Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Хөг эгшгийн Доминикус

“Лувсанжамбын Мөрдорж” цуврал I


Түүх бүхэн эхлэлтэй. Зарим түүх цаг үетэйгээ өнгөрсөнд сарнин замхрах бол зарим түүх хэдэн зууныг дамжин баяжсаар хүний оюун санаанд үүрд хадагдан үлдэнэ. Энэ бол тийм л түүхийн нэг нь. Одоогоос 3000 жилийн тэртээ Италийн баруун эргийн Тускани хотод Гьюдо Аритински гэх эгэл лам газар орноор бэдэрч, дуу хөгжимд шимтэж яваад дуу аялгууг тэмдэгт буулгах аргыг олоод хөгжмийн хэл болсон долоон эгшгийг буулгажээ. Долоон эгшиг “эзэн” (доминикус) гэсэн утга бүхий “До” эгшгээр эхэлнэ. 

Өөр нэгэн түүх 1930-аад оны эхэн үеийн Улаанбаатарт эхэлж, монголчуудын сэтгэл зүрхэнд үүрд шингэн үлдэх болно. Энэ түүх хуучивтар, жижиг модон хуучир барьсан, хуучин ногоон даалимбан дээлтэй жаахан хүү театрын хаалга татсанаас эхэлдэг.

 (Нийтлэлийг уншихын өмнө уг хөгжмийг сонсохыг санал болгоё)


Толгойдоо ов тов сорвитой, жижигхэн бор хүү юу бодож барагтай хүн зүглэж, шалгуулдаггүй их театрын хаалгаар орсныг хэн нь ч таамагласангүй. 

        - “Хүү минь яаж яваа юм бэ”

       -  “Би шалгуулна”

        - “Юу дардаг билээ”

        -  “Хуучир” 

Тэр үед шалгуулахаар ирэх хүн олон байгаагүй учраас сонирхон шалгахаар болж, театрын толгой улс шалгаруултад оржээ. Өнөөх хүү жижигхэн модон хуучиртаа “Гоож Нанаа” гэх ардын дууг тоглож эхлэв. Шалгалт авч байгаа улсын дунд суусан алдарт хуурч Түдэв гүн их л шохоорхонгуй харж байсныг нэрт уртын дуучин Дорждагва дурсан ярьсан байна. Ногоон дээлтийг гаргачихаад авах, эсэх талаар ярилцахад Түдэв гуай “Маш их хэрэгтэй хүн” гэсэн ганцхан өгүүлбэр хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв. Магад алдарт хуурчийн нүдэнд өмнө нь сууж буй хуучин хуучир барьсан, ногоон дээлтэй хүү хөг эгшгийн мөнөөх “До” болж харагдсан ч байж мэднэ. Энэ бол зүрхэн дээрээ гараа тавьж дуулдаг цор ганц дуу “Төрийн дуулал”-ыг зохиолцсон, нэрт хөгжмийн зохиолч Лувсамжамбын Мөрдоржийн ээдрээтэй атлаа баялаг амьдралын зурвас хэсэг билээ. Хэн бүхний туулж гарамгүй эгэл борог амьдрал дундаас “До” эгшиг мэт эхэнд нь дохигдож, хөгжмийн нэгэн үеийг бүтээсэн түүний түүхийг мөшгихөөр бид замдаа гарсан. Хүмүүсийн дурсамж, түүхийн баримт, хөгжмийн хөг данд оршиж буй түүний амьдралын түүхийг энд хүүрнэх болно. 

Монголын сүүлчийн эзэн хаанд өргөгдөж, Монгол Улсын төрийн дууллыг зохиож, анхны симфонийг бичсэн суут хүний амьдрал Богд Уулын өвөр бэлээр нутагтай Лувсанжамба гэх ядуу тарчигхан малчин айлаас эхэлжээ. Гурван настайдаа хагацлын гашууныг амссан Мөрдорж хүү төрсөн эгч Цэвэгжавыг ээж хэмээн дуудаж хүн болсноо, эцэг нь сүүлд Хүрээнд оршин суухаар ирээд хуучин Дөрөвдүгээр хороонд айл болон товхинож, махны захад мах үүрч амьдарсан талаар гурван үеийн намтартаа бичиж үлдээснийг хөгжим судлаач Энэбиш хуучилж байна. Энэ үеэс түүний амьдрал Монголын сүүлийн хаан, Богд Жавзандамбатай холбогдсон гэдэг. Ямар учраас Богдын ордонд очиж, бидний мэдэх Богдын их хатан Дондогдуламтай татуулсан гэрэл зураг баримт болж үлдэв ээ?  

“Богд хаан Чингисийн алтан нутаг, Хөвчийн Жонон бэйсийн хошуунаас Дондогдуламыг хатнаа болгож авсан. Дундаас гарсан хүүхэдгүй, хүүхэдтэй болсон ч бүтээгүй юм шиг байна билээ. XX дугаар зууны эхнээс өөрсдийн санаачлагаар ноёдуудаас хүүхэд үрчлэн авч хүмүүжүүлэхээс гадна ядуу зүдүү амьдралтай, хүрдэн дээр тавьсан хүүхдүүдийг авч асарч хамгаалан, боловсрол олгож ирсэн байна. Сүүлд хатан дэргэдээ авч, хатны эх “Далай ээж” хүүхдүүдийг өсгөж, сурган хүмүүжүүлсэн нь түүхэнд тод үлдсэн”-ийг түүхч О.Батсайхан ярилаа. 

Эцэг эхээсээ өнчирсөн бяцхан хүүгийн хувь тавилан Монголын сүүлчийн хаан, шашны дээд мяндагтныд өргөгдсөнөөр өөр зурагдсан байж болохыг түүхч О.Батсайхан хэлсэн юм. “Хамгийн сонирхолтой нь, Богдын ордонд 1911 оны дараа төрийн дуулал зохиож байсан, бас XX зууны эхээр Монголд ирсэн Орос аялагчдын бичсэнээр төгөлдөр хуур, үлээвэр хөгжмийн чуулга хүртэл байсан гэнэ лээ. Ордонд кино үзэж, хөгжим тоглодог байсан учраас тийм ертөнцөд бойжиж байгаа хүүхэд мэргэжил боловсролтой болж өснө дөө. Тухайлан яривал, Богдын ордны боловсрол ямар байсныг өнөөгийн Монгол Улсын төрийн дууллыг Мөрдорж гуай зохиосноос бэлхэн харж болно”.

Эсвэл эхээс төрөхдөө тэр их заяагаа тээж төрсөн байж мэднэ. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн дурдсанаар эхээс төрөхдөө ер бусын байдалтай төрсөн хүүгийн амьдралын зам огт өөрөөр зурагдах тавилантай байсан ч юм билүү. Өөрийнх нь тэмдэглэн үлдээсэн “Миний эгч Цэвэгжав шанзчин. Эгчийн нөхөр Цүлтэм дуу хуурд дуртай хүн байсан. Авга ах Лувсан-Иш лимбэчин, дүү Дашдулам шанзчин байсан” нь нөлөөлсөн ч байж мэднэ. Хөгжим судлаач Р.Ганбаатарт “Гэрт маань ирээд учиргүй гангалж бэлдээд, идээ будаа засаад аваад явсан нь бүдэг бадагхан буудаг. Сүүлд зургаас харахад тэр хүүхэд би мөн байна лээ шүү” гэж хэлснийг дурсан ярилаа. Хэн бүхний мэдэх Дондогдулам хатантай авахуулсан жаахан хүүгийн зургийг өөрийн биеэр батлан хэлсэн нь дурсамж яриагаар батлагдаж байна.

 Богдын ордонд гурван жил болсны хойно Богд хаан таалал болж, коммунист засгаас хойд дүр нь дахин тодорсонгүй хэмээн зарлахад үрчлэгдсэн хүүхдүүдийг бэлэг сэлттэй буцааж, удалгүй Мөрдорж хүү Их хүрээний аймагт шавилж, нэрийн номын анхны шад болох жүдийн номыг сурчээ. Гэхдээ багынх нь ой тойнд үлдсэн бурхан номын дүр зургаас түүнийг хөгжим л илүү татаад байсныг хөгжим судлаач Энэбиш гуайн яриа батална. “Сэлбийн гүүрний тэнд Хятад дэлгүүр байлаа. Нэг өдөр тэр дэлгүүрт орвол ноолийн утсаар утасдсан хуучир байхыг үзээд зургаан төгрөгөөр худалдаж авлаа. Одоо бодоход Лувсан хуурчийн хуучир шиг том байсан санагдана. Сургуулийн байран дээр ирээд байнга хөгийг нь оролддог боллоо. Болмоор ч юм шиг, болмооргүй ч юм шиг санагдана. Ингээд би “Шивээ Хиагт”, “Ганди мод”, “Хүмүүн төрөлхтөн” гуравтай ноцолдож эхэлсэн дээ” гэж соронзон бичлэгт бичүүлсэн байна. 

Дээр бидний дурдсан ногоон дээлтэй хүүгийн барьсан жижигхэн хуучрын учир энд ирж тайлагдсан нь тэр. 

“Бөмбөгөр ногоон” дээр ирсэн тэр л өдөр Мөрдорж гэх хүүг Монголын хөгжмийн ертөнцөд бэлэглээд зогсохгүй, өөрт нь Түдэв гүн хуурчийн хатуу чанга, мах руу, хумсаа өвчилтөл хуурддаг аргыг, Түвдэн хуурчийн дэгжин гоё, чавхдас дээр гар хүрч байгаа нь үл мэдэгдэх аргыг, Алтангэрэлийн хуур, хуучир, ёочинг хуруу гар, хөлөөрөө хүртэл тоглодог авьяасыг хайрлажээ. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн ярьснаар “Дээр үед бөмбөгөр ногооныхон завтай үедээ айлын найраар явдаг байж. Түдэв гуай бор дарс заримдаа татчихдаг. Түдэв гуайг жаахан халчихвал Мөрдорж гуай хуурыг нь аваад хуурдчихдаг хүүхэд байсан гэж Дорждагва гуайн дурсамж дээр гардаг. Хуурынхаа үндсэн суурийг Түдэв гуайгаас авсан” ажээ. 

Хүрээний бага сургууль төгсөж, 14 настай жаахан хүү Санхүү, нягтлан бодохын зургаан сарын курс дүүргээд 1936 онд 17 насандаа цэрэгт татагдлаа. Үнэндээ 17-той ч 18 настай гэж худал мэдүүлээд цэргийн албанд мордчихсон тул сэлэм нь газар тулаад зүүж болдоггүй байсан гэдэг. “Би оройн цагаар цэргүүдэд хуучир дарж, дарга нарт сайшаагддаг байлаа. Ингээд энэ тухайгаа салаан дарга Батаа гэдэг хүнд хэлж, их бууны ангиас чөлөөлөгдөж, оройн цагаар цэргүүдэд хөгжим сонсгож, өдрийн цагаар номын сан ажиллуулдаг боллоо. Гэтэл нэг өдөр цэргийн клубт дуу хөгжимтэй уралдаан шалгаруулахад хорооноосоо нэг дүгээр байр эзлэв” гэж ярьсныг Энэбиш гуай судалгааны бүтээлдээ тэмдэглэжээ.

Харин түүнийг хорооноос нэгдүгээр байр эзлэн шалгарч, үндэсний хөгжмийн улсын уралдаанд оролцсон тухай нэрт хуучирч Цэрэндорж гуайн ярьсан дүрс бичлэг сан хөмрөг болж хадгалагджээ. Тэрээр “1936 онд 17 настай цэрэгт байж байгаад наадмаар үндэсний хөгжмийн уралдаан болсноор тэнд түрүүлж “Улсын алдарт гавьяат” цол авлаа гэж дуулдаж байсан” гэжээ. Багаасаа авьяас нь тодорсон эгэл нэгэн хүүгийн түүх энэ үеэс эхлэн бүр өндөрт, бүр л холд цуурайтаж эхэлнэ.  

Хүн амьдралдаа олон олон дүрийг бүтээдэг. Бүтээсэн дүрүүд нь зөрж, үлдээсэн дурсамжууд нь нөхөөстэй таар шиг алаг тарлан бол тэр хүнийг нэр бүтэн амьдарчээ гэхэд хэцүү. Хөгшчүүд түмэнд дуурсалтай хүнийг нэр бүтэн амьдарсан гэж ярьдаг. Хөгжмийн зохиолч Мөрдоржийг хүн талаасаа ямархуу хүн байсан бэ? гэж асуусан асуултад хариулсан хэн боловч нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, ёстой л “Хүн” байсандаа гэж хариулна. Энэ нь ердийн нэг зулгуй магтаал биш болохыг өөдөөс нь харж суусан би ажиж байлаа. 

“Их хөгжилтэй, сэргэлэн, алиа хүн байсан. Тэр олон жил хамт ажиллахад Мөөеөг уйтгарлаад, гуниглаад суухыг нэг ч үзээгүй. Ер нь их амьдралын итгэлтэй, цоглог хүн шүү дээ. Тийм ч учраас уран бүтээлүүд нь тийм сайхан гардаг байх л даа. Ер нь их сайхан сэтгэлтэй, цайлган хүн байсан” гэж  Ардын жүжигчин Цогзолмаа гуай дурсан сууна. Тэд бол уран бүтээлийн салбарт бие биенээ нөхөж, бие биесээ хурцалж, итгэж ирсэн жинхэнэ “од”-ууд билээ.

Тэр зөвхөн уран бүтээл туурвиад зогсохгүй бусдын амьдралд ч чин сэтгэлийн дэм болж явсныг шавь, морин хуурч Идэрбат гуай дурсан, цонхны цаадах есдүгээр сарын тунгалаг тэнгэр лүү ширтэн ярилаа.

“Үндэсний хөгжим тоглох сонирхолтой хүүхэд залуучуудыг шалгаруулж байна” гэж зарлуулаад одоогийн Драмын театрт шалгаж авч байлаа. Олон ч хүүхэд шалгуулсны дотроос би тэнцсэн юм. Тэгэхэд Мөөеө багш маань “Чи морин хуур тоглож сурна шүү!” гэж тулгаж өгч байсан юм даа. Зургаан сар заалгасны дараа ансамбль, уран сайхны удирдагчдад шалгуулах ёстой. Тэгээд би шалгуулаад тэнцлээ дээ. Хүүхэд чинь тоглож сураад, давтаад ирэхээрээ улам л сонирхолтой болдог юм байна шүү дээ. Тэгээд би 300 цаасны цалинтай дагалдан хөгжимчин болж, анхныхаа цалинг аавдаа өгч, баярлуулж байлаа. Түүнээс хойш Мөөеө багш над дээр их анхаарал хандуулах болсон юм. Би тэр үедээ сайн анзаардаггүй байж. Тухайн үед Хөгжим Бүжгийн сургууль гэж байлаа. Мундаг багш нар тэр сургуульд байлаа шүү дээ. Надад Батбаяр багшийн хажуугаар цагийн багшаар Жамъяан гуайг дуудаж хичээл оруулна. Тэр хүн надад хэдэн сар хичээл орж, төлбөрийг нь чуулгаас төлдөг байлаа. Одоо бодох нь ээ надад тийм их анхаарал тавьж, урлагийн их санд хөл тавих алтан шар замыг гэрэлтүүлж өгчээ гэж Мөөеө багшдаа залбирч суудаг юм”. 

Түүнийг хэн байсан, хэн гэж дурсах ёстой талаар хөгжмийн салбараас төрсөн хошой төрийн шагналт хөгжмийн зохиолчийн нэг болох Нацагийн Жанцанноров “Яг л хүүхэд шиг. Тэгж л хэлэх байна. Цаанаа хар бараан санах зүйл байхгүй. Хүнд атаархах, хүн хорлох, ховлох ямар ч зүйлгүй. Ердөөсөө хөгжмийнхөө төлөө л төрсөн хүн. Хулигаантай ч найзалж хундага тулгана, даргатай ч, цэрэгтэй ч, гуйлгачинтай ч найзална. Хаа ч хамаагүй гудамжинд хэнтэй ч сууж байж мэдэхээр хүн байгаа юм. Шашин талаас нь ярих юм бол ёстой л нүгэлгүй, ариун хүн байсан. Мөрдорж л байсан. Ардын хувьсгалын жилүүдэд л амьд мэнд ажиллаж, хөдөлмөрлөж байсан болохоос гэгээн хүн байсан байх л гэж боддог шүү. Ер бусын. Тэр байдлаа хүмүүст илэрхийлэхгүй. Тэр ер бусын байдал нь хамгийн ерийн байдал руу өөрийг нь аваачдаг” гэсэн юм. Гарынх нь шавь Батбаяр гуай нэг удаа хөдөө явах урлагийн багийнхнаас хоол идэж байгаад хоцорчихоод Мөрдорж гуайд загнуулжээ. Бүр хална барина дээрээ тулаад ирж. Залуу насны аагаар өргөдлөө өгнө гээд сүйд болов. Гэтэл маргааш өглөө нь юу ч болоогүй юм шиг инээгээд угтсан сан хэмээн дурсаж суулаа. Мөрдорж гэх эгэл, хэр нь ундарсан авьяастан хүмүүний сэтгэлд өдгөө ч халуун бүлээн дурсамжаар амьдарч байна. 

Телевизийн бичлэг, гэрэл зургаас харвал дундаж нуруутай шар хүн харагдана. Сөөнгөдүү хоолой, тогтуун нүд, өргөн шанаатай эгэл монгол эр. Л.Цогзолмаа гуайн дурссанаар тэр шовгоносон цагаан залуу байжээ. Намбатай тогтуун биш, үргэлж гялалзаж, гүйж л явах. Энэхүү биеийн хэлэмж нь уран бүтээлийнх нь хэв төрхөд ч шингэсэн байж болох. Бүтээлийн санаа, авьяас билиг нь бялхаж байдаг түүнд бүтээлээ туурвих гэдэг энэ ертөнцөөс тусгаарлагдах нэгэн шалтаг байжээ. Л.Цогзолмаа гуайн ярьснаар “Чуулгад байхдаа лав яг бүтээлээ туурвихаа болохоор хаалгаа түгжээд л нам суучихдаг байсан. Батбаяр нарын залуусыг идэж, уух юманд явуулаад л яг суучихдаг хүн байсан. Тэгээд л дор нь гаргаад ирнэ дээ”. Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ш.Лувсаншаравын бичсэн “Эх орон бат оршиг” магтууг Мөрдорж гуайг дохиж тоглуул гэжээ. Гэтэл компизатор юм бол өөрөө хийнэ биз гээд гүрийчихэж. Ш.Лувсаншарав гуай Соёлын яамны сайд асан Болд дээр орж гуйгаад, Л.Мөрдорж төрийн ажлыг хойш татлаа гэсэн банга хүртээд маргааш тоглоно гэж байсан магтууг ганцхан үдшийн дотор найруулж, дохисон гэдэг. Үүнийг дурсан ярьсан морин хуурч, хөгжмийн зохиолч Батбаяр гуай толгой сэгсрэн шагширч билээ. 

Түүний эрчим, бүтээлийн чансаа, хурд хөгжмийнх нь эгшиг бүрээс мэдрэгддэгийг мэргэжлийн хүмүүс дурсан, бахдан ярьсаар.., 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Булаг 2020.11.19 172.69.252.137

Тускани хотод Гьюдо Аритински гэдэг эрхэм чинь арай хол бичигдсэн бус уу. одоогоос нэг мянган жилийн өмнөх асуудал байгаа юм даа.

0 Хариулах


Бадам 2020.11.16 162.158.118.191

Гоё нийтлэл байна, шимтэж уншлаа баярлалаа.

0 Хариулах