Дэлхийн дахинд цар тахал дэгдсэнээс хойш Ковид-19 өвчнийг эмчлэх, коронавирусээс сэргийлэхэд тустай гэх төрөл бүрийн аргыг хүмүүс туршиж байна. Тэдгээрийн дотор мухар сүсгийн шинжтэй зүйлс ч олон байгаа юм.
Саяхан Индонезийн Хөдөө аж ахуйн яам коронавирусийн халдвараас сэргийлдэг зүүлт, түрхэж хэрэглэдэг бүтээгдэхүүн гаргахаар бэлдэж байна гэж мэдэгджээ. Тодруулбал, тус улсын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг болох Балитбангтан коронавирусийн халдвараас сэргийлдэг гэх дөрвөн төрлийн бүтээгдэхүүн боловсруулсан гэнэ.

Энэ талаар Индонезийн хөдөө аж ахуйн яамны сайд Сайррул Ясин Лимпо "Эдгээр бүтээгдэхүүнийг Балитбангтаны судлаачид бүтээсэн. Эмчилгээний ургамал болох эвкалиптын 700 орчим нэр төрлөөс дээж авч лабораторийн шинжилгээ хийхэд нэг төрөл нь коронавирусийг устгах чадвартай байсан. Бид үүнд итгэлтэй байгаа. 30 минут зүүхэд л коронавирусийн 80 хувийг устгаж чадна" гэж ярьжээ.
Мөн Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг дарга Фаджри Джуфри "Бид коронавирусийн халдвартай гэж оношлогдсон Хөдөө аж ахуйн яамны 20 ажилтанд үүнийг туршиж үзсэн. Тэд бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэний дараа амьсгал нь арай дээрдэж байна гэж ярьсан" гэсэн байна.

Харин Индонезийн Молекул биологийн хүрээлэнгийн орлогч захирал Херавати Судойо "Дэлхий нийтээрээ энэ өвчнийг эмчлэх аргыг хараахан олж чадаагүй байгааг бид мэднэ. Тиймээс айдас түгшүүртэй байгаа олон нийтэд иймэрхүү мэдэгдлийг түгээхгүй байх нь ухаалаг алхам юм" гэжээ.
Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургуулийн биологийн тэнхимийн багш Берри Жулианди эвкалипт ургамлын найрлагад орсон бодис коронавирусийгг устгахад үр дүнтэй болохыг харуулсан зохих эмнэлзүйн судалгаа байхгүй гээд "Олон нийт шинжлэх ухаанаар батлагдаагүй иймэрхүү зүйлсэд амархан итгэх магадлалтай" гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: Mashable