Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Ном: “Миний Монгол” номыг унших ШАЛТГААН болсон 13 эшлэл


Саяхан худалдаанд гарсан “Миний Монгол” номын тухай та бүхэнд танилцуулж байна. “Хаан” банкны захирал асан Ж.Питер Морроугийн “Миний Монгол” ном бол нэгэн хүний амьдралын дурсамж гэхээсээ Монголын түүхийн хамгийн эгзэгтэй цаг үеийг задлан бичсэн, түүхэн бүтээл болохыг дараах 13 эшлэл батлах болно.


Хүчир амьдралын хэмнэлээс шалтгаалж, монголчууд тэвчээр хатуужилтай болж, гэнэтийн гай зовлонг хүлцэж, амьдралын асуудал бэрхшээлийг чимээгүйхэн хүлээж авч сурчээ. Бас онцгой өгөөмөр улс. Өөрт үлдсэн жаахан зүйлээ айл саахалттайгаа, бүр дөнгөж уулзсан үл таних нэгэнтэй ч хуваалцаж чаддаг.

Миний дотор нь сууж ирсэн Монголын агаарын тээврийн хөлөг Чингис хаанаас өөр ямар нэртэй байх билээ. Чингисийн зураг, эсвэл түүний зургийг дүрслэн нэхсэн хивс энэ улсын албан газар бүрд өлгөөтэй агаад Хөдөө аж ахуйн банкны гүйцэтгэх захирлын өрөөнд ч удалгүй заларсан юм даг. Хэдэн зууны тэртээх шашнаас ангид домогт удирдагч нь орчин үеийн соёлд хүртэл хүчтэй нөлөөлсөөр байгаа өөр улсыг би лав мэдэхгүй. 

Цагаан сар бол үнэнхүү гайхамшигтай баяр. Бүх нийтээр, олон үе шаттай тэмдэглэх төдийгүй туйлын сэтгэл ханамжтай үйл явдал. Гэр бүл, найз нөхдөө, ялангуяа хөгшчүүдээ нэн хүндэтгэх өдрүүд. Бэрх өвлийг дахин нэгэнтээ давсны баяр. Хуучин оноос үлдсэн бүхнийг цэвэрлэж, алдаа дутагдлаа арилгасан шинэ эхлэл, шинэ жил, дахин төрөхүйн бэлгэ тэмдэг. Энэ бол ойр дотно харилцаа, нөхөрлөл, аз жаргал. Бас хоол унд, бэлэг сэлт, хамтдаа байх гээд бүхнийг хуваалцахын нэр.

Нинжа нар аж амьдралаа залгуулж, гэр бүлээ тэжээж байна; тэдний хөдөлмөр Монголын эдийн засагт нөлөө үзүүлж байгаа; хэрвээ тэд багахан хугацаанд алт олборлохоо зогсоолоо гэхэд өөр хэн ч олборлохгүй гэх мэтчилэн эдийн засгийн үүднээс маргадаг хүмүүс цөөнгүй. Хэрвээ нинжа нарын үйлдэлд цэг тавибал Хятад руу экспортолдог нинжагийн алтнаас олдог 200 сая доллар замхарч, ажилгүйдлийн түвшин гаарч, халамжийн үйлчилгээний өртөг тэнгэрт тулна гэдэг. Нинжа нарыг ажил орлоготой байлгахын хажуугаар тэдний байгаль дэлхий, хүний амьдралд учруулсан ноцтой аюулыг цэглэх явдал улстөрчдөөс урьд хожид үзэгдээгүй улс төрийн зориг шаардах нь дамжиггүй.

Хөдөө аж ахуйн банканд «төрийн байгууллагын соёл» ийн амь бөхтэй оршсоор байгаа нь өөрчлөхөд тун хэцүү. Хоржоонтой нь, чухам энэ хандлага бидний богино хугацааны амжилтын үүтгэл болсон хэр нь урт хугацааны амжилтын саад тотгор байлаа. Худалдаачдад зориулсан зээлийн хөтөлбөр нарийн тодорхой гүйцэтгэл шаардсан хатуу нөхцөлтэй байв. Төрийн байгууллагад ажиллаж дадсан манай хүмүүс үүрэг даалгаврыг өрнөдийн банкируудаас давсан хэмжээнд маш сайн биелүүлдэг нь бидний амжилтын гол түлхүүр. Гэвч тэд капиталистууд шиг сэтгэж, гагц дүрэм журмыг ягштал мөрдөхөөс илүүтэй эрсдэл болон өндөр урамшуулалтай шийдвэрүүдийг гаргаж, өөрсдөө зах зээлд оролцдог болох хүртэл хэчнээн хол зам байгааг хог новш дүүрэн агуулах бидэнд харуулсан юм.

Багш, эмч болон бусад төрийн албан хаагчдад өгч буй багахан хэмжээний мөнгө төрд өчүүхэн жижиг нөлөөтэйн зэрэгцээ хоёр хүний хоорондын “zero-sum” буюу алдсан олсон зүйлгүй гүйлгээ юм. Ихэнх хүмүүс ажлаа урагшлуулахын тулд элдэв асуудал гаргалгүй зүгээр л өгчихдөг нь манай Америкт хэвшил болсон «цайны мөнгө»-тэй төстэй. Гэхдээ энэ нь иймэрхүү хахууль хор хохиролгүй гэсэн үг биш; хэдийгээр нь бага хэмжээтэй боловч шударга бус явдал агаад төрийн хүнд суртал иргэдээ хэрхэн зовоодгийн илрэл. 

Монголын хөдөлмөрийн хууль социалист нийгмийн үеэс улбаатай хэвээр, ажлын байраар хангаж, ажилтныг халагдахаас хамгаалах зориулалттай эд аж. Хэдийгээр хүнийг ажлаас халж болно гэж заасан ч үндэслэлүүд нь маш тодорхойгүй, ерөөс шүүхэд бүрэн эрх мэдлийг өгснөөр аль ч талаас өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахад хялбар болгожээ.

Монголчууд үнэнхүү биеэ даасан хүмүүс. Энэ нь хязгааргүй уудам хээр талд тус тусдаа нүүдэллэн амьдарч ирсэн өнө эртний түүхтэй салшгүй холбоотой. Тэд өөрсдийгөө зөвхөн овог аймгаар, эсвэл Хятад, Солонгос, Японд түгээмэл байдаг шиг ажилладаг компаниараа тодорхойлдоггүй. Ямар ч монгол хүн компанийн дүрэмт хувцастайгаа ажилдаа яг 9:00 цагт ирээд компанийн сүлд дууг дуулаад зогсоно гэж байхгүй. Тэд монгол, гадаад эсэхээс үл хамааран бусдыг хувь бодгаль гэдгээр нь хүндэлж, таныг бас адилхан хүндэтгэхийг хүлээнэ.

Би хаана ч аялсан тухайн орон нутгийн чухал дурсгалуудыг заавал очиж үздэг. Энэ бол хувийн сонирхол төдийгүй нутаг усаараа бахархдаг улсад үзүүлж буй хүндэтгэлийн хэлбэр. Бас маркетингийн нэг арга. Гадаад захирлын хувьд Монгол Улс хийгээд алдар сууг нь үнэн сэтгэлээсээ сонирхож, ерийн нэг шунахай этгээд бус, харин тэдний улс оронд санаа тавьдаг хүн гэдгээ батлан харуулах нь миний үүрэг. Бас нэгэн алдартай агуй, сайхан нуур, онцгой уулыг харах шаардлагагүй мөчүүд байсан ч би хэрэгтэй эсэхийг нь үл харгалзан заавал очдог байв.

Оросууд өөрсдийг нь үеийн үед үзэн ядаж ирсэн хятадуудаас салгаж, тусгаар тогтнолыг нь эх барьж авсанд монголчууд талархдаг. Түүнчлэн бүхэлд нь оросжуулсан Төв Азийн бусад улсуудаас ялгаатай нь тэд монгол ахуй соёлын хүрээнд монгол хэлээрээ улс орныхоо дотоод шийдвэрүүдийг өөрсдөө гаргах боломжийг монголчуудад олгожээ. Түүнчлэн Монгол Улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх оролдлогыг сөрж чадсан гавьяа Чойбалсанд оногдоно.

Соосай 1960-аад онд Прага хотод «Хилэн хувьсгал»-ын үеэр суралцаж байсан нь олон улсын контемпорари урлагийн ертөнцтэй танилцах үүд болсон аж. Тэрээр Улаанбаатарт буцаж ирээд уран бүтээлээ үргэлжлүүлэв. Түүнчлэн Европт боловсрол эзэмшсэн Дунбүрээ, Балдандорж, Цэвэгжав нарын уран бүтээлчидтэй нийлэн үзэсгэлэнгээ гаргуулахаар Цүлтэмийг ятгаж чаджээ. Үзэсгэлэн хаагдсаны дараа бүгдээрээ чичлүүлсэн гэдэг. Соосайгийн эхнэрийг дуурийн театрын ажлаас нь халж, Соосайг үзэсгэлэн гаргах, олны өмнө ажиллах эрхгүй болгосон тул гэртээ суугаад чимээгүйхэн л зурж байлаа. Түүнд зотон даавуу, тосон будаг олдох нь ховор учраас бүх төрлийн цаас, мод, хуучин зарлал гээд гарт таарсан зүйлс дээр балын харандаа, тосон харандаа, үзгэн бал гээд олж чадах зүйлээрээ зурна.

Монголын орчин үеийн урлагийн түүхэн дэх нэгэн зүггүй, сонирхол татам нууцлаг хэрэг явдал эмгэнэлтэйгээр төгссөн нь энэ. Гайхалтай бүтээл алга болж, аль аль талдаа шархадсан сэтгэлүүд л үлджээ. Заримдаа уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг төрүүлсэн хүүхэд шигээ үздэг гэдэг. Тийм бол Хүрлээгийн шаналал хурц, хүнд байсан нь ойлгомжтой. Үүний дараа тэр ичгэвтэр байдалд орж, надтай өнөөх зургийн тухай ярилцах бүү хэл таарахдаа хүртэл эгцэлж харж чадахаа байв. Цацаа ч гэсэн нам гүм болж, тэр зургийн тухай сэдвийг дахиж сөхөөгүй. Энэ бүх явдлыг санахад гэдэс минь зангирах шиг болдог. Би тэр бүтээлийг маш их санаж байна.

2007 оны намрын эхээр би “Сант марал” сангийн тэргүүн Л.Сумати, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр нарын хамт “Веранда” ресторанд хооллож байв. 2007 оны арван нэгдүгээр сард Ерөнхий сайдаар сонгогдохоос нь өмнө Баяртай сүүлийн удаа хувьчлан уулзаж буй минь энэ. Оройн хоолны хөөрөлдөөний үеэр тэр Монгол дахь бүх шийдвэрийг улс төр, хууль, бизнес, академик салбар, урлагийн хүрээний 150 хүн гаргадаг хэмээн тунхаглав. Би санал нэгдэхгүйгээ хэллээ; минийхээр бол энэ тоо 250 байсан. Ингээд бид үзгүүдээ гарган ирээд амны цаасан алчуур дээр тус тусын саналыг батлах жагсаалтыг гаргаж эхлэв. Миний санаж буйгаар, хэн хэнийхээ ятгалгад автаагүй учир Сумати бидний мэтгэлцээнийг хайнцсан гэж зарлалаа. Ингээд зөрүүг дундаа хийж, 200 хүн эндхийн бүх шийдвэрийг гаргадаг гэж үзлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0