Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Г.Ням-Очир: Ойрын үед “гал тогоо” маш халуун болсныг ухамсарлаж байна


Төвд судлаач, Монголын Үндэсний номын сангийн ажилтан Г.Ням-Очиртой ярилцлаа. 

-Хөл хорионд ямар ном уншиж байгаагаас тань ярилцлагаа эхэлье?

-Жуле Новойтник гэж хүний ”Герман хэлт утгазохиол дахь Чингис хаан” номыг энэ өдрүүдэд уншлаа. Суурь судалгааны зохиол байгаа юм. Маш сонин аргазүйтэй. Бид ч бас ийм судалгаа хийх хэрэгтэй. Энэ талаас нь ер судлаагүй юм билээ. 

-Герман хэл хэзээ сурчихав аа? 

-2001 онд “Монрайс” төвийн герман хэлний бэлтгэлд нэг жил герман хэл үзсэн. Уншиж ойлгох хэмжээнд өөрийгөө нэлээд дайчилж сурсан гадаад хэл минь шүү дээ. Бабелсбергийн кино урлагийн сургуульд кино найруулагчаар сурах гэж л тэр. Тэнд Ариунсайхан ах киноны зургийн багшаар ажиллаж байсан. Одоо ч киноны зургийн мастер даа.

-Тэгээд яагаад Германд сурахаар яваагүй юм?

-Энэ тухайгаа Л.Хүрэлбаатар багшдаа хэлсэн. ”Халхын Их хүрээний номыг уншиж дуустлаа хаашаа ч явахгүй” гэж анх ном заалгахдаа ам өгсөн багш минь юм. Багш “Уншиж дууссан уу” л гэнэ. Халхын Их хүрээний номыг нэгэн биеэрээ нэг насандаа ч яаж уншиж хүчрэх билээ дээ. Угаасаа ч төвд судлал маш их золиос шаарддаг мэргэжил юм даа. Тэнэг дуртай хүний л хийх ажил. Багшдаа шавь орохдоо гурван зүйл амласан юм. Нэгдүгээрт, 30 нас хүртлээ гэрлэхгүй, 40 нас хүртлээ юу ч бичихгүй. Зөвхөн хальж асгартлаа л уншина. Хоёрдугаарт, төвд судлаач хүн болж, авсан амтай, тавьсан тангарагтай, даасан ламтай, тахисан бурхантай байна. Гуравдугаарт, Халхын Их хүрээний номыг уншталаа хаашаа ч явахгүй ээ гэж. Эхлээд заавал Монголдоо хэвлэ. Дараа нь гадаадад хэвлэх. Тангараг өгч байж, заалгадаг ном юм даа. 1993 онд ийм тангараг тавиад, багшийнхаа бурханд зул өргөөд, хөлд нь гурав мөргөөд шавь орсон доо. Багштайгаа 17 жил хамт байсан.

-Төвд судлаач, Монголын Үндэсний номын сангийн ажилтан Г.Ням-Очир гэхээр хэтэрхий албархуу, тиймээс бага зэрэг инээдтэй санагдсанаа нуух юун. Чи бидэн 13 дугаар сургуулийн орос хэлний ангийн хүүхдүүд. Дурламтгай хөвгүүн, дэврүүн шүлэгч явсныг чинь мэднэ ээ. Одоо эргээд бодоход чамайг ерөөсөө таньдаггүй, мэддэггүй юм байна?

-Жишээ нь би юугаараа тэгж танигдахаа байгаад байна? Бид бүгдээрээ даяаршлын үерт хөл алдчихаагүй байх аа. Халхын Их хүрээ гэх урлаг, утга зохиол, хоол унд гээд бүхэл бүтэн соёлын тогтолцоо үгүй болон устаж байна. Магадгүй шинэ маягаар агуулгаа өөрчилж байгаа ч байж мэднэ. Эсвэл агуулга нь хуучнаараа, хэлбэр нь өөрчлөгдөж байж ч болно. Монголын төвд судлал бол Төвдтэй холбоотой гэхээсээ илүүтэй Халхын Их хүрээ хэрхэн бүрэлдэн тогтсон бэ гэдэг тухайд судалдаг. Монголчууд соёлын хүрээний хувьд ч тэр Himalayan art гэж нэрлэдэг Энэтхэг, Непал, Төвдөөс дамжсан соёлтой улс юм. Соёл гэснээс хөгшин нь эхлээд утга зохиол, орчуулга судалдаг байснаа одоо уран зураг сонирхоод, урлаг судлал руу орчихоод байгаа шүү дээ. “Явсааараан” байгаад л энэ.

-Чингис хааны шүтээн хөрөг гээд юмаар “хагас галзуурчихсан” байна лээ. Зурагдсан пянз шиг түүнийгээ л ярьдаг гээд “араажаваар” чамайг ярьсан. Манай гэрт хүртэл тэр хөрөг ороод ирчихсэн хойморт өлгөөтэй байх болсон. Би хааяа чамайг онгод тэнгэр өвөө мөвөөтэй уулздаг, ярьдаг болчихсон юм биш биз гэж боддог?

-Ха ха ха. Энэ бол судалгааны ажил. Энэ жил үндсэндээ тайлангаа тавья гэж бодож байлаа. Академич Ц.Дамдинсүрэнгийн дэг сургууль, Л.Хүрэлбаатар багш ер нь боловсруулж өгсөн юм. Харанхуй дундад зуунд Чингис хааныг хэрхэн зурж, хэрхэн шүтэж тахьдаг байсныг утгазохиолын дурсгалуудаас судалж, тэндээс нь хэрхэн зурдаг байсныг нь л олж илрүүлэх ажил шүү дээ.

-Хүнд ойлгогдохоор ярина байгаа. Нямаа, чи арай “хөөсрөөгүй” биз. Үнэндээ заримдаа чамайг судалгаанууддаа хэт дурлаад хий боддог, төсөөлдөг, галзуурсан байх вий гэж болгоомжлох юм?

-Хамгийн товчоор хэлье гэвэл, ”Чингис хааныг дахин төрөөсэй” гэдэг тэр их хүслээс бий болсон шашин Монголд байсан юм аа гэдэг тухай би яриад байгаа юм. Христийг дахин ирнэ гэдэгт ч христийн шашинтнууд итгэдэг л биз дээ. Манайд Христийн шашин дэлгэрүүлэхээр ирсэн Ларсон гүн нэг сонин дүгнэлт хийсэн байдаг. ”Хар дом, тэнгэр шүтэх, буддизм гурав бол Монголын буддизм” гэж. Монголд бурханы шашин Чингис хааны тахилгаар дамжиж дэлгэрсэн. Бурханы шашны ном зохиолын зарим текстийг судлах юм бол Bon religion зэрэг эртний шашны урсгалуудын нөлөөгөөр бичигдсэн байдаг. Манайхан Бөө мөргөл гээд нэг хөрс суурьгүй юм хийгээд байна гэж хардаг. Барууны Төвдсудлал бол яг одоо л Bon religion-ыг маш идэвхтэй судалж байна. Гандхарын соёл. Хималайн өвөрт одоогийн Непалд үүссэн энэ шашин бүхий л зүйлийг тэнгэртэй холбож шүтдэг. Өрнө дорно нийлсэн маш сонирхолтой шашин. Овоо тахидаг. Хийморь хийсгэдэг. Сахиус онгод буулгадаг бүхий л эртний мөргөлийн элментүүд багтдаг. Чингис хааныг дахин төрүүлэх халуурал Буддын шашинд гүн гүнзгий мөрөө үлдээсний нэг хэлбэр ч тэр ”Хутагт хувилгаан” тодрох, тодруулах. Төр шашин хослон барих маш сонин тогтолцоо бий болгосон. Юан улсын үед боловсорсон энэ системийг Чин улс буюу манж нар тууштай хэрэгжүүлсэн. Яг одоо Тайваньд ”Хувилгаан” гэдэг үзэсгэлэн Тайванийн үндэсний түүхийн музейд гарч байгаа. Ёстой сонин.

-Чиний судалгаанд Чингисийг Монголын бурхан гэх үзэл нэвт шингэжээ. Гэтэл их хааныг хятадууд илүүтэй тахин шүтэж, бурханчлан мөнхжүүлэх эдийн засгийн бүхий л ажлыг өөрийн болгочихсон байгаа.

-Хойд Хятадад 10 жил яг энэ сэдвээр тасралтгүй явж судаллаа. Хятадууд Люфаньшан ууланд Чингисийн онгоныг хийж байгаа. Ирэх зун ашиглалтад орох юм билээ. Чинтунша буюу Хүрэл хавцалд нас барсан газар нь 108 суварга бүхий байгууламж байна. Ордосын Чингисийн онгон. За тэгээд 40 орчим музей, дурсгалын ордон, тахилгын сүм шинээр барьчихсан. Зөвхөн Чингисийн дурсгал шүү дээ. Маш том акц хийх гэж байна. Гэтэл энэ бүхний дараа бид, Чингисийн өлгий Монгол Улс мартагдсан хязгаар хэвээр үлдэнэ. Манж Чин улсын үед Далх, Говийн Лха, Гэсэр болгож Чингис хаанаа дам шүтдэг байсан шиг. Коммунизмын үед нууцаар шивнэж ярьдаг байсан шигээ үлдэнэ. Нэрийг нь хэлбэл шоронд явдаг байсан үе рүүгээ ч гулсан орж магадгүй. Ийм л байна. Гол нь БНХАУ-д монголчууд цөөхөн ч гэсэн амьдарч байна уу? Амьдарч байна. 

-Юу гэсэн үг вэ? Чиний ярьж байгаа үнэн бол хордлогонд ормоор болж байна шүү дээ, амьсгал бачуураад... Бид тэгээд зүгээр хараад гараа хумхиад л суугаад байх уу? Судалгаа хийдэг та нар тэгээд юу бодож, сэтгэж явдаг хэрэг вэ?

-Жижигхэн ашгаасаа илүүтэй том үнэт зүйлээ эхэнд нь эрэмбэлж сурах хэрэгтэй байна. Манай ”Хүрээ хөвгүүд” ”UB Bros” болж шинэчлэгдсэн. Кино зохиолоор дагнасан компани байгуулсан. Жишээ нь, бид удахгүй нэг гоё акц хийнэ. ”Чингис хааны сүүлчийн аялал” гэдэг нэг ч диалоггүй уран сайхны кино. 

-Би чамайг иймэрхүү юм яриад унахаар л “галзуурсан байх” гэж боддог. Кино, тэр дундаа түүх гэдэг чинь нэг ч диалоггүй, текстгүй яаж болох вэ дээ.

-За, чи аан гээд дуугүй сонс л доо. Нас барсан газраас нь Аварга тосон хүртэл 1800 км газар гурван өдөр, гурван шөнө морин цэргүүд nonstop өртөөчлөн авчирч байгаа тухай. Зохиол нь үндсэндээ бэлэн болсон. Энэ киног хийснээр Чингис хааны шарилыг Монголд авч ирсэн юм байна гэж дэлхий хүлээж авна.Энэ бол маш том түүх, монголчуудад зайлшгүй байх учиртай бодлого юм шүү. Ковидын дараах аялал жуулчлалаа сэргээхэд бас хөшүүрэг болно... ингэж л тооцоолж байна даа. Олон түүхэнд ялангуяа барууныхан ”Чингис хааныг нас барсны дараа авч явахдаа замдаа тааралдсан бүх хүнийг алсан” гэдэг домог байдаг. Монголчууд одоо болтол алс хол нас барсан хүнийг нутагт нь авчрахдаа нэрийг нь дууддаг. Зарим газарт дуудаж л байгаа. Сүнсийг нь төөрүүлэхгүйн тулд. Зургаан морин цэрэг, манай археологчдийн элбэг олдог бөмбөгөн авсанд хийгээд дундаа тэгнээд мориныхоо хар хурдаар өртөөчлөн давхина. Урд нь нэг цэрэг ”Тэмүүжэн ээ” гээд л хашгираад давхиад байна. Замд сонссон хятад, монгол лам харгүй л харваж ална. Гэхдээ одоо киног ярьчихаар сонирхолгүй болчих байх л даа. Этник маш олон үйл явдлуудтай. Ямар ч кино наадамд очсон орчуулах шаардлагагүй. Цэвэр морин цэргийн ур чадварыг л үзүүлнэ дээ. Нэг ч их өндөр зардал гарахгүй байх гэж бодож байна. 

-“Соёлын аюулгүй байдал” ч гэх юм уу, ерөөс соёлын бодлогын тухай яриа болж байна гэж ойлгож болох уу? Монгол Улс Соёлын яамтай боллоо. Угаасаа ийм яам байхгүй бол болохгүй гэдгийг салбарынхан нь ч нэлээд шаардаж хүлээгээд байсан. Ингээд хоёулаа Соёлын сайдын тухай яриа руу гулсаад орчихвол яах бол. Архивын баримтууд яасан юм бэ? Ням-Очир гуай Таны нэр “Түүхээ “худалдсан” түүхчид” нэвтрүүлэгт хавчуулагдаж байна лээ. Чамд одоо энэ тухайд эргэлзээ, асуулт үлдсэн бол тэр юу вэ?

-Дөрвөн жилийн өмнө энэ хэргийн тухай анх олон нийтэд хандаж шүгэл үлээсэн минь үнэн. Хүртэх ёстойгоо ч хүртсэн. Хэргийн учиг явсаар байгаад ”Монгол, Хятад ах дүү хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ”, ”Төрийн нууц” гэсэн төмөр хана мөргөөд л зогсдог. ”Өгсөн үү, өгсөн. Харин хариуд нь юу авсан бэ?”. Энэ асуултад л хэн ч хариулж чадахгүй байгаа юм. Архив бол ХЗДХЯ-ны сайдын мэдлийнх. Тэр үеийн сайд нь зөвшөөрсөн. Нэг зуучилсан түүхч байдаг. Сангийн түлхүүр атгаж байсны хувьд маш хариуцлагагүй ажлаа биелүүлсэн Архивын дарга. Тэгээд гарын үсэг зурсан түүхийн хүрээлэнгийн тэнэг захирал. Одоо Соёлын сайд хийж байна. Жишээ нь, түүхч Д.Өлзийбаатар гуай одоо их тайлбар хийж байна. Яг цаад хүлээж авсан улс нь хийсэн ажлынхаа тухай бол маш өндөр сэтгэгдэлтэй лекцүүд уншсан байгаа. Удахгүй бүгд ил болно байх. Засаг, заяа хоёр нь мэдэж дээ.

-Тэгэхээр бид яах ёстой вэ. Ганцхан кино хийгээд л болчих хэрэг биш байх. За Чингисийн музей байгууллаа гэхэд тавих юм байгаа юм уу, аль байхгүй юм уу? Шинээр хийх жагсаалт гаргасан байсан? 

-Уг нь сая, арваннэгдүгээр сарын 16-нд Монгол бахархлын өдрөөр Үндэсний номын санд ”Чингис хаан ба Монголын Бурханы шашны өв” нэртэй үзэсгэлэн дэлгэн үзүүлэх гэж байлаа. Гэвч тэр өдөр хөл хорионы улмаас олон хүн цунлах боломжгүй болж, өмнө нь урьдчилан дэглэж, хятад, англи, монгол видео трейлэр хийж байх үедээ авсан видеогоо л эвлүүлж гаргасан юм. Чингис хааны музей гэхээр яг Чингис хааны эдэлж хэрэглэж байсан зүйл гэхээсээ түүний залгамжлагчид алтан ургийнхны ”Чингисийг дахин төрүүлэхийн тулд” хийж байсан Бурханы шашинтай холбоотой ном, уран зураг, урлагийн бүтээлүүд талаасаа ийм юмнууд байгаа шүү гэдгийг л харуулсан нь энэ. Ихэнх өв нь хувь хүмүүс, цуглуулагчдын гар дээр бий. Улс нь ямар хэлбэрээр музейдээ тавих юм. Худалдаж авах юм уу, яах юм. Судлаач хүн судалгааны үр дүнгээ л танилцуулсан. Ийм чухал үед ТҮЦ ч хамаагүй байх ёстой. Үгүйдээ л Монголд урьд нь ирж байсан жуулчид, ”Хөөе цаана чинь монголчууд Чингис хааны музей гээд ТҮЦ босгочихож, ороод гаръя даа энэ чинь” гэмээр тийм л музей байх ёстой. 

-Соёлын бодлогогүй, Соёлын яамгүй явсан Монгол Улс одоо яамтай болсноор өөрчлөгдөж байгаа гэх өөдрөг зүйл ажиглагдах юм уу?

-Соёлын яам бий болсондоо ч биш, цаг үе өөрөө өөр байхгүй бол утгаа алдаж байгааг бидэнд харуулж байгаа шүү дээ. Миний ажиглаж, ухамсарлаж байгаагаар бол ойрын үед түүх соёлын ”гал тогоо” маш халуун байгаа. Цар тахлаас болоод монголчууд бүгд эх орондоо цуглаж эхэлсэн ч байна. Ер нь юу л бол юу хийж мэдэхээр оргилсон үе эхэлж байна гэж хараад байгаа. Ер нь одоо ялгарч байна. Монголд сэхээтнүүд үлдсэн үү? Үлдсэн бол тэд үнэт зүйлийнхээ төлөө юу хийж чадах вэ? Хэрхэн нэгдэж, нэг цул болох вэ? Сүүлийн үед уран бүтээлчид ялангуяа их зохион байгуулалтад орж, нэгдэх үйл явц маш их байна. 

-”Хүрээ хөвгүүд” гэснээс П.Батхуяг, Д.Энхболдбаатар, Д.Дашмөнх нарын хэдэн хөвгүүд байдагсан. Сая ”Алдуул модны эрэлд” баримтат киног найруулсан ”Хар шил шоу” Б.Бадрал бас байдаг. МУИС-ийн гудамжны л хөвгүүд байсан шүү дээ. Та хэд эргэн нэгдэж байгааг тэр оргилын нэг хэсэг гэж ойлгож болох уу?

-Б.Бадрал ер нь анх уруу татсан. ”Ном бичвэл 300 хүн уншина. Өдрийн сонин дээр бичвэл 20 000 хүн уншина. Радиогоор ярьвал 150 000 хүн сонсоно. Кино бол хязгааргүй. Сонголтоо хий” гэж бүр анх 1998 онд UBTV-ийн ерөнхий редактор байхдаа тэр хэлсэн. Тэгээд л Г.Батнасан бид хоёр шууд дагасан. Утга зохиол, урлаг, яруу найраг, дуу хөгжмөөр ижилсэж, бас нөхөрлөсөн, бие биенээ хурцалсан 20 жил өнгөрчээ. Яг баримтат киногоор дагнасан бидний нөхөрлөлийн хамгийн том бүтэц нь ”Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”. Хашир догь хуучин бууны хугархайнууд, дунд үеийнхэн, залуучууд цугласан. Бидэн дотроо Б.Бадрал бол угаасаа л лидер. Яваандаа ч уран сайхны кино руу ороход цоо шинэ найруулга оруулж ирэх хүн гэж хардаг шүү дээ. Миний хувьд хуучинсаг найруулга. Шинжлэх ухааны хялбаршуулсан контент руугаа л дагнана гэсэн бодолтой байгаа. 

-Эргээд харахад чамтай юу ч яриагүй юм шиг санагдчихлаа. Монгол сэхээтэн гэж нэг дуугарлаа. Ингэхэд монгол сэхээтэн гэж хэн бэ?

-Энэ бол үнэт зүйлийн чиг баримжаа. Монгол гэж улс байна уу? Байна. Энэ улсын ард иргэд өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой юу? Ёстой. Ингэхэд Монгол Улсын үнэт зүйл нь юу вэ? Непал гээд яг манайх шиг Хятад, Энэтхэг хоёрын дунд хавчуулагдсан 30 сая хүнтэй улс байна. Будда төрсөн. Будда бол тэр улсын үнэт зүйл нь. Дэлхийд түгэн дэлгэрсэн буддын шашны бүх номуудыг англи хэлээр хэвлэнэ. Судалгааг нь дэмжинэ. Буддагийн төрсөн газраар аялуулна. Ямар ч хэл дээр сайн ном гарна. Англи хэл рүү орчуулаад, өөрсдөө ч уншчихна. Гадныханд ч уншуулна. Тэгвэл бидний үнэт зүйл юу вэ? Чингис хаан! Энэ үнэт зүйлээ л хамгаална. Буддын шашин Монголд дэлгэрэхдээ Чингис хааныг дахин төрүүлэх зан үйл зохиож л дэлгэрсэн. Шашны тухай хуулийн хэлэлцүүлэг дээр ч энэ саналаа хэлсэн. Монголд орж ирж буй шашинд Чингис хаантай холбоотой зан үйл зохиох шаардлага тавьж, сүм хийддээ Чингис хааны зургийг тавьж байж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахаар хуульчлаач гэж. Миний энэ байр суурь экстримист сонсогдож магадгүй. Гэхдээ уучлаарай. Өөр ямар ч арга байхгүй. Энэ улсын тусгаар тогтнол тэр хүн дээр л тогтож байна. Дэлхийд тархан суурьшсан монголчуудад ч ийм л хүлээлт байгаа. Нөгөө кинон дээр гардаг шиг ”Хаантай бол хаантай, харцтай бол харцтай улс шиг л улс” байх ёстой юм. Хийх юм их байна даа. Их байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1234 2020.12.02 162.158.167.149

Өвөрмонгочуудтай нийлж төрийн эргэлт хийх гээд баригдсан, хэл зохиолын хүрээлэнгээс ховор ном хулгайлаад хөөгдсөн гар шүү дээ.

0 Хариулах


Хөх Толбот Д.ТӨМӨР-ОЧИР 2020.12.02 172.69.252.151

ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧДИЙГ ӨМӨӨРӨГЧИД БООРЛОЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ. ЯВСАН НОХОЙ ЯС ЗУУДАГ ЮМ ДАА.

0 Хариулах


уншигч 2020.12.02 172.69.252.149

Хүрэлбаатар багш амьд сэрүүндээ энэ хүнийг төдийлөн тоодоггүй байсан гэж мэргэжил нэгтүүд нь ярьдаг. Сайн хүний нэрийг барьж өөрөө алдарших гэж явдаг хүн бололтой. Номын сангаас зөвшөөрөлгүйгээр хулгайгаар юм хуулж аваад тэндээс хөөгөдөж байсан удаатай. Эр хүн туг ч барина, тугал яч хариулна гэдэг дээ! хөөрхийс

0 Хариулах


Зочин 2020.12.02 172.69.134.42

Энэ нэг нөхөр далан давхарын газар сайн гээд тэнээд байсан нөхөр мөнүү.Хэдэн жилийн өмнө зурагтаар гараад байсан.Барилга байшин баринаа гэж солиороод байсан.Эрүүл үү.

0 Хариулах


Зочин 2020.12.02 172.69.45.135

Чадахгүйн байж яасан их гадаад үг оруулж ярьдаг нөхөр вэ

0 Хариулах


bat 2020.12.02 162.158.94.183

uuchilaarai.ene arai bish yum aa.tuvd sudlal 13-r zuunii tuhai todorhoi medeelel yrimaar bnaa kkk

0 Хариулах


Зочин 2020.12.02 162.158.165.49

Өвөрлөгчөөр тэнээд монголд байхгүй их зүйл олж түүгээр олны тархи угааж шинэ мэдээ өгөөд бнуу

0 Хариулах


Зочин 2020.12.02 162.158.165.129

Бас нөгөө hero-гийн баатартай нийлж ....... юм хийж бсан гэсжн

0