Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хөл хориог “хөнгөлөх” 10 урт роман 


Орчин цагт зузаан ном унших нь багассан гэж ярьдаг. Энэ нь цаг заваа хэмнэх, мөн чөлөөт цагаа зарцуулах зүйл бишгүй байгаагаас болдог байж мэднэ. Тэгвэл хөл хорионы үед урт романуудын ард гарах нь нэгт боломж, хоёрт цаг хугацааг зугаатай өнгөрүүлэх арга юм. Эх хэлээрээ унших боломжтой 500-аас дээш хуудастай 10 романыг санал болгож байна.


Лев Толстой “Анна Каренина” 

Хуудасны тоо: 950

Зохиолчийн алдрыг дэлхийд өргөсөн "Дайн ба Энх" романы дараа орох хоёр дахь энэ том бүтээлд мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийн тухай хөндөнө. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэнэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөртэй эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.

Ф.М.Достоевский “Гэм зэм”

Хуудасны тоо: 568

Ф.Достоевскийн "Гэм зэм" романыг дэлхий нийт уран зохиолын хан оргилуудын нэг гэдэг. Нутагтаа төдийлөн алдаршаагүй ч барууны ертөнцөд шагшигдан Оростоо хүндлэгдэх болсон Ф.Достоевскийн бүтээлүүд ямагт ёс суртахууны сэдэвтэй байдаг. Түүний хувьд ёс суртахууны шалгуур нь Христийн тэр дундаа Үнэн алдартны шашин билээ. Гэхдээ "Гэм зэм" романы Раскольников нүгэл буян сүлэлдсэн энэ хорвоогийн жирийн хүмүүсийн нэг. Хувь хүний өөртөө сонгон авсан идеаль нийт олонтой, нийгэмтэйгээ зөрчилдөх нь тэрслэл билээ. 

Александр Дюма “Монте Кристо гүн” 

Хуудасны тоо: 1200

Энэхүү бүтээлийн гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу. Нас залуу хэдий ч түүнд онгоцны ахмад болох хувь тохиож, үзэсгэлэнтэй сайхан охинтой гэрлэхээр болж, хувь заяа түүнд инээмсэглэж буйгаар зохиол эхэлнэ. Харамсалтай нь зарим нэгэн овилгогүй, атаач хүмүүсийн балгаар амьдрал нь орвонгоороо эргэж, харанхуй шоронд арван дөрвөн жилийг өнгөрөөжээ. Тэнд асарч тэтгэж байсан өвгөн лам Фариагийн ачаар тэрээр их хамба Спадагийн нуугдмал эрдэнэсийг эзэмших эрхтэй болж, санаанд оромгүй тохиолдлоор шоронгоос оргосныхоо дараа асар их баялгийн эзэн болно.

Ярослав Хашек “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” 

Хуудасны тоо: 679

Дэлхийн 60 гаруй хэлээр орчуулагдсан энэхүү романыг зохиогч дэлхийн нэгдүгээр дайныг бусад зохиолчдоос огт өөр өнцгөөс харжээ. Тэрээр утга учиргүй, эх адаггүй харгислалыг хошин наргиантай байдлаар дүрсэлж, өнгөц харахад эх оронч хүн мэт авирлаж буй мангуу эрийн дүрээр эзэнт гүрний бодлогыг элэглэн шоолжээ. Тэр цаг үеийг харуулсан олон шилдэг роман байдаг ч үнэт чанарын агууламжаараа "Эрэлхэг цэрэг Швейк" шиг байх нь ховор. Чех зохиолч Хашек уг бүтээлээ алиа хошин романы уламжлалаар бичсэн ч тэрхүү чиглэлд нэгэнт хэвшчихээд байсан хэв загварыг бүхлээр нь өөрчилж, баатарлаг явдал хайсан Кихот ноён, Санчо хоёроос тэс ондоо алиа салбадайг гол дүр болгон гаргаж ирсэн. 

Лев Толстой “Дайн ба Энх” 

Хуудасны тоо: 1500

Л.Н.Толстой "Дайн ба Энх" роман нь 1805-1814 онд Францын эзэн хаан Наполеоны өдөөсөн халдлагын эсрэг боссон оросын нийт ард түмний дайны тухай өгүүлдэг дөрвөн боть туульс юм. Зохиолчийн сэтгэлийн торгон мэдрэмж, гүн ухаан, сэтгэл зүйн нарийн дүн шинжилгээ, нийгмийн давхаргуудын бодит амьдралыг түүхчилсэн үнэн байдлаар харуулснаараа уншигчдын анхаарлыг татсан. Тиймдээ ч хэвлэгдсэн даруйдаа хамгийн эрэлт хэрэгцээтэй ном болсон юм. Хүний дотоод ертөнц, амьдралын хуулиуд, утга учир, нийгмийн давхаргуудын үзэл бодол, ёс суртахууны эрэл хайгуул нь Л.Толстойн зохиолуудын гол сэдэв байдаг. Энэ онцлог ч "Дайн ба энх" -д нэвт шингэжээ.

Мигель де Сервантас “Дон Кихот”

Хуудасны тоо: 900

“Дон Кихот”-ыг уншиж байх зуураа бид Хүлэг баатар, Санчо хоёрыг ойлгож, тэд үнэндээ биднээс хавьгүй ихийг мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрч яагаад ч чаддаггүй. Яг үнэндээ өөрсдөө бид хэн болохоо мэддэг сэн билүү? Би бол тэр гээд итгэл төгс тодорхойлж чадах хүн хэр олон билээ? Хүлэг баатар, Санчо хоёр аугаа их үйл бүтээж байна хэмээн итгэж явахдаа өөрсдийгөө хэн бэ гэдгийг харин мэдэж байсан юм. 

Михайл Шолохов “Дөлгөөн Дон” 

Хуудасны тоо: 880

Оросын түүхэн дэх 1912-1922 оны эрс өөрчлөлтийн үеийн Доны казакуудын амьдралыг бүрэн дүүрэн гаргаж уран сайхны өндөр түвшинд бичигдсэн "Дөлгөөн Дон" романых нь төлөө М.А.Шолоховт 1965 онд Нобелийн шагнал хүртээжээ.Тус роман нь Оросын иргэний дайныг ялагч талын зүгээс бус хувьсгалын эсэргүү, сөрөг талын үүднээс уншигчдад хүртээхийг зорьсон юм. "Өнгө будгийг нь өтгөрүүлэлгүйгээр бослогын өмнөх бодит байдлын жинхэнэ хатуу үнэнийг дүрсэлсэн" хэмээн Шолохов өөрөө зохиолынхоо тухай өгүүлжээ.

Айн Рэнд “Атлантын нуруу тэнийв” 

Хуудасны тоо: 1183

Энэ ном Айн Рэндийг XX зууны хамгийн алдартай үргэлжилсэн үгийн зохиолчдын нэг болгоод зогсоогүй, хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг болгосон юм. Жон Галт гэж хэн бэ? Эвдэн сүйтгэгч үү, аль эсвэл чөлөөлөгч үү? Энэ хүн яагаад өстөн дайснуудтайгаа биш, өөрөөр нь дутагдаж байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх болов? Яагаад тэр хамгийн хатуу ширүүн тулааныг хайртай эмэгтэйнхээ эсрэг хийнэ вэ? Та алдарт зохиолч Айн Рэндийн энэхүү гайхамшигт номонд гарч буй хачирхалтай эрэгтэй эмэгтэй хүмүүс, тэдний амьдралыг сүйрүүлсэн толгой эргэм үйл ядлуудын цаад учир шалтгааныг олж мэдсэнээр эдгээр асуултын хариултыг олж авах болно.

Ф.М.Достоевский “Карамазовын хөвгүүд” 

Хуудасны тоо: 1092


Түгээмэл адал явдал, ховорт тооцогдох гэмт хэргийн тухай роман. Ховор гэдгийн учир нь төрсөн эцгээ алсан хэрэг зохиолын гол зангилаа юм. Олон соёл иргэншилд төрсөн эцгээ алахыг хамгийн аймшигтай хилэнцэт нүгэл гэж үздэг. Энэ үзэгдлийн сэтгэл зүйн учиг маш нарийн. Хүн судлахыг зохиолчийн хамгийн чухал зорилт хэмээдэг Достоевский уг учгийг нэгэн айлын жишээгээр тайлж байна. Хүний сэтгэл ариусахад ухамсартай сүсэг бишрэлийн ач тус цаглашгүй их. Достоевский "Бурхан байхгүй бол яаж ч авиргүйтсэн хамаагүй" гэж нэгэнтээ айлдсан бөгөөд энэхүү санаагаа романыхаа Христ бурхан газарт эргэн ирж буйг дүрсэлсэн нэг бүлэгт тусгасан буй. Энэ бүлгийг биеэ даасан бүтээл гэж үзэх нь ч бий. 

“Одиссей” 

Хуудасны тоо: 647

Илиада болон Одиссэй хэмээх хоёр туульсыг барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлүүд гэж тооцдог. НТӨ 725-675 оны хооронд анх Илиада нь, арай сүүлд Одиссэй нь зохиогдсон хэмээн тооцогддог эдгээр туульс олон зууныг дамжин өнөө бидний үед ирэхдээ ач холбогдол нь асар өндөр болжээ. Уг хоёр туулийг олон талаас нь судалж, тайлбарлаж, шүүмжилж, дэлхийн бараг бүхий л хэлэнд хөрвүүлж, янз бүрээр хялбаршуулж, өөрчлөн найруулсан байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.