UBLife Logo
Авторын булан

Анна Каренина. Аах!,...оох!

Анна Каренина. Аах!,...оох!

Анх “Анна Каренина” жүжгийг тавина гэсэн зар нь л урлаг соёлын амьдралд хангалттай дуулиан үүсгээд байлаа. Гэтэл залгуулаад хагас жил гаруй хөл хорьчихсон. Найруулагч гол дүрийн жүжигчдээ олон нийтэд зарлачихаад байдаг. Анна, Вронский хоёрын гутлыг өмсөж, өмнөөс нь дурлаж, дүүлж, шатаж, шархлах догдлолоор ганцхан үдэш алхчихаад л харих гэсэн үзэгчдийн тэсгэл алдардгийн даваан дээр... Жүжиг эхлэхийг дохиолон хонх хүнгэнэх, хүнд хамбан хөшиг сэвхийн ярагдах нь ийм яруу байдаг билүү! УДЭТ-ын шинэ улирлыг “Анна Каренина” нээлээ.

Таныг зүгээр ч нэг хүлээгээгүй гэдгийг энэ жүжгийг бүтээхэд зарцуулсан 300 шахам сая төгрөг мөн нотлох буй за. Язгууртны амьдралыг илтгэх эд өлөг, хувцас хэрэглэл, дээдсийн хүрээллийн аахилан уухилах олныг цуглуулахад энэ хэрийг хэрэглэжээ гэсэн үг. Өнөөдрийг хүртэл ийм өндөр өртгөөр бүтсэн драмын жүжиг үгүй тул хөрөнгө оруулсан хэмжээгээрээ Монгол Улсын түүхэнд үлдэх жүжиг юм.    

Лев Николаевич Толстой романаа биччихээд “Уншаад өөрсдийнхөө “Анна Каренина”-г нээсүгэй” хэмээснийг 150 жилийн дараа найруулагч Н.Наранбаатар овжин ашиглажээ. Тайзнаа монгол “Анна Каренина” дэглэгдэх хүртэл хүний хэдэн үе барьж авсан, эргүүлж тойруулсан, эрэгцүүлэн бодож элээсэн 800 хуудас номыг Н.Наранбаатар өөрийнхөө харсан өнцөг, найруулагчийн уран сэтгэмжээр одоо цагийнхны өмнө баяжуулан тавихаар шүүрсэн зоригоо хэрхэн гүйцээснийг өнөөдөр улаанбаатарчууд долоо дахь үдшээ сонирхож авай. Сэдэв нь мөнхийн юм, хайр, гэр бүл юм. Эх зохиолын харилцан яриа, үйл явдлыг ихэд хураангуйлсан, чингэхдээ сонгодог зохиолд дүрслэн өгүүлдэг уран тансагаас биш, 1967 онд Зөвлөлтөд бүтээгдсэн дэлгэцийн уран сайхны “Анна Каренина” киноноос шугамаа авчээ гэмээр жүжиг болжээ. 

Сурвалжит язгуур, нэр төрийг эрхэмлэгч хүмүүсийн үнэ цэнийг илтгэдэг Петербургийн өө сэвгүй дээдсийн хүрээллийнхний нүднээс далдуурх амьдралыг Н.Наранбаатар тайз дүүргэн тээртэйеэ дэлгэв. Аахилж, уухилсан эр, эм хүмүүс эрээ цээргүй шалиглах атлаа хайр сэтгэлдээ дийлдэн хууль бус гэр бүлийг сохроор цогцлоосон Анна, Вронский хоёрын үйлдлийг “бузар булай” хэмээн нулималдана. Бурхан аятай нүглийг цээрлүүлэн гэгээрэхийн тэр их түүс аймаар шаагилдааныг үүсгэнэ. Найруулагч нийгмийн сүлжээнд холбогдсон бидний дундах хайр найргүй хов жив, ёс суртахууны энгийн шүүлтүүрийг таягдсан  шүүмжлэлүүдийн ард тийм л саарал заримдагууд нэлэнхүй байдгийг ёгтлох гэв үү. Аах, оох... тайзнаа чих өвдтөл гийналдах, бэлхүүс, хасаа чилтэл хавиралдахыг харахад уур бухимдал, атаа хорслоо тайлах гэж долоовроо цуцаан дэлгэцээ товших зовлонт амьдралын уйг санагдуулах аж.      

“Аннад тоглосон Н.Баярмаа хэр жүжиглэсэн, Т.Сэргэлэн сэтгэл татам Вронскийг бүтээж чадсан, эсэх тухай яриа хөөрөө одоо ид өрнөж байна. Энэ бол үзэгчдийн араншин. Хов жив, уур бухимдал, атаа хорслоос ангид ийм сониучирхалыг шүүмжлэлт талбарт цацахгүйгээр театр гэж байгаад ч яалаа. Энэ бол дээр өгүүлсэн нийгмийн сүлжээн дэх аах, оохоос анги зүйл билээ. 

Анна... Хүүхэн бүрийн дотор энэ хүүхэн бий. Хэрвээ би Аннагийн оронд байсан бол яах байсан бэ гэх бодолд гашилж суух нь амттай ч юм. Түүнээс арай бага эрсдэх арга хайсны эцэст Анна шиг урвах, одох, тэгээд туйлдахаас өөр гарц олдоогүй. Хоёр Алексейн хоёр дахид нь дурлахгүй өнгөрөх ямар ч нөхцөлгүйгээр хувь тавилан зурагдчихсан хойно. Н.Баярмаа охиноо дөнгөж төрүүлчихээд байх үеийн зовлонт Аннаг, Вронскийг хармаар байгаа мөртлөө хармааргүй байна гэж нөхөртөө худал өччихөөд тэр даруй ийм худлаа байгаа өөрийгөө үзэн ядаж байх үеийн Аннаг жүжгээс хойш хэдэн өдөр халууртал зурлаа. Сэтгэлзүйн зөрчилдөө идэгдэн тэнцвэр алдсан Аннаг Н.Баярмаа галзуу гаргасан. Харин эмэгтэй хүнийхээ хувьд боловсорсон ялдмын тунг ялимгүй жаахан дутаав. 

Н.Баярмаа Н.Наранбаатарын Аннад бүрэн хувирч чадсан. Тэр тайзан дээр хяналтаа алдаж, цөхрөл гутралаасаа болж жинхэнээсээ өвдөж, байдгаараа чичирч байв. Н.Баярмаа энэ өдрүүдэд жүжиг тарж, гэртээ харьсан ч салж чадахааргүй тийм их шийтгэлтэй амьдарч яваа болов уу. Гэхдээ найруулагч, жүжигчин хоёр амьдрал үзсэн өвгөн Толстойн классик Аннагаас нийгмийн өөр давхаргын араншин ханхлуулсан, юм л бол нүүр, толгойдоо гараа хүргэн бархирах балчир Аннаг бүтээжээ. Тэр бол дээдсийн эмэгтэйчүүд дотроос эрхэмсэг байдлаараа гойд ялгарагч хатагтай. Н.Баярмаад өмсгөсөн төсөрхөн хувцас түүний донжийг илэрхийлж чадсангүй ээ. Зүгээр л сүйтгэж орхисон даашинзууд. Харах бүрт монгол Аннагийн гоо үзэсгэлэн сэтгэл соронздон бишрүүлэх боловч түүний гоёл доогтой түлхэнэ. Алексей Вронскийтай амрагийн учрал тохиох нандин эмзэг мөчийн Анна кабаре маягийн даашинзтай, сэгсгэр хиймэл үстэй, бүр улбар өнгөтэй гээч, бас болоогүй түүнд нь олон өнгөт бөмбөлгүүд хатгаатай байлаа. Тэр яг л нийтийн байшингийн зугаацуулагч шиг харагдсан учраас нүцгэлсний дараах гоо түүнтэй хамт тэрхүү нандин эмзэг зүйлд эзэмдүүлэх мөчийн жаргалыг мэдрэх гэхээсээ тайлж шидсэн арзгар хувцасных нь ичгүүрт янзаас зугтам байв. Харин бие давхар болсноо эхлээд дурлалт залуудаа, дараа нь авааль нөхөртөө дуулгахад хүрдэг, Вронский морин уралдаанд золгүйтдэг тэр харгис өдрийн Аннагийн малгай, хүрэм энгийн атлаа янз донжоороо сонгодог дүрдээ хамгийн их дөхөж очсон юм. Костюм, үс, малгай жүжигчнээ дэмжихүйц ойр бүтээгдсэн байлаа.        

Омголон, эрс шулуухан Алексей Вронскийн монгол хувилбарыг бүсгүйчүүд илүүтэй хүлээсэн нь нууц биш. Түүний дүрийг бүтээсэн Т.Сэргэлэнг найруулагч Н.Наранбаатар анх төсөөлөө ч үгүйг ойлгож байна. Ов мэхгүй байгаа байдлаараа харизмтай, байгалиас заяасан халуухан төрхтэй Вронскийг цоо шинэ хүнд даатгасан нь Т.Сэргэлэнгийн буруу биш. Залуу жүжигчин тайзыг эзэгнэх яагаа ч үгүй байх цаг үед найруулагч түүнд том дүр оноосон нь карьер огцом эргэх сайхан завшаан мөн юм. Сонгодог Вронскийг дэлхий даяараа сахалтайгаар харж ирсэн ч Т.Сэргэлэнгийн царайны хувьд сахалгүй бол Вронскийд илүү дөхөх, эрэмгий, эрх дураараа төрхийг нь илтгэж болох байв. Вронский байдаг л нэг шалиг эр биш байтал найруулагч түүний энэ талыг илчилсэнгүй. Түүний нүдний харц бол хүмүүсийг үргэлж ялж ирсэн чимээгүй атлаа дээрэнгүй шалтгаан юм. Тэр огт харагдсангүй. Дуу хоолой, ярианы өнгийг нь илүү тод мэдрэх хүсэл үзэгчдэд ямар их төрөв. Жүжигчин хүний хоолойн өнгө сул бол хичээнгүйлэн хэлж байгаа үгсийнх нь эрчим хэрхэн алдагдаж болдгийг тайзан дээрх түүнийг л онцлон ширтсэн хүмүүс ойлгов. Вронский... Т.Сэргэлэн магадгүй таван жилийн дараа Анна яагаад түүний төлөө сохорсныг төгс илэрхийлж чадах байх.    

Н.Баярмаа, Т.Сэргэлэн хоёрын хамтын амьдралын сцений жүжиглэлтийг магтах хэрэгтэй. Одоо л тэр хоёрын харилцан яриа, хайр дурлал, сэтгэлзүйн зөрчил тодрон гарлаа. Тэдэнд орчин цагийн арьсан хүрэм өмсгөсөн нь жижиг боловч гайхалтай шийдэл байв. 

Хайрын гурвалжингийн нэг Алексей Каренин хижээл насанд хүртлээ их олон юм үзсэн, давж туулсан хүчирхэг хүн хэдий ч зүрхний талбарт хөөрхийлөлтэй золгүй нэгэн. Каренин нөгөө хоёроос дутахааргүй шаналанд унасан ч өөрөөс нь урвасан эхнэрийнхээ өмнө эр нөхрийн сахьвал зохих бүх хариуцлагыг биелүүлж байлаа. Тэр гэрлэлтээсээ татгалзах шийдвэрт хүрч байх үедээ энэ яваа насандаа бусдаас огт амсаж үзээгүй нинжин, зөөлөн хайрын дээдийг өөрийнхөө зүгээс бусдад мэдрүүлэхэд бэлэн болсон байдаг хүчирхэг дүр юм. Тэр уучлах, буулт хийх тухай нэг бус бодож байлаа. Ийм өвөрмөц дүрд Б.Жаргалсайхан тоглов. Хасарын хаваар түмнээ алдаршсан түүнээс Каренины дөр нэг л харагдсангүй.

Хоёрдугаар зэргийн дүрүүдийг авсан П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, С.Болд-Эрдэнэ нар жижиг рольдоо том тоглохыг харах үгээр хэлшгүй бахдам байлаа. Тайзан дээрх Н.Сувдын эрчимт нөлөө хэвээр байгаад биширлээ. Тэр эгээ л дүүлж байх шиг санагдсан. Жүжигчин М.Тогтохжаргал шинээр өөрийгөө таниуллаа. Тэр Бэтсийн гоёмсог хийгээд хоёрдмол дүр төрхийг урлаж чадсан. Тэдэнд хүмүүс хэрхэн алга ташсаныг бүх хүн сонсдог ч болоосой.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
19
1
1
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

“Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” гэх ерөнхий нэртэй ч үр дүн нь Монголын хөгжлийн бодлогын эд эс, үүнд гар бие оролцох хүн нэг бүрт чухал хамаатай хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болж өнгөрлөө