Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Хойд эцгийн гар

Тэр ийм үйлдэл хийсэн эхний хойд эцэг биш, эцсийнх нь ч биш.


Хүн их сонин. Ганц бие ээжээ хормойдож, эсвэл хань ижилгүй ааваасаа хөтлөн дэгж дэрвэж яваа өнчин нүдтэй үрсийг харахаар тэдгээр бяцхан зүрхийг энхрийлэн хайрлах сайхан сэтгэлтэй хэн нэгэн заавал гарч ирнэ гэдэгт итгэхийг өөрийн эрхгүй хүсдэг. Тэгсэн мөртлөө дахиж гэрлэхгүй хорвоог ганцаар туулахаар зорих эхээс, эцгээс гаргасан шийдвэрийг нь няцаах бүү хэл барагтай л “Яагаад” гэж асууж зүрхэлдэггүй. Хүний мөн чанарыг, амьдралын хууль дүрмийг мэдсэн хүмүүс хойд эцгийн гар яагаад хатууг, хойд эхийн сэтгэл юуны учир хүйтнийг таньдагтаа тэр биз ээ. 

Хүүхдүүддээ хойд эцгийн гар харуулахгүй өсгөх чин хүсэл олон бүсгүйг орь залуугаар нь бэлэвсэн чигээр үлдээсэн. Хойд эхийн сэтгэлд найдаагүй аавууд ч ялгаагүй олон доо. Яагаад гэвэл хойд эцгийн гар, хойд эхийн сэтгэлд хүн төрөлхтөн хэзээ ч бүрнээ итгэж байсангүй ээ. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг итгээд элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байгаа нь, итгэж үзээд алдаа болсон нь ч бий, бий. Хорвоогийн явдал, хувь зохиол гээч нь хүн чанар, хүнлэг ёсоор л хэмжигддэг учраас хүний амьдралын янз бүрийн түүхийн алийг гэх билээ. Хэзээ хойно өөрийгөө төрсөн биш хүү нь гэдгээ олж мэдээд ямар их агуу хайр, халамжинд хүн болсноо сая мэдэрч эргүүлээд ачлан хүндлэх нэгэн байхад, өөнтөглөн өрвөлзөж хүнийрхэн зэнзийрхэх үр ч байдаг л гэлцдэг. Хойд эх, эцэг, дагавар үр хүүхдийн харилцаа шиг нарийн эмзэг зүйл энэ хорвоод ер байдаггүй байх.     

Дөрөв, зургаан настай дагавар хүүхдүүдээ гэртээ харж үлдсэн хойд эцэг гурван өдрийн турш зодож, дарамталсан, жаахных нь дотор эрхтэнүүд бүгд няцарсан эмгэнэлт хэрэг олны сэтгэлийг хирдхийлгэж байна. Түүний тухайд нэрийг нь Т гэдэг, 27 настай, өмнө нь гэр бүл зохиож байсан гэх мэт мэдээллээс анзаарахгүй өнгөрч боломгүй хамгийн чухал нэг зүйл бол тэр багадаа аавдаа хэрцгийгээр зодуулж өсчээ. Бяцхан хөвгүүдийг шийтгэхдээ өөрт нь харгис ааваас нь үлдсэн таагүй дурсамж дахь өөрөө ч үзэн яддаг өөдгүй авирыг гаргаж, зодуурын аргыг нь хүртэл яг таг хэрэглэсэнд цочирдом. Т өөрөө тэр хөвгүүдийн насан дээр уйлж, өвдөж үзсэн. Аавынхаа том хүчирхэг гарт эрхэлж наадахаасаа илүү түүнээс дальдчин айж, бяцхан зүрх гомдож, шархлахын зовлонг туулсан нэгэн. Төсөөллөөр бол тэр тусмаа хүүхэд өвтгөдөггүй, зодож шийтгэдэггүй, тийм хүчирхийлэгчдийг жигшин зэвүүцэгч болох ёстой залуу эр хүүхэд алахаас сийхгүй нэгэн байж. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг энэ.   

Амьдрал баян учраас тэр ийм үйлдэл хийсэн эхний хойд эцэг биш, эцсийнх нь ч биш. Хойд эцгийн гар, хойд эхийн сэтгэлд хүн төрөлхтөн хэзээ ч бүрнээ итгэж байсангүй. Үүгээр би хойд эцэг, эх бүр хүчирхийлэгч гэх гэсэнгүй. Хойд эцгийнхээ гараас бат найдвартай хөтлөөд хайрлан хамгаалуулж, өөрийн гэсэн баатартай догь гэгчийн гүнж, ханхүү нар үеийн үед өсөж өндийсөн шиг хойд эцгүүд одоо ч, ирээдүйд ч амьдралаа үргэлжлүүлэхээр, хүнийх гэж саналгүй хүүхэд торниулахаар гараа сунгаж л таарна. Харин Т шиг хүчирхийлэлд өссөн эрчүүдийг ялга, бүсгүй минь. Тэдэн шиг эрчүүд өөрийгөө хойд эцэг болж чадна гэдэгт итгэсэндээ чиний хүүхдэд сайн аав байхыг амлана. Гэвч тэр чадахгүй. Тэр хүчирхийлэлд өссөнөө хүчирхийллийг эсэргүүцэгч, жигшигч гэж эндүүрч яваа, өрөвдмөөр хувь тавилан. Хүүхэд байхдаа эх, эцгийн хайр амсалгүй хүчирхийлэлд нүд, сэтгэл нь зэрлэгшсэн эрчүүдийг тайвнаар орхи, бэлэвсэн найз минь. Тэднээс хүүдээ, охиндоо аав бүү сонго.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.