Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Билл Гейтсийн санал болгох зул сараар унших таван ном


Америкийн бизнесийн магнат, тэрбумтан, филантропист Билл Гейтс жил бүр баярын амралтаар өөрийн уншиж буй номуудаа танилцуулж, санал болгодог уламжлалтай. Энэ жилийн зул сараар тэр дараах таван номыг санал болгож, нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлажээ.

1. “These Truths, A History of the United States”, Jill Lepore

“Нэгдсэн Улсын түүх, орхигдсон үнэнүүд” гэж орчуулж болохуйц энэ номыг Харвардын түүхч Жилл Лепор бичсэн ба хэдэн зууны түүхийг 800 хуудсанд багтааж, Америк орны туулж ирсэн зам харгуйг товч тодорхой дүрсэлжээ. Түүхэн үйл явдлуудыг дэлгэн дотогшилж, үзүүрт нь хөтлөхөөр гүнзгий бичилгүй, харин ч томоохон баримт явдлуудыг цөөн өгүүлбэрээр шулуухан илэрхийлснээрээ энэ ном мэдээллийн багтаамж сайтай, хамгийн үнэн гаргалгаа бүхий ном болсон мэт санагдана. Америкчуудын өөрсдийгөө тайтгаруулсан, гэнэн тэнэг, үлгэр шиг түүхийг Жилл Лепор тэс өөр өнцгөөс өгүүлсэн гэдгээ номын төгсгөлдөө бичжээ. 

Түүхийн ном урд өмнө хэн нэгэн агуу хүнийг магтан дуулах аястай байсан бол хатагтай Лепор олон талын байр суурийг төв цэгээ болгон хатгаж, Америкийн түүхийн зөрчилдөөнтэй бас шоглоомтой ч юм шиг дүр төрхийг буулгасан нь энэ. Түүний бүтээлд алхам тутам тулгарах нэгэн зөрчилт баримт бол Америкийн ард түмэн өөрсдөө боолчлол болон уугуул оршин суугчдыг дарлах бодлогоос ангижраагүй байсан атлаа эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа тунхагласан явдал юм. Үндсэн Хуулийн эцэг Жорж Вашингтоны өөрийнх нь боол байсан Харри Вашингтон хүртэл ‘эзнээсээ’ зугтаж Америкийн хувьсгалын үеэр Британийн талд байлдаж, дараа нь Сьерра Лионы хувьсгалт үйл хэрэгт зүтгэн эрх чөлөөгөө олж авсан тухай бичжээ. 

Линкольны Тунхаглалаас 30 жилийн дараа үндэсний аболоционист хөдөлгөөний тэргүүн Фредерик Дугласс “Асуудлын гол нь Америкийн ард түмэн Үндсэн Хуулиндаа дээдлэн эрхэмлэсэн шигээ нэр хүндтэй, үнэнч шударга, эх оронч амьдарч чадаж буй эсэхт оршино.” гэсэн юм. Лепор “Боолчлол сая сая хүний амьдралыг хулгайлж, түүнээс ч олон хүний зүрх сэтгэлийг няц дэвсэлснээрээ үндэстнийг тэр аяар нь хордуулсан.” хэмээн дүгнэжээ. “Тэдгээр орхигдсон үнэнүүд” бол бидний сонсох ёстой үнэнүүд юм. 

2. “An-American Marriage” Tayari Jones

Хоёр жилийн өмнө Билл Гейтс эхнэрийн хамт хүмүүнлэгийн сангийн ажлаар Жеоржиа мужийн засан хүмүүжүүлэх газартай танилцжээ. Энэ нь түүний нүдийг нээсэн явдал болсон гэж дараа нь дүгнэсэн байдаг. Хоригдлуудтай ярилцаж суухад тэдний хамгийн их санаа зовж буй асуудал нь буцаад нийгмийн амьдралд хэрхэн орох тухай байсан бөгөөд зарим нь олон жилийн дараа эрх чөлөөтэй болох гэж буйдаа баярлах биш харин шаналж байгаа нь ил байжээ. 

Зохиолч Таяари Жонсын “Нэгэн Америк гэрлэлт” зохиолыг уншаад Билл Гейтс дээрх хоригдлуудын ярьсныг эргэн санаж.  Энэ зохиолд хилс хэрэгт гүтгэгдэн ял эдлэх хар арьст залуу, түүний ард хоцорсон эхнэрийн тухай өгүүлэх агаад нөхрийн шоронд хоригдох цаг хугацаа тэдний хайр дурлалд хэрхэн нөлөөлж, амьдралыг нь яаж орвонгоор нь эргүүлж буйг харуулах болно. Хэдий гэм буруугүй ч гэсэн хуульт ёсны тогтолцоонд нэгэнтээ ороогдсон олон айлын амьдрал ийн үрэгдэж болдгийг Селестиал, Рой хоёроор үзүүлжээ.  

Шоронд гацсан нөхрийн он жилүүд, наранд үргэлжлэх эхнэрийн амьдрал. Тэд бие биенийхээ хол зөрөөтэй хором мөчүүдийг нийлүүлж, хамтдаа цааш үргэлжилж чадах болов уу?

Зохиолын дүр Селестиал нөхөртөө бичсэн захидалд “Чамайг маш их дарамт зовлон үүрч буйг мэдэж байна. Гэхдээ миний мөрөн дээрх ачаа ч багадаагүй ээ. Гэрлэлт бол зөвхөн зүрх сэтгэлийн асуудал биш, энэ бол амьдрал, харин чи бидэнд хуваалцах амьдрал үлдсэнгүй. ” гэсэн байдаг. Зохиолч өөрөө энэ тухай “Хайртай хүнээ үүрд хүлээнэ гэдэг үлгэрт л байдаг шүү дээ. Хэдий романтик санагдаж, тэр л хүлээгчийн дүрд бид өөрийгөө төсөөлдөг боловч бодит амьдрал дээр ийм шидэт төгсгөл байдаггүйг та Селестиалын дүрээс ойлгох болно.” хэмээжээ.  

Харин Рой өөрийн өмгөөлөгчид захидал бичихдээ ”Селестиалд ямархан хүнд байгааг би ойлгож байна. Гэвч надад түүнээс илүү хэцүү байгааг ойлгодог болоосой. Миний зөвхөн мөрөөдөж л чадах нарны амьдралд зовлон гэж байлаа ч эндэхтэй харьцуулахад юу ч биш шүү дээ.” гэсэн байна. Ийм л няцаахын аргагүй амьдралын үнэнийг харьцуулан бичсэн зохиолч Таяари Жонсын энэ ном уншигчид нэгийг бодогдуулах буй за.

3. “Prepared, What kids need for a fulfiiled life”, Diane Tavenner

Хүүхдийнхээ хөгжил хүмүүжилд санаа тавьж, тэдний амьдралыг залахад хэрэгтэй бүхнийг уншиж, сонсдог эцэг эхчүүд олон болжээ. Ийм аав ээж нарт хэрэгтэй нэгэн номыг Билл Гейтс санал болгосон байна. Хүүхдэд боловсрол олгож улмаар ажил амьдралын замд нь зөв чиглүүлэх тухай зөвлөгөөнүүд агуулсан энэ номын автор нь Америкийн хамгийн сайн боловсрол олгогчдын нэг гэгддэг “Саммит” сургуулийн хөтөлбөрийг үндэслэгч Дайане Тавеннер билээ. 

Түүний боловсруулсан сургалтын шинэ арга барил, хүүхэдтэй харилцах харилцааны тухай энэ ном олон багш, сурган хүмүүжүүлэгчдийн гарын авлага болоосой хэмээн хүсэх юун. Тэрээр “Бид хүүхдийг зөвхөн сайн коллежид оруулахын тулд хичээл заадаггүй, мөнхүү сайхан амьдралд хөтлөхийн тулд хичээл заадаг.”гэж бичжээ. 

4. “Why we sleep” Matthew Walker

Шөнө нойргүй хонох үе бидэнд бишгүйдээ л тохиолддог. Зарим хүн шөнөөр идэвхтэй ажиллаж дадаад, нойр нь солигдсон байх нь ч бий. Билл Гейтсийн хувьд ихэвчлэн шөнөөр ажиллах хандлагатай, нойр багатай хүн бөгөөд их унтахыг залхуурлын шинж гэж үздэг байжээ. Түүний энэ бодлыг өөрчилж, унтаж дадахад нөлөөлсөн ном бол профессор Мэтью Уолкерын “Бид яагаад унтдаг вэ?” хэмээх ном юм. 

Берклигийн Их сургуулийн Нойр судлалын төвийн эрхлэгч ноён Уолкер хангалттай нойр авахгүй байх нь хүний шийдвэр гаргах, бүтээлч байх, суралцах, ой санамжаа хадгалах, сэтгэл хөдлөлөө удирдах чадамжуудыг бууруулж, зүрх, тархи, дархлааны системд хор учруулж, наслалтыг бууруулдаг тухай энэ бүтээлдээ өгүүлжээ. Хэрэв бүхэл бүтэн үндэстнээрээ нойргүйдвэл ямар гамшиг болох тухай ч бичиж. 

5. “Growth: from Microorganisms to Megacities” Vaclav Smil

Билл Гейтс хэлэхдээ “Хүмүүс “Оддын Дайн” цувралын дараагийн ангийг хүлээдэг шиг би Ваклав Смилийн номыг хүлээдэг.” гэжээ. Смил Канадын Уиннипегийн их сургуулийн профессор агаад сүүлийн 40 жил дэлхийн хүрээлэн буй орчин, хүн ам, хоол хүнс, эрчим хүчний хэрэглээний өсөлтийн хамаарлыг маш өргөн цар хүрээнд харьцуулан, аналитик судалгаа хийж буй сонирхолтой эрдэмтэн юм. Түүнийг яагаад дэлхийн хамгийн агуу эрдэмтдийн нэг гэж хүлээн зөвшөөрснийг та “Бичил организмаас мега хотууд хүртэлх бүх зүйлийн өсөлт” номоос олж мэднэ. Бүх зүйлийн хөгжлийн түүхийг тэр л мэднэ.

Байгал дахь болон нийгэм дэх бүхий л зүйлсийн өсөлт хөгжлийн математик тооцооллыг хийсэн тэрээр математик огт сонирхдоггүй хүн уншаад ч ойлгохоор тийм сайхан бичжээ. Түүхийн өмнөх цаг үеэс ирээдүй рүү хийх хамгийн гайхалтай аялал энэ ном байх болно. Та заавал уншаарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.