Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

ЭР ЦЭРГИЙН ЭХНЭР

Лос Анжелес Таймс | Кристофер Гоффард


Los Angeles Times | Нэгэн шөнө түүний нөхөр өөрийгөө Иракт байна гэж бодсон бололтой, гэрийн хаалгыг эвдэлж орохыг оролдлоо. Эхнэрийнхээ ойлгохгүй араб хэлээр ямар нэг зүйл хэлж, хашгирч байв. Нөхөр Багдадад морин цэргийн ангийн тагнуул байх үедээ “Чанга тогшилт” гэж нэрлэх шөнийн гэнэтийн нэгжлэгийн үеэр тоолж барамгүй олон хаалга эвдлэн орж байсан аж. 

Эхнэр нь бага насны хүүхдээ ухасхийн тэврэхдээ нөхрөөсөө анх удаа айж буйгаа мэдэрлээ. Эхнэр нь түүнийг гэртээ оруулсангүй. Нөхөр нь эхнэрээ цонхоор ширтэнэ. Тэр эхнэрээ таньсангүй гэж үү?  Нөхөр хаалгыг чанга түлхэж, тохойлдож, цохиж үзлээ. Хаалга түгжигдсэн байсан учраас цонх хагалав.

Дайн гэрийн эзэгтэйн олон төлөвлөгөөг хэдэн зуун байдлаар, том жижиг хэсэг болгон нураан хаясан юм. Тэрбээр хоосон хөргөгчтэй байх, гаазгүй болох зэрэг нөхцөл байдалтай олон тулгарч байлаа. Гэрийн эзэгтэй өөрийгөө дайны хамгийн хачирхалтай хохирогч буюу амьд сэрүүн нөхөртэй бэлэвсэн эмэгтэй болсныг мэдэрч эхэллээ.


НӨХРИЙН ТАРЧЛААНТ ЭРГЭН ИРЭЛТ

Кэнди нөхөртэйгээ 2009 оны зун Нью порт бийч далайн эргийн хотод болсон нэгэн үдэшлэг дээр танилцажээ. Энэ бол хожмын нөхөр нь Ирак дахь морин цэргийн ангийн 1-4-р хороон дахь эхний албан үүргээ биелүүлээд байсны дараах үе юм. 

Кэнди бол 35 настай, шаргал үстэй, бүдэг сэвхтэй, хөх ногоон нүдтэй бүсгүй. Тэрбээр дайны талаар зөвхөн яриад суух биш, өөрийн эх орны төлөө дайнд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулах ёстой гэж итгэж үнэмшдэг нэгэн. 

Том Вүүдс бол 34 настай, улаан үстэй, цэргийн бага түрүүч, Сан Хосе хотоос гаралтай уралдааны машины жолоочоор ажилладаг байсан эр. 

Тэд Томыг хоёр дахь удаагийн албан үүргээ гүйцэтгэх үед Skype болон электрон шуудангаар харилцсаар бие биедээ дурлажээ. Том интернэтийн сэтгэл хөдлөл илэрхийлсэн тэмдэгтээр (emoticon) Кэнди рүү зүрх илгээж, түүнийг сарнай цэцэгт дургүйг мэдэх тул амьд daisy буюу хонин нүд цэцэг илгээж байсан удаатай. Том эргэн ирэхдээ Кэндиг тэврэн авч дээш өргөн эргүүлж байлаа. Том Кэндигийн хоёр охинд сайн байдаг нь Кэндигийн хайрыг татав. Кэнди анхны нөхрөөсөө салахдаа 15 настай Лизи, 6 настай Эдди хоёр охинтойгоо хоцорсон юм. 

Кэндигийн эршүүд, хэт ёсорхуу биш зан нь Томын хайрыг ихээр татдаг байлаа.  Том түүний аутизм болон дауны синдромтой хүүхдүүдийг асардаг ажил дээр очсоны дараа Кэндигийн тэвчээртэй занг биширснээ түүнд хэлж байсан удаатай. Кэндигийн хувьд Том бол түүний өмнө нь мэддэг байсан эрчүүдээс тэс өөр. Түүний ертөнцөд охид цэргүүдэд дурлах нь битгий хэл, тэдэнтэй болздог ч үгүй байсан юм. 

Том, Кэнди нар 2011 оны хавар гэрлэсэн. Тухайн үед тэдний хүү Блейк ээжийнхээ хэвлийд 7 сартай байлаа. Хуримын бөгж нь цэрэг хүний цалингийн хэмжээнд дүйцэхүйц хэмжээний буюу цагаан алтан дээр жижиг алмаазан шигтгээтэй байжээ. 

Том 1-4-р морин цэргийн хорооны талаар ярих бүртээ согтууруулах ундаа хэрэглэх нь морин цэргийн салшгүй нэг мөн чанар гэж ярьдаг байлаа. 

Кэнди армийн орчинд л асуудал байна гэж боддог байв. Томыг цэргээс халагдсаны дараа нөхцөл байдал өөр болно гэж өөртөө хэлж, найдсаар байсан юм. Кэндиг хүүхэд төрүүлэх тасагт байхад Том цүнхэндээ виски, пивотой ирэхэд ч тэрбээр нөхөртөө найдсаар л байсан. Томын Канзас муж дахь гэрт нь зочлох үеэр хөргөгчинд нь ямар ч хүнс байхгүй атлаа виски байхыг харсан ч түүнд итгэсээр байлаа. Хүү Блейкийнх нь толгой хөдөлсөн оноштой эмнэлэгт байхад Том согтуу ирэхэд хүртэл Кэнди найдсаар байлаа. Томыг цэргийн ангидаа үүргээ гүйцэтгэж байх үедээ согтуурч, түрүүчийнхээ мөрдэсийг урж, хугацаанаасаа өмнө халагдахад ч Кэнди итгэл найдвараа алдаагүй байсан юм. 

Том амьдралынхаа хорин хэдэн насыг автомашины уралдаанд оролцохоор гар цүнхээ барин аялж өнгөрөөсөн бол гучин хэдтэй үеэ “Арми хаашаа яв гэнэ” тэр газарт нь өнгөрөөж ирсэн. Харин одоо түүний нөхцөл байдал өөр. Сэтгэл хөдлөл ихтэй эхнэр, бага насны хүү, хоёр дагавар охиныхоо өмнө хариуцлага хүлээх өрхийн тэргүүн болсон. 

Нэгэн орой Анахаймын блюз хөгжмийн ордонд тэд тоглолт үзжээ. Гэвч шуугилдсан олон түүнийг цочирдуулсан юм. Томын амьсгаа суларч “Чимээгүй бай, надад чимээгүй орчин хэрэгтэй байна” гэж шивнэн хэлж байлаа. Тэр дайны талбарт үзсэн бүхнээсээ болж хямардаг, тэгсэн хэрнээ өнгөрсөндөө эргэж очих хүсэлтэй байгааг Кэнди мэдэж байлаа. Заримдаа Том дайны бүс дэх эрх чөлөөт байдал, хуягласан машин, пулемёт зэргийг санадагаа хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс орой бүр Кэндиг ажлаа тараад ирэхэд Том Xbox дээрээ “call of duty” тоглоод сууж байдаг, Афганистан дахь америк цэргүүдийн амьдралыг харуулсан “Restrepo” баримтат киног үздэгийн шалтгаан нь энэ байж болох юм. 

Нэгэн удаа амиа хорлосон цэргийн найзынх нь нэрийг бичсэн бугуйвч шуудангаар ирэхэд Кэнди нуусан ч Томыг дахин дахин асуугаад байхаар нь түүнд бугуйвчийг гаргаж өгсөн ч төд удалгүй согтчихсон явж байв. Том унтахын тулд, өнгөрснийг мартахын тулд архи хэрэглэдэг аж. Нэг удаа Кэндиг ажлаа тараад ирэхэд Том буйдан дээр ухаангүй, цэнэгтэй буу толгойдоо байрлуулсан байдалтай хэвтэж байсан удаатай. 

ЭХНЭРИЙН ГАНЦААРДМАЛ ТЭМЦЭЛ

Кэнди Ахмад дайчдын асуудал эрхэлсэн хэлтсээс архинаас гаргах эмчилгээний ор гаргаж өгөхийг хүссэн ч тухайн үед Том архийг хоёр долоо хоног хэрэглэхгүй байх ёстой гэсэн босго шалгуурыг ч хангаж чадахааргүй байлаа. Нэг өдөр Том Ахмад дайчдын асуудал эрхэлсэн хэлтсийн гадаа машиндаа уйлж суухыг нь харсан эмч нар сэтгэцийн оношлогоо хийхээр түүнийг авч явсан юм. Том өөрийг нь удаан хугацаагаар эмнэлэгт байлгах гэж буйг мэдсэн даруйдаа зугтжээ. Эмч нар түүнийг гэмтлийн дараах стрессийн өвчтэй (PTSD) гэж оношлов. 

Том хоёр ч удаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон гэсэн торгууль хүлээгээд байлаа. Кэнди Томын түлхүүрийг хураан авсан энэ өдөр дээр дурдсан гэрийнхээ хаалгыг эвдэж орсон үйл явдал өрнөсөн юм. Өөр нэг өдөр Кэнди хатгаа туссан хүүтэйгээ яарсаар эрчимт эмчилгээний тасагт ирээд, Том руу удаа дараа залгаж, мессэж бичсэн ч хариу өгөхгүй байлаа. Асуудал тодорхой биш ч Кэнди Томыг дахиад л согтуугаар автомашин барьсан гэдгийг гадарлаж байсан юм. Маргааш нь Том залгав. Тэр хэдэн цагийг торны цаана өнгөрөөсан байж. Кэнди Томыг эмнэлэгт ирүүлэхийг хүсэхгүй байлаа. 

“Хүүгийн минь зургийг надад явуулаач” гэж Том хэлэхдээ түрээсийн байшиндаа ганцаараа байлаа. Өмнөх түрээсийн байшингийнхаа хаалгыг эвдэлсний улмаас хөөгдсөний дараа тэд энэ байшинд нүүж ороод байв. “Би чамд маш их санаа зовж байна, чамайг өнөө орой юу хийх бол гэхээс. Намайг маргааш гэртээ очиход чи гэртээ байна биз дээ” гэж Кэнди хэлэхэд Том “Би хаачив л гэж дээ” хариулав. Кэндиг “Би чамд хайртай” гэж хэлсний дараа хэсэг хугацаанд чимээгүй байснаа Том “Чи намайг маргаашнаас харахгүй гэдгээ ойлгож байна уу” гэв. Кэнди хариуд нь “Юу гэсэн үг вэ? Маргаашнаас намайг харахгүй гэв үү. Надтай ингэж харилцах чинь таалагдахгүй байна шүү” гээд л өнгөрөв. 

Том 3 удаа согтуугаар автомашин жолоодсон учраас торны цаана хэсэг хугацааг өнгөрөөх ёстой болсон талаараа ярьж байсан нь тэр байж. “Би магадгүй хүүгээ дахиж хэзээ ч харахгүй бололтой” гэж Том бувтнана. “Нөхцөл байдал тийм ч дордоогүй байх гэж би бодож байна. Хоёулаа энэ бүхний учрыг олох болнооо. Гэхдээ энэ сүүлчийн тохиолдол шүү. Ойлгосон биз” гэж Кэнди хэлэв.

Кэндиг дахин “Би чамд хайртай” гэж дахин хэлсний дараа хэсэг хугацаанд Том чимээгүй байснаа “Чи над шиг хүнийг яаж хайрлаж чаддаг байна аа” гэхэд нь Кэнди “Яагаад гэвэл би чамайг ямар хүн гэдгийг чинь мэддэг учраас хайрладаг юм. Чамайг зүгээр болно гэдгийг мэдэж байна. Ойлгосон уу” гэлээ. 

Кэнди үүссэн асуудлыг арай хөнгөвчилсөн байдлаар шийдүүлээд, архины эмчилгээнд хэвтүүлэх талаар хөөцөлдөж буйгаа хэлээд Томыг хэдэн сар гэрээсээ хол байх нь зөв байх гэж бодож буйгаа тайлбарлав. Хариуд нь Том “Би аз жаргалтай байх, эрүүл байх мэдрэмж ямар байдаг талаар төсөөлж ч чадахгүй байна. Архины эмчилгээнд ороод гадагш гарч ч чадахгүй, гэр бүлээсээ хол байхыг үзэн ядаж байна. Би яаж гэр бүлийнхэндээ тус нэмэр болох болж байна аа” гэхэд нь Кэнди “Чи угаасаа тус нэмэр болдоггүй байсан шүү дээ” гэв. 

Маргааш нь Кэнди нөхрийнхөө машиныг “CarMax”-д зарсан нь түүнийг дахиж согтуугаар машин бариулахыг хүсээгүйдээ хийсэн үйлдэл байв. 

МАГАДГҮЙ ЭНЭ БОЛ СУРГАМЖ

Шүүх хурлыг Вэнди Линдлей гэх шүүгч даргаллаа. Тэр нэг зүйлийг маш тодорхой хэлсэн нь Том нэг бол мужийн захиргааны анхан шатны шоронд сууна, эсвэл гэр бүлийнхнээс нь есөн сар, магадгүй түүнээс удаан хугацаагаар тусгаарладаг архины эрчимт эмчилгээний хөтөлбөрт хамруулна гэсэн шийдвэр байлаа. 

Том хоёр сар шоронд суусны дараа архины эрчимт эмчилгээнд хамрагдахаар шийдсэн юм. Вэнди Линдлей “Том согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож “Оранж Каунти”-гийн оршин суугчдын аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан. Танд өөр боломж байхгүй. Та дайны талбарт үүрэг гүйцэтгэсэн боловч энэ үндэслэлээр таныг өршөөх боломжгүй” гэж хэлсний дараа Кэндид хандан “Архины эрчимт эмчилгээний хөтөлбөрийн журмыг сайтар мөрдөх хэрэгтэй. Үүнд эмчлүүлэгч дээр очиж болохгүй, утсаар ярихгүй, эмчлүүлэгчтэй уулзаж болохгүй гэсэн заалтууд багтсан байлаа. Том бүх зүйлээ алдахад ямар мэдрэмж төрдгийг ойлгох хэрэгтэй. Тэр амьдралын төлөө тэмцэж байна” гэж хэлэв. 

Энэ мөчөөс эхлэн Кэнди Томгүйгээр өнгөрүүлэх цаг хугацааг тоолж эхэлсэн юм. 

ХОЁР ӨДРИЙН ДАРАА

Кэнди хотын шуудангийн газарт зогсож байхдаа толгой нь эргэж, бие нь хөлөрч эхлэхийг анзаарав. Түүн рүү хүмүүс ширтэж эхэлж байгааг Кэнди ойлгохтойгоо байлаа. Гэвч тэр амьсгалж чадахгүй болж байх шиг. Түүний цочирдолд бие нь хариу үйлдэл үзүүлж буй нь энэ байлаа. 

ГУРВАН ӨДРИЙН ДАРАА

Харандаагаар бичсэн захидал ирлээ. 

Хайрт хань минь,

Хүчирхэг, чамайг дэмждэг эр хүн, нөхөр, аав байж чадаагүйдээ ичих, гэмших сэтгэл төрж, амиа бодсон, өрөвдөлтэй байгаагаа мэдэрч байна. Чамайг зовоож, гай болж байсанд үнэхээр, үнэхээр уучлаарай. Олон арван жил үргэлжлэх хүчирхэг, гайхалтай гэрлэлтээрээ би чинийхээ итгэлийг буцаан авах болно оо. Намайг хожмын нэг өдөр уучлах орон зай чиний зүрх сэтгэлд үлдсэн байх гэж найдаж, залбирч сууна. Энэ өдрөөс хойш гэр бүлийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй сайн эр хүн байхын тулд өдөр бүр хичээх болно гэдгээ амлая... Чамайг нялх хүүхэд, охид, ажил, төлбөрүүд, байр, ажил хайх, нүүдэл суудал энэ бүхнийг надгүйгээр хэрхэн зохицуулж байсныг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хонгор минь чи миний хувьд ертөнц юм шүү, үргэлж ертөнц минь байсаар байх болно. Би чамдаа хайртай! 

Том энэ захиаг шоронд байхдаа бичжээ. Харамсалтай нь Кэнди түүний талаар дахин хэзээ сонсохоо мэдэхгүй хэвээр байлаа. Хэдийгээр Кэнди Том руу нэг цаг давхиад очих хэмжээний ойрхон зайд амьдарч байгаа ч Иракт байснаас нь ч илүү хол санагдах аж. Кэндид аль хэдийнэ дайны уршгаар бэлэвсэн үлдсэн эмэгтэй болсон мэт сэтгэгдэл төрөх болжээ. 

ХОЁР САР, ХОЁР ДОЛОО ХОНОГ, НЭГ ӨДРИЙН ДАРАА

Уйлмаар санагдаж байсан ч Кэнди хүүхдүүдийнхээ хажууд уйлахыг хүссэнгүй. Машиндаа ороод ганцаараа уйллаа. Кэндид олон танил бий. Гэхдээ тэр үнэтэй машин унаж, үнэтэй цүнх барьсан ээжүүдэд өөрийн амьдралыг дэлгэхийг хүсээгүй юм. Кэндигийнхэн төлбөрөө төлж чадаагүйн улмаас хэд хоног гаазгүй, усгүй болж, найзындаа шүршүүрт орсон тухайгаа хэлэхгүй нь бүр ч ойлгомжтой. Үүнээс гадна Кэнди анх удаа ломбарданд очиж Томын дайны үед ашиглаж байсан хутга, Томын өвөөгийн дэлхийн 2-р дайны үеийн радио зэргийг барьцаанд тавин мөнгө авсан тухайгаа, хуримын бөгжөө, ээжүүдийн өдрөөр охидынх нь бэлэглэсэн “Тиффани” брэндийн хүзүүний зүүлтээ зарсан тухайгаа, мужийн захиргааны хүнсний талоныг хэтэвчиндээ байнга авч явдаг тухайгаа тэдний амьдралыг ойлгохгүй хүмүүст хуваалцахыг хүсэхгүй нь ойлгомжтой. 

Кэнди хүү Блейкийнхээ зургийг фэйсбүүкт оруулахад 30-40 хүн like дарах боловч цөөн хэд нь л Кэндигийн амьдрал дайны талбараас халагдаж ирсэн цэрэг эртэй холбоотой гэдгийг мэддэг байв. Түүний энэ амьдрал эмээгийнх нь ярьдаг байсан дэлхийн 2-р дайны үеийн түүхийг санагдуулж байлаа.  

ХОЁР САР, ГУРВАН ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА

Томтой харилцах мэдээллийн урсгалыг хаасан нь Кэндид инээд хүрмээр, бас харгис санагдаж байлаа. Тэр архинаас гаргах эмнэлэг рүү 10 удаа захидал бичсэн ч нэг ч хариу ирүүлсэнгүй. Хүнээр дамжуулан холбогдохыг оролдсон ч “Тэр сайн байгаа” л гэх аж. 

ГУРВАН САРЫН ДАРАА

Кэнди хорт хавдартай гэж оношлогдсон тул умайн хүзүүнийхээ хавдрыг авахуулах мэс ажилбар хийлгээд байлаа. Гам барина гэж эмч нарт амласнаар тухайн өдрөө гэртээ иржээ. Гэвч түүний сэтгэлийг нэг зүйл зовоож байлаа. Хэрэв Кэнди нас барчихвал, Том эмчилгээнээс гарч ирсэн ч нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй байвал яах вэ? Тийм нөхцөл байдал үүсвэл хүүхдүүд маань яах болж байна вэ гэсэн асуултууд Кэндиг тасралтгүй зовоох аж. 

ЗУРГААН САР, ГУРВАН ДОЛОО ХОНОГ, ХОЁР ӨДРИЙН ДАРАА

Нөхцөл байдал хүнд байсан ч гэсэн хүүхдүүд нь эрүүл, утга учиртай ажил хийдэг зэрэг нь зарим талаараа Кэндиг өөрийгөө азтайд тооцох шалтгаан болж байлаа. Кэнди Томд зориулан хүүтэйгээ хамт байж чадаагүй дурсамжит мөчүүдийг нь харуулсан зургийн альбомыг бэлтгэж эхлээд байлаа. Блейк хүүгийн хамгийн анх удаа идсэн иштэй чихэр, бялуу, алим, анх удаа толгойгоо юманд цохисон мөч зэргийг харуулсан зургийг альбомонд хийжээ. 

НАЙМАН САРЫН ДАРАА

Зул сарын модны дор хандивын бэлгүүд жирийнэ. Гэхдээ Кэнди хүүхдүүддээ тэдгээр бэлгүүд бол танихгүй хэн нэгний өгч буй бэлэг гэдгийг хэлээгүй юм. Учир нь тэдний гэр бүл хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хамрагдахаар сонгогдсон. Бэлгийг дагаж ирсэн “Target” сүлжээ дэлгүүрийн бэлгийн картыг Кэнди 300 доллараар зарж, уг мөнгөөр тухайн сарын цахилгааны төлбөрөө төллөө. 

ЕСӨН САРЫН ДАРАА 

Ахмад дайчдын асуудал эрхэлсэн хэлтсээс Томыг хөдөлмөрийн чадамжаа 100 хувь алдсан гэсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр сар бүр авах тэтгэмжийн мөнгөн дүн 1700 доллараас 3340 болон нэмэгдэв. 

Кэнди архинаас гаргах эмнэлэг рүү утасдсан боловч Том хэзээ эмнэлгээс гарах талаар хэлэхгүй хэвээр байлаа. 

ДАХИН НЭГ БОЛОМЖ

ЕСӨН САР, ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА

Кэндигийн утас дуугарав. Томоос ирсэн дуудлага байлаа. Архинаас гаргах эмнэлэг дүрэм журмаа зөөллөж Томд 7 минут утсаар ярихыг зөвшөөрсөн нь энэ байлаа. Том Кэндид сайн аав байхыг хүсч буй талаараа ярьж, хүүгийнхээ нүдэнд дахиж согтуу харагдахгүй гэж хэлэв. 

АРВАН САРЫН ДАРАА

Кэндигийн найзууд түүнээс Том эмнэлгээс гарч ирээд урьдын байдал дахин давтагдсаар байвал яах вэ гэж асуусаар байлаа.

Кэнди хариуд нь “Би түүнд дахин боломж олгохгүй ээ. Эргэлзэх зүйлгүйгээр түүнийг орхих болно” гэж хэлнэ. Үүнээс гадна Кэнди өөр нэгэн чухал шийдвэр гаргасан нь Томыг хэчнээн гуйсан ч нэмж хүүхэд төрүүлэхгүй гэсэн шийдвэр байв. 

АРВАН НЭГЭН САР, ГУРВАН ДОЛОО ХОНОГИЙН ДАРАА

Цэцэрлэгт хүрээлэнд Кэнди Томтой уулзахаар хүлээн зогсоно. Тэдэнд уулзах 10 минутын боломж ногджээ. Томыг архины эмчилгээний эмнэлгийн харгалзах хүн дагаж ирэв. Кэнди Томыг хараад өөдөөс нь гүйн очлоо. 

Том өөрийн хийсэн нүгэл, буруу үйлдлийг дахин давтан хэлж, уучлалт гуйв. Энэхүү уулзалт нь түүний эдгэрэлтийн үйл явцад эергээр нөлөөлнө гэж эмнэлэгийн зүгээс үзсэн учраас эхнэртэй нь уулзуулсан хэрэг аж. Томын хоолой Кэндид робот шиг сонсогдож байсан ч эрүүл, гэрэлтсэн царайтай, цэлмэг нүдтэй, сайхан харагдаж байлаа. Том Кэндиг үнсэв. 

НЭГ ЖИЛ, ХОЁР ДОЛОО ХОНОГ, ХОЁР ӨДРИЙН ДАРАА

Том гэртээ маргааш ирнэ. Кэнди сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа шилбэний үсээ хусч, өглөө нь сормуусаа будаж, үсэндээ долгион оруулж, хар даашинз өмсөв. 

НЭГ ЖИЛ, ХОЁР ДОЛОО ХОНОГ, ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА

Нэгэн сайхан хотын буйдхан хороололд автомашин орж ирлээ. Америкийн далбаа, эх оронч дүр төрхийг илтгэсэн бөмбөлөг болон “Тавтай морил” гэсэн бичиг өлгөсөн хоёр давхар, бор байшингийн өмнө автомашин зогслоо. Автомашинаас эхнэр, нөхөр хоёр гарч ирлээ. Тэд сугадалцан гэртээ оров. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.