Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Асашёорюү Дагвадорж Карабас Барабас болж хувирсан нь

Буратино яалаа?


Манай ард түмний монгол хүн болж төрсөндөө омогшин бардамнах шалтгаан нь болж, өмнөөс нь баярлаж бахдах амжилт гаргасан баатрууд үеийн үед амьдарч, алдар суугаа цогцлоон туурвиж ирсэн билээ. Хөөрхий ядуу буурай эх орныхоо нэрийг дэлхийд гаргасных нь төлөө бид юу л байгаа түүгээрээ бэлэг барих сэтгэлийн их өр шир үүсгэдэг. Юу ч хүссэн өгөхөд бэлэн болох тийм их сэтгэл хөдлөлд автдаг. Олимпоос медаль зүүгээд ирсэн тамирчдадаа орон сууц, машин бэлэглэж угтсан томоохон компаниудад улсаараа, бултаараа талархсан. “Муусайн” баян япончуудыг өмнөө сөхрүүлж байгаагийнх нь төлөө сүмогийн ёкозуна нараа цаанаа л нэг хоржоонт бахтайгаар, хөхиүнээр хайрлан хүндэтгэнэ. Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн хүний амжиргаа ивээн тэтгэгчдийн бай шагналаар баталгаатай болдогт нутгийнхан нь өег цатгалан явдаг шиг баатрууддаа ямар нэг юм өгөх, баярхах их хүсэл бий. Энэ ч ядуу улсын иргэдийн зан юм болов уу даа.

Асашёорюү Д.Дагвадоржийн ид хав, аа омог Японы сүмо сонирхогчдыг дэлхий даяар сэргээх хэмжээний гайхамшигтай байсан 2007 онд Монголын үндэсний циркийг түүний төлөөний компани менежментийн хувьчлалаар авснаас хойш 13 жил өнгөрч байна. Тэр үед төрийг төлөөлөн Асашёорюү Дагвадоржийн “Аса консалтинг” компанитай гэрээ байгуулсан Төрийн өмчийн хороонд олон нийтийн зүгээс одоогийнх шиг ийм их дургүйцэл илэрхийлж байгаагүй. Дэлхийд алдартай Дагваадаа Монголын циркийг мандуулна хэмээн итгэхийг хүссэндээ л циркийн алтан түлхүүрийг өгсөн нь тэр. Харин өдөр тутмын “Өнөөдөр” сонины сэтгүүлч түүнийг циркийн урлагийг ойлгохгүй, үйл ажиллагааг нь сайжруулах хэмжээний ажил хийж чадахгүй хэмээн бичиж, циркэд биш эзэмшил газарт нь шунаж байх вий гэж хардсаныхаа төлөө утсаар дарамтлуулж байв. Одоо л түүнийг толгойтой бүхэн циркийн урлаг дахь шунаг харгис Карабас Барабас болсныг гайхан шогшрох болж. 

Монгол Улсад орчин цагийн циркийн сургууль үүсэж байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд Д.Дагвадоржийн мэдэлд очсон цирк цирк биш болсныг дахин илчиллээ. Үүний өмнө 2014 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа О.Магнай энэ тухай албан ёсоор олон нийтэд зарлаж, менежментийн хувьчлалаар хүлээсэн үүргийн дагуу циркийн хэвийн үйл ажиллагааг сэргээхийг шаардсан биш хүч тэнхээтэй аваргын хөмхий зуусан шазууртай тулгаран хулчийснаас төрийн энэ зарга намжсан. Тэгэхэд Д.Дагвадорж “Менежментийн гэрээ хуульд заасан хоёр жилийн хугацааны дараа дуусгавар болж, би худалдаж авсан. Цирк циркээрээ байгаа” гэж байв.

Циркийн байрыг шуналын тулам Д.Дагвадоржоос буцаан авъя гэх уухай ард түмний дунд цахимаар эрчээ авч байна. Энэ онд Соёлын яам байгуулагдсан, циркчид 80 жилийнхээ ойн хүндэтгэлийн тоглолтыг майханд хийхэд хүрсэн зэрэг шалтгаан ээлжит хэл амны гол хүчин зүйл юм. Тэгвэл Асашёорюү өнөө хэр сүмод даналзаж явсан бол хүмүүсийн юугаа ч бэлэг болгон барихад бэлэн байсан тэр их хайр хэвээр, циркчдийн гомдлыг хуваалцан түрэх олонгүй л байхсан болов уу. Энэ бол Монголд шударга ёс, хуулийг ойлгодог, тайлбарладаг, хэрэглэдэг араншин юм. Гэмтэн нь хэн байхаас хамааралтай, нөхцөл байдлын аяыг харж үйлчилдгийн л жишээ. Энэ мэтчилэн төрийн өмчид ямар нэгэн улс төрийн дүйвээн, хүмүүсийн сэтгэл хөөрлийг далимдуудан эзэн суучихаад зах зээлийн эдийн засгийн өөрөө ч ойлгохгүй дүрэм журмаар түрээ барин өөртөө огт хир халдаадаггүй, төр нь ч, иргэд нь ч менежментийн хувьчлалын зориулалт, үр дүнг шаардаж зүрхэлдэггүй шинэ хөрөнгөтнүүд олон байна. Алдаа дутагдлыг арилгах, засаж залруулах цаг хугацаа ч хангалттай байв. Нэг талд ард түмний хайр итгэл хөсөрдөж, эсрэгт нь түмний хөрөнгийг бэлгэнд шахам авчихсан гавьяатууд даналзаж байдаг.    

Асашёорюү Д.Дагвадорж өмнө нь менежментийн гэрээний гүйцэтгэл, циркийг төрд буцаах шаардлага тавигдах бүрт дав даруй уурлан загнах, уйлан донгодох хослуулан хариу мэдэгдэл хийдэг байсан. Энэ удаа цирк зайдалсан Карабас Барабас ард түмний санаа бодол, Засгийн газар, Соёлын яамны байр суурь зэргийг ажиглаж байгаад жинтэй хариу өгөхөөр хүлээзнэж байх шиг. Гэвч бодит байдал түүний өмнөөс хачиргүй тайлбаруудыг бодитоор өгүүлж байна. Циркийн урлагийнхны гэр орон болох учиртай газар бараан зах, өөр бусад үйлчилгээний газар болсныг гэрчлэх үй түмэн баримт хүн бүрийн нүдэн дээр байхад яаж ч айлгаж сүрдүүлээд нэмэр бий гэж үү. 

Монгол орон одоо циркээр яадаг юм, угаасаа гудамжны урлаг биз дээ гэх хүмүүс бас бий байх. Цирк гэж юу байдгийг үзээгүй хүнд нэг их үгүйлэгдэхгүй байж магадгүй. Үндэсний язгуур урлаг талаасаа уран нугаралт, нүүдэлчин ахуй байдлаас урган гарсан морьтны үзүүлбэрүүд зэрэг нь цирк манай уламжлалт соёлоос улбаатай онцгой төрөл зүйл мөн гэдгийг гэрчилж чадна. Түүхийн сүүлийн 80 жилийн эхний 50 жилд одоогийнх шиг циркгүй Улаанбаатарыг, баяр ёслол, ерөөс эгэл өдрүүдийг төсөөлөхөд бэрх, тийм түгээмэл урлаг бол цирк байсан юм. 70-80-ад оны хүүхдүүд гэр бүлээрээ, ангиараа, бүр сургуулиараа догдлон хүрдэг цэв цэнхэр асар цирк байлаа. Тэр дотор юу болдог байсныг бүгд эргэн санахад өнөө ч нүдэнд нь оч гэрэлтдэг юм. Монгол хүүхдүүд циркэд илбийн ертөнцөөр аялж, сургуультай амьтад юу хийж чаддагийг харж, уран нугаралт, акробат, газрын ба агаарын гимнастикт нүдээ өгч, зөвхөн циркээс мэдэрч болох гоо сайхантай ойр өсдөг байв. Тиймээс циркээ зориулалтаар нь ашиглах гээд байгаа юм. Өнөөдөр хүүхэд зугаацах, хөгжилдөх, гэр бүлээрээ үзэж харах сайхан зүйл ховор байгаа энэ орон зайд цирк л үгүйлэгдэж байна. Ютүүбээс циркийн үзүүлбэр үзэхээс өөрсдийнхөө циркэд өөрсдийнхөө нүдээр харахын таашаал, ач холбогдол газар, тэнгэр шиг ялгаатайг цирк үзсэн хүмүүс мэднэ. 

Асашёорюү Д.Дагвадорж ийнхүү циркийн урлаг хөгжих, олны хүртээл болохын эсрэг Карабас Барабас болж хувирсанд монголчууд хайртай хүүдээ юу байгаа ганцаа хуультай, хуульгүй өгч санаа амардаг зан ч буруутай. Гагцхүү энэ хувьчлалын түүх хааш эргэхээс циркийн ирээдүй шалтгаалах тул бэлэг сэлтээ буцаах нөхцөлийг хууль журмын дагуу шударга шийдэх ёстой. Буратино яалаа? Карабас Барабасаас айлгүй хүүхэлдэйн театрыг ард түмэнд нээж өгөө биз дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.14 172.69.252.149

2008 Онд хувьчилсан даа ССАЖЯ чинь 2012 онд байгуулагдсан яам шүү дээ

0 Хариулах


Зочин 2020.10.14 162.158.165.245

Сугар гэж муруй амалсан шуналын тулам Дагваад өгсөн.хахуульд авсан Японд Чэжүд байгаа байраа аваад ертөнцөөс зайлаарөй

0 Хариулах


Tse 2020.10.13 172.69.252.139

Estoi unen, jinhene carabas barabas

0 Хариулах


Culoldoh 2020.10.13 162.158.119.205

Санал нэг

0 Хариулах


Далай 2020.10.13 172.69.252.149

Долгорсүрэн зааны хөвгүүд удмаа дагасан хүчтэй. Бид мэднэ. Харин ухамсар, мэдлэг боловсролыг нь мэдэхгүй юм. Сумочинд хүнд циркийн менежмент хурцдана. Ах Сумъяабазарт нь сайд, хууль тогтоогчийн ажил хурцдана.

0 Хариулах


Zoloo 2020.10.12 188.114.102.49

Yu unen ene uneen. Gadaadad amidardag ail l daa, 5 nastai huu maani Tsirk uzeed id shidiin orond ochchihson yum shig l dogdolj hoorch, heden odor yarisan. Bid ch ooroo neg ih ondor setgegdeltei harisan. Yun hoshin shog. Tsirk bol uls orond zaawal baih yostoi gazar yumbnlee.

0 Хариулах