аюул руугаа ойртоно гэсэн үг. 

Монгол хэлт зургаан сая хүний 3.5 сая нь Монгол Улсын иргэн бөгөөд үлдсэн бусад монголчуудын дийлэнх нь БНХАУ-д амьдарч байна. Эдгээр монголчууд том үндэстний харьяанд, хэл соёлынх нь хүрээлэлд байгаа учраас өөрийн үндэстний хэл, соёлоо аажмаар алдах магадлал өндөрт тооцогдоно. Аливаа хэл, үндэстний сэтгэлгээ бичиг үсгээр баталгааждаг. Бичиг үсэггүй хэл мөхөх аюулд ойрхон байдаг. Мөхсөн хэлнүүдийн ихэнх нь бичиг үсэггүйгээс болсон байдаг. Тиймээс Өвөр монголчууд монгол үндэстнийхээ бичиг үсгээ хадгалах замаар эх хэлнийхээ дархлааг хамгаалан тэмцэх нь зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Өвөр монголчуудын тэмцэл бол зөвхөн тэдний эрх ашиг төдийгүй монгол үндэстний оршин тогтнохын төлөөх тэмцэл гэж ойлгож болно. 

-Өвөр монголчуудын монгол бичгийнхээ төлөөх тэмцлээс үүдэн Монгол Улсын иргэд бид монгол бичгээ хадгалахын төлөө юу хийж байгаагаа өөрсдөөсөө асуух, бас хэрэглэхийг шаардах бодит шалтгаантай тулгарч байна. Та манайд монгол бичиг “амьд” байна гэж хэлж чадах уу?

-Монголчууд бол түүхийнхээ явцад 10 гаруй бичиг үсэг хэрэглэсэн нь нүүдэлчдийн дотроос хамгийн олон бичиг үсэг хэрэглэсэн ард түмэнд тооцогддог. Эдгээр бичиг дотроос монголчуудын хамгийн удаан буюу 1000 гаруй жил тасралтгүй хэрэглэгдэж монгол хэл соёлын дархлааг тээж ирсэн нь “Үндэсний бичиг” болтлоо дархлаажсан бичиг юм. Монголчууд монгол бичгээ манай эриний 8-9 дүгээр зуунаас хэрэглэж эхэлсэн гэж ихэнх судлаач санал нэгддэг юм шүү дээ. Энэ цагт монгол үндэснийхээ бичгийг амь таслалгүй өвлөж ирсэн ард түмэн бол яах аргагүй Өвөр монголчууд. Тиймээс ч тэд хэл соёлынхоо баталгаагаа авч үлдэхийн тулд, энд байгаа биднээс илүү хэрэглэж монгол хэл бичгийнхээ төлөө тэмцэж байна. Монгол Улсад өнгөрсөн зууны 40-өөд оноос хойш хэрэглэхээ больж кирилл монгол бичигт халаагаа өгөөд, 1990-ээд оноос сэргээн хэрэглэх бодлого хэрэгжиж эхэлсэн. Гэвч зөвхөн боловсролын түвшинд сэргээсэн болохоос биш өнөөх албан бичиг харилцаанд дорвитой нэвтрээгүй байна.

Кирилл монгол бичиг бол харьцангуй цөөн жил хэрэглэж байгаа боловч монголчуудын оюуны соёлд бодитой хувь нэмэр оруулж байгаа бичиг юм. Хойд хөршийн улс төрийн дарамт шахалтаар авсан бичиг үсэг гэж сөргөөр үнэлэхэд би таагүй ханддаг. Энэ бичгээр дамжуулан монголчууд өрнийн соёлтой танилцаж, орчин үеийн шинжлэх ухааныг цаг алдалгүй эзэмшиж, бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсныг бид үгүйсгэх боломжгүй Ямар шалтгаанаар авсан нь чухал биш, ер нь бичиг үсэгт буруу байхгүй шүү дээ. Кирилл үсэг ч бас монгол хэлийг амьд байлгаж, дархлааг нь бататган хамгаалж буй бичиг учраас буруушаах аргагүй. Манай зарим иргэд монгол бичиг бол босоо, тэнгэрийн, хуучин, кирилл бичиг бол хэвтээ, газрын, шинэ гэж нэг бичгийг нөгөө бичигтэй харьцуулж үнэлдэг буруу хандлага бий.  Тиймээс ч би “кирилл монгол бичиг” гэж хэлэх дуртай. Цаг хугацааны хувьд өнө эртний түүхтэй, үндэсний бичиг буюу монгол бичгээ бид зайлшгүй сурах, хэрэглэх, өвлүүлэх ёстой. Монгол хэлний тухай 2015 онд батлагдсан хуульд 2025 он гэхэд Монгол Улс үндэсний болон кирилл хос бичигтэй болохоор заасан. Ерөнхий боловсролын хөтөлбөрт үндэсний бичгийн хичээлийг 6-12 дугаар ангид заавал оруулж байгаа нь ч үүнтэй холбоотой шүү дээ. Гэвч хүүхэд залууст үндэсний бичгээ хэрэглэх орчин нь бүрдээгүй байна. Тэдэнд монгол бичгээр шимтэн унших ном, сонин ч байхгүйтэй адил. “Хүмүүн бичиг” гэж ганц сонин хүн бүрт хүртэж чадахгүй байна. Гудамж талбайн хаяг, үйлчилгээний газруудын нэрийг латинаар бичих атлаа монгол бичгээр бичсэн нь ч тун цөөн. 2025 онд хос бичигтэй болох гээд байгаа нь үнэн л юм бол иргэд монгол бичгийн хэрэглээг сайжруулахын тулд төр засгаас монгол бичгийн орчин бүрдүүлэхийг шаардах, санаачилга гаргах хэрэгтэй байгаа юм. Саявтар өдөр тутмын нэгэн сонин нэг нүүрээ монгол бичгээр гаргана гэхэд би хувьдаа ихэд олзуурхсан. Иймэрхүү жижиг гэхгүй санаачилга нь эх хэл бичгийн дархлаанд бодитой хувь нэмэр болдог шүү дээ. Ерөнхий боловсролын зарим сурах бичгийг тухайлбал, уран зохиол, түүхийн хичээлийн номыг монгол бичгээр зориглон хэвлэх хэрэгтэй гэж би боддог. Манай Багшийн их сургуулийн оюутнууд монгол бичгээр уншдаг, бичдэг болоод гардаг хэрнээ зааж байгаа хичээлийн ном, сурах бичгүүд нь кирилл бичиг дээр учраас сургалтын үр дүнд бодитой ахиц гарахгүй байна.  

-Цөөн тоот ястны хүмүүс хотод ирээд нутгийн аялгуунаасаа болж ичих, шоолуулах тохиолдол гардаг. Гэтэл Та монгол хэл дархлаатай байхын чухал нэг үзүүлэлтийг үндэстэн ястны олон аялгуундаа байна гэж сонирхолтой дүгнэлт хийдэг юм билээ?

-Залуу хүмүүс хэрэггүй зүйлээс болж ичиж зовох тохиолдол байдаг. Одоогийн бидний хэрэглэж буй орчин цагийн монгол хэл нь халх, өвөр, ойрад, буриад гэсэн дөрвөн том аялгуутай, эдгээр нь дотроо олон аман аялгуутай. Халх гэхэд л төв, өрнөд, дорнод, умард гэсэн аман аялгуутай. Ойрад аялгуу дотроо дөрвөд, баяд, торгууд зэрэг олон аман аялгуутай. Үүнээс төв халхын аман аялгуу гэхэд л Өвөрхангайнхны салбар аман аялгуу гэхчлэн өөр өөрийн өнгө төрхтэй. Дарьганга, сартуул, хотгойд гээд л салбарлаад явж өгнө. Монгол хэл хөгжмөөр бол олон аялгуут найрал хөгжим шиг бөгөөд олон хөг эгшиглэж байна гэж төсөөлөөд үз. Монгол хэл мөхөхгүй гэж үздэг миний өөдрөг үзэл үүнд байдаг юм. Ийм олон аялгуу, аман аялгуу, салбар аялгуу бүхий хэл мөхөх аюулаас хол. Аялгуу тус бүр тухайн үндэстэн ястныхаа соёлыг тээдэг. Энэ олон аялгууг дан ганц халх аялгуунд уусгачихвал монгол хэлний дархлаа сулрах нэг хүчин зүйл болдог. Иймээс хэл аялгуугаа унаган төрхөөр нь хадгалах, хамгаалах шаардлагатай. 

-Хүн төрөлхтөн ухаалаг утас, цахим сүлжээний иргэд болж даяараа хувирлаа. Энэ өөрчлөлт хэл бичгийн соёлд шинэ ухралтуудыг авчирч байгааг шүүмжлэгсэд байдаг. Та хэл шинжлэлийн эрдэмтний хувьд үүнд ямар байр суурьтай явдаг вэ?

-За дээр миний дээр өгүүлснээр хэлний дархлааг хадгалах, хамгаалахын тулд нэгдүгээрт, хэрэглэгчийн тоог олон болгох, хоёрдугаарт, бичиг үсгийн хэрэглээний орчинг бүрдүүлэх, гуравдугаарт, олон аялгуу, аман аялгууг унаган төрхөөр нь байлгах нь чухал. Одоо таны асуултад хариулахын тулд хэлийг дархлаатай болгодог нэн чухал дөрөв дэх хүчин зүйлийн талаар заавал хөндөх учиртай. Энэ бол утга зохиолын хэл. Монгол хэлний утга зохиолын хэл, найруулга баялаг, ариун тунгалаг, яруу тансаг байж гэмээнэ бидний хэл, соёл, сэтгэлгээ илүү дархлаатай байна. Мэдээллийн технологийн хурд өдөр тутмын амьдралд өөрчлөлт авчрах хэрээр олон дэвшлийн зэрэгцээ зарим сөрөг зүйл ч байгааг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, хүмүүсийн аливаа зүйлийг унших, ухаарах, бодож сэтгэх чадвар харьцангүй багасаж байна. Цахим орчинд ихэвчлэн хар ярианы хэлээр харилцдаг учраас хэлний баялаг сан ашиглагдахгүй байна. Утга зохиолын хэл гэдэгт уран зохиолын, сонин нийтлэлийн, албан бичгийн, эрдэм шинжилгээний хэл багтдаг. Үүний дотроос хүүхэд залууст хамгийн ойр байх учиртай хэл бол уран зохиолын хэл. Монголын сонгодог уран зохиолын ном уншдаг хүний хэл гадны сөрөг нөлөөнд автах, дархлаагаа алдах аюулаас илүү хол байдаг. Олон нийтэд мэдээ мэдээлэл түгээдэг сонин, сайтуудын нийтлэлийн хэл, найруулгыг алдаагүй, яруу тансаг болгоход бүх нийтээр анхаарах хэрэгтэй. 

-Боловсролын салбарт сая Кембриджийн хөтөлбөрт шилжих үү, үндэсний хөтөлбөртэй байх уу гэсэн маргаан дэгдлээ. Англи хэл чухал уу, монгол хэл соёл чухал уу гэдэг хэрүүл болж дуусав. Та 50 жил боловсролын салбарт, тэр дундаа монгол хэл, уран зохиолын дээд мэргэжилтэй багш бэлтгэдэг их сургуульд ажиллаж буй хүний хувьд боловсролын хөтөлбөрийн талаар юу хэлэх вэ? 

-Би юуны өмнө үндэсний хэл, бичиг, түүх, соёлынхоо төлөө сэтгэл оюунаа зориулж явдаг монгол хэлний багш хүн. Монгол хэлтэй харьцуулахад олон хэрэглэгчтэй хятад, орос хэл, мөн дэлхийд түгээмэл дэлгэрсэн англи хэлний түрлэгээс чин үнэндээ болгоомжилдог хүн. Тиймээс боловсролын тогтолцоонд үндэсний хөтөлбөрийг баримталдаг. Дэлхий дахины хөгжлийн өнөөгийн чиг хандлага хүн төвтэй болж, улс орнууд хүнийхээ төлөө хөгжихийг чармайж байна. Хөгжсөн хүн нь эргээд өөрсдийн ажиллаж амьдарч байгаа улс нийгмээ хөгжүүлдэг эргэх холбоотой бодгаль. Дэлхийн хөгжилд мэдлэг боловсролоороо хөл нийлүүлэх монгол хүмүүсийг бэлтгэх үндэсний  хөтөлбөртэй болох нь манай төр засгийн бодлого байх ёстой. Дэлхийд гологдохгүй хөгжсөн иргэд маань л эх орноо хөгжүүлнэ гэдэгт бас итгэдэг. Би Монгол хэлний тухай хуулийг боловсруулалцахдаа энэ л байр сууринаас хандсан. Гадаад хэлийг 10-11 настай хүүхдүүдэд буюу тавдугаар ангиас нь эхлэн заахыг дэмждэг учраас хуульд бид ийм заалт оруулсан. Арван нас хүртэл хүний үндэсний сэтгэлгээний дархлаа бий болж баталгааждаг. Улс үндэстний дархлаа иргэдийнх нь ой тойнд хүүхэд ахуйд буюу 10-11 насанд тогтдог гэж үзэж болно. Дэлхийн хүн болох нь чухал юм уу, монгол хүн байх нь чухал уу гэдэг асуулт гардаг. Үнэндээ аль аль нь чухал. Цөөн тоотой монгол үндэстний хувьд монгол сэтгэлгээтэй, хэл соёлоо дээдэлдэг хүн илүү чухал гэж би боддог. Гадаадын хөтөлбөрийг хэрхэвч авч болохгүй гэж туйлшрах гэсэнгүй ээ. Бид дэлхийн аль сайн боловсролыг үндэсний хөрсөнд тохируулан буулгаж, өөрсдийн бодож боловсруулсан, туршиж шигшсэн агуулгаар баяжуулан үндэсний хөтөлбөрөө бий болгоод ялгаа зааг гаргахгүйгээр бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, тогтвортой боловсрол олгох нь чухал. Засаг солигдоход дагаад хөтөлбөрөө хөдөлгөөд байвал монгол хүний боловсрол гэдэг зүйл саармаг шинжтэй болсоор л байна. Харин ч эх орноо дэлхийгээс хоцроохгүй хөгжүүлчих хүмүүсийг боловсруулах, энэ чигт дэлхийн боловсролыг нутагшуулан хэрэглэх нь чухал болж байна шүү.

-Таныг багш болох цаг үеийн багш нар яагаад одоогийнхоос хавьгүй чадварлаг хүмүүс байсан юм бол. Багшийн нэр хүнд өндөр, тэдэнд итгэх, даган дуурайх нийгмийн хандлага хүчтэй байсны шалтгааныг Та юу гэж боддог вэ?

-Нэг цаг үеийн ололт, дутагдалыг тэр цаг үеийнх нь шалгуураар үнэлэх нь зөв гэж үздэг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн цаг үеийн шалгуураар өнгөрсөн цаг үеийг үнэлэх боломжгүй. Учир нь тухайн цаг үед үнэ цэнэтэй байсан зүйл өнөө цагт үнэ цэнээ алдах тохиолдол зөндөө байна. Тиймээс тэр үеийн багш нарыг өнөөгийн багш нартай харьцуулбал огт өөр үнэлэмж гарна. Учир нь социализмын үеийн багш нар тухайн цагтаа, тухайн нийгэмдээ өндөр үнэлэмжтэй, чадвартай байсан нь үнэн. Ялангуяа 1950-1970-аад оны дунд сургуулийн багш нар бол нийгэмд түүчээлэх үүргийг гүйцэтгэж байсан юм. Багш гэж хэн байсан тухайд Ш.Сүрэнжав гуайн найраглалд дурайтал өгүүлсэн байдаг шүү дээ. Надад өөр мэргэжлээр сурах сонголт байсан ч гэсэн би багш шигээ хүн болох хүсэл, тэдний нөлөөгөөр Багшийн дээд сургуульд элсэж байлаа. Тиймээс энэ нэр хүндтэй, өндөр үнэлэмжтэй мэргэжлийг хэн сайн сурсан нь өрсөлдөж, бүр дурлаж сонгодог байсан. Тэр цаг үеийн ачаар өнөөгийн монголчууд олон салбарт, олон мэргэжлээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой болсон байна л даа. Тэгэхээр одоо бол багшийн чадвар, чанар чансаа өөр болсонд тэгтлээ эмзэглэх нь өрөөсгөл хэрэг гэж би үздэг. Багш нарыг шүүмжлэх ч дургүй. Багш бэлтгэн гаргахыг амарханд тооцож, хувийн сургууль бүхэн багшийн мэргэжлээр диплом олгож байгаа явдал тийм ч оновчтой зүйл биш ээ. Харин нэг ангид 50 хүүхэд суулгачхаад багш, сурагчаас бүтээлч үйл шаардаж болохгүй шүү дээ. Багшид хамгийн бага цалин өгчихөөр чинь аль сайн нь өндөр цалин өгдөг хувийн сургуулиуд руу явах нь аргагүй. Боловсролын материаллаг орчин, багш нарын цалин хангамжийг сайжруулахгүйгээр боловсролын чанар, үр өгөөж сайжрах боломжгүй. Түүнчлэн боловсролын салбарт ажиллаж буй багш нарын хүйсийн тэнцвэр алдагдсан нь бас нэг сөрөг нөлөө юм шүү. Алив салбар эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа тэгш бүрдэж байж байгууллага, хамт олны сэтгэлзүйн байдал, уур амьсгал зөв байдаг, амжилт бүтээл арвин болдог. Гэтэл одоо сургуулиудад эмэгтэй багш нар дагнан ажиллаж, сурагчид ихэвчлэн эмэгтэй багшаар л хичээл заалгадаг уламжлалт дүр зурагт дадсан нь манай боловсролын салбар дахь анхаарч үзэх зүйл юм. Энэ дашрамд санаанд орж байгаа нэг жишээг ярьчихъя. Сингапурын боловсрол өнөөдөр хамгийн шилдэгт тооцогдож байна шүү дээ. Би хэдэн сингапур оюутанд монгол хэл заасан юм. Тэгтэл тэд надаас нэг сонин зүйл асуусан. “Багш аа, танай Монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр багшийг сөргөөр хэлэх тохиолдол нэлээд байх юм. Багшийг шүүмжлээд байхаар хүүхдүүд багшаа хүндэлнэ гэж үү? Сингапурт хоёр мэргэжлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэх, буруутгасан агуулгатай мэдээлэл цацахыг хориглосон байдаг. Нэг нь цагдаа, нөгөө нь багш. Энэ хоёр мэргэжлийг харлуулах аливаа мэдээлэл нийгэмд сөрөг үр дагавар авчирдаг гэж үздэг. Багш хүн алдаа гаргавал түүнийг буруутгах, шүүх ажиллагааг сурагч, эцэг эхчүүдээс нууцаар хаалттай хийдэг” гэж. Энэ нь бүх нийтийн өмнө багш хүний нэр төрийг сэвгүй ариун байлгадаг, түүгээрээ дамжуулан Сингапур улс боловсролоо шилдэг болгосон том ухаан юм даа.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ багшаас мэдлэг боловсролоос гадна шударга ёс, сайхан сэтгэл гэхчлэн тэр бүр их, дээд сургуульд сурах боломжгүй хүн чанарыг бас хүсдэг. Гэтэл жишээ нь, танай сургууль ирээдүйд багш болох элсэн орогчдынхоо хүмүүжил, ёс суртахууны шалгуурыг хэрхэн харгалздаг вэ?

-Орчин цагт хүүхдийн өмнө хүлээх эцэг эхийн хариуцлага, үлгэр дуурайл илүү өндөр тавигдаж байна. Энэ нь ч зөв. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуун ямар байхыг дан ганц сургууль, багшид найдах нь оновчтой шийдэл биш. Хүүхдийн хүмүүжлийн амин сүнс нь гэр бүл, эцэг эх, тэгээд дараа нь багш, сургууль гэж яригдана шүү. Социализмын үед бол багш, сургуулийн орчин, түүний дараа гэр бүлд чиглэдэг байсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн орчноос хүүхдийн хүмүүжлийг холдуулсан. 

-Сайн  багш гэж хэн бэ?

-Багш хүн нэгдүгээрт, цаг ямагт мэдлэгээ, мэргэжлээ дээшлүүлж, тасралтгүй хөгжиж байх ёстой. Заах гэж байгаа сэдвээ өргөн хүрээнд, гүнзгий судлаагүй, дутуу мэдлэгтэй багш бол өөртөө ч, өрөөлд ч зовлон. Хоёрдугаарт, өөрийн гэсэн заах аргатай байх хэрэгтэй. Бусдын туршлагыг хуулбарлан хэрэглэх нь сургалтын чанарт үр нөлөөтэй байж чаддаггүй. Гуравдугаарт, шавь нартаа үнэн сэтгэлээр ханддаг, хайрладаг байх. Сайн багш шавийнхаа алдаа дутагдлыг олны дунд хэлдэггүй, ганцаарчлан уулзаж, зөвлөдөг. Сайн багшийг цөөн үгээр тодорхойлох боломжгүй. Гэвч “Шавьдаа хурдан гүйцэгддэг хүнийг сайн багш гэнэ ээ” гэсэн онч үгийг би оновчтой үг гэж боддог бий. Тиймээс шавь нар маань надаас илүү амжилт бүтээл гаргаж байвал баярладаг. Бүтээлчээр маргаж мэтгэлцдэг, асуудлыг олон талаас нь хардаг, өвөрмөц сэтгэлгээтэй шавь багшийг хөгжүүлдэг нэг хүчин зүйл мөн гэж үздэг. Тиймээс асуулт тавьж, мэтгэлцдэг суралцагч бол багш хүний олз.  

-Та тийм шавь нараасаа нэрлэхгүй юү?

-50 жилийн хугацаанд багшлахдаа хичээл заасан бүх шавьдаа хайртай. Миний шавь нараас ардын болон гавьяат цолтон, шинжлэх ухааны болон боловсролын доктор олон төржээ. Тэр бүхнийг онцлон нэрлээд  байх түвэгтэй байдаг юм. Ер нь шавь нар бол нэг багшийн бүтээл биш шүү дээ. Багш нарын хамтын бүтээл байдаг. 

-Тэгвэл харилцахад сонирхолтой оюутнууд хэдий үед хамаарах вэ?   

-Цаг үеийн өөрчлөлт эхэлж байсан болоод ч тэр үү, 1990-ээд оноос хойшхи үеийн оюутнуудын сэтгэлгээ, аливаа зүйлд хандах хандлага, харилцааны соёл их өөр өвөрмөц байсан. Хамгийн гол нь үе үеийн оюутнуудыг үнэлэх үнэлэмж, шалгуураа өөрчлөх шаардлага багш хүнд олонтоо тохиолддог. Энэ бол нийгмийн хөгжлийн онцлогтой шууд холбоотой зүйл. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
22 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
4
0
2
0
2
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Н.Чулуунбаатар 2020.12.28 172.69.252.133

Үе үеийн олон олон шавь нарыг төрүүлсэн гавьяатай хүн дээ. Бид бүхний багш. Зөвхөн Монгол хүний хувьд бүхэл бүтэн нэгэн жарныг өөрийн мэргэжилдээ зориулна гэдэг бол угаасаа аугаа үйл юм шүү. Багшдаа эрүүл энх,аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

0 Хариулах


Зочин 2020.09.27 172.68.146.89

Монгол хэлний сургалтыг уруудалсан хүний нэг дээ

3 Хариулах


Баярлалаа 2020.09.25 172.69.252.139

Багшдаа баярлалаа. Үнэхээр тулгамдаж буй асуудлыг оновчтой тайлбарлажээ.

0 Хариулах