Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сонгинохайрханы “мафи” Улаанбаатарыг атгав


Нийслэлийн амьдралд нэгэн шинэ цикл эхэлж, иргэд шинэ Мээр Д.Сумъяабазартай хамт хотыг удирдах багтай танилцаж байна. Мөн нийслэлийн төрсөн өдөр тохиож ахуйд шинэ нэрс хуучин болохыг мэдэв. Тэд огтхон ч сюрприз барьж чадсангүй. Д.Сумъяабазар хоёр орлогч, төслийн дөрвөн удирдагчтай ажиллана. З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарын зургаан хүн бүгд Нийслэлийн Засаг даргын орлогч гэсэн үг. 

Улаанбаатар хотын статус Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа өөрөө бодлого боловсруулах, төсвөө захирах, бие даан хөгжих хуультай болохоор дуншиж буй. Тиймээс Улаанбаатарыг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн төсөв 2021 оноос эхлэн өмнөх дөрвөн жилүүдээс том тоотой, данагар байх магадлалтай болсон. Ийм цаг үед Д.Сумъяабазар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс горилж байсан сайдын суудлаа авч чадаагүй учраас “Би хотын дарга болохгүй” гэж ганцхан сарын өмнө хэлсэн үгээсээ буцан байж ажил, мөнгө давалгаалсан нийслэлд багтайгаа ирэхээр зүтгэсэн нь одоо хэнд ч нууц биш болсон нүүдэл. Нийслэл мөнгөнд умбах алсын хараагүй байсан бол, Д.Сумъяабазар сайдын албан тушаалд томилогдсон бол УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзан байж энд ирэхгүй байсан. 

Хотын даргын орлогчдын дундаж нас 40 шүргэж, боловсролын зэрэг магистр байгаа нь анкетаас дажгүй харагдана. Залуухан, бас боловсролтой, ажлын туршлага хуримтлуулсан хүмүүс мэт. Харин тэдний дөрөв нь, Мээртэйгээ нийлээд тав нь буюу Улаанбаатарын удирдлагын багийн 70 гаруй хувь Сонгинохайрхан дүүрэгт удирдах албан тушаал хашиж байсан нь сонирхолтой давхцал. Улс төрд тохиолдлын зүйл гэж байдаггүй тул тэд МАН-ын Сонгинохайрхан дүүргийн даргаас нийслэлийн хорооны дарга болж өссөн Д.Сумъяабазарын дэмжлэгийг хүлээж улс төрд шат ахиж яваа залуус юм. Нам дагаж өндийсөн залуусыг “цүнх баригч”, “суганы үс” гэхчлэн муугаар хэлэх нь бий. Зарим тохиолдолд тэднийг хамтран төрөөс мөнгө цохьдог гэмт хэргийн шинжтэй ойлгох нь ч бий. Тийнхүү хардаж сэрдэх нүдээр бол тэд яах аргагүй “мафи”. 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн 42 настай, эдийн засагч мэргэжилтэй. 2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга, 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг 40 настай, эрхзүйч. 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д (Д.Сумъяабазарын дүү Д.Дагвадоржийн өмч) хуульч, ахлах хуульч, хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2017 онд Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдоход тус яаманд мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, 2018-2019 онд Д.Сумъяабазарын томилгоогоор “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал, 2019-2020 онд “Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д дэд захирал, 2020 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогчоор хоёрхон сар ажиллаад одоогийн албан тушаалд ирсэн. Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр 34 настай, япон хэл орон судлаач, эрхзүйч. 2016-2018 онд Сонгинохайран дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга байсан. Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 32 настай, соёл урлагийн менежер хүн. 

Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт “ураг төрөл” болгон ижилсүүлсэн энэ сүлжээгээ нийслэл рүү чирч авчирсан нь гар дор нь байж гэмээнэ таарч тохирохыг таньсан, янз бүрийн юм ярьж зөрж чирээд байхгүйн амрыг харсан “эзний” сонголт юм. Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн олон хүн амтай, амьдралын доогуур түвшний айл өрх давамгайлсан, хотын зах хязгаарыг тэлж оршдогийн хувьд орчны тохижилт, дэд бүтцийн хөгжил тааруугаараа хөгжил, шийдэл ихээхэн шаардагддаг дүүрэг юм. Гэвч яг энэ баг өмнөх дөрвөн жилд удирдаж ажилласан дүүргийнхээ хөгжилд мэдэгдэхүйц бодитой үр дүн гаргаагүй тэр л бүтцээрээ их хотын удирдлагыг МАН-ын ялалтаар дулдуйдан авав.

Баг, хамт олон, ялангуяа нийслэл хэмээх их айлыг удирдах бүрэлдэхүүн гэдэг тухайн хариуцаж байгаа салбар, чиглэлдээ нарийн мэргэшсэн, тодорхой амжилт гаргаж түүгээрээ нэр хүндтэй байх ёстой. Гэтэл эзэндээ базагдсан, гар үг даах тамиртайгаараа бүлэглэл үүсгэж байгаа мэт ийн явцуу баг бүрдүүлжээ. Улаанбаатар бол алс хороодод тоглоомын талбай хийдэг шиг хялбар шийдэж болдог ажил биш. Тэр тусмаа бүлэглэлийн тоглоомын тойрог, тогооны нь тос биш юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.