Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Шинэ ном: Нууцлаг түүхийн өртөө “Миний Монгол”


Энэ түүх 20 жилийн тэртээ Атлантын далай дээгүүр Украиныг зорин нисэж явсан онгоцонд эхэлсэн юм. Тэр онгоцонд олон улсын банкуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг америк эр “The Economist” сэтгүүлийн нэгэн дугаарыг эргүүлж суулаа. Өнөөх сэтгүүл дээр нь газарзүйн байршлаар азийн баруун хойд хязгаарт орших Монгол Улсын голлох банк Хөдөө аж ахуйн банк дампуурлын ирмэг дээр ирснээр сэхээнээс гаргах банкирын эрэлд гарсан тухай бичжээ. Өнөөх эр яг өөрт нь зориулсан баймаар энэ хувь тохиолын тухай бодож эхэлжээ. 

Монголын тухай ямар ч төсөөлөлгүй байсан Питер Морроу ердөө гурван сарын дараа Хөдөө аж ахуйн банкны удирдлагын багийг авснаар урам зориг, итгэл найдвар, нөхөрлөл, түүх, амьдралаар дүүрэн “Миний Монгол” ном эхэлдэг. “Миний Монгол” бол зах зээлийн эдийн засгийн учир начрыг тунгаахаар мэрийж байсан 2000 оноос хойших бидний хамгийн эгзэгтэй цаг мөчийн түүхийг сонирхолтой баримт, бодит явдлаар жишээлэн бичсэн баримтат бүтээл. Түүх заавал баримт, он цагийн хэлхээ, тоочиж хураангуйлсан баримтаас бүрдэх ёсгүйг түүний туулсан амьдрал, нүдээр үзэж, биеэр байлцсан үйл явдлын өрнөлөөс, бас энэ номын хуудас, мөр бүхнээс мэдэрч болно. Энэ номыг би өнгөрсөн хугацаанд уншсан түүхийн бүтээлүүдээс Марка Поло 13 дугаар зууны Монголыг өрнө дахинд гайхалтай аяллын тэмдэглэлээрээ таниулсан шиг, 20 дугаар зууны дорныг Рамстедт баруунд амьд мэт дүрслэн үзүүлсэнтэй зүйрлэх болно. Учир нь, энэ бол монгол соёлд үнэнхүү татагдсан хүний ажигч гярхай, хянуур нүдээр харж бичсэн орчин цагийн түүх юм. 

Ном найман бүлэг, 32 хэсэгтэй. Монголд ирсэн сэтгэгдэл, монголчуудын эртний түүх, социалист нийгмээс хэрхэн чөлөөт зах зээлд шилжсэн, засаглалын тогтолцоо нь хэрхэн явдаг, мөн тухайн үеийн Улаанбаатарын амьдрал, хөдөө нутгийн хөгжил, хүн зоны ааш араншин, урлаг соёл, шашин шүтлэгийн өвөрмөц ертөнцийг нарийн задлан дүрсэлж, Монголыг бүхий л талаас нь дүрслэн үзүүлсээр нэг бүхэллэг ертөнц бүтээжээ.

 “Хүмүүсийн засаглал” хэсэгт Хөдөө аж ахуйн банкны төвийн салбарын менежер зөрчил гаргаж ажлаасаа халагдах болсон тухай өгүүлдэг. Өөртөө зээл олгож байр авсан, бас бус хууль бус үйлдлүүд ил болоход Питер Морроу түүнийг халах шийдвэр гаргажээ. Гэвч энэ нь жил тойрсон маргааны эхлэлийг тавьсан явдал боллоо. Нутгийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, УИХ-ын гишүүд, бүр Ерөнхий сайд хүртэл татагдан орсон тухай өгүүлжээ. Энэ хэсэг бол өнөөдөр ч хэвээр байгаа манай засаглалын нэг дампуурал. Энэхүү явдлын үндсэн дээр зохиогч монгол бол хүмүүсийн засаглалтай орон хэмээн тодорхойлсон байна. Түүнд найз нөхөд, нутаг ус, хамаатан саднаар холбогдсон хүмүүсийн засаглал ажил хийхэд нь хэрхэн түвэгтэй байсныг ч бас тэмдэглэжээ. Бас “Зах зээл ба улс төр” хэсэгт Хөдөө аж ахуйн банкийг авахад ямархуу байдалтай байсан, мөн ямар замыг туулж өнөөдрийн “Хаан банк”-ийг бүтээснээ тодорхой өгүүлсэн байна. Харин “Хөдөө” бүлэгт Монголын 21 аймагт ажиллахдаа таарч тохиолдсон адал явдал, танилцсан хүмүүсийнхээ тухай хүүрнэжээ. Тэр Монголын банкны салбарын алдаа эндэл, засаглалын бугширлыг харсан шигээ монгол хүний найзархаг, итгэмтгий, уужуу занг бас таньсан ажээ. Хот-хөдөө, монгол-гадаад гэсэн ялгаваргүй нөхөрлөлөө ч тэр энэ аяллаас л олсон. Бас “Соёл” бүлэгт зураачид, уран бүтээлчидтэй хэрхэн танилцаж, Монголд анхны байгууллагын уран зургийн цуглуулгыг үлдээсэн нь өдгөө “Хаан” банкны цуглуулга нэрээрээ түгсээр байгаа. Бас зураг бүтэх явцад үүссэн адал сонин тохиолын талаар гайхалтай дүрслэн бичжээ. Энэ бүлэг Монголын урлаг хэрхэн соцреализмаас орчин цаг руу алхан орсныг бас уран бүтээлчдийн адал сонин ертөнцийн тухай өгүүлнэ. Тухайлбал, “Цүлтэм 1968 онд зан чанар, албан тушаалд нь үл нийцэм бүр аюултайд тооцогдож мэдэх нэг зүйлийг туршсан нь хэсэг залуу уран бүтээлчдийг Урчуудын эвлэлийн ивээл доор “контемпорари урлаг”-ийн үзэсгэлэн дэлгэхийг зөвшөөрчээ. ...Мэдээж хэрэг коммуннист засаг хэдхэн өдрийн дараа үзэсгэлэнг хааж, Цүлтэм болон оролцсон уран бүтээлчдийг капитилист урлагийг сурталчилснаараа капитализмыг гоёчлон харуулсан гэж бангаджээ. Үзэсгэлэнг хаахаас өмнө Москва руу хэд хэдэн удаа залгасан гэдэг” гэсэн нь бидний тэр бүр мэдэхгүй түүх. 

Редакторын хувиар энэ номыг дөрвөнтөө уншсан. Тэр бүртээ Монголын банкны салбарын талаарх хэсгээс улс орныхоо эдийн засгийн боломж бололцоо, алдаа эндлийг харж, орон нутгийн салбаруудаар аялсан тэмдэглэлтэй нь монгол орныг хөндлөн гулд туулж, Ховдын хөх уулс, Дорнодын цэлгэр талаар аялж, банкинд тохиосон увайгүй үйл явдлын өмнөөс нүүр халуу шатаж, сайн сайхан нөхөдтэйгөө танилцсан дурсамжид хөхин баясаж, соёл урлагийн хэсэгт шимтэж, Улаанбаатарын тухай тэмдэглэлийг сониучирхан уншлаа. Бидний хамгийн сайн мэдэх хэр нь ер мэдэхгүй монголыг, монголчуудыг гаднын хүний гярхай нүдээр харж, нэгэн үеийн түүхийг чигч шудрагаар эгэл энгийн хэл найруулгаар бичсэн нь энэ номыг шимтэн унших шалтгаан болсон юм. 

Зохиогчийн нэгэн найз надад “Пит бол гадаад төрхөөрөө америк хүн боловч дотоод сэтгэл нь яг л монгол хүн. Гаднаас нь харахад сүрдэм бараа төрхтэй ч дотроо уужуу хүн байсан шүү” гэж билээ. Маргах зүйлгүй. Ертөнцийн нөгөө бөөрөнд төрж, амьдралынхаа нэгээхэн хэсгийг эх оронд маань өнгөрүүлэхээр ирсэн нэгэн эрийн баялаг, уужим, сонирхолтой түүх, амьдралыг туучин гарсан зам мөр нь таны өмнө байна. Тэр нь “Миний Монгол” ном.  



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0