Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Амбаа бид хоёрын Төвөд

Хэрвээ та “Гүччи” лакан пүүзтэй, “Фэнди” цүнх барьчихсан дээлтэй эр харвал тэр чинь төвөд залуу байх шүү.


(Төвөдийн тэмдэглэл-1)

Төвөд орохоор явахдаа гар утас, тэмдэглэлийн дэвтэртэйгээ хамт хамгийн түрүүнд зэхсэн зүйл тэрлэг байлаа. Энэтхэгээс ээж торгыг нь өөрөө сонгож авсан ч оёулснаасаа хойш хоёрхон удаа л Цагаан сараар өмсөж амжсан, надад ялимгүй тоодойж таардаг тийм л тэрлэг. Ухаандаа Төвөдөд сурвалжилгаар очих далимд тэнд ээжийгээ санан дурсах, төлөө нь залбирахдаа хувцсыг нь өмсөх, энэ тэрлэгтэй бол нэг жилийн өмнө бурхан болж тэнгэрт одсон ээж минь намайг олон дотроос амархан олоод харчих юм шиг бодлоор авдарных нь үнэр шингэсэн дээлийг гаргаж ирсэн юм аа. Тэгсэн атлаа өвөөгөөсөө өвлөж үлдсэн, “жинхэнэ төвөд” хэмээн ээж ихэд нандигнан хадгалсан эрихийг нь огтоос санасангүй. Бурхан тэнгэр гээчид итгэх миний үнэмшил эрихнээс ээжийг илүүд санах хэмжээнд, үнэн сүсэгтнүүдийн хажууд ихэд эмх цэгцгүйгээр эргэлддэг аж. 

Төвөдүүд ерөнхийдөө гонзгой нүүр, хянга өндөр хамар, бараан арьстай бөгөөд заримынх нь хацар яав гэмээр яг тэрүүхэн шантгар дээрээ улаан байх юм.  

Бээжингээс 15.15 цагт хөөрөх товтой “Тибэт эйрлайнс”-ын онгоцонд зорчигчид сууж эхлэхэд “Даший дэлээг” (Сайн байна уу) хэмээн инээмсэглэн угтах төвөд бүсгүйг тогтож харлаа. Азийн аль ч орны агаарын тээврийн үйлчилгээнд ажиллаж буй үс зүсээ цэмцийтэл янзалсан өндөр нарийхан охидоос ялгарах юмгүй. Хоргой хантааз нь түүнийг төвөд болохыг сануулна. Энэ бол миний “амьдаар” нь харсан хоёр дахь төвөд хүн. Эхнийх нь Улаанбаатарт ирэхэд нь холоос харж мөргөсөн XIV Далай лам Данзанжамц байсан юм. Онгоцноос буух алдад зорчигчдыг царай зүсээр нь төвөд, хятад алин болохыг оноох дайны нүдэн баримжаатай болов. Төвөдүүд ерөнхийдөө гонзгой нүүр, хянга өндөр хамар, бараан арьстай бөгөөд заримынх нь хацар яав гэмээр яг тэрүүхэн шантгар дээрээ улаан байх юм.   

Лхас хотын “Гонгар” нисэх буудалд дөрвөн цагийн дараа газардав. Тэнд Улаанбаатараас цагийн зөрүүгүй ч даруй гурав дахин өндөрлөгт буух нь тэр. Нисэх буудлын хаалгаар гармагц өөдөөс дүнхийсэн өндөр хайрхад хамар шүргэн алдана. Монголоос ирсэн бид наймуулыг тоссон Төвөдийн Өөртөө Засах Орны Гадаад харилцааны газрын төвөд, хятад хоёр ажилтан зочид буудал орох замд болж л өгвөл бие лагшин асууж, эрүүл мэндийн зааварчилгаа өгөх нь жаахан инээдтэй. Өнөөдөртөө, болж өгвөл эхний гурав хоног усанд орохгүй, хүнд юм өргөхгүй, ердийнхөөс удаан алхахыг зөвлөж байна. 

Шаардлага гарвал эмнэлгийн тусламж үзүүлэх төвөд эмч, сувилагч хоёр биднийг энэ өдрөөс Төвөд дэх аяллын зургаа хоногийн турш дагасан юм. Тэд бол миний тогтож анзаарсан гурав дахь төвөд хүмүүс байлаа. Тун чиг ажигч гярхай, тээшээ ахин дахин ухаж чагнуур, аппаратаа зэхэхдээ ч, эм тан гаргаж жор тунг зааварлахдаа ч төвөгшөөнө өө гонж, уйгагүй гэж жигтэйхэн. Ерөөс энэ нутгийнхны чанар, араншин ийм юм байна гэж итгэхийг хүснэ. Тэд англиар “а”-гүй, би төвөдөөр хагархай ч “а”-гүй, гэхдээ дохио зангаагаараа төвөд, монгол хоёр хэрэндээ л ойлголцоод, шингэн “хүчилтөрөгч” уух гэж хэн хэнээ хөгжөөгөөд авсан нь цөөнгүй дээ. Эхний өдөр даралт хэмжихэд нь минийх лав дээд даралт унаж, доодохтойгоо 20-ийн зөрүүтэй ойртсон нь толгой эргэх, дотор муухайрах мэдрэмж төрүүлж мэдрэгдсэн. Далайн түвшнээс дээш 1000 гаруй метрээс 4000 метрт дөхөхөөр ингэдэг байх нь. Гэснээс Монголын уулчид маань яадаг хэрэг вэ, гайхмаар. Төвөд хүн Монголд ирвэл бас л ямар нэг биеийн зовиур хэлж таарна даа. Тэд хүчирхэг ахуйдаа Бээжинг дайлаар мордоод цэргүүдийнх нь толгой эргэж мансуурсны улмаас үтэр буцсан нь эртний түүхэнд үлдсэнийг Бээжин дэх Төвөд судлалын хүрээлэнгийн музейн захирал хошигнон өгүүлж байсан. 

“Төвөд” гэдэг үгийг хамгийн анх сонссон нь би цэцэрлэгээсээ хэдэн сар завсарласан 1980 онд юм сан. БНМАУ-д Төвөдийн тухай зурагтаар хэн ч ярьдаггүй, “Цогт тайж” кинонд өгүүлдэг ч түүнийг тогтоод ойлгочих ухаан суух хаа ч байсан зургаан настай надад Амбаа л анх хэлэхгүй юү. Амбаа гэдэг маань манайтай нэг хашаанд амьдардаг, аавын маань садан, тухайн үед 80 гарчихсан эмээ л дээ. Амбаа маань гэрийнхээ зүүн хойд хойморт байх арслантай бор авдран дээрээ нүүрийг нь шиллэсэн улаан хайрцган дотор гуутай бурхдаа эгнүүлэн тавина. Тэдгээрийнхээ урдуур цөгц, хүрд, эрихнүүдээ өрнө. Тэр бурхан тахилаа хийдэг шилэн нүүртэй улаан хайрцаг руу нь өнгийхөд яг л нэг жижигхэн гоёмсог хот шиг санагддаг байж билээ. Амбааг эрихээ эргүүлж байхыг харахад хорхой их хүрнэ ээ. Надад яг хүзүүний зүүлт шиг санагдах тул зүүчихмээр л бодогдоно. “Наадах чинь ямар чиний тэр тоглоом юм уу. Алив, аваад ир” гээд бурхны өмнөх яг тэр байранд нь буцаах, эс бөгөөс өөрийнхөө хүзүүнд сурмаг гэгч шархийтэл зүүчихнэ. Гараад явсан хойгуур нь шалавхан очиж, энгэртээ зүүлт шиг барьж үзчихээд буцаагаад яг байранд нь тавина. Амбаа гэрийнхээ зүүн хойд дээр нар тусах алдад сунаж мөргөнө өө. Алганаас томхон хавтгай бор чулуун дээр духаа хүргэн мөргөх бөгөөд би яг дуурайж хийхээр их баярладаг сан. Мааниа уншихад нь би дагаж худлаа дүнгэнэнэ. Тэгээд бид хоёр “Аръяабал ум ма ни бад мэ хооом” гэж дуусгадаг юм. “Танай охин урд зүгээс ирсэн дэг шүү” гээд л аав, ээж хоёрт намайг магтана. “Та маань уншиж, эрих, хүрд эргүүлээд, мөргөөд байдаг нь яадаг юм бэ” гэж Амбаагаасаа асуухлаар “Хойтдоо хүн болбол урд зүгт бурхны оронд төрөхгүй юү” л гэнэ. Би Амбаагийн тэр “урд зүг” гэдгийнх нь учрыг ааваас асуухад “Лхас гэж бурхны ариун газар байдаг гэнэ лээ” гэж билээ. 

Би өөрийгөө ирээдүйгээс өнгөрсөн рүү нисэж очих мэтээр “сумлах” гэж адгана.

Монгол газрын мөргөлчид бурхны орон хэмээн итгэдэг ариун дагшин энэ газарт тэмүүлэн эх нутагтаа эргэж буцахаа зөгнөж зүрхлэхгүй хэрнээ гагцхүү хойд насны буянаа хичээн морьтой, тэмээтэй, ер юмгүй нь явган нүцгэн хамаагүй, жил тойрон алхаж хүрсэн юм гэнэ лээ. Автобусны цонхоор энэ уулын, тэр оргилын өндрийг гайхаж явтал аварга том уул нүхэлсэн дөрвөн км урт туннелиэр давхив. Сарлагаар уул даван Лхас орох юм бодоогүй байлтай, уулга алдан гайхав. Лхасын зам харгуй хадаг шигээ ажээ. 

Орчин цаг, хөгжил дэвшил гэх ойлголт ганцхан Төвөдийг тойрдог мэт төсөөлөл намайг эзэмдсээр энэ зам дээр ирсэн сэн. Ээ, Амбаагийн урд зүг дэх бурхны ороон. Би өөрийгөө ирээдүйгээс өнгөрсөн рүү нисэж очих мэтээр “сумлах” гэж адгана. Арай 1980-аад онд дунд сургуулийн түүхийн сурах бичгээс уншсан харгис феодалын нийгмээ үзэх гээд яараад яваа хүн биш биз? Хамжлагыг халж, БНХАУ-ын бодлогоор 60 дахь жилдээ хөгжиж байгаа автономит Төвөд шүү дээ. Гэсэн ч ямар нэг эртний увдист чинад дорнын дүр төрх, шид бэлгэ, үлгэр тууль хөглүүлмээр... Аяны хүн ерөөс сонин хачинд шимтэн бэдэчдэг тул Төвөд газар мянга мянган жилийн өмнөхөөрөө байгаасай гэж дотроо хүсэж байсан минь одоо нэгэнт нууц биш билээ. Гэвч төсөөллийн чанх эсрэг, яг л бидний адил өнгөрснөөс ирээдүй рүү чиглэн урсах нэгэн шинэ зам, шинэ газар нүдний өмнө цэлсхийх нь Лхасын үзэсгэлэнт шөнө байлаа. Хотын зах орчимд өндөр өндөр орон сууцны шинэ хорооллууд уулсын хөглөгөр хормойг халхлан эрийж, гүүр, гудамж талбайн гэрлэн чимэглэл хөгжингүй хотуудыг санагдуулах аж. Нэлмэгэр хар бөсөн асар майхнаа уулаар нэг шааж, дотор нь хөдсөн дээлтэй төвөдүүд бурхнаа шүтээд л амьдран суудаг гэх адал явдлыг хүссэн төсөөллөө нэгмөсөн үүгээр орхиё. Аварга том хөлөг онгоц мэт нүсэр байгууламж тэртээд газраас өргөгдөн тэнгэрт хөвөх мэт цайвалзах нь нөгөө алдарт Потала ордон байх нь тэр. Поталаг хорвоогийн сар л гэрэлтүүлдэг байхаа хэдийн больж, гэрлийн шоу дунд сүрлэг орших болжээ. Маргааш, нөгөөдөр, тэрний маргааш үзэж харах зүйлсээ төсөөлөлдөө боогоод чулуун хана хэрэм болсон хуучны төвөд хийцтэй зочид буудалдаа орж явлаа.  

Лхас яг манай нийслэл шиг урд бие дэх голынхоо эрэг дагуу сунаж тогтсон хот бөгөөд манай эриний 633 онд байгуулагдахаас нь өмнө эл газрыг “Дээш харж хэвтсэн эм мангасын шинжтэй” хэмээн эртний сударт тольджээ. Хотын төв хэсэгт таван давхраас илүү өндөр байшин нүдний гэм, голдуу 2-3 давхар байх бөгөөд барилгын эхний давхрууд болон цонхны хүрээ трапец хэлбэртэй. Түмэн янзын бэлгэдэлт хээ угалз бүхий учир начир өгүүлсэн нүсэр гоё хаалгатай, цонх бүрийг даавуун болон сийлбэртэй, хээлж хуарласан модон саравчтай бүтээсэн байх нь тун ч элбэг. Лхасын зочид буудал, зоогийн газар зэрэг бүхий л үйлчилгээний газар, үндэсний хэв шинжтэй театр, музей, номын сангаас авхуулаад эмнэлэгт хүртэл төвөд авдар хэмээх соёлын маш том орон зайг заавал шингээсэн нь үнэнхүү хараа булаана. Авдар савгүй бол төвөд интерьер байхгүйтэй адил юм.

Айл болон үйлчилгээний газрууд цонх, тагтаа битүү цэцэгсээр чимэглэдэг нь энэ цагийн Лхаст ёс гэмээр. Бурхад цэцэг, жимсэнд таалалтай гэж үздэгээс улбаалан төвөд ахуй амьдралд ийм ганган хэв маяг тогтсон болов уу. Лхас хот цэцэрлэгжилттэйгээ хамт төлөвлөгдчихөж. Бүр хавийн уул болгоны өөд усны хоолой татчихсан мод тарьж байх юм. 

Уулзаж учирсан төвөд хүмүүсээс ажил, амьдралыг нь асуух бүрт ёс мэт л “Намын хайр ивээлээр...” хэмээх нь тээр жил Амбаа надад урд газарт бурхны орон байдаг тухай яриад байсан шиг сонсогдох бөлгөө.

Өдгөө Лхас 900 гаруй мянган хүн амтайн 80 хувь нь төвөд иргэд. Үлдсэн нь хятад зэрэг 45 үндэстнээс бүрддэг аж. Лхаст өглөө, оройдоо сэрүүн, өдөртөө нар яг зулай дээрээс цоонох нь эгээ л монгол нутгийн өдий цаг даа. Эрс тэс уур амьсгал, жилд 3000 гаруй цаг нарны хурц тусгал дор аж төрдөг төвдүүд бараан арьстай байх нь ч аргагүй юм билээ. Ямар сайндаа гадаа ажилладаг эрчүүд нь хүртэл арьсаа хамгаалах гэдэг юм уу, хүүхнүүдийн өмсдөг дэлбэгэр хүрээтэй нарны малгайг хээвнэг духдуулчихсан явах вэ дээ. 

ЗурагТайлбар
Лхасын гудамжинд хүрдээ дүүгүүр аятай эргүүлэн алхах хүмүүстэй олонтаа таарна. Зургийг Б.Рэнцэндорж. 
Чинээлэг төвөд эрэгтэй гэрийнхээ бурханы өрөөнд үндэсний иж бүрэн хувцастайгаа. Зургийг Б.Рэнцэндорж.
Чинээлэг төвөд эмэгтэй гэрийнхээ үүдэнд ач охины хамт. Зургийг Б.Рэнцэндорж.

Лхасын гудамжаар үндэсний хувцастай, дүүгүүр маягийн хүрд эргүүлэн явах хүмүүс олноор таарна. Ялангуяа 50-иас дээш насныхан нь дээл хувцсаа өдөр тутамдаа өмсдөг бололтой юм. Сүм хийд орчимд гар утсандаа маани хөгжөөчихсөн, түүнийгээ дагаж уншаад алхах төвөд хүмүүс хөлхөх. Ахимаг насны эмэгтэйчүүд шар алтан ээмэг бөгж их хэрэглэх юм. Залуу хүмүүс үндэсний баяр, хурим найр зэрэг тэмдэглэлт баяруудаар тод өнгөтэй дээл хувцсаа том том хиймэл шүр, сувд, оюу хэлхсэн толгой, хүзүүний чимэг зүүлттэй юутай хийтэй цогцоор нь ихэд чамирхан эдэлж хэрэглэжээ. Потала болон Их зуу хийдэд хуримын зураг авхуулахаар ирсэн залуу хосуудын өмссөн үндэсний хувцас, чимэг зүүлт тэргүүтэн нүд унахгүй байхын аргагүй ванлий. Төвөд үндэсний хувцас Монголоос гаралтай гэх судлаачдын байр суурийг эрэгтэй дээлээс нь төвөггүй харж болохоор. Эрчүүд нь нэг ханцуйгаа сул унжуулан сугалдаргалчихсан явж байхыг харахад монгол дээл эрхгүй санаанд орно. Монгол эрчүүд өнөө ч дээлээ заавал түрийтэй гуталтай өмсдөг бол харин төвд эрчүүд дээлийнхээ доогуур нарийхан жийнс, ботинк өшглөчихсөн л явах юм. Хэрвээ та “Гүччи” лакан пүүзтэй, “Фэнди” цүнх барьчихсан дээлтэй эр харвал тэр чинь төвөд залуу байх шүү. Төвөд эмэгтэйн дээл урт хормойтойгоос биш, хэт энгийн, жавхаа муутайхан харагдах ч толгой, хүзүүний нүсэр гоёлын сүр нь төгс гоо сайхныг бүрдүүлэх аж.

Төвөд айлууд сарлагийн мах, төмс, гурил, будаа болон сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг. Замбай зуурч идэж үзлээ, амт, орц нь биднийхтэй ижил юм. Махаа ястай нь бүхлээр чанаад, шөлөнд нь төмсөө болгож иддэг. Шар тос хөвүүлсэн сүүтэй цайгаа өглөөгүүр, харин чихэр амттай сүүтэй цайгаа өдөр тийш уух юм. Харин Лхасын зочид буудал, гуанз, зоогийн газрууд олон төрлийн нарийн ногоон зууш бүхий халуун ногоотой хоолоор үйлчилдэг нь Төвөдөд дэлгэрч түгсэн сычуань зоог юм байна. 

Үйлчилгээний газрын төвөд хүмүүсийг ажих нь ээ, үйлчлэх харилцааны соёлд нэвт шувт намирсан хятадууд шиг биш. Нүүдэлчин зан гэх үү, монгол маягийн янз төрх харагдана. Ёс бодсон, дүрэм журмын инээмсэглэл байхгүй. Хэрэв төвөд үйлчлэгч инээмсэглэж байгаа бол ажлын шаардлагаар биш, зүгээр л ингэмээр санагдсан л хэрэг. Үйлчилгээний газруудад ажилладаг монголчуудаас ялгаатай нь хийж байгаа ажилдаа ялархаж дургүйцсэн царай олж харахгүй ээ.     

Төвөдийн бэлгэдэл-Лхасын анхны барилга Потала ордон бол буддын шашны оройн дээд сүм. Харин оройд нь энэ өдрүүдэд БНХАУ-ын далбаа намирч байна. Коммунист намын бодлого, шашин шүтэх эрх хоёр бие биедээ хүндэтгэлтэйгээр зэрэгцэж байгааг Төвөдөөс харахад Монголд дэлгэрүүлж байсан шашингүйн үзэлт коммунизмаас ялгаатай санагдав. Төвөдийн төсвийн 98 хувийг БНХАУ-аас шийдэж, үлдсэн хоёр хувийг Төвөд аялал жуулчлалын орлогоор голчлон бүрдүүлж байна. БНХАУ-ын Коммунист нам Төвөдийн Өөртөө Засах Орныг хөгжүүлэх бодлогоо уул ус, байгаль орчны онгон төрх, үндэстний онцлог ахуй, хэл соёл, бичиг үсгийг хамгаалах, чинээлэг төвөд иргэдийн тоог өсгөхөд гол анхаарлаа хандуулахаар тодорхойлжээ. Тиймээс эрүүл мэнд, боловсрол, зам харилцаа, барилга, аялал жуулчлал, усан цахилгаан станцаас бусад хүнд аж үйлдвэр, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахгүй байх бодлогоор нийгэм, эдийн засгийг хөгжүүлж байгаа аж. Уулзаж учирсан төвөд хүмүүсээс ажил, амьдралыг нь асуух бүрт ёс мэт л “Намын хайр ивээлээр...” хэмээх нь тээр жил Амбаа надад урд газарт бурхны орон байдаг тухай яриад байсан шиг сонсогдох бөлгөө. 

Үргэлжлэл бий.    

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.09.30 192.82.87.89

дулдуй

0 Хариулах


сүр 2022.09.30 192.82.87.89

хошигнон өгүүлээд байх юм байхгүй. хүчилтөрөгчийн дутагдалд орж тархины эд эсээ гэмтээж тэнэгрэнэ. уулын өвчин. уулын сүр. нутгийн хүмүүс дасаад байгаа ч юм биш. тэсээд тэнэгрээд, тэсээд улам тэнэгрээд.

0 Хариулах


зочин 2020.01.16 66.181.183.69

маш сонирхолтой ямар сайхан бичвээ Амжилт

0 Хариулах


Зочин 2019.09.26 64.119.17.66

Амттайхан!

0 Хариулах


Зочин 2019.09.25 103.26.194.24

Үнэхээр сайхан аялалын тэмдэглэл бичжээ.Уншигч миний хувьд бараг л Түвдэд очоод ирэх шиг боллоо.Үргэжлэлийг нь тэсэн ядан хүлээн сууя.

0 Хариулах


Зочин 2019.09.25 150.129.140.8

Saihan nudend haragdtal bichjee. Urgeljleliig huleej baiya. Bayarlalaa

0 Хариулах