Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Инстаграмын филтерээс татгалзах хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүдийн түүх


Өнөө цаг нүүр царайгаа өөгүй сайхан харагдуулахын тулд филтер ашиглах нь түгээмэл болсон. Ялангуяа гоо сайхны хэмжүүр өндөртэй сошиал медиад филтергүй зургаа оруулах нь байж боломгүй мэт санагдах болжээ. 

Girlguiding байгууллагын хийсэн саяхны судалгаагаар охид, залуу эмэгтэйчүүдийн гуравны нэг нь филтергүй зургаа онлайнд оруулдаггүй гэж хариулжээ. Судалгаанд оролцсон 11-21 насны 1473 охид, бүсгүйчүүдийн 39 хувь нь бодит амьдрал дээр сошиалд оруулсан зураг шигээ харагддаггүйдээ сэтгэл дундуур байдаг гэсэн байна. 

"Филтергүй зургаа оруулах нь хүүхэд төрүүлэхээс ч аймшигтай зүйл"

Саша Паллари

Мэйк-ап артист, загвар өмсөгч Саша Паллари эмэгтэйчүүдийн дунд өсөн нэмэгдэж буй энэ хандлагад санаа зовниж, инстаграмд #filterdrop хэштаг бүхий хөдөлгөөнийг өрнүүлж эхэлжээ.

"Энэ хэчнээн аюултай болохыг хүмүүс ойлгож байгаа болов уу гэж би бодсон. Сошиал медиад харж буй зүйлсээсээ болж хүүхдүүд өөрсдийгөө хангалттай биш гэж бодож өсөөсэй гэж би хүсэхгүй байна. Ердийн хүний арьс ямар харагддагийг бид мартаж. Миний хувьд нүүрээ будаагүй, филтер ашиглаагүй зургаа оруулах нь асуудал биш. Гэтэл зарим эмэгтэйчүүдийн хувьд... энэ нь хүүхэд төрүүлэхээс ч аймшигтай зүйл гэж нэг бүсгүй ярьж байсан удаатай" хэмээн 28 настай "махлаг" загвар өмсөгч бүсгүй бичжээ. 

Тэрбээр филтергүй зургаа инстаграмдаа оруулж "ямархуу харагдаж байна вэ гэдэгтээ бус хэн бэ гэдэгтээ анхаарал хандуулж, үнэлэхийг" хүмүүст уриалж байгаа аж. 

"4 настай сурагч маань гадаад үзэмжиндээ санаа зовж байгаа нь надад үнэхээр гунигтай санагдсан"

29 настай бага сургуулийн багш Кэти МакГрат

Бага сургуулийн багш Кэти МакГрат жил гаруйн өмнөөс Саша Паллариг инстаграмд дагажээ. Тэр үдэш бүр инстаграм "гүйлгэж" суухдаа сошиал медиа дахь амьдрал түүний ажилд хүртэл нөлөөлнө гэж төсөөлөө ч үгүй байна. 

"Хөл хорио дуусахын өмнөхөн би нэгэн эцэг эхээс и-мэйл хүлээж авсан юм. Хүүхдийнх нь зан төлөвт өөрчлөлт орж буйд тэд санаа зовж байгаагаа бичсэн байлаа. И-мэйлд дурдсанаар хүүхэд нь гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байгаа гэжээ. Би үүнийг уншаад үнэхээр цочирдсон. Тэр хүүхэд ердөө дөрөвхөн настай. Хүүхдүүд ийм жаахнаасаа гадаад үзэмжиндээ санаа зовж байгаа нь надад үнэхээр гунигтай санагдсан" гэж тэрбээр ярьжээ. 

Эл явдлын дараа сурагчид нь сошиал медиагаас нүүр будалтын бичлэгүүд үздэг болохыг Кэти анзаарчээ. Нэг сурагч нь будаггүй нүүрэндээ дургүй, үснийхээ өнгийг өөрчлөхийг хүсдэг тухайгаа багштайгаа хуваалцсан байна. 

Энэ бүхний дараа Кэти #filterdrop хөдөлгөөнд нэгдэхийг хүссэн гэнэ.

Саша Палларигийн филтертэй ба филтергүй зураг

Дөрвөн настай сурагч нь Кэтигээс яагаад өдөр бүр нүүрээ буддаг вэ гэж асуухад залуухан багш юу гэж хариулахаа мэдээгүй байна. Ингээд дараагийн долоо хоногт нь тэр нүүрээ огт будалгүй сургууль дээр иржээ. 

Кэти бол Саша Палларигийн сошиал медиа кампанид нэгдэж, түүнтэй өөрийн түүхээ хуваалцсан зуу зуун эмэгтэйчүүдийн нэг юм. Тэд филтер ашиглахгүй байх шийдвэр гаргах хүртлээ үүнээс ямар их хамааралтай болсноо ойлгоогүй байсан гэжээ. 

"Би 3 жилийн өмнөөс зургаа даруулахаа больсон"

Сашатай хувийн түүхээ хуваалцсан бас нэг эмэгтэй бол 33 настай Глазго хотын оршин суугч юм. Тэрбээр гурван жилийн өмнөөс зураг авахуулахаа больсон гэнэ. Тухайн үед тэр фитнесс, гоо сайхны салбарт амжилттай яваа инфлүюнсерүүдийг дагаж, тэдний бичлэгийг үздэг болоод байжээ.

"Би Сашаг дэмжигч эмэгтэйчүүдийн нэг болохыг маш их хүссэн. Гэхдээ утасныхаа камерыг нээгээд хартал өөрийн эрхгүй нулимс унагасан. Өөдөөс минь ширтэж буй тэр төрхийг хараад дотор муухайрсан" гэж нэрээ хэлэхээс татгалзсан эмэгтэй ярьжээ.

Тэгвэл Сашагийн дагагчдын нэг болох Зиа Хатчингс "Саша инстаграмын зургандаа филтер ашиглахаас татгалзах талаар ярьж эхлэхэд л би өөрийн төрхөө үзэн яддаг гэдгээ мэдсэн юм. Би нүүрээ будахгүй, филтер ашиглахгүй байж чадахаа больсон байлаа. Сошиал медиад төгс арьстай, төгс хамартай, төгс галбиртай охид, загвар өмсөгчид олон байдаг. Гэтэл миний арьс сэвхтэй, нөсөөтэй, наранд түлэгдсэн, тэгээд дээрээс нь би хүүхэд төрүүлсэн. Тийм болохоор эхэндээ энэ хөдөлгөөнд нэгдэх зориг хүрэхгүй л байв. Гэтэл нэгэн үдэш ийм нэг бодол намайг дэлсээд авах шиг болсон. Охин маань одоо ой хагастай. Хэрэв би нүүрээ будаагүй, филтер ашиглаагүй зургаа оруулж чадахгүй юм бол охиноо яаж өөрийгөө хайрлана гэж найдах юм бэ? Энэ бодол зүрх зүсэм байсан" хэмээв. 

Саша Паллари #filterdrop кампанийг явуулснаар гурван үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа BBC-д ярьжээ. Үүнд:

  • Нэгд, Зар сурталчилгааны стандартын хороо (ASA) сошиал медиа инфлүюнсерүүдээс гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлахдаа филтер ашигласан бол заавал мэдэгдэхийг шаардах,
  • Нүүрний хэлбэр өөрчлөх, уусгаж хувиргах (morphing filter) филтерийг инстаграмаас устгах,
  • Инстаграм дээр хувиргаагүй, бодит зургуудыг илүү их үзүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Тэрбээр уусгаж хувиргадаг филтерүүдийг бүрмөсөн ашиглахаас татгалзах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж. "Би саяхан нэг филтер туршиж үзсэн. Хамар, царайг маань үнэхээр нарийхан харагдуулж байсан. Яг л жинхэнэ юм шиг. Өмнө нь би хамраа хэзээ ч том гэж бодож байгаагүй. Гэтэл филтер ашигласан зургаа хараад жаахан том ч юм уу гэсэн бодол орж ирсэн... өөртөө итгэл муутай хүмүүст энэ ямар их хор хөнөөлтэй гээч? Хэрэв хүмүүс филтер ашигласан гэдгээ зарладаг болчихвол энэ циклийг эвдэж чадах байх" гэв. 

Их Британийн Зар сурталчилгааны стандартын хороо (ASA) Сашагийн хүсэлтийг хүлээн авсан бөгөөд инстаграмын зар сурталчилгаанд филтер ашиглах нь "гоо сайхны бүтээгдэхүүний үр нөлөөг харуулахдаа олон нийтийг төөрөгдүүлсэн" үндэслэлд багтах эсэхийг шалгаж байгаа аж. 

Харин инстаграм нийгмийн дарамтыг бууруулах, өөрийгөө бусадтай харьцуулах соёлыг бууруулахын тулд холбогдох арга хэмжээг авч байгаа, мөн тухайлсан нэг филтерийг хасах эсэхээ шийдэхийн тулд судалгаа хийх шаардлагатай гэсэн хариу өгчээ.

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.