Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ирэх онд бүтээмжийг тань нэмэгдүүлэх ШИЛДЭГ 15 АПП


Хаанаас ажиллаж байгаагаас үл хамаарч өдөр тутмын ажлыг тань хөнгөвчилж, зугаатай болгох аппликэйшнүүдийг танилцуулж байна. 

1. ДУУТ МЕССЕЖ

Зайнаас ажиллах үед хамтран ажиллагсадтайгаа ойлголцохын тулд бүтэн өдөржин Зүүмдэж, видео чат хийж, залхмаар их мессеж бичих нь бий. Тэгвэл яагаад хуучных шиг дуут мессеж үлдээж болохгүй гэж?   Таны илгээсэн дуут мессежийг багийн хүмүүс тань хүссэн үедээ утас, компьютероос сонсох боломжийг YAC аппликэйшн олгодог. Дэлгэцээ хуваалцах гэх мэт нэмэлт боломжууд ч бий. (Хувилбар: Windows, Mac, iOS, Android)

2. "БҮҮ СААД БОЛ" ГОРИМ

Гүн төвлөрч ажиллах шаардлагатай байгаагаа хамт олон, гэрийнхэндээ ойлгуулах амаргүй.    Харин Oh Bother аппликэйшний тусламжтайгаар хэн хэндээ саад болохгүйгээр ажиллах нөхцөлийг хялбархан бүрдүүлж болно. Апп дотор тус бүрийн профайлаа үүсгээд яг одоо ямар "горим"-д ажиллаж байгаагаа оруулна. Тухайлбал, "Бүү саад бол" горимд байгаа бол хэр удаан ингэж ажиллахаа харуулж болдог. Мөн чимээгүй орчин хэрэгтэй байна, утсаар ярьж байна, видео хуралтай байна гэх мэтчилэн ямар ажил хийж байгаагаа тодорхойлж болох бөгөөд гэр бүлийн гишүүд, ажлын хамт олон үүнийг харснаар тогтоосонд хугацаанд танд аль болох саад болохгүй байх боломжтой юм. (Хувилбар: Зөвхөн iOS)

3. ИТГЭЛТ БРАУЗЕР

Бид өдөр тутамдаа олон янзын сайтаар зочилж, төрөл бүрийн мэдээлэл авдаг. Зарим сайт хэрэглэгчийн үйлдлийг мөшгөх тохиргоотой байдаг. Тэгвэл Microsoft Edge браузер tracker буюу мөрчүүдийг автоматаар блоклож, нууцлалыг найдвартай хадгалдаг. (Хувилбар: Windows, Mac, iOS, Android)

4. ХЯЛБАРШУУЛСАН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР


Бичиж тэмдэглэх, аливааг энгийн, минимал байлгах дуртай хүмүүст Tot аппликэйшн таалагдах нь гарцаагүй. Тэмдэглэлүүдээ долоон өнгөөр ялгаж ангилах, хар, цагаан бэкграундаар солих, төрөл бүрийн текстийн формат ашиглах, Mac, iPhone, iPad, iCloud-ээс тэмдэглэлээ хуулах зэрэг аппликэйшнийг ашиглахад тухтай болгох нэмэлтүүд багтжээ.    (Хувилбар: Mac, iOS)

5. ЧУХАЛ И-МЭЙЛҮҮДИЙГ Л ХҮЛЭЭЖ АВЪЯ!

Таны и-мэйл янз бүрийн зар сурталчилгаа, бүртгэлтэй сайтуудын и-мэйлээр дүүрч байна уу?   Тэгвэл зөвхөн өөрт хэрэгтэй, чухал и-мэйлүүдийг л хүлээж авдаг болоход Hey аппликэйшн туслах болно. Таны @hey.com хаягт хэн нэгнээс анх удаа и-мэйл ирэхэд эхлээд унших уу, уншихгүй юу гэдгээ шийднэ. Хэрэв та NO товчийг дарсан бол тухайн хэрэглэгчээс дахин хэзээ ч и-мэйл хүлээж авахгүй. YES товчийг дарсан бол тухайн илгээгчийн и-мэйлийг гурван ангиллынхаа аль нэгэнд оруулна. Тодруулбал, ирсэн даруйд нь унших чухал и-мэйл гэж үзвэл The Imbox, цахим товхимол гэх мэт завтай үедээ унших и-мэйл бол The Feed, банкны гүйлгээний мэдээлэл, төлбөрийн баримт гэх мэт шаардлагатай үед л нээж унших и-мэйлийг The Paper Trail ангилалд оруулна.  (Хувилбар: Windows, Mac, Linux, iOS, Android, web)

6. КҮҮЛ ВЭБ КАЛЕНДАРЬ

Хийх зүйлсээ цаасан календарь дээр төлөвлөдөг хүмүүст вэб хувилбар луу шилжвэл ямар вэ? Lightpad-ийг ашигласнаар хийх зүйлсийн жагсаалт гаргах, төлөвлөх нь хэзээ ч байгаагүй зугаатай, хялбар үйлдэл болохыг мэдэрнэ. Өдөр бүрийн ард буй цэгэн тэмдэглэгээг дарахад хийх зүйлсийн жагсаалт гарч ирнэ. Мөн календариа хувийн, ажлын, гэр бүлийн гэх мэтчилэн тус тусад нь үүсгэж болох ба тэр бүрд бэкграундынхаа өнгийг солих боломжтой.   (Хувилбар: web)

7. ЯГ ФОТОШОП ШИГ, ГЭХДЭЭ ҮНЭГҮЙ

Зураг янзлах үнэгүй эх сурвалж хайж байна уу? Та фотошоп дээр ажиллаж мэддэггүй байлаа ч Pixlr Editor-ийг ашиглан фотошопын бүх үйлдлүүдийг хялбархан хийж, зургаа янзлах боломжтой.    (Хувилбар: Chrome, Firefox)

8. МАТЕРИАЛ ЗАСАХ, ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙХ ШИЛДЭГ ХЭРЭГЛҮҮР

Бид файлаар ирсэн материалыг засах, хянаж унших, тэмдэглэгээ хийхээр болбол ихэвчлэн хэвлэж авдаг шүү дээ. Тэгвэл энэ бүхнийг LiquidText-ийн тусламжтайгаар дэлгэцэн дээр хийж болно. PDF материал дээр тэмдэглэл хийх, хэрэгтэй хэсгүүдийг тодруулах, тасалж авах гээд хийж чадахгүй зүйл байхгүй. Бүтээмж нэмэгдүүлж, цагийг тань хэмнэх хамгийн шилдэг хэрэглүүрүүдийн нэг!   (Хувилбар: iPadOS, Mac, Windows)

9. ХУВААРЬ ГАРГАХ ТУСЛАХ

Reclaim.ai бол Google Calendar-ийг тань хөтлөх хувийн туслах юм. Хэрэв танд дасгал хийх, унших гээд хийхийг хүссэн зүйл олон байдаг ч хийх цаг олдохгүй байвал Reclaim.ai-д даатгахад л хангалттай. Reclaim.ai таны ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хадгалаад зогсохгүй, дуртай зүйлдээ зарцуулах цагийг яаж ийгээд л гаргаж өгөх болно.   (Хувилбар: web)

10. МАРТАМХАЙ ХҮМҮҮСТ

Chrome дээр шинэ цонх нээмэгц таны хийх зүйлсийн жагсаалт, тэмдэглэл, шинэ санаа угтвал гоё биш гэж үү?   Slite by Dite хэмээх Chrome-ийн өргөтгөлийг татаж аваад л энэ бүгдийг хийж болно. Хамгийн гол нь цонхоо шууд хаасан ч таны бичсэн зүйлс хадгалагддаг, ердөө ганцхан товч дараад л бүх тэмдэглэлээ Slite-руугаа хуулчихдаг. (Хувилбар: web)

11. УРАМ ЗОРИГ ӨГӨХ БЯЦХАН ЗҮЙЛ

Браузерын цонхныхоо (tab) зурагт өндөр ач холбогдол өгдөг хүмүүс байна уу?  Шинэ цонх нээх бүрд өөр өөр зураг харагддаг байхаар тохируулж болдог Tabliss өргөтгөлийг туршаад үзээрэй. (Хувилбар: Chrome, Firefox)

12. ОФФИСЫН ЧИМЭЭГ САНАЖ БАЙНА УУ?

Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүс хамт олон, оффисын орчноо үгүйлж байгаа нь гарцаагүй. Тэгвэл та Calm Office сайтаар зочилж принтерээр юм хэвлэх, кофе чанах, хүмүүс хоорондоо ярилцах гэх мэт төрөл бүрийн оффисын чимээг үнэгүй сонсоорой. (Хувилбар: web)

13. АЖЛЫН ДУНДУУР АМСХИЙХЭЭ МАРТАВ АА!

Гэрээсээ ажиллах үед нэг л мэдэхэд бүтэн өдөржин дэлгэцийн өмнө суусан байх нь элбэг. Тэгвэл Pomodor танд ажлынхаа дундуур тогтмол бяцхан амралт авахыг сануулах болно. Хэдэн минут ажиллаад хэдэн минут амрах вэ гэдгээ тохируулсны дараа цаг явж эхлэх бөгөөд хугацаа дуусмагц сануулдаг. (Хувилбар: web)

14. ГАРААР БИЧИХ ДУРТАЙ ХҮМҮҮСТ

Гараараа бичиж тэмдэглэх, төлөвлөх дуртай ч цаас, баланд дасал болоогүй бол Pencil Planner-ийг ашиглаарай. Хамгийн гоё нь, Google, Outlook гээд бүх төрлийн календарийг, iPad, iPhone зэрэг төхөөрөмжүүдийг бүгдийг нь холбох боломжтой. (Хувилбар: iOS)

15. МИНИЙ ХАРЖ БАЙГААГ ТЭД Ч ХАРНА

Оффист ажилладаг шиг хэн нэгнийхээ компьютерыг тойрч зогсоод саналаа хэлэх, ярилцах боломжгүй нөхцөлд Screens хамгийн хүчирхэг орлуулагч байх болно. Үүнийг ашигласнаар хэд хэдэн хүн видео эсвэл аудио дуудлага хийнгээ нэг дэлгэцийг дундаа хуваалцах боломжтой. Яг л Google Docs-ийг бусад хүмүүстэй шэйрлэж, нэгэн зэрэг засвар хийдэгтэй адил аж. (Хувилбар: Mac, Windows)

Эх сурвалж: Fast Company

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.