Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Humans of UB: Ардчилсан нийгэмд ТЭД яаж оролцдог вэ?


Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ), ЛИЙД Төгсөгчдийн Холбооны хамтран хэрэгжүүлж буй DREAM төслийн хүрээнд та бүхэндээ залуусын дуу хоолойг хүргэж байна. Өнөөгийн нийгэмд тэд хэрхэн оролцож байна вэ? Оролцоог юу гэж боддог вэ? Ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолой, үзэл бодол хэр чухал тухай хуваалцсаныг хүргэе.


Ц.Оюунгэрэл: Би сонгуулийг идэвхгүй, оролцоогүй өнгөрөөж үзээгүй

“Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч

Ардчилсан нийгэмд залуусын оролцоо маш чухал. Ардчилсан нийгэмд л залуус өөрийн хүссэнээр дуу хоолойгоо гаргах эрхтэй байдаг. Энэ боломж цөөхөн ард түмэнд олддог. Өнөөдрийн Монголын залуус энэ сайхан боломжоо ашиглаж, нийгмээ хүссэн чигт нь хөгжүүлэхэд оролцох ёстой.

Оролцоо бол идэвхтэй зүйл. Хүн өөрөө идэвх гаргаж оролцож шийдвэр гаргалцдаг зүйлийг оролцоо гэдэг. Шийдвэр гаргалцах эрхтэй хүмүүст л оролцооны эрх бас олддог. Ардчилсан нийгэмд иргэн бүр оролцож шийдвэр гаргадаг нэг зүйл байдаг. Энэ бол сонгууль. Сонгуульд саналаа өгч оролцох нь иргэний оролцооны хамгийн наад захын үйл явц юм. Сонгуульдаа яаж оролцохоо мэдэхгүй бол цаашид нээлттэй ардчилсан тогтолцооноос өөрт олдож байгаа мөн ч олон эрх мэдлээ эдэлж чадахгүй үлдэх болдог.
Намайг сонгуулийн насанд хүрч байхад манай улсад олон нам байгаагүй. Ганцхан намыг бичээд сонгууль гэж хийдэг байсан. Тэр бол сонголт биш байлаа. Би оролцож өөрийн хүссэн зүг чиг рүү нийгмийг өөрчлөлцөх эрхгүй байлаа. Харин намайг 25 хүрч байхад Монгол Улс анхны чөлөөт сонгуультай болж анхны ардчилсан үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ард түмэн чөлөөтэй оролцсон. Би тэр цагаас хойш нэг ч сонгууль алгасахгүй саналаа өгч байна. Бүх сонгуульд ажилладаг. Ямар нэгэн нэр дэвшигчийг заавал дэмжиж дуу хоолойгоо өргөдөг. Сонгуулийг идэвхгүй, оролцоогүй өнгөрөөж үзээгүй. Өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийн гэсэн саналтай, оролцоотой амьдарч явна. Хэрэв би гэдэг хүн нийгэмд дуу хоолойгоо 30 жил оролцуулаагүй байсан бол хүний эрхийн байдал үүнээс ч дор байх байсныг үгүйсгэхгүй.

 Pacrap: Зарим хүмүүс сонгууль бидэнд хамаагүй мэт аашилж байна

Реппер

Би дуугаараа ямар нэгэн зүйл үргэлж ойлгуулахыг хичээдэг. Хүмүүс дуу сонсоод гоё мэдрэмж авч, цагийг сайхан өнгөрүүлж байна гэдэг чинь нийгэмд эерэг зүйл түгээж байгаагийн нэг хэлбэр. Энэ бол миний оролцоо гэж боддог. Би 14 наснаасаа эхэлж дуулсан. Хөвсгөлийн Мөрөнд 7 хоног бүр репперүүдийн дунд халз тулаан болдог байсан л даа. Халз тулаанд оролцоод тэр үедээ шуугиан тарьж л байсан. Өөрсдөө тоглолт хүртэл зохион байгуулж байлаа. Мөрөнгийн фм-ийн студид цөөхөн хэдэн дуу хийсэн. Дуу хийх гэж хичээсэн ч гэмээр юмуу. Тэгж явсаар 2016 онд “Unbox” студид “Deadpool” нэртэй дуу гаргаад түүнээс хойш эрчимтэй уран бүтээл хийж байна.

“Give me justice” дууны хувьд “мартахгүй” гэсэн сэдэвтэй дуу хийе гэж бодоод л явсан. Олон нийтийн дунд яригдаж байгаад мартагдсан гэмт хэрэг зөндөө гарсан шүү дээ. Манайхан аливаа асуудлын талаар хальт “шуурч” байгаад л мартчихдаг. Яахав хувь хувьдаа бодоод явдаг ч байж болно. Энэ сэдвээ бодож явсаар Хатгалд очоод Хөвсгөл далайн эрэг дээр бичсэн.

Зарим хүмүүс сонгууль бидэнд хамаагүй мэт аашилж байна. Ялангуяа орон  нутгийн сонгууль бол бидний амьдрах орчинтой шууд хамааралтай зүйл учир сонгуульдаа идэвхтэй оролцохыг залуустаа уриалж байна. Өөрчлөлт хийцгээе.

Т.Амарзаяа: Оролцоогүйгээр ардчиллын тухай ярих боломжгүй

Бодлогод залуусын хяналт ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн

Оролцоо гэдэг бол ардчилсан улсын иргэдийн хувьд маш чухал зүйл. Утга учиртай оролцоогүйгээр ардчиллын тухай ярих боломжгүй. Залуу хүнийхээ хувьд нийгмийн амьдралд маш идэвхтэй оролцохыг хичээдэг. Ажлын онцлог ч гэсэн оролцоотой байхыг шаарддаг юм. Ялангуяа төрийн бодлого шийдвэрийг анхааралтай ажиглаж, санаа бодлоо илэрхийлэхийн зэрэгцээ хяналт монторинг хийх, зохих журмын дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжүүлэхийг шаардаж, төрийн үйл хэрэгт залуусын оролцоог хангахыг манай байгууллага зорьж ажилладаг юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр кампанит ажил өрнүүлсэн. Энэ бол иргэний нийгмийн байгууллагын залуусын эв санааны нэгдэл дээрээс үүссэн кампанит ажил байсан юм. Үндсэн хууль гэдэг бол тэр бүр оролдож, дуртай үедээ өөрчлөөд байдаггүй чухал хууль. Эцэг хууль ч гэж нэрлэдэг. Ийм чухал хуульд нэмэлт, өөрчлөлт орох гэж буй чухал цаг үед залуус бидэнд системтэй мэдлэг, мэдээлэл байгаагүйн дээр хэрхэн санаа оноогоо хэлж оролцох нь тодорхой биш байсан юм. Харьцангуй мэдээлэлд ойр байдаг иргэний нийгмийн залуус бид ийм байхад бусад залуус хэрхэн оролцох билээ гэдэг асуулт төрсөн учир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дэд ажлын хэсгийн гишүүдэд хүсэлт тавьж, мэдээлэл авснаар хамгийн чухал хэсгүүдийг нь ойлгож авснаар аянаа эхлүүлсэн. Ялангуяа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдсэнээр Хараат бус шударга шүүхийг бий болгох, бэхжүүлэх боломж байгааг ойлгож, ҮХНӨ-ийг хийх нь зөв гэдэг байр суурийг дэмжээд, залууст ҮХНӨ-ийн заалтуудыг таниулах акцуудыг өрнүүлсэн. Ер нь сошиал медиа ашигладаг залууст маш их хүрсэн гэдэг нь харагдаж байсан. Үр дүн нь мэдээж ҮХНӨ-ийг баталсан. Ялангуяа хараат бус шударга шүүхийг бий болгоход дэм болох чухал заалтуудаа авч үлдэж чадсан. Одоо ҮХНӨ-ийн дагуу Шүүхийн тухай хуульд өөрчлөлт хийгдэх гэж байгаа энэ чухал цаг үед залуус мөн адил идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна даа.

Удахгүй орон нутгийн сонгууль болно. Орон нутгийн сонгууль гэхээр нийслэлд амьдардаг залууст хамаагүй мэтээр залуус ойлгодог юм байна лээ. Харин ч хамгийн их хамаатай гэдгийг залуус маань ойлгоосой гэж хүсэж байна. Түгжрэл, хот тохижилт, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх гээд маш олон асуудлыг Орон нутгийн сонгууль шийдэж чадна. Тиймээс зөвхөн залуус гэлтгүй сонгуулийн насны бүх хүн Орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь чухал. Орон нутгийн сонгуулиар Аймаг, Нийслэл, Сум, Дүүрэг, Баг, Хорооны хэмжээнд таныг төлөөлж, таны үгийг дамжуулах, таны асуудлыг шийдвэрлүүлэх чухал үүрэгтэй төлөөлөгчөө сонгодог. Тиймээс мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байгаад саналаа өгөх нь чухал шүү гэж уншигчдадаа хандаж хэлье.

С.Бэрцэцэг: Залуучууд оролцоотой байснаар шийдвэр гаргагчдад нөлөөлж чадна

“Ди медиа” агентлагийн сэтгүүлч

Намайг Сэрээнэн овогтой Бэрцэцэг гэдэг. Би 2017 оноос Үндэсний шуудан сонинд сэтгүүлчээр ажиллаж байгаад өнгөрсөн жил төрсөн нутаг болох Дорноговь аймагтаа амьдрахаар шийдсэн. Одоо нутгийнхаа “Ди медиа” агентлагийн сэтгүүлчээр ажиллаж байна. Мөн “Дорнын манлайлагч залуус” ТББ-ын сайн дурын клубийн ахлагч, Дорноговь аймгийн Залуучуудын сүлжээ байгууллагын зохицуулагчаар сайн дураараа ажилладаг.

Аймагтаа ирээд эхний зургаан сар ажил, гэр гээд энгийн л амар тайван амьдарсан. Хотод байхдаа амралтын өдөр бүр сайн дурын ажил хийж, санаачлагаараа төсөл хөтөлбөрт хамрагддаг байсан болохоор аймагт тийм орчин дутагдаад байсан. Тэгээд сайн дурын ажил, оролцоо, нөлөөллийн ямар ажил хийх үү гэдгээс ажлууд эхэлсэн дээ. Би орон нутагт боломж их байна гэж хардаг. Хүмүүс нь аливааг илүү шинэлэгээр хүлээж авдаг. Бас хүн ам багатай учраас хүртээмжтэй, нийгмийн стресс бага байдаг. Гэхдээ орон нутагтаа ажиллаж, амьдархаар ирж байгаа залуу гэр бүлийг дэмжих хэрэгтэй санагддаг. Хотын төвлөрлийг сааруулж, хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж байгаа залуу гэр бүлүүд цөөнгүй шүү дээ. Сайн дурын клубийн хүрээнд 5-6 ажил хийжээ. Орон нутгийн залуус маш сайхан хүлээж авсан. Залуусын үзэл бодлын бүтээлч ханатай болсон. Аймгийн махны үйлдвэрийн ханыг ашиглаж залуусаар “оролцъё, сонсоё, түншлье” гэж бичүүлж, сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан хэд хэдэн видео контент бүтээсэн байна. Мөн Гудамжны номын сан аяныг өрнүүлснээр 14 сум гудамжны номын сантай болсон.

Залуу хүн бүрт хүч байгааг онцолмоор байна. Учир нь залуучууд оролцоотой байснаар шийдвэр гаргагчдад нөлөөлж чадах юм. Утга учиртай оролцооны хамгийн чухал зүйл нь залуучууд төртэй түншилж ажиллах боломжтой учир сонгуульд саналаа өгөх хэрэгтэй. Бид хэдий хүртэл болж бүтэхгүй байгаа бүхний хажуугаар нүдээ аниад, дуугүй өнгөрөх билээ. Тиймээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй нэг бүрчлэн танилцаад залуучуудыг хөгжүүлэх ямар зүйл заалт байгааг нэг судлаад үзээрэй. Залуучуудыг хөгжүүлэх, залуусыг сонсох, хамтарч ажиллах бие төлөөлөгчөө төрд сонгох чухал цаг үед залуучууд минь идэвхтэй байгаарай. Оролцоотой байснаар залуучууд бид юунд ч нөлөөлж чадна. Үүний эхний алхам бол сонгуульд санал өгөх. Хэрвээ санал өгсөн төлөөлөгч чинь гарвал тухайн хүнтэй биечлэн уулзаж, хяналт тавьж байгаагаа дуулгаж яагаад болохгүй гэж.

Х.Санжсүрэн: Чи улс төр сонирхохгүй байсан ч улс төр чамайг сонирхоно гэдэг л болж байна

“Airplane" аяллын агентлагийн үүсгэн байгуулагч

Би өөрийгөө нийгмийн идэвхтэй гэж боддог. Хийсэн ажлууд минь дандаа олон нийттэй харилцдаг ажил юм байна. Star, C1 телевизед олон нийттэй харилцах албанд ажилласан. Найрамдал зусланд гурван жил багшилсан. Сүүлд клабуудад сурталчилгааны мэргэжилтэн хийсэн. Монголд анх удаа найзуудаараа нийлж тоглох боломжтой лигийг зохион байгуулсан. Одоо “Найзууд” лиг гээд Монголын хамгийн олон багтай лиг болж, үргэлжлээд явж байна. Хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа зохион байгуулсан маань 2000 гаруй залуусыг хамруулсан. Сагс тоглодог залуучууд мэднэ дээ. Гэх мэтчилэн нийгэмдээ ойрхон, олон залуусыг хамруулсан ажил хийх дуртай.

Сүүлд нэг жилийн хугацаанд аялал жуулчлалын компани ажиллуулсан. Бид нар компаниа нээхээс өмнө 3 жилийн хугацаанд 20 гаруй орны 60-аад хотоор аялж, судалгаа хийн, сууриа маш сайн тавьсан. Тийм болохоор манай компанийн чанар, үнэ нь бусадтай харьцуулахад сайн байсан. Зургаан сарын хугацаанд 1000 орчим хүнийг гадаад руу аялуулсан. Гэвч ковид гараад хаагдлаа. Миний бизнес яах вэ гэхэд унасан, дампуурсан хүмүүс зөндөө байгаа байх. Үүнээс харахад Монголын төр, засаг ЖДҮ эрхлэгчдээ хаячихсан юм билээ. Ждүчдээ дэмжсэн час хийсэн бодлого гаргаагүй гэдгийг өөрөө алдсаныхаа дараа ойлгож байна. Бид нар хүмүүсээс урьдчилсан захиалга аваад буудлын захиалга, онгоцны тасалбар авах зэргээр аяллын бүх зүйлийг бэлдсэн байтал хил хаасан. Ингэхээр тухайн гаргасан бүх мөнгө 100 хувь өр болсон. Бид нар тэр хүмүүсийн мөнгийг шамшигдуулаагүй, луйвардаагүй, авсан, захиалсан зүйлсийнх нь бүх баримт байгаа болохоор олон улсын хуулинд давагдашгүй хүчин зүйл гэдэг утгаараа захиалга өгсөн компаниуд мөнгө явуулахгүй, манай компани буцаагаад мөнгө гаргах ёсгүй юм билээ. Ямар ч байсан манай компани хэрэглэгчдэдээ учир байдлаа тайлбарлаад 70-80 хувьд нь буцаан олголт өгсөн. Зарим аялал жуулчлалын компаниуд харилцагчидтайгаа асуудал үүсч, шүүх цагдаа дээрээ тулсан байгаа. Манайд энэ асуудал яаж шийдэгдсэн бэ гэвэл, бизнес эрхлэгчид бүх эрсдлээ өөрсдөө үүрэх ёстой гэсэн шийдвэр гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын компаниуд өрөнд орж, дампуураад зарим нэг нь шоронд ороод л дуусч байна. Төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй бол аялал жуучлалын салбар яаж хөгжиж, улсын эдийн засагт хувь нэмэр оруулах юм бэ. Дэлхий дээр ковидоос болж, энэ салбарын 100 сая гаруй хүн ажилгүй болсон байна лээ.

Олон нийттэй харилцдаг ажил маань тодорхой хэмжээнд хүмүүст хүрдэг учраас миний channel-уудыг ашиглаж, сонгуулийн идэвхжүүлэлт хийгддэг. Би энэ жил гурав дахь удаагаа сонгуулиар ажиллалаа. Дотор нь ороод ажиллахаар сайн ч, муу ч зүйлс байдаг юм билээ. Залуучууд сонгуульд саналаа өгөхийн тулд нэр дэвшигчдээ маш сайн судлах хэрэгтэй. Иргэдтэй уулзах уулзалтад нэг удаа ч болтугай очиж үзмээр юм байна лээ. Уулзалтад ирж байгаа иргэдийн 95 орчим хувь нь 50-иас дээш насныхан л сууж байдаг. Тэгсэн хэрнээ сонгуулийн дүн гарах үед залуус цахим орчинд идэвхтэй оролцсон мэт дүр зургаар харагддаг. Гэхдээ сошиал хөгжихийн хэрээр залуусын мэдээлэл авах боломж нэмэгдсэн байх. Залуус санал өгөх үүргээ ухамсарлахаас гадна соёлтой, боловсролтой, мэдлэгтэй болсон байна. Үүнээс шалтгаалаад сонгуулийн ирц энэ жил сайн байсан болов уу.

Чи улс төр сонирхохгүй байсан ч улс төр чамайг сонирхоно гэдэг л болж байна. Биднийг бага байхад өвөө эмээ нар “Ху нам” гээд л ярихад нь “Аан, Ху нам юм байна” гээд л боддог байсан бол тэр үе одоо өнгөрчээ. Дараагийн сонгуулиас залуучууд намыг нь харж биш хүнийг нь хараад шигшиж сонгодог болно гэж бодож байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
9 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.10.14 172.69.45.137

Eee. iim sedveer S huniig oruulj yaria avsan ni tanaihiig mia haragduulj bnaa. unshsan chini oi gutaj bn, dur esgesen unshigdaj bn. nuguu mundaguudaa mia haragduulj bn.

0 Хариулах