Хайх зүйлээ бичнэ үү

Эхлээд 12 дугаар ангиа төгсөнө шүү дээ.

MIT-д очиж суралцана гэдэг нь тоо бодох дуртай, математик сэтгэлгээтэй, ирээдүйд энэ шинжлэх ухааны салбарт ажиллах сонирхолтой хүүхэд бүрийн хамгийн том мөрөөдөл. Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад нэгдүгээрт бичигдсээр ирсэн Массачусетсийн их сургуулийн Технологийн дээд сургуулийн (MIT) 2021 оны элсэлтийн шалгалтад тэнцсэн “Шинэ Монгол” дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Мишээлтэй онлайнаар ярилцлаа. Тэр оюутан болох хүртлээ хэрхэн хичээснийг, хэр суралцсаныг дараах амжилтууд өмнөөс нь ярих аж. О.Мишээл 2018-2020 оны Олон улсын математикийн олимпиадын алт, хошой хүрэл медаль, 2020 онд Олон улсын физикийн олимпиадын шагналт байр, 2014-2017 оны бага, дунд ангийнхны Олон улсын математикийн олимпиадын алт, мөнгө, хошой хүрэл медаль, 2017-2019 оны Математикийн улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. 

-Өнгөрсөн есдүгээр сард Олон улсын математикийн олимпиадын алтан медаль авсан амжилтаараа чи дэлхийн чансаанд эрэмбэлэгдчихсэн шүү дээ. Тэр үеэс Массачусетсийн их сургуулийн Технологийн дээд сургуульд элсэх нь бараг ойлгомжтой болсон уу?

-MIT-д элсэхээр хүсэлт илгээчихээд сургуулиас албан ёсны хариу ирэх хүртэл надад энд л очиж сурна гэх 100 хувийн итгэл байгаагүй. Би их, дээд сургуулиудын эрт элсэлтэд хамрагдсан учраас надад ердөө хоёр сургуульд хүсэлт илгээх цонх нээгдсэн. Мэдээж Массачусетсийн их сургуулийн Технологийн дээд сургуульд тэнцэхийг илүү хүссэн. 

-Сургуулиас хариу ирэхэд яаж хүлээж авав. Тэгээд яасан, хамгийн түрүүнд юу хийсэн?

-Унтаж байхад үүрийн 04 цагт мэйл ирдэг юм даа. Нэг нүдээ арайхийн нээж мэйлээ уншсан. Баярлах хөөрөх гэхээсээ “За би тэнд сурах нь” гэж бодсон. Ээж, аавыгаа сэрээгээд хэлсэн чинь “Аан... тийм үү” гээд эргээд унтчихсан (инээв). Өглөө нь багш нар руугаа утасдаж, “Баярлалаа” гэж хэлсэн. 

-Хэрвээ хүсэлт илгээсэн хоёр сургуульдаа тэнцээгүй бол ямар сургуульд шалгалт өгөх байсан бэ. Өмнө нь хэр түгшсэн бэ?

-Хэрвээ “уначихсан” бол бусад улсын сургуулиуд руу өгнө, тэгээд унавал зургадугаар сард шалгалтаа авдаг Японы их, дээд сургуулиуд руу зүтгээд математикаа нухаад л, эсээгээ бичээд л үзэх л байсан байх. Олимпиадад их ордог болохоор сая MIT-аас үр дүн хүлээсэн мэдрэмж нэг их шинэ байсангүй. Хүлээхээр “тэр өдрөөс хойших” хугацааны талаарх төсөөлөл ч алга болчихдог. “Тэнцвэл...” гэх төсөөллөөс “уначихвал...” гэж төсөөлөх нь надад амар санагддаг. Хий дэмий мөрөөдөх чинь тэнэг шүү дээ. За тэгээд өөрийн чадах хэрээрээ бэлтгээд ирэхээр чинь айхтар түгших нь гайгүй дээ. 

-Одоо ингээд оюутан болчихлоо. MIT-д очих хүртлээ юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Эхлээд 12 дугаар ангиа төгсөнө шүү дээ (инээв). Сүүлийн хоёр, гурван жил математикаас бусад хичээлийг хэчнээн сонирхолтой санагдсан ч сэтгэлдээ бүр нэг тултал хийж амждаггүй байсан юм. Ялангуяа хими, биологийн хичээлээ чадах чинээгээрээ үзэх цаг гарлаа гэж бодож байна.

-Гэртээ хэр тустай хүүхэд вэ?

-Одоо бодоход би багадаа гэрийнхээ ажлаас илүү их хийлцдэг хүүхэд байжээ. Хоёр дүүтэй болсноос хойш дүү нараа харах, хамт тоглож саатуулахаас өөрөөр гэрийн ажилд оролцохоо больчихож. 

-Ингэхэд математикийн юу нь гоё юм бэ?

-Би багаасаа л тоо бодох хорхойтой байсан. Зөв бодох, хариу нь зөв байхад урамшдаг. Гэтэл цаашлаад хүнд бодлогууд руу шилжээд ирэхээр математикийн гоё нь зөвхөн олон хүнд үйлдэл, тэдгээрийг зөв бодож гаргасан хариу биш юм гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл, ямар нэг тоо гаргах нь чухал биш, гаргаж чадах, эсэхээ өөртөө олж мэдэх нь чухал болдог. Энэ замыг олж харахад бүх юм нийлж, паззл тоглоом бүтэн болж байгаа юм шиг гэх үү, тийм гоё санагддаг.

-Төсөөлөлд нэг л буудаггүй ээ. Энгийнээр хэлье гэвэл..?

-Төөрдөг байшинд байна гэж Та төсөөл. Өмнө чинь юу таарахыг мэдэхгүй шүү дээ. Зам хайх хэрэгтэй болно оо доо. Гоё гоё санаанууд өөрт чинь төрнө. Багш чинь бас сонин санаа өгнө. Янз бүрийн замаар орно, буруу явбал гацаад буцахаас аргагүй. Санаагаа дагаад эрээд л, хайгаад л урагшилна. Өөр зам туршаад тэр гарц мөн болохыг мэдэх үед ямар байна гээч. Яг л энэ мэдрэмжийг математикийн гоё сайхан гэдэг юм.

-Математик чиний амьдралд өөр ямар чадварыг бий болгодог вэ?

-Харах өнцгөө өөрчлөх. Ямар нэг саад тохиолдох, юм гацахад гол бэрхшээл нь яг юу болохыг тооцож олох чадвар математикт байдаг. 

-Байгалийн шинжлэх ухааныг гүнзгий судалсан хүмүүсийн ертөнцийг үзэх өнцгүүдэд урлаг, философийн сэдэв их гойд, онцгой байр суурийг эзэлдэг юм билээ. Ямар учраас тэр юм бол. Урлагийг, урлагаас хүний авдаг мэдрэмжийг чи хэрхэн ойлгодог вэ?

-Ойлгомжтой жишээ авбал, 1+1=2. Математикийн энгийн хүрээнд энэ дүгнэлт үнэн. Гэтэл математикийг бүр гүнзгий судлаад ирэхээр баталж чадахгүй үнэн гэж байдгийг хүмүүс ойлгоно. Бид тодорхой модель зохиогоод, тэр загвар нь үнэн, худлыг ялгасан олон туршлагаараа дараа дараагийн тохиолдлуудыг үнэн, худлаар нь салгах таамаг дэвшүүлж чадна. Шинжлэх ухаан юуг үнэн гэж үзсэн тэр хүрээндээ л хязгаарлагдана. Түүнээс биш 1+1=2 гэдгийг төгс үнэн гэхэд хэцүү. Гэтэл урлаг бол байгалийн шинжлэх ухааны дараагийн шат гэж би боддог. Хүн бүрийн тархи өөр. Хүлээн авах чадвар өөр. Тэгэхээр мэдрэмжүүд ч харилцан адилгүй өөр. Нэгэн мэдрэмж нэлээд олон хүнд адилхан тааламжтай, гоё санагдаж байгаа нь урлаг юм болов уу. Тиймээс ч хүмүүс урлагийн олон төрөл зүйлд өөр өөрийн таашаалаар дурласан байдаг байх. Шинжлэх ухаан хэдий урлаг биш боловч нэг хэвийн ягшмал ойлголт, чанд батлагдсан хатуу зүйл ч бас биш байгаа биз? Тэгэхээр энэ хоёрт ч бас адил төстэй зүйл олон, цаашид ч өөр өөрийнхөө хөгжил дэвшилд үзүүлж харуулах зүйл олон гарах байх аа.

-Ингэхэд чамд урлагийн авьяас байдаг уу?

-Би сайн зурдаггүй. Дуулах, бүжиглэх ч дуртай биш. Оролдож үзсэн хөгжим байдаг. Түүгээрээ 2-3 ая хөгжимдөж сураад хаясан. 

-Ямар хөгжим?

-Бишгүүр.

-Сонсдог хөгжим, дуртай дуучин, хамтлаг байдаг уу?

-Онцгойлон байнга сонсдог нь байхгүй дээ. Би Kingdom Hearts тоглодог юм. Дуунууд нь лав их таалагддаг. 

-Дэлхийн шилдэг их сургуулиудын нэгдүгээрт ордог сургуульд тэнцсэн гэдэг чинь чи олон чадварыг дунд сургуульд сайн эзэмшжээ гэсэн үг. Гэтэл MIT ч олж мэдээгүй, чи өөрөө л мэдэх ямар дутагдал, сул тал чамд одоо байдаг бол? 

-(инээгээд) Байлгүй яах вэ, жишээ нь хүмүүстэй яриа хөөрөө өрнүүлэхдээ дулимаг. Нийтлэг сэдэв цөөтэй болохоор тэгдэг юм уу, бүү мэд. Тиймээс өөрийгөө буруу ойлгуулах тохиолдол гаргачих гээд байдаг. Зөв илэрхийлэх гээд хүнд төдийлэн хэрэггүй их юм ярих вий, ядаргаатай санагдах вий гэж бас ичдэг. Бас миний урлагийн талаарх мэдлэг тун бага. 

-Хайр дурлалыг юу гэж боддог вэ?

-Юу болохыг нь одоогоор мэдрээгүй л байна. Тиймээс энэ талаар юу бодох вэ дээ. Харж л байя. 

-Чиний үзэх дуртай контентын төрөл?

-Комеди.

-Кино?

-Уран зөгнөл. Ертөнцийг сайтар бодож шийдсэн, өгөгдлүүд нь төсөөллийг баяжуулж, гэхдээ байж болмоор хязгаартай, хэт хийсвэр биш байвал гоё. Бас Диснейн хүүхэлдэйнүүдэд, кинонуудад дуртай.  

-ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа үеийн хүүхдүүддээ чи юу захих вэ. Хөл хорионы үеийн хязгааргүй их цаг хугацаа байгаа мэт төөрөгдөл дунд бие даан сурах, өөрийгөө хүссэн сургуульдаа бэлтгэх нь нэлээд хүнд байх шиг?

-Хүн бүрт өөрийн гэсэн арга, үр дүнтэй хичээллэсэн туршлага байдаг. За би яг өөрийнхөө бүтэлгүйтээд байдаг туршлагаасаа ургасан, арай илүү үр дүнтэй байж болох аргуудаасаа л хэлж чадна шүү дээ. Түүнээс миний арга хамгийн сайн нь биш ч байж магад. Жишээ нь, өнөөдөр би гурван цаг хичээл хийнэ гэж төлөвлөлөө. Ийм үед үр дүнгүй шахам хичээлийнхээ ард гурван цаг суучихсан байх нь бий. Гурван цаг болсон уу, болсон. Ядарсан уу, ядарсан. Залхсан уу, залхсан. Харин үр дүн байхгүй. Хэрвээ хэдэн цагаар ямар ч үр дүнгүй суугаад байгаагаа анзаарсан л бол зүгээр л завсарла, шууд амарчихсан нь шулуухан. 30 минутын дараа, эсвэл гурван цагийн дараах нэг цагийн хичээл чинь чамд хамаагүй сэргэг, сонирхолтой, хавьгүй илүү үр дүнтэй байж мэднэ. Чамд зорилго байгаа л бол түүндээ үнэнч, тууштай байх ёстой. Үүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн байхад хэдийд хичээллэх, хэдийд завсарлаж амрахаа ч бас мэдэх л хэрэгтэй. Цагаар биш, үр дүнгээр өөрийгөө хэмжээрэй. Миний бас нэг ойлгосон аймшигтай зүйл бол “тойрогт орох”. Би ингэж нэрлэчихсэн юм. А-г бодно, Б-г бодно, В-г бодно гээд сууна. Нэгээс нөгөө рүү урагшлаад байгаа ч шулуун биш, тойрог замд орчихсон эргэлдээд, ямар ч үр дүнгүйгээр цагаа бардаг, хамаг эрч хүчээ дэмий зарцуулдаг хамгийн бүтэхгүй тойргийг бид өөрсдөө бий болгодог юм шүү. Тойрог нь огт шинэчлэгддэггүй, ахидаггүй, анх ямар байсан яг тэр цэг дээрээ гацчихсан нөгөө л А,Б,В маршрут. Заавал урагшилж, бодож байж энэ аймшигтай тойргийг сэтэлж, шулуун зам дээр гарна гарна шүү. 

-Гадаадын их, дээд сургуульд элсэхэд гадаад хэлээр эсээ бичдэг шүү дээ. Чи эсээгээ хэр удаан боловсруулсан бэ? 

-За би яг үнэнээ хэлье. Миний эсээний түүхийг сонсвол ч олон хүн намайг “алах” байх даа (инээв). Эсээгээ олон сар бичиж байгаа хүүхдүүдэд би мангар л санагдана. Би сая MIT-д бичсэн эсээгээ яг явуулах гэж байхдаа гэнэт өөрчилмөөр санагдаад шууд шинээр бичсэн. Тэгээд л хугацаа тулсан учраас илгээчихсэн. Өмнө нь бичсэн туршлага байсан болохоор муу болоогүй ч над шиг ийм илэрхий тэнэг үйлдэл битгий хийгээрэй. Мэдээж эрсдэлтэй шүү дээ. Хэлж санаа амарлаа. Хүүхдүүд эсээгээ сайтар бодож байгаад багаар бодоход хоёр сарын өмнөөс бичээрэй. Тэгээд долоо хоногийн дараа дахиж харж сайжруулаарай. Хэсэг хугацаанд орхиод дахиад харахад минийх шиг шал тэнэг санагдвал яана. Тиймээс өөр өнцгөөс харах, өөрөө хөндлөнгөөс шүүх, засаж сайжруулах хугацааг өөртөө хангалттай гаргаарай. 

-Англи хэлийг хэрхэн сурав?

-Гуравдугаар ангиасаа эхлээд тавдугаар анги хүртлээ хоёр жил би хичээл тарж орж ирээд гэрийн даалгавраа хийчихээд зурагтаар англи хэл дээрх хүүхэлдэйн кинонуудыг ёстой л тууштай үздэг хүүхэд байсан. Тэр үед миний сонсож ойлгох чадвар сайжирсан юм билээ. Англи хэлийг сурах ёстой гэж биш, их сонирхож, ёстой л сурсан шиг суръя л гэж хичээсэн юм. Тэгээд тав, зургадугаар ангиасаа англи хэл дээр бичигдсэн хөнгөвтөр агуулгатай ном зохиолуудыг унших болсон. Дараа нь арай гүн агуулгатай уран зохиол, шинжлэх ухааны ном уншихад КИНДЛ надад их хэрэг болсон. Мэдэхгүй үгс таарахад өөртөө тайлбар тольтой болохоор их урамтай. 

-Чи ямар мэргэжил сонгосон бэ. Ирээдүйд эрхлэх ажлынхаа талаар төсөөлөл байдаг уу?

-Ямар ажил хийх талаар одоогоор шийдээгүй л байна. Юуны өмнө бакалавраа математикаар сурна. Хажуугаар нь IT үзэх бодол байна. Математикийн онолоо сайн үзчихсэн байхад математиктай холбогдох бусад салбарт ажиллах, мэргэших боломжтой л гэж бодож байна даа. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
0
60
2
0
0
4
2

Сэтгэгдэл бичих (15)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.05 162.158.238.219

Ийм мундагууд нь тэндээ шингээд бдаг шүү, төгсөөд хэдэн жил ажиллаж туршлага цуглуулаад монголдоо ирж улсдаа хувь нэмрээ оруулаарай дүү минь

0 Хариулах


Juugii 2021.01.02 172.69.252.151

Ёстой мундаг хүү бна.Үр хүүхдээ ийм сайхан зөв төлөвшүүлсэн ээж аав эмээ өвөөд нь баяр хүргэе.Мөн энэ хүүхдийг эрдмийн далайгаар аялах хүслийг төрүүлж чадсан Шинэ Монгол сургуулийн бүх багш нарт баярлалаа.

0 Хариулах


Зочин 2021.01.01 172.69.252.145

Өөрийгөө олчихсон хүү байна. Гайхалтай. Амжилт хүсье.

0 Хариулах


Зочин 2021.01.01 172.69.45.135

Yostoi l avarga bna

0 Хариулах


Би 2021.01.01 108.162.250.130

Ийм жаахнаасаа арга барилаа олсон мундаг хүүхэд бна.

0 Хариулах


Zochin 2020.12.31 172.69.252.133

Mundag saihan huu usgusun etseg ehed ni bayar hurgeyee!

0 Хариулах


Zochin 2020.12.31 172.69.252.151

Mash uhaalag mundag huu bn , bayr hurgey mash tom amjilt husey

0 Хариулах


Зочин 2020.12.31 172.69.252.145

Баяр хүргэж амжилт хүсье.

0 Хариулах


Zochin 2020.12.30 172.69.252.151

Zuger neg hicheldee sain bish mash uhaalag, amidraliig harah untsug tsaana l uur bga nj ilt haragadaj bna. Ireedui chine gereltej bna . Amjilt!

0 Хариулах


Зочин 2020.12.30 172.69.252.133

Баяр хүргэе

0 Хариулах


ММБА-ийн жинхэнэ гишүүн Б.Ганбат 2020.12.30 172.69.252.145

Баяр хүргэе. Зорилгоо бизлүүлж зорлсондоо хүрээрэй. амжилт

0 Хариулах


Энх 2020.12.30 172.69.252.145

Баяр хүргэж цаашдын төлөвлөгөөнд тань амжилт хүсье. Хамгийн шилдэг нь бгаарай.

0 Хариулах


Gerel 2020.12.30 162.158.118.247

Amjilt

0 Хариулах


Zochin 2020.12.30 172.68.141.199

Mundag huu d amjilt hysie chi chadna

0 Хариулах


Зочин 2020.12.29 172.69.252.145

Шинэ Монгол сургуулийн 12р ангийн сурагч О.Мишээлдээ MIT-д тэнцсэнд халуун баяр хүргэе!

0 Хариулах