Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хүйсийн хөрөг: Ангарагаас ирэгсдийн алдаа


Жон Грейгийн “Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд” ном Сугар гараг дээрх бүсгүйчүүдийг харсан эрчүүд онгоц зохион бүтээгээд Ангарагаас Сугар луу ирж буйгаар эхэлдэг. Хоёр гарагийнхан эхний хэдэн жил бие биенээсээ суралцаж, амар жимэр амьдарч байлаа. Харин тэд хамт нүүж, дэлхий дээр ирснээр ялгаатай гарал үүсэл, хүсэл сонирхлоо анзаарч эхэлжээ. Ингээд хүйсийн мөнхийн “сөргөлдөөн” эхэлнэ. Онгоц бүтээж ирээд бүсгүйчүүдийн ертөнцийг үймүүлсэн эрчүүд буруутай юу, урилгагүй зочдыг хүлээж авсан Сугарын бүсгүйчүүд гэмтэй юу, эсвэл дэлхий рүү ирсэн нь буруу сонголт байсан уу?

Дахиад нэг жишээ. Библийн эхлэлд хүн төрөлхтний үүсвэр Адам, Ева хоёр гэм нүглийн жимс идсэн тухай өгүүлдэг. Сатаны үгэнд автсан Ева Адамд нүглийн жимс идсэнээ хэлснээр түүнийг ч бас идэхээс аргагүйд хүргэнэ. Эцэст нь, тэд Едений цэцэрлэгээс хөөгдөж, хүн төрөлхтний үүслийг тавьсан гэдэг. Энэ тохиолдолд ч гэм нүглийн жимсийг түрүүлж идсэн Евагийн буруу юу, эсвэл Евагийн үгэнд орсон Адамын буруу юу, Едений цэцэрлэгээс явсан нь тэдний буруу юу? 

Эцэс төгсгөлгүй асуултад хөтлөх энэ асуултууд бидний хүйсийн тухай маргааныг сануулж байна. Эр, эм хүйсийг ялгах тусам аль нэг хүйсийн эрх зөрчигдөх магадлал өсдөгийн жишээ энэ. Энэ нь Еваг эрэгтэй хүний хавиргаар бүтээсэн гээд эрчүүдийг нэгт тавих, эсвэл Энэтхэгийн домогт нарны гэрлээс үүдсэн, цэцэгнээс төрсөн, бороон дуслаар хүн болсон буюу эрчүүдийн оролцоогүй хүн төрөлтөн үүссэн хэмээх домгийг уншчихаад эрчүүдийг үл ойшоосонтой адилхан хөнгөн явдал. 

Бид Жон Грейгийн номд гардаг Ангарагаас ирснээ давтан маргах эрчүүд, Сугар дээр сайхан амьдарч байснаа шагших бүсгүйчүүдээс юуны ялгаатай вэ?

“Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэн “2019 онд "Амьдралын сургууль ТББ"-аас Улаанбаатар хот дахь 18-30 насны залуучуудын дунд хийсэн судалгаагаар нийт эрчүүдийн 24 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь зорилгогүй, 22 хувь нь буюу таван хүн тутмын нэг нь сэтгэлээр унахыг өөртөө хүлээн зөвшөөрдөггүй нь ажиглагдсан. Мөн монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээсээ бага, гэмт хэрэгт өртөх болон үйлдэх байдал аль аль нь өндөр байгаа. Нөгөө талаас сэтгэлзүйн зөвлөгөөнд ханддаг нийтлэг шалтгаан нь бие хүний сэтгэлзүйн суурь асуудал ихтэй, сэтгэл хөдлөл тогтворгүй, хосын харилцааны асуудалтай байдлаас болж сэтгэл судлаачдад ханддаг. Энэ бүхнээс дүгнэж үзвэл монгол эрчүүд "Сэтгэл хөдлөл" гэдэг амин чухал зүйлээ орхигдуулсан, бие хүний зөв төлөвшлийг олж аваагүй, зорилгогүй байдлаасаа болж зөв амьдралын хэвшлийг олж авдаггүй нь харагдаж байна” хэмээн ярилаа.

Үүнтэй холбогдож болох хэдэн тоо баримтыг “Үндэсний статистик”-ийн хорооны судалгаанаас харж болно. 2019 оны байдлаар их дээд сургуульд суралцаж буй 148000 хүний 39 хувь нь эрэгтэйчүүд байгаа ч гэмт хэрэгт холбогдогсдын 83 хувь эрэгтэйчүүд, амиа хорлогсдын 84 хувь нь эрчүүд байгаа нь дээрх судалгааг бататгаж байна. Хүйсийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшний оролцоо, гэр бүлийн харилцааны тоо баримтад үргэлж ялагч байдаг эрчүүд үнэндээ “ялагдаад” байгаа нь юунаас шалтгаалав.

Бид хотынхоо түүхийг 380 жилийн өмнөөс эхлүүлдэг ч үнэн хэрэгтээ сууриншаад 100 жилийн нүүр үзэж байна. Зуун жилээс цааш нь харвал Өргөөд (Улаанбаатарт) сүм хийд дагасан мөргөлчдийн нэгдэл зонхилж байв. Нийгмийн институт үүсээд 100 жил л болсон ч түүнээс өмнөх 700 жилд хэвшиж тогтсон ойлголт биднээс салсангүй. Ялангуяа үндэстний дунд зонхилж буй эр хүний үнэлэмж нь эрчүүд хүч чадалтай, сэтгэлийн хаттай, гүжирмэг байх ёстой гэсэн идеологоор биежиж, гэр бүлийн хүмүүжил ч эр хүний амьдрал бусдынхаас эгэл энгийн байх ёстой, хүч чадал, авхаалж самбаагаараа өөрийгөө аргацаадаг, элдэв зүйлд нугардаггүй хүн болох ёстой хэмээн “сурталдсаар”. Үндсэрхэг үзлийн илт хорьсон социализмын жилүүд тогтсон зан үйлийг арилгаж чадаагүйг саяхан гарсан телевизийн олон ангит кинон (37-р Точка) дээрх урт пальтотой, шазруун эрсийн дүрээс харж болох юм. 

Монголчуудын олон зууныг туулж ирсэн эр хүнийг үзэх идиологи хүчтэй байгаа цагт эрчүүдийн асуудал үргэлжилсээр л байна. Үргэлжлэх тусам өнөөх хүчирхэг, дотогшоо, гүжирмэг эрчүүд сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа дийлэлгүй харанхуй руу унасаар л байх болно. Өнгөрсөн онд 17000 хүн нас барснаас 10000 нь эрэгтэй, хавдар, хоол боловсруулах тогтолцоо, зүрх судасны өвчнөөр нас барагсдын 70-80 хувийг эрчүүд эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Бидний бүтээх гэсэн жинхэнэ монгол эр хүний “хэнэггүй” зан эрүүл мэнд, амь насанд ч халгаатай, хэтэрхий үнэтэй “дүр” ажээ. Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн “Сэтгэлзүйд нөлөөлдөг чухал хүчин зүйлс болох боловсрол, сэтгэлзүйн хувьд эрүүл гэр бүлд өсөх, санхүүгийн хувьд тогтвортой орлоготой аж төрөх зэрэг багтана. Нөгөөтээгүүр, эрэгтэй хүний төлөвшилд эцэг эхийн оролцоо, нийгмийн нөлөөлөл тун чухал. Жишээ нь, эрэгтэй хүн ээжтэйгээ харилцах харилцаа нь бусадтай холбоо тогтоох, амжилттай харилцахтай холбоотой бол аавтайгаа харилцах харилцаанаас бие даах, асуудал шийдвэрлэх чадварыг олж авдаг нь судалгаагаар тогтоогдсон. Харин нийгмийн тогтсон хандлага, нийгэм эдийн засгийн байдлаас амьдарлын чанар нь ихээхэн хамаардаг” гэлээ. Мэргэжлийн судлаачийн дээрх гаргалгаа эрчүүдийн асуудал зөвхөн эрчүүдээр тогтохгүйг сануулж байна.   

Судлаач Наоми Китахара, А.Ариунзаяа нарын 2018 онд гаргасан “Монгол эрчүүдийн муу зуршлын хор хөнөөл” судалгааны өгүүлэлд “Монгол эрэгтэйчүүдийн 39,7 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бол энэ үзэгдэл эмэгтэйчүүдийн дунд 15,1 хувь буюу 2,5 дахин бага байна. Түүнчлэн 2016 оны байдлаар өвчлөлийн бус нас баралтын шалтгааны нэгдүгээрт, амиа хорлолт (387 эрэгтэй, 63 эмэгтэй), хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох, өртөх (352 эрэгтэй, 58 эмэгтэй) байгаагаас эрэгтэйчүүдийн тохиолдол илүү давамгайлж байна” гэжээ.

Хүйсийн тэгш бус байдал заавал өөр хүйстэй (эмэгтэй болон бусад) эсрэгцэх албагүйн жишээг эрчүүдийн асуудал баталж байна. Харин ч эрчүүдийн дайсан эрчүүд өөрсдөө болохыг дээрх судалгаа, тоо баримт нотолно. Дэлхий дахиныг хамарсан хүйсийн тэгш эрхийн төлөөх HeforShe хөдөлгөөний санаа ч хүйсийн асуудлын тэргүүн эгнээнд эрчүүдийг оруулсан нь шинэлэг байсан. Монгол хэлэнд “Эрчүүд эмэгтэйчүүдийн төлөө” гэж буулгаж болмоор уг хөдөлгөөний гол санаа нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад, тэгш эрхийг хангахад эрчүүд оролцсоноор тэд өөрсдийнхөө асуудлыг ч шийднэ гэдэгт төвлөрч байв. Өөрөөр хэлбэл, Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн эмэгтэйчүүдийн асуудал дэлхийд ирснээр нэг болсныг тэд сануулжээ. Үүн шиг эрчүүдэд тулгамдсан асуудал эмэгтэйчүүд, мөн гэр бүл, гэрлэлт, нийгмийн асуудалтай салшгүй холбоотойг олон гэр бүлийн туулж буй хүнд хэцүү өдрүүд, айдас түгшүүртэй үрс, сэтгэл түгших настай эцэг эх, хэцүүхэн тоо баримтаас харж болно. Хэрэв бид жинхэнэ монгол эр хүн байхыг хүсвэл, үр хүүхдээ жинхэнэ эр хүн болгож өсгөхийг хүсвэл эрүүл, нээлттэй, элдэв зуршлаас хол, хүйсийн тэгш эрхтэй гэр бүлийг бүтээж, бас хэдэн зуун дамжин мөрдсөн идеологоос салж, орчин үеийн нийгмийн шаардлагад нийцэж амьдрах хэрэгтэй болох нь.



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
0
0
0