Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Humans of Ulaanbaatar: Сонгуулийн дата хакатонд оролцож буй залуусын 6 төлөөлөл


Залуусын дунд өргөн хүрээг хамарч, мэдлэг чадвар, хурд, хамтын ажиллагааг ихээхэн шаарддаг нэгэн тэмцээн бол дата хакатон юм. Энэ жил "Сонгуулын дата хакатон 2020" тэмцээн яг өнөөдрөөс эхлээд байна. Залуус хоёр өдрийн турш баг болон хамтран ажиллаж, бүтээлээрээ өрсөлддөг билээ. Энэ жил оролцож буй 6 багийн төлөөллөөс та бүхэндээ залуусын оролцооны тухай бодлыг нь асууж ярилцсанаа хүргэж байна. 

 Ө.Болортуяа (30 настай)

Хуульч

"LEAD" хөтөлбөрийг сонирхож байх үедээ пэйж дээрээс нь хакатон болох тухай мэдээлэл авсан. Чөлөөт цагаараа нийгэм, улс төрийн талын судалгаа сонирхдог учир бас их сонирхол татсан даа. Өөр өөр салбарын залуус хамтарч байгаа учраас үнэхээр шинэлэг байсан. Бидний үзэл бодол, үнэт зүйл хүртэл хоорондоо ярилцаад үзэхэд таарч, нийцэж байсан нь содон. Ажиллахад илүү дөхөм ч гэж хэлж болно. 

Манайх шиг ардчилсан улсын үнэт зүйл, зүрх нь хүн бүрийн оролцоо юм. Бид төлөөллөө өөрсдийн оролцоогоор дамжуулан гаргаж байгаа. Хэлэхийг хүссэн зүйл, хэрэгтэй байгаа, хэлэлцэх асуудлаа хүртэл тэр төлөөллөөр дамжуулан гаргана шүү дээ. Тиймээс оролцоо гэдгийг бүх нийтэд ойлгуулж, харуулах нь гол зорилго юм. Бид хоёр хоногийн турш хамтдаа ажиллаж бүтээл гаргах учраас цагаа зөв хуваарилж, схемээ гаргах гэх мэтээр маш олон чадварт суралцах ёстой болж байгаа. 

Би багаасаа л нийгмийн хичээлдээ дуртай, философийн талдаа сонирхолтой байсан учраас энэ удаагийн хакатонд их ач холбогдол өгч байгаа. Би хуульчийн мэргэжлээрээ илүү бизнес, компанийн эрх зүй, хөрөнгө оруулалттай холбоотой чиглэлд илүү ажилладаг л даа. Гэхдээ хууль гэдэг нэг нь нөгөөгөөсөө хамаарч байдаг маш том уялдаа холбоотой систем. Тиймээс нэг салбарт ажиллана гэдэг зөвхөн түүнийгээ мэдээд, түүндээ ханаад явна гэсэн ойлголт байхгүй. Сонгуулийн үр дүн бидний ажилд маш том нөлөөтэй байдаг. Та бүхний ч бас ажилд маш том нөлөө үзүүлнэ. Тиймээс үүнийг мэдэрч, өөрсдийн ирээдүйдээ анхааран, аль болох оролцох нь чухал юм. 

О.Уламсайхан (20 настай)

Улс төр судлаачаар суралцаж байгаа

Жаахан байхаасаа улс төрийн холбогдолтой ном уншдаг, түүн дээр гарч байгаа судалгааны байгууллагуудыг хараад яагаад ийм хэмжээний судалгааны хараат бус байгууллагууд манайд байдаггүй юм бол гэж боддог байсан. Тэгээд л хэн нэгний мэдлийнх биш, хараат бус ийм судалгааны байгууллага бий болгохын тулд би энэ мэргэжлийг сонгосон. Өмнө нь янз бүрийн илтгэл, мэтгэлцээний тэмцээнд олон орж байсан ч хакатонд ер орж байсангүй. Тиймээс шинэ туршлага олж авч, олон төрлийн өөр хүмүүстэй ажиллаж үзье гэж шийдсэн учраас энэ тэмцээнд өөрийн тухтай бүсээсээ гарч байж орж орсон. Нэг ёсондоо өөрийгөө эвдэхээр гэсэн үг л дээ. Хүүхэд хэрэв өөрийнхөө үнэхээр дуртай зүйлийг олчих юм бол тухайн зүйлтэйгээ холбогдсон хүрээллийг олж авч, түүнийгээ дагаад хөгждөг. Би есдүгээр ангиасаа л мэтгэлцээнээр хичээллэж, дандаа өөрөөсөө ах эгч хүмүүстэй өрсөлдөж, надаас хамаагүй их зүйл уншиж мэдсэн хүмүүстэй харилцаж, тэднээс суралцаж, маш зөв хүрээлэлд байсан гэж өөрийгөө боддог. Нэг сонирхдог, чаддаг зүйлээ олох юм бол тэр хүрээллээсээ хүн ихийг сурч, хөгждөг гэж би боддог болохоор хүн өөрийн хүрээллийг зөв сонгох нь чухал. Миний энд оролцож байгаа нь ч үүнтэй холбоотой. Өөрийгөө байнга сорьж, шинийг туршиж, хүмүүстэй харилцвал чи илүү ихийг мэддэг болно.

Н.Ахмарал (26 настай)

Сэтгүүлч

Сонгуулийн тухай залуучуудын хандлага, ойлголт ер нь л "сонгууль онцгүй, оролцоод хэрэггүй" гэх зүг рүү хандсан байдаг. Харин энэ дата хакатонд оролцсоноор залууст оролцох хэрэгтэй юм байна, чухал юм байна гэдгийг бага ч болтугай ойлгуулах боломж гарч ирнэ гэж бодсон. Оролцоо гэдгийг хүмүүс яаж ойлгох вэ гэдэг бас их чухал. Зүгээр л саналаа өгөөд гарах уу эсвэл нийтийн хуралдаа суух, асуудлуудад оролцох нь жинхэнэ оролцоо юу гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй. 

Бас манай багийн анхаарч буй нэг асуудал бий. Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тоо бага байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд гарч ирэхэд юу нөлөөлж байна, шалтгаан нь юу байна гэдгийг гаргаж ирээд, судалгааны дүнд эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих хандлагад бас нөлөөлж, залуу эмэгтэйчүүдэд оролцох, гарч ирэх боломж байна гэдгийг харуулахыг хүсэж байгаа. Гэхдээ сонгууль гэдэг өөрөө харуулж болох маш олон өнцөгтэй учир бидний санаа бодол яаж ч өөрчлөгдөж, ямар ч бүтээл гаргаж магадгүй байна. Тиймээс их зүйл хүлээж, бусад багуудаа ч бас сонирхолтой бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Б.Батчимэг (24 настай)

Активист

2016 оны сонгуулиас хойш нийгэмд янз бүрийн л үзэл бодол түгсэн. Нэг талаасаа залуус идэвхгүй байна гэдэг шүүмжлэл, нөгөө талаас сонголтгүй сонголт тулгаж байна гэх тогтолцоог буруутгасан үзлүүд их явсан. Гэхдээ энэ болгоны учир шалтгаан юу юм бэ гэдгийг би олохыг маш их хүссэн. Миний дөрвөн жилийн өмнө бодсон асуудлыг яг энэ удаагийн хакатон хөндсөн учир би оролцохыг үнэхээр их хүсээд бүртгүүлсэн дээ. 

Уг нь би бизнесийн удирдлага гээд тэс ондоо мэргэжлээр төгссөн. Гэхдээ тухайн үедээ сайн дурын ажлууд хийж байхдаа шинэ зүйл сурна, туршлага олж авна гэсэн бодолтой байсан ч хүний эрхийн асуудал өөрөө шууд л хүний сайн сайхан байдалтай холбоотой гэдгийг ойлгож, ажиллаж байх хугацаандаа хүний эрхийн асуудлуудад илүү ихээр "дурлах" болсон. Биднийг илүү хөгжихөд нөлөөлж буй асуудлуудад бид өөрсдөө л оролцох хэрэгтэй юм байна гэдгийг би хамгийн сайн ойлгож авсан. Мэдээж залуу хүн учраас шууд оролцох гэхэд туршлага дутна гэж бодох нь зайлшгүй. Гэхдээ тийм байлаа ч өөрсдийн үзэл бодлыг хэрхэн хүргэж, ямар байдлаар оролцож болох вэ гэдгийг ихээр сонирхдог. Миний өгсөн санал хэдий нэг ч гэсэн нөлөөлдөг юм байна, энэ зүгээр л нэг хүний нэрийг дугуйлаад өнгөрч байгаа хэрэг биш юм байна, цааш 5, 10 жил сайхан амьдрахтай холбоотой шийдвэр юм байна гэдэг мессежийг олон хүнд хүргэж, энэ бүтээлүүд ч мөн олон залууст харуулаасай хэмээн хүсэж байна.

Ц.Ариунсанаа (26 настай)

График дизайнер

Өмнө нь сонгууль өгөх гээд явахдаа хэнд саналаа өгөхөө мэдэхгүй, гэр бүлийн хэлсний дагуу л саналаа өгдөг байсан. Сонгосон хүнээ дараа нь харахад надад, бидэнд хэрэгтэй зүйл хийгээгүй л байдаг байсан. Тэр үеэс би хүнээ маш сайн судалж, мөрийн хөтөлбөртэй танилцаж байж сонголтоо хийх хэрэгтэй, нухацтай хандах шаардлагатайг ойлгосон. Өнгөрсөн жил дата сэтгүүлзүйн Inequality хакатонд оролцож байхдаа мэдээ мэдээлэл ямар чухал юм бэ гэдгийг бүр илүү ойлгож авсан. Ингээд л надтай адилхан байдалд орж байсан, одоо ч тийм байдалд байгаа олон залуус байгаад их анхаарч, санаа зовдог болсон доо. Харин энэ хакатоны дараа залууст бага ч болтугай нэмэр болох олон бүтээлүүд гарна гэж найдаж байна. 

Ардчилал тогтоод удсан орнуудын залуусыг судлаад үзэхэд сонгуульд саналаа байнга өгч, идэвхтэй оролцдог нь "Манайх бол залуусын орон" гэж бардам хэлэхэд нь хамгийн том нөлөө үзүүлдэг байгаа юм. Тиймээс манайх ч бас залуусын орон байгаасай. Санал идэвхтэй өгч, хариуцлагатай хандсан хүмүүс нь хамгийн КҮҮЛ шүү!    

О.Мөнх-Оюу (29 настай)

Дата аналист 

Би үйлчилгээний ажилтнаас авахуулаад маш олон төрлийн ажлыг хийж үзсэн. Тэр үедээ би ямар ажил хийхэд надад таатай байгааг олж мэдсэн гэж хэлж болно. Дата аналистаар ажиллахдаа би үнэхээр дуртай байдаг. Яг л зөв зүйл хийж байгаа юм шиг санагддаг. Өмнө нь би ажил дээрээ өөрт оногдсон ажлыг л хийдэг байсан бол өөр өөр төрлийн хүмүүстэй нэгдээд нэг баг болон ажиллах нь үнэхээр сонирхолтой байна. Таван өөр ертөнц, таван өөр хүн нэг нэгэндээ хэрэгтэй мэдээллийг хуваалцаж байна. Богино хугацаанд үр дүнтэй томоохон бүтээл гаргахаар ажиллаж байгаа нь шинэ зүйл сурч мэдэх давуу талыг өгч байна. 

Би энд олон өөр хүмүүсийн дунд байхдаа, хийж буй зүйлдээ итгэл зүтгэлтэй байгаа хүмүүсийг хараад нэг зүйлийг л бодож их баярлаж байлаа. Би саяхан л дуртай зүйлээ олоод, түүгээрээ ажиллаад явж байгаа л даа. Гэхдээ нэг зүйлийг их ойлгосон. Хайран цагаа цалинд уягдаж битгий үрээрэй. Трэнд болж байгаа мэргэжил сонгох нь чухал биш юу чамайг өөртөө татаж, хэдэн цагаар ч хийсэн жаргалтай байлгаад байгааг олж мэдэх нь чухал юм билээ. Тэгвэл үр дүн ч сайн гарах болохоор тэр шүү дээ. Энд байгаа бүх хүн л хийж буй зүйлдээ дурлаж байгаа нь улам их урам өгч байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.